| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатар Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2023/00735/И |
| Дугаар | 210/МА2026/00860 |
| Огноо | 2026-04-17 |
| Маргааны төрөл | Зуучлал, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 210/МА2026/00860
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Ж.Лхагвасүрэн, Ч.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 192/ШШ2025/10438 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* ХХК,
Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 197,948,602 төгрөг гаргуулах тухай үндсэн, зуучлалын хөлс болон ачааны төлбөрт нийт 14,940,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Мөнхцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1.******* ХХК нь ******* ХХК-тай 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр ГХХАА 24/07/22 дугаар тээврийн зуучлалын үйлчилгээний гэрээ байгуулан тус өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хамтран ажилласан. Уг гэрээний хүрээнд БНХАУ-ын Шанхай хотод байрлах ******* Itd-аас 2022 оны 06 дугаар сард нийт 59,875.56 ам.долларын үнэ бүхий пиццаны хайрцгийг захиалсан захиалгыг ******* ХХК нь Монгол Улсад 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ирүүлэн бидэнд хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан. Гэвч тухайн ачаа нь 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Шанхай хотоос хөдөлж, 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Тяньжин боомтод ирсэн боловч өнөөдрийг хүртэл Монгол Улсад орж ирээгүй, бид ачаагаа авч чадаагүй. Үүний улмаас бидний өдөр тутмын хэвийн үйл ажиллагаа алдагдаж, өөр нийлүүлэгч хайх, зардал гаргасаар байгаа бөгөөд тухайн ачаа нь Тяньжин боомтод устаж, хэрэглэх боломжгүй болсон.
1.2.Анх гаргасан хариуцагч ******* ХХК-аас ачааны үнэд 197,948,602 төгрөг, нийлүүлэгчид төлсөн төлбөрийн хүүгийн зардалд 7,926,622 төгрөг, өөр нийлүүлэгчээс авсан худалдан авалтын зардалд 4,400,000 төгрөг, нийт 210,275,224 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа 197,948,602 төгрөг болгон багасгаж байна.
1.3.Иймд гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 197,948,602 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1.Манай компани тээвэр зуучийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ******* ХХК-ийн захиалгат пиццаны хайрцгийг БНХАУ-ын Шанхай хотод байрлах ******* Itd-аас 2022 оны 07 дугаар сард ачиж 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Тяньжин боомтод хүргүүлж ирсэн. Гэтэл тээвэрлэгч******* ltd нь манай ачааг тус боомтоос гаргаагүй. Цар тахлын үеэс хойш тус компанид чингэлэг тээврийн ачаалал нэмэгдсэн учраас дарааллын дагуу гаргана гэсэн шалтгаанаар 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүртэл манай 2 чингэлэг ачаа тус боомтод хүлээгдэж байсан. Ингээд манай зүгээс удаа дараа шаардсаны эцэст ачааг явуулсан боловч бидний захиалгат чингэлэгт өөр ачаа хийж ирүүлсэн зөрчил гарсан, улмаар тээвэрлэгч компанийн зүгээс гэнэт 2022, 2023 оны төлбөрийг төлөхгүй бол ачааг илгээхгүй гэх шаардлага тавьсан. Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгчид төлбөрөө төлөх шаардлагатай байгаа талаар хүсэлт илгээсэн боловч төлөөгүй, үүний улмаас ачаа саатсан. Хэрэв төлбөрөө төлсөн бол ачааг хүлээлгээд өгсөн байх байсан.
2.2.Талуудын хооронд зуучлалын гэрээний харилцаа үүссэн. Зуучлалын гэрээгээр зуучлагч зуучлуулагчийн олгосон зөвшөөрлийн дагуу түүний ашиг сонирхлын төлөө бусад этгээдүүдтэй хэлцэл хийхэд холбож өгөх үүрэг хүлээдэг. Өөрөөр хэлбэл, манай компани тээвэрлүүлэх ачаа барааг тээвэрлэгчтэй гэрээ байгуулан явуулж өгөх үүрэг хүлээсэн ба уг үүргийн хүрээнд тээвэрлэгчтэй гэрээ хийж, ачаа хөдөлсөн буюу зуучлуулагчийн ашиг сонирхлын төлөө ажлаа хийсэн. Ачаа одоо хүртэл тус боомтод байгаа ба устаж үгүй болсон зүйл байхгүй.
2.3.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.
3.Cөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
3.1.******* ХХК нь ******* ХХК-тай 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр тээврийн зуучлалын үйлчилгээний гэрээ байгуулж, Япон Улсаас БНХАУ-ын Тяньжин боомтоор дамжуулан Улаанбаатар хот руу 2 чингэлэг ачааг тээвэрлэх үйл ажиллагаанд зуучийн үүрэг гүйцэтгэсэн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн захиалгын дагуу БНХАУ-аас авч ирсэн 2 чингэлэг ачааны тээврийн зардалд манай компаниас төлсөн төлбөрийг нэхэмжлэгч төлөх үүрэгтэй. Манай компани тээврийн зардлыг төлж, тухайн барааг тээвэрлэсэн.
3.2.Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.1.1, 3.1.2, 3.2.4-т тус тус зааснаар зуучлагч нэхэмжлэхийг хүргүүлснээр зуучлуулагч зуучлалын хөлс төлөх үүрэг хүлээнэ. Ингээд 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хариуцагч компанийн нягтлан бодогчоос нэхэмжлэгч компанийн цахим шуудангийн хаягаар нэхэмжлэх илгээсэн. Уг цахим шуудангаар 2 чингэлгийг хамгийн ойрын хуваарьт оруулан хөдөлгөхийн тулд ачааны төлбөр болох 4,250 ам.доллар болон 320,000 төгрөгийг шилжүүлж өгөхийг хүссэн. Гэтэл 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ******* ХХК-аас уг төлбөрийг төлсөн талаар цахим шуудан ирүүлсэн боловч бодитоор өнөөдрийг хүртэл уг төлбөрийг төлөөгүй.
3.3.Иймд зуучлалын хөлсөнд 4,250 ам.долларыг нэхэмжлэл гаргасан өдрийн буюу Монголбанкны 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хаалтын ханш болох 3,440 төгрөгөөр тооцож 14,620,000 төгрөг, ачааны төлбөрт 320,000 төгрөг, нийт 14,940,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
4.Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгч талын тайлбар, татгалзлын агуулга:
4.1.Бидний хооронд байгуулагдсан гэрээгээр хариуцагч компани нь БНХАУ дахь тээврийн компанитай манай компанийг холбох үүрэг хүлээгээгүй, харин хариуцагч компани нь БНХАУ-д байгаа манай ачааг Монгол Улсад авчраад манайд хүлээлгэж өгөх, ийнхүү хүлээлгэж өгсний дараа гэрээний төлбөрийг төлөхөөр тохиролцсон. Өөрөөр хэлбэл, бид ачаа буусны дараа төлбөр төлөх учраас өмнө нь төлөх боломжгүй. Бид хариуцагч компаниас гэрээний үүргээ биелүүлээгүйтэй холбоотой хохирол шаардсан. Түүнчлэн хариуцагчийн нэхэмжилж байгаа 14,940,000 төгрөг нь бидний шаардаж байгаа 197,948,602 төгрөгийн үнэ бүхий пиццаны хайрцгийн төлбөр биш. Хариуцагч компаниас ирүүлсэн хүсэлтээс тодорхой харагддаг гэжээ.
5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 407 дугаар зүйлийн 407.1, 209 дүгээр зүйлийн 209.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас ачааны үнэд 197,948,602 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэгч ******* ХХК-д холбогдуулан гаргасан зуучлалын хөлсөнд 4,250 ам.доллар буюу 14,940,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч ******* ХХК-ийн урьдчилан төлсөн 1,209,327 төгрөг, хариуцагч ******* ХХК-ийн урьдчилан төлсөн 232,800 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,147,693 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.
6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
6.1.Анхан шатны шүүх нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Талуудын байгуулсан гэрээгээр ******* ХХК нь ******* ХХК-ийн захиалгын дагуу тээвэрлэгчээс ирүүлсэн Үнийн санал-д заасан тээврийн замаар ачаа барааг Монгол Улсад хүлээлгэн өгөх, ******* ХХК төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон. Гэтэл тээвэрлэгчээс цар тахлын улмаас 2 чингэлгийн тээврийн төлбөрийг урьдчилан төлөх шаардлага тавьсны улмаас зуучлагчаас гэрээний 4.2-т заасан нөхцөл хэрэгжих боломжгүй болж, 4.2.1-д зааснаар төлбөрийг урьдчилан төлөх нөхцөл байдал үүссэн талаар мэдэгдсэн.
Тодруулбал, талуудын хооронд хийгдсэн хэлцэл нь зуучлалын гэрээний шинжийг агуулсан тул Иргэний хуулийн 410 дугаар зүйлд зааснаар ******* ХХК нь тээвэрлэгч******* ltd-тай гэрээ хийж захиалгыг биелүүлсэн. Харин тээвэрлэгч нь гэрээний үүргээ зөрчиж, тээврийн хөлсийг урьдчилан нэхэж, ачааг барьцаалсан үйлдэл гаргасан. Өөрөөр хэлбэл, ******* ХХК болон тээвэрлэгч******* ltd-ийн хоорондох маргааныг шийдвэрлэсэн Монголын олон улсын арбитрын 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 425 дугаар шийдвэрээр******* ltd нь гэрээний үүргээ биелүүлээгүй буюу ачааг тээвэрлэх үүргээ гүйцэтгээгүй тул ******* ХХК нь тухайн ачааны төлбөрийг төлөхгүй гэж шийдвэрлэсэн.
Хариуцагч 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн цахим шуудангаар ачааны төлбөрийг урьдчилан төлөх шаардлагатай байгаа талаар мэдэгдэж, хэрэв төлөгдсөн тохиолдолд 2 чингэлэг ачаа бүрэн явах боломжтой талаар тайлбарласан байдаг. Харин нэхэмжлэгчийн зүгээс 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ачаа барааны төлбөрийг төлсөн гэх агуулга бүхий цахим шуудан илгээсэн боловч бодит байдалд нэхэмжлэгч аль ч чингэлгийн төлбөрийг төлөөгүй. Нэхэмжлэгч төлбөр төлөгдсөн тохиолдолд тээвэрлэгч ачаа явуулж өгөхийг мэдэж байсан. Гэтэл анхан шатны шүүх захиалагчийн төлбөр төлөөгүй асуудалд дүгнэлт хийгээгүй. ******* ХХК нь захиалагчийн өмнөөс тээврийн төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй. Өөрөөр хэлбэл, тээвэр зуучийн үүргээ бүрэн гүйцэтгэх боломжтой байсаар байхад нэхэмжлэгч өөрөө үүргийн гүйцэтгэлийг хүлээн авахаас татгалзаж, ачаа барааг Монгол Улсад авчрах боломжгүй болгосон буюу үүрэг гүйцэтгэгдээгүй нөхцөл байдлын дийлэнх хэсэгт нэхэмжлэгч өөрөө буруутай.
6.2.Ачаа бараа алга болоогүй, хохирол учраагүй, гэрээгээр тухайн ачааг ирүүлэх хугацаа тогтоогоогүй. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ ...тухайн ачаа нь Тяньжин боомтод устаж, хэрэглэх боломжгүй болсон... гэж дурдсан байгаа боловч энэ талаарх баримтыг гаргаж өгөөгүй. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 25.2.2-т тус тус заасны дагуу үнэн зөв тайлбар гаргах, нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах үүрэг хүлээнэ. Гэтэл нэхэмжлэгч нь ямар баримтыг үндэслэн Тяньжин боомтод байгаа ачааг устсан, хэрэглэх боломжгүй болсон гэж тогтоож байгаа нь ойлгомжгүй, шүүх хуралдааны явцад энэ талаар баримт байхгүй гэдгийг өөрөө зөвшөөрснөөс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад yг aчaaг Тяньжин боомтод хүргэгдэхээр хүлээгдэж буй талаарх мэдээллийг авсан болохоо нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн, мөн гагцхүү тээврийн төлбөр төлөгдөөгүй болох нь арбитрын шийдвэр, дансны хуулга, баримтуудаар нотлогдож байхад шүүх ачаа устаж, хэрэглэх боломжгүй болсон үндэслэлээр учирсан хохирол шаардсаныг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
6.3.Мөн шүүх ачааг хугацаанд нь хүлээлгэж өгөөгүй гэж дүгнэсэн атлаа ямар хугацаанд хүлээлгэж өгөх байсан гэдгийг тодорхойлж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр ачаа ирэх очих хугацааг нарийвчлан тохиролцоогүй. Тодруулбал, нэхэмжлэгчээс хариуцагчид илгээсэн цахим шууданд үзлэг хийхэд ачааны хуваарийг гаргаж өгөхийг удаа дараа шаардсан бөгөөд хариуцагч нь тээвэрлэгчээс ямар нэгэн хуваарь гаргаж өгөөгүй талаар тайлбарласан байдаг. Өөрөөр хэлбэл, ачаа бараа ирэх хуваарь, хугацааг нэхэмжлэгч, хариуцагч харилцан тохиролцох боломжгүй, гуравдагч этгээдээс шууд хамааралтай болохыг талууд мэдэж байсан болно. Иймд талууд хугацааг урьдчилан тохиролцоогүй тул хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1-д заасан нөхцөл байдал үүсээгүй.
6.4.Анхан шатны шүүх ачааны нийт хохирлын хэмжээнд маргаагүй гэж үндэслэлгүй дүгнэсэн. Хариуцагчийн зүгээс ачааны төлбөрийн баримт хуульд нийцээгүй асуудлаар маргаж байсан бөгөөд гагцхүү ачаа ирээгүй талаар маргаагүй буюу ачаа Шанхай хотоос Тяньжин боомт хүртэл хүргэгдсэн талаар тайлбарласаар ирсэн.
6.5.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
7.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:
7.1.Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.2-т заасны дагуу нэхэмжлэгч ачаа барааг хилээр орж ирсний дараа төлбөрийг бүрэн төлөх үүрэгтэй. Гэтэл хариуцагч тал барааг авчрахын тулд нэмэлт зардал гаргасан учир тус зардлыг нэхэмжлэгч төлөх ёстой гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ******* ХХК-ийн нягтлан бодогчоос нэхэмжлэгч компанийн ажилтан Э.Халиунаа руу цахим шуудан илгээсэн бөгөөд тус шууданд танай 2 чингэлэг ачаа явж байгаа шүү, Улаанбаатар хотод орж ирэх үед ачаагаа хүлээж авахдаа төлбөрөө төлнө гэдэгт итгэлтэй байна гэх агуулга тусгагдсан. Өөрөөр хэлбэл, хариуцагч ачааг Монгол Улсад ирсний дараа төлбөр авах талаар хүлээн зөвшөөрсөн. Мөн хавтаст хэргийн 82 дугаар талд авагдсан 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ачааг 2023 оны 07 дугаар сард оруулж ирэх тул эвлэрэх саналтай байна гэж хэлсэн нь тусгагдсан. Өөрөөр хэлбэл, ачааг ирсний дараа төлбөр авахаар тохиролцож, эвлэрэх санал гаргаж, шүүх хуралдааныг хойшлуулсан.
7.2.Хариуцагч тал үүрэг гүйцэтгэх хугацааг гэрээнд тусгаагүй гэх агуулгыг гомдолдоо дурдсан. Гэтэл хавтаст хэргийн 22 дугаар талд авагдсан хариуцагчаас бидэнд хаяглан ирүүлсэн албан бичигт ачааг 2022 оны 11-12 дугаар сард оруулж ирэх талаар тусгасан. Мөн дээр дурдсанчлан, 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ачааг 2023 оны 07 дугаар сард оруулж ирнэ гэж тайлбарласан. Өөрөөр хэлбэл, хариуцагч тал ачааг авчрах хугацааг тогтоож байсан бөгөөд тухайн нэмэлт хугацаа бүрийг бид хүлээн зөвшөөрч байсан боловч хариуцагч үүргээ биелүүлээгүй тул 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.
7.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болох нь хавтаст хэргийн 128-130 дугаар талд авагдсан баримтаас харагдана. Гэрээнд заасны дагуу ачаа ирсний дараа төлбөрийг төлөх үүрэгтэй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих үндэслэлтэй. Үүнд сөрөг нэхэмжлэлтэй холбоотой асуудал мөн адил хамаарна.
7.4.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан ачааны үнэд 197,948,602 төгрөг, нийлүүлэгчид төлсөн төлбөрийн хүүгийн зардалд 7,926,622 төгрөг, өөр нийлүүлэгчээс авсан худалдан авалтын зардалд 4,400,000 төгрөг, нийт 210,275,224 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасган, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд ачааны үнэд төлсөн 197,948,602 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч ...Талуудын хооронд байгуулагдсан зуучлалын гэрээгээр манай компани тээвэрлэгчтэй гэрээ байгуулан ачааг явуулж өгөх үүрэг хүлээсэн ба уг үүргийн хүрээнд тээвэрлэгчтэй гэрээ хийж, ачааг 2022 оны 07 дугаар сард БНХАУ-ын Шанхай хотоос ачиж, 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Тяньжин боомтод хүргүүлж ирсэн боловч тээвэрлэгчийн зүгээс төлбөр төлөх шаардлага тавьсантай холбоотойгоор төлбөрөө төлөх шаардлагатай байгаа талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн боловч төлөөгүйн улмаас ачаа саатсан, ачаа одоо хүртэл тус боомтод байгаа, устаж үгүй болсон зүйл байхгүй... гэж бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.
Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгч ******* ХХК-аас зуучлалын хөлсөнд 4,250 ам.доллар буюу 14,620,000 төгрөг, ачааны төлбөрт 320,000 төгрөг, нийт 14,940,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч ...хариуцагч манай ачааг БНХАУ-аас тээвэрлэн Монгол Улсад оруулан ирж манайд хүлээлгэж өгсний дараа гэрээний төлбөрийг төлөхөөр тохиролцсон учраас бид төлбөрийг өмнө нь төлөх боломжгүй, хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй... гэх үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.
3.Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:
3.1.******* ХХК нь ******* ХХК-тай 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр ГХХАА 24/07/22 дугаар тээврийн зуучлалын үйлчилгээний гэрээ байгуулж, уг гэрээгээр зуучлагч нь ачаа тээврийг зориулалтын машин техникээр мэргэжлийн түвшинд хүлээн авагчийн агуулахад бүрэн бүтэн хүлээлгэн өгөх, зуучлуулагч нь зуучлагчийн гаргасан нэхэмжлэхийн дагуу тээврийн хөлс, нэмэлт зардал болон зуучлалын хөлсийг хавсралт №2 Үнийн санал-д заасан хугацаанд төлөх, зуучлуулагчийн нэр дээрх ачаа Улаанбаатар хот дахь гаалийн хяналтын бүсэд ирсэн өдөр нэмэлт зардал, тээврийн хөлсийг хамт төлөх үүргийг тус тус хүлээхээр талууд харилцан тохиролцсон, уг гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд талууд маргаагүй. /хх-ийн 6-9-р тал/
3.2.Дээрх гэрээний дагуу зуучлуулагч ******* ХХК нь БНХАУ-ын Шанхай хотод байрлах ******* Itd-аас нийт 59,875.56 ам.долларын үнэ бүхий пиццаны хайрцгийг тээвэрлүүлж, Монгол Улсад хүлээн авах захиалгыг зуучлагч ******* ХХК-д өгсөн, зуучлагч нь уг захиалгын дагуу тухайн 2 чингэлэг ачааг тээвэрлэгч компанитай гэрээ байгуулж хүлээлгэн өгсөн, улмаар ачааг 2022 оны 07 дугаар сард Шанхай хотоос ачиж, 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Тяньжин боомтод хүргүүлсэн, гэвч ачаа Монгол Улсад хүргэгдэн ирээгүй буюу ******* ХХК нь ачааг ******* ХХК-д хүлээлгэн өгөөгүй.
3.3.******* ХХК нь захиалсан ачааны үнэд 59,875.56 ам.доллар буюу 197,948,602 төгрөг төлсөн, уг үйл баримтад талууд маргаагүй.
4.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх боловч талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж чадаагүй байна.
Нэхэмжлэгч ******* ХХК болон хариуцагч ******* ХХК-иуд нь 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр ГХХАА 24/07/22 дугаар тээврийн зуучлалын үйлчилгээний гэрээ гэх нэртэй гэрээ байгуулсан байх ба тус гэрээг талууд зуучлалын гэрээ, илгээмжийн гэрээ, даатгалын гэрээ, худалдааны зуучлагчийн гэрээ гэх мэтээр харилцан адилгүй тодорхойлж, улмаар анхан шатны шүүх ...талуудын хооронд тээвэрлэлт ба илгээмжийн гэрээний агуулга бүхий холимог гэрээ байгуулагдсан... гэж буруу дүгнэжээ.
Талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн ГХХАА 24/07/22 дугаар тээврийн зуучлалын үйлчилгээний гэрээний агуулга, талуудын эрх үүргийн тохиролцооноос үзэхэд, тус гэрээгээр зуучлагч ******* ХХК нь зуучлуулагч ******* ХХК-ийн захиалсан ачааг тээвэрлэгчид хүлээлгэн өгөхөөс гадна тухайн ачааны тээвэрлэлтийг зохион байгуулах үүргийг хүлээсэн учраас уг гэрээ нь Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1-д заасан худалдааны зуучлагчийн гэрээний шинжийг илүү агуулж байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Харин Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д заасан зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх үүргийг хүлээдэг. Өөрөөр хэлбэл, зуучлалын гэрээ байгуулагдсан тохиолдолд зуучлуулагчийг тээвэрлэгчтэй холбож өгөөд зуучлагчийн үүрэг дуусгавар болно.
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн талуудын хооронд зуучлалын гэрээ байгуулагдсан, уг гэрээний дагуу хариуцагч нь тээвэрлэгч компанитай гэрээ хийж захиалгыг биелүүлсэн гэх агуулгаар гаргасан гомдол үндэслэлгүй.
5.Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-аас гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 197,948,602 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор тээвэрлэгч компанийн шаардлагаар төлбөрийг урьдчилан төлсөн тохиолдолд ачаа Улаанбаатар хотод ирэх байсан, гэвч нэхэмжлэгч төлбөрөө төлөөгүйн улмаас ачаа саатсан, төлбөр төлбөл одоо ч ачаа ирэх боломжтой гэх агуулгаар тайлбарлаж маргасан боловч талуудын байгуулсан 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн ГХХАА 24/07/22 дугаар тээврийн зуучлалын үйлчилгээний гэрээний 4.2-т ******* ХХК-ийн нэр дээрх ачаа Улаанбаатар хот дахь гаалийн хяналтын бүсэд ирсэн өдөр нэмэлт зардал, тээврийн хөлсийг хамт төлнө. гэж заасан байхаас гадна хариуцагч ******* ХХК-аас 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгч ******* ХХК-д ирүүлсэн цахим шууданд ...бидний тохиролцсоны дагуу 2 чингэлэг Улаанбаатар хотод ирж ирэх үед 2 чингэлгийн төлбөрийг хийж өгнө гэдэгт найдаж байна... гэж дурдсанаас үзэхэд хариуцагч уг гэрээний 4.2-т заасан зохицуулалтыг зөвшөөрч байсан гэж үзнэ.
Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ...тээвэрлэгч******* ltd нь гэрээний үүргээ биелүүлээгүй буюу ачааг тээвэрлэх үүргээ гүйцэтгээгүй болохыг Монголын олон улсын арбитрын 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 425 дугаар шийдвэрээр тогтоосон... гэх агуулгаар гомдол гаргасан боловч уг асуудал нь энэ маргаанд хамааралгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч ******* ХХК нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үүргээ биелүүлээгүйтэй холбоотойгоор маргаан үүссэн нөхцөл байдал нь нэхэмжлэгч ******* ХХК-ийн өмнө хүлээсэн үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Тодруулбал, хариуцагч ******* ХХК нь уг тээвэрлэгч компанид 2022 оны 04 дүгээр сараас 2023 оны 04 дүгээр сар хүртэл хугацаанд гүйцэтгэсэн тээвэрлэлтийн төлбөрийг төлөөгүй хуримтлагдсаны улмаас тээвэрлэгчийн зүгээс төлбөр төлөх шаардлага тавьж, ачаа саатуулан барьсан, үүний улмаас нэхэмжлэгч ******* ХХК-ийн захиалсан ачаа хүргэгдэж ирээгүйд нэхэмжлэгч буруугүй.
Иймд талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн ГХХАА 24/07/22 дугаар тээврийн зуучлалын үйлчилгээний гэрээний 4.2-т заасны дагуу нэхэмжлэгч ******* ХХК нь зуучлалын хөлс болон ачааны төлбөрийг захиалсан ачааг хүлээн авсны дараа төлөх эрхтэй ба хариуцагч ******* ХХК-ийг Иргэний хуулийн 206 дугаар зүйлд зааснаар үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.
Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...нэхэмжлэгч төлбөрөө төлөөгүйн улмаас ачааг Монгол Улсад авчрах боломжгүй болгосон, үүрэг гүйцэтгэгдээгүй нөхцөл байдалд нэхэмжлэгч өөрөө буруутай... гэх агуулгаар гаргасан гомдлыг хүлээн авахгүй.
6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч талууд гэрээгээр хугацаа тохироогүй учраас хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэх агуулгаар гомдол гаргасан. Талуудын байгуулсан тухайн гэрээнд тодорхой хугацаа тусгаагүй хэдий ч хэрэгт авагдсан баримтаар хариуцагч ******* ХХК нь уг ачааг хүлээлгэн өгөх хугацааг удаа дараа өөрөө тодорхойлж, талууд ачаа хүлээлгэн өгөх хугацааг хэд хэдэн удаа сунгаж байсан, улмаар хамгийн сүүлд 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс мөн оны 03 дугаар сарын 04-ний өдрийн хооронд ачаа Улаанбаатар хотод ирэх талаар хугацааг тодорхойлсон болох нь тогтоогдож байх ба үүнийг нэхэмжлэгч тал үгүйсгээгүй учраас хариуцагчийн ачаа хүлээлгэн өгөх хамгийн сүүлийн хугацаа 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 03 дугаар сарын 04-ний өдрийн хооронд байсан гэж үзэхээр байна.
Хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгчийн захиалсан ачааг сүүлд тохирсон хугацаанд буюу 2023 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн дотор хүлээлгэн өгөөгүй байх тул үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгч Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар гэрээнээс татгалзаж, учирсан хохирлоо шаардах эрхтэй.
Өөрөөр хэлбэл, хариуцагч ******* ХХК нь гэрээний үүргийг зохих ёсоор, тохирсон хугацаанд биелүүлээгүй учир нэхэмжлэгч ******* ХХК нь гэрээнээс татгалзаж, ачааны үнэд төлсөн 59,875.56 ам.доллар буюу 197,948,602 төгрөгийг гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол гэж шаардсан нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д нийцсэн.
Иймд анхан шатны шүүх хариуцагч ******* ХХК-аас 197,948,602 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1, 227 дугаар зүйлийн 227.1-д тус тус нийцжээ.
7.Сөрөг нэхэмжлэлийн тухайд, хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс гадна тус гэрээний 4.2-т ачаа Улаанбаатар хот дахь гаалийн бүсэд ирсэн өдөр зуучлалын хөлс болон нэмэлт зардлыг нэхэмжлэгч төлөхөөр тохиролцсон талаар анхан шатны шүүх зөв дүгнэж, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.
8.Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад хамаарах хуулийн зохицуулалтыг оновчгүй баримталсан байгааг залруулан шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1, 227 дугаар зүйлийн 227.1-д тус тус заасныг баримталсан өөрчлөлт оруулна.
8.1.Түүнчлэн хариуцагч ******* ХХК нь зуучлалын хөлсөнд 4,250 ам.доллар буюу 14,620,000 төгрөг, ачааны төлбөрт 320,000 төгрөг, нийт 14,940,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байхад шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг буруу тодорхойлсныг залруулан найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй.
9.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 192/ШШ2025/10438 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1, 227 дугаар зүйлийн 227.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас 197,948,602 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэгч ******* ХХК-д холбогдуулан гаргасан 14,940,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,147,693 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД Ж.ЛХАГВАСҮРЭН
Ч.МӨНХЦЭЦЭГ