| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2019/0021/Э |
| Дугаар | 24 |
| Огноо | 2019-06-20 |
| Зүйл хэсэг | 19.14.2.2., |
| Улсын яллагч | Б.Сансарбаяр |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 24
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Бүжинлхамаар хөтлүүлэн,
Улсын яллагч Б.С,
Иргэний нэхэмжлэгч С.Э,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Б,
Шүүгдэгч Л.Д, П.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр ирүүлсэн 1924000240017 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын улсын иргэн, * төрсөн, 30 настай, эрэгтэй, * боловсролтой, мэргэжилгүй, * оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь *хянан харгалзаж байсан, хэрэг хариуцах чадвартай, Ш овгийн Л Д регистрийн дугаар: /*/.
Шүүгдэгч: Монгол Улсын улсын иргэн, * төрсөн, 29 настай, эрэгтэй, * мэргэжилгүй, * оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Ү*овгийн П Л регистрийн дугаар: /*/.
Шүүгдэгч Л.Д, П.Л нар нь /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/ бүлэглэж Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүй, зохих зөвшөөрөлгүйгээр Завхан аймгийн Баянтэс сумын Зайгал багийн нутаг, хилийн 282/1 дүгээр тэмдэгтийн зүүн талаар 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн орчим Монгол улсын хилийг ОХУ- ын тал руу хууль бусаар нэвтэрч, мөн 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн орчим Завхан аймгийн Баянтэс сумын Зайгал багийн нутаг, хилийн 281 дүгээр тэмдэгтийн зүүн талаар ОХУ-ын талаас Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрч орж ирсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт: 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн “Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл”, иргэний нэхэмжлэгч С.Э, гэрч Ц.Э, Д.Н, Д.М, яллагдагч Л.Д, П.Л нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн “Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл”, 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 5/09, 5/10 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол”, “Хилийн 281 дүгээр тэмдэгтийн чиглэлээр 2019 оны 3 дугаар сарын 23-ны өдөр гарсан хилийн дэглэмийн зөрчлийн материал”, хохирол төлсөн баримт, яллагдагч нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол, шүүгдэгч нарын хувийн байдалд холбогдох бичиг баримтууд болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай бөгөөд тэдгээрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, өөр хоорондоо хамааралтай, шалтгаант холбоотой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.
Шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Д, П.Л нар нь бүлэглэж Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүй, зохих зөвшөөрөлгүйгээр Завхан аймгийн Баянтэс сумын Зайгал багийн нутаг хилийн 282/1 дүгээр тэмдэгтийн зүүн талаар 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн орчим Монгол улсын хилийг ОХУ- ын тал руу хууль бусаар нэвтэрч, мөн 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр орчим Завхан аймгийн Баянтэс сумын Зайгал багийн нутаг хилийн 281 дүгээр тэмдэгтийн зүүн талаар ОХУ-ын талаас Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрч орж ирсэн болох нь:
-Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /ХХ-ийн 20 дугаар хуудас/,
-Гэрч Ц.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Дэслэгч Ц.Э би ахлах ахлагч Д.Н, ахлагч Д.М нарын хамт 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 11.20 цагт хилийн манаанд үүрэг гүйцэтгэж эхэлсэн. Хилийн манааны замналын дагуу үүрэг гүйцэтгэж, хилийн 282/1 дүгээр тэмдэгт дээр 16.20 цагт очиж, 20 орчим минут хяналт зохиосон. Тэндээс хилийн 281 дүгээр тэмдгийн чиглэлд уруудан үүрэг гүйцэтгэж байх үед хилийн 282/1 дүгээр тэмдгийн зүүн гар талаар 800 м орчим газраар ОХУ-ын талаас морины мөр илэрсэн. Уг мөр нь хилийн 282/1 дүгээр чиглэлээс ОХУ-ын талаар явж байгаад хилийн 281 дүгээр тэмдгийн зүүн гар талаар 10 орчим метр газраар Монгол Улсын хил давж ирсэн байсан. Хил давсан ул мөр тод гарсан 3 адууны мөрийг хадгалалтад авч, салбарт радиостанцаар мэдэгдсэн. Хил зөрчигч нарын мөрөөр мөрдөн нутгийн гүн рүү хөөж явсаар Хатгуурантайн аманд байх малчин Шын гэрт ирэхэд харанхуй болж мөрийг цааш мөрдөх боломжгүй болсон. Малчин Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Бүжинлхам-аас энэ талаар ярьж тодруулга авахад “...манай энүүгээр гаднаас ямар нэгэн хүн ирээгүй...” гэж хэлсэн. Тухайн айл болох Шынд хоноод өглөө 07.30 цагт мөрийг цааш үргэлжлүүлэн мөрдөж, Тэсийн голын урд талд гаран Бужир багийн иргэн М гэх айлын гадаа очсон. Тухайн М-с тодруулахад “...2019 оны 03 дугаар сарын 21-ний өглөөний 08.30-09.00 цагийн орчимд иргэн Д, Л нар ирсэн...” талаар мэдэгдсэн. Уг мэдээллийг ангийн төв болон салбарт мэдэгдээд, байрлалдаа буцаж ирсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 24, 47-48 дугаар хуудас/,
-Гэрч Д.Нын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Ахлах ахлагч Д.Н би дэслэгч Ц.Э, ахлагч Д.М нарын бүрэлдэхүүнтэй хилийн манаанд 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 11.20 цагт үүрэг гүйцэтгэсэн. Хилийн манаанд үүрэг гүйцэтгэх үед хилийн 282/1 дүгээр тэмдэг дээр 16.00 цагийн үед очсон. Цааш яваад хилийн 281 дүгээр тэмдгийн чиглэлд үүрэг гүйцэтгэж байх үед хилийн 282/1 дүгээр тэмдгийн зүүн гар талаар 800 м орчим газраар ОХУ-ын талд морины мөр илэрсэн. Уг мөр нь хилийн 282/1 дүгээр чиглэлээс ОХУ-ын талаар явж байгаад хилийн 281 дүгээр тэмдгийн зүүн гар талаар 10 орчим метр газраар Монгол Улсын хил давсан байсан. Дээрх ул мөрөнд үзлэг шалгалт хийн мөрийг хадгалалтад авч, салбарт мэдэгдсэн. Хил зөрчигч нарын мөрөөр мөрдөн нутгийн гүн рүү хөөж явсаар Хатгуурантайн аманд байх малчин Шын гэрт ирэхэд харанхуй болж мөрийг цааш мөрдөх боломжгүй болсон. Шынд хоноод өглөө 07.30 цагт мөрийг цааш үргэлжлүүлэн мөрдөж, Тэсийн голын урд талд гаран Бужир багийн иргэн М гэх айлын гадаа очсон. М-с тодруулахад “...2019 оны 03 дугаар сарын 21-ний өглөөний 08.30-09.00 цагийн орчимд иргэн Д, Л нар ирсэн...” талаар мэдэгдсэн. Уг мэдээллийг дэслэгч Ц.Э ангийн төв болон салбарт мэдэгдээд байрлалдаа буцаж ирсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 25, 43-45 дугаар хуудас/,
-Гэрч Д.М-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр заставын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч хошууч Ж-с өгсөн үүргийн дагуу 277-287 дугаар тэмдэгтэд хилийн манааны үүрэг гүйцэтгэхээр ахлагч М миний бие, дэслэгч Ц.Э, ахлах ахлагч Д.Н нарын хамтаар явсан. Тэгээд 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн өглөөний 11 цагийн үед заставын байрлалаас хөдөлж хилийн 282/1 дүгээр тэмдэгт дээр 16 цаг 20 минутын орчимд очсон тэгээд 20 орчим минут гадаад, дотоод хяналт зохиож дурандахад хилийн 282/1 дүгээр тэмдэгтийн зүүн гар талаар 800 метр газраар ОХУ-ын Тува улсын талаас 2-3 адууны ул мөр орж ирээд ОХУ-ын талдаа явж байгаад Монгол Улсын хилийн 281 дүгээр тэмдэгтийн зүүн гар талаар 10 метр газраар Монгол улсын хилийг нэвтэрч орж ирсэн байсан бөгөөд ул мөрийг хадгалалтад авч 17 цаг 30 минутын үед заставт мэдэгдсэн. Түүний дараа бид гурав ул мөрийг дагаж нутгийн гүн рүү мөрдлөг хийж нутгийн гүнд байх Ш гэх малчин айлд ирэхэд харанхуй болж байсан учир ул мөрийг мөрдөх боломжгүй болж тэндээ хоносон. Тэгээд 2019 оны 3 дугаар сарын 23-ны өглөөний 7 цаг 30 минутанд дахин мөрийг мөрдөхөд малчин М-н хот руу ул мөр явж орсон тул энэ талаар гэрийн эздээс асуухад “...2019 оны 3 дугаар сарын 21-ний өглөөний 08-09 цагийн үед тус сумын иргэд болох Д, Л нар ирсэн...” талаар мэдээлэл өгсөн. Энэ мэдээллийг ангид мэдэгдэж шалгалтын ажиллагаа явуулахад Д, Л нар нь бугын эвэр түүх зорилгоор явж байгаад Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн нь тогтоогдсон...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 52-54 дүгээр хуудас/,
-Яллагдагч Л.Дийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Өөрийн найз Л-н хамтаар 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Баянтэс сумын Нурамт гэх газраас бугын эвэр түүхээр хөдөлсөн тэгээд Монгол талдаа бугын эвэр байх магадлал өндөр газар болох Зайгал, Зайгалын уулаар яваад бугын эвэр байхгүй болохоор нь ОХУ-ын тал руу гараад уулаар нь явахад би 2 шинэ, 1 хуучин бугын эвэр олсон. Харин Л 1 шинэ, 1 хуучин эвэр олсон. Тэгээд бугын эвэр хайгаад 3 хоног хээр хоноод наашаа ирэхдээ замдаа явсаар байгаад 1 хоносон. Тэгээд 2019 оны 3 дугаар сарын 18-ны шөнө үүрээр Баянтэс сумын Бужир багийн малчин М гэх айлд ирээд морь малаа амраагаад байж байгаад гэртээ ирсэн. Тэгээд нөгөөдөр нь хилийн хүмүүс ирээд сумын төв рүү авч ирсэн. Тэгээд болсон явдлын талаар ярьж өгсөн. Хилээр цаашаа гарвал хариуцлага хүлээнэ гэдгийг мэдэж байсан, хамгийн гол нь мөнгө олж амьдрал ахуйгаа дээшлүүлнэ гэж бодсон. Л бид хоёр Баянтэс сумын нутаг Зайгал багийн “Хос” гэх газраар Монгол Улсын хилийг нэвтэрч цаашаа ОХУ-ын тал руу орсон. Тэгээд ОХУ-ын талдаа явж байгаад эдгээр эврүүдийг олсон. Л бид хоёр эрт явбал арай их эвэр олох байх гэж бодсон...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 6-7 дугаар хуудас/,
-Яллагдагч П.Л-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Миний бие хааяа хааяа их өвддөг. Би элэгний В,С вирустай, аймагт тоолуулахад нэлээд өндөр гарсан учир эмчлүүлэхэд мөнгө шаардлагатай болсон. Тэгээд нутгийн хүн болох Д-той яриад бугын эвэр түүж мөнгө олохоор шийдсэн. Тэгээд 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр өөрийн хээр зүсмийн морийг унаад бугын эвэр түүхээр явсан. Өмнө Д-той утсаар яриад ”Их хүндийн дөрөлж” гэх газар уулзахаар товлосон байсан болохоор ярьсан ёсоороо очиход Д өөрийнхөө хээр морьтой намайг хүлээж байсан. Бид хоёр цааш бугын эвэр хайхаар Монгол Улсын талдаа нэлээд явсан боловч бугын эвэр олдоогүй болохоор ОХУ-ын тал руу давбал арай их бугын эвэр олдох байх гэж бид хоёр ярилцсан. Тэгээд 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Завхан аймгийн Баянтэс сумын Зайгал багийн “Хос” гэх нэртэй хилийн торгүй газраас Монгол Улсын хилийг давж ОХУ-ын тал руу ороод нэлээд явж байгаад нэг хуучин, нэг шинэ эвэр олсон, харин Даваа 2 шинэ нэг хуучин эвэр олсон. Тэгээд ОХУ-ын талдаа хээр 2 хоноод 2019 оны 3 дугаар сарын 18-ны шөнө хилээр орж ирсэн. Бид хоёр цаанаас орж ирэхэд хилийн тор тулсан учир тороо дагаад явж байгаад наашаа ороод ирсэн, тэгээд наашаа яваад бид хоёрын морь муудаад замдаа М гэх айлд үүрээр ирээд морио амраагаад хэсэг байж байгаад гэр, гэртээ ирсэн. Намайг гэртээ ирээд байж байтал 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хилийн хүмүүс бид нарын мөрөөр мөрдөөд хүрээд ирсэн. Тэгээд сумын төв дээр очоод хил давж бугын эвэр түүсэн талаараа ярьж өгсөн...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 13-16 дугаар хуудас/,
- Хилийн 0277 дугаар ангийн “Хилийн 281 дүгээр тэмдгийн чиглэлээр 2019 оны 03 дугаар сарын 23-ны өдөр гарсан хилийн дэглэмийн зөрчлийн материал /ХХ-ийн 73-108 дугаар хуудас/,
-Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, эсхүл хуурамч баримт бичгээр, эсхүл зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг бүлэглэж нэвтэрсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж хуульчилсан учир шүүгдэгч Л.Д, П.Л нар нь бүлэглэж Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүй, зохих зөвшөөрөлгүйгээр Завхан аймгийн Баянтэс сумын Зайгал багийн нутаг хилийн 282/1 дүгээр тэмдэгтийн зүүн талаар 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн орчим Монгол улсын хилийг ОХУ- ын тал руу хууль бусаар нэвтэрч, мөн 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр орчим Завхан аймгийн Баянтэс сумын Зайгал багийн нутаг хилийн 281 дүгээр тэмдэгтийн зүүн талаар ОХУ-ын талаас Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрч орж ирсэн үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Л.Д, П.Л нарт холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул Л.Д, П.Л нарыг Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Л.Д, П.Л нарт ял шийтгэл оногдуулахад харгалзан үзвэл зохих хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг нь болон үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, улсад учирсан хохирлыг төлж барагдуулсан, иргэний нэхэмжлэгч гомдол саналгүй гэсэн байдлуудыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэх нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Л.Д, П.Л нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг сайн дураараа нөхөн төлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан байх бөгөөд тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг нь шүүх харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Мөн шүүгдэгч нарын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан оногдуулах торгох ялыг 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор буюу 1 сард 200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, 27 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзсэн болно.
Түүнчлэн шүүгдэгч нар нь Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэргийг бүлэглэж үйлдэхдээ 2 тооны 8 настай хээр морьдыг уналга болгож ашигласан байх тул уг морьдыг, мөн гэмт хэрэг үйлдсэний улмаас 10 кг бугын эвэр олсон байх тул уг 10 кг бугын эврийг тус тус улсын орлого болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нар нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, тэднээс гаргуулах хохирол төлбөр болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Л Д, Ү овогт П Л нарыг Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Л.Д-ийг 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, шүүгдэгч П.Л-г 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д, П.Л нарт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д, П.Л нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д, П.Л нарын гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох 10 килограмм бугын эвэр, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан уналга болох тус бүр нэг морийг улсын орлогод оруулсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 10 килограмм бугын эвэр болон прокурорын тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Л.Д-ийн өмчлөлийн 8 настай хээр морь, шүүгдэгч П.Л-н өмчлөлийн 8 настай хээр морь зэргийг улсын орлого болгуулахаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шийдвэр гүйцэтгэх хэсэгт шилжүүлсүгэй.
7. Шүүгдэгч нар нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, тэднээс гаргуулах хохирол болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Д, П.Л нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.