Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 297

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Л.Батжаргал би

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 2 дугаар баг Мобиком 2-38 тоотод оршин суух, Түмэнт овогт Лувсанжамбын Бадарч РД:/ЕЗ54121819/-д холбогдох,

Сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн үлдэгдэл, хугацаа хэтэрсэн торгууль, нийт 1307354 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр  хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газрын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Тус сумын “Сум хөгжүүлэх сан”-гаас Гагнуур, малчдын эд зүйлс үйлдвэрлэх зорилгоор зээл авсан Л.Бадарчаас нийт зээлийн үлдэгдэл, хугацаа хэтэрсэн торгууль нийт 1307354 /Нэг сая гурван зуун долоон мянга гурван зуун тавин дөрөв/ төгрөгийг гаргуулах тухай.

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан “Сум хөгжүүлэх сан”-г бүрдүүлэх, сангийн хөрөнгийг удирдан зарцуулах, зээл олгох, эргэн төлүүлэх журмын дагуу Cyм хөгжүүлэх сангийн хөрөнгийг зохистой ашиглах зорилгоор төсөл сонгон шалгаруулалт зарласаны үндсэн дээр 2011 оноос эхлэн зээлийг олгож эхэлсэн.

Тус сумын иргэн Л.Бадарчийн Гагнуур, малчдын эд зүйлс үйлдвэрлэх чиглэлээрх төслийг Засаг даргын Тамгын газарт ирүүлснээр сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор томилогдсон комисс уг төслийг хэлэлцэн дэмжиж, холбогдох дүгнэлтийг гаргасан. Үүний дагуу Л.Бадарч “ Гагнуур, малчдын эд зүйлс үйлдвэрлэх ” төсөлд Сумын засаг даргын 2012 оны 11 дугаар сарын 15-ны өдрийн А/257 тоот захирамжаар сум хөгжүүлэх сангаас 2500000 төгрөгийн зээлийг олгохоор шийдвэрлэсэн. Сумын Засаг даргаас иргэн Л.Бадарчтай “Сум хөгжүүлэх сангийн 2012 оны 11 сарын 15 ны өдрийн А/44 тоот” гэрээг байгуулж, 2500000 төгрөгийг 3 жилийн хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн боловч Л.Бадарч нь энэхүү хугацаанд зээл эргэн төлөх хуваарьт заасны дагуу зээлээ төлж барагдуулаагүй тул иргэн Л.Бадарч нийт зээлийн үлдэгдэл 1013453 төгрөг, зээлийн торгууль 293901 буюу нийт 1307354 /Нэг сая гурван зуун долоон мянга гурван зуун тавин дөрөв/ / 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар тооцооллыг гаргав. / төгрөгийг гаргуулж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтын дагуу тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө үү гэжээ.  

Хариуцагч Л.Бадарч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Л.Бадарч миний бие нь Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Сум хөгжүүлэх сангаас  зээл авч тухайн зээлж авсан мөнгөө төлж барагдуулаагүй нь үнэн. Нэхэмжлэлийн шаардлага болох 1307354 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч прокурор Т.Цэнд-Аюуш шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Хариуцагч Л.Бадарч нь уг зээлийн төлбөр болох 1307354 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газар нь хариуцагч  Л.Бадарчид холбогдуулан Сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн үлдэгдэл, хугацаа хэтэрсэн торгууль, нийт 1307354 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.Бадарч нь нэхэмжлэлийн шаардлага болох 1307354 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газрын Сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн үлдэгдэл, хугацаа хэтэрсэн торгууль, нийт 1307354 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Л.Бадарч  нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар 35868 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 17934 төгрөгийг хариуцагч Л.Бадарчаас гаргуулж улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар хариуцагч Л.Бадарч нь захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

ШҮҮГЧ   Л.БАТЖАРГАЛ