| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2019/0022/Э |
| Дугаар | 25 |
| Огноо | 2019-06-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Ганзориг |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 25
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг даргалж,
Улсын яллагч Б.Ганзориг,
Шүүгдэгч С.Н,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхбат нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор хууль цаазын зөвлөх Б.Ганзоригийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Их ц овогт С Нод холбогдох 1924000000016 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч:Улсын иргэн, л суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-1, оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугааотай И. овогт Смаягт, Гэр бүлийн хүчирхийллийн эрсдэлийн нөхцөл байдлыг тодорхойлох үнэлгээний маягт, хохирогч ба хүчирхийлэл үйлдэгчийн тухай ерөнхий мэдээлэл, хүчирхийлэлтэй гэр бүлийн харилцааны түүх, хамтарсан багийн үзлэгийн тэмдэглэл, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид аюул учруулах эрсдэлийн түвшингийн үнэлгээ, нийгмийн ажилтан М.О дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2019 оны 05 дугаар сарын 18- ны өдрийн хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол, хохирогч *******, гэрч *******, *******, *******, *******, ******* нарын мэдүүлэг, 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн: тогтоол, хүний их эмч *******ы тодорхойлолт, Завхан аймгийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн эд мөрийн баримт хураан авах тухай мөрдөгчийн тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг танилцуулсан тэмдэглэл, яллагдагч С.Нын мэдүүлэг, 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн яллагдагчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоол, Завхан аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 04 дүгээр шийтгэх тогтоол болон шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бусад бичгийн нотлох баримтууд зэргийг шинжпэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.Нын 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 13 цагийн орчим Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн Цэнгэлийн 1303 тоотод байрлах С.А гэрт хамтран амьдрагч хохирогч Д.С маргалдаж, улмаар түүн рүү “АОРО” гэсэн бичигтэй өргөст хэмхний шил шидсэний улмаас хохирогчийн толгойн зүүн чамархайн дээд хэсэгт язарч, зүсэгдэн шарх гэмтэл учруулсан үйлдэл нь:
Хохирогч Д.С: “...Би хамтран амьдрагч С.Нын хамтаар түүний эгчийнд хүүхдүүдийг нь харж байсан юм. 2019 оны 05 дугаар сарын 06-нд хуушуур хийж дуусаад гадуур гарах гээд хувцсаа сольж өмсөөд сууж байгаад С.Нтой жаахан маргалдсан. Би С.Ныг юм хэлэхээр нь нохойн баас гэж хэлчихээд орон дээр суугаад өмдөө өмсөж байтал миний толгой тас гээд л явчхаар нь хартал С.Н нь тамхиныхаа үнсийг хийдэг варений шилээр миний толгой руу цохисон байсан. Тэгээд гэнэт толгойноос халуун юм урсаад байхаар нь хартал миний толгойноос цус гарч байсан. Миний толгойноос цус нилээн гоожиж байгаад арай гайгүй болж байхаар нь гараад арын Дорж гэдэг айлд орж толгой дээрээ ус хийлгэж цусаа тогтоож боолт хийлгэж аваад буцаад Нын эгчийнд орох гэж яваад хашааны гадаа Батсайхан гэх таньдаг хүнтэйгээ тааралдсан. Тухайн үед Батсайхан нь хүнтэй явж байхаар нь би эмнэлэг хүргүүлэх санаатай машинд нь суусан. Эмнэлэг орох замдаа эмнэлгийн тусламж авчихвал цагдаа шүүх болчих ч юм болов уу гэж бодоод буцаад ганцаараа алхаад С.Нын эгчийнд нь очоод байж байтал толгойны цус бүр гоожоод тогтохгүй байсан чинь Н нь түргэн тусламж дуудсан. Түргэн тусламж ирээд намайг эмнэлэг рүү аваад явсан. Би эмнэлэг дээр очоод толгойдоо 4 оёо тавиулчхаад байж байтал эмнэлэг дээр цагдаа орж ирэхээр цагдаагийн хэлтэс рүү явсан....” гэсэн мэдүүлэг/хх-ийн 15-16-р хуудас/,
Гэрч Э.Ж: “...2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр би Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн тасагтжижүүр эмчээр үүрэг гүйцэтгэж байхад 17 цаг 15 минутад 103 дугаарын утсанд дуудлага ирсэн. Дуудлагын утга нь толгойн дээрээс юм унаад цус гоожоод тогтохгүй байна гэх дуудлага ирсэн. Түргэний жолооч Ганхуягийн хамт дуудлагын хаягаар очсон. Гэрт ороход гэрийн баруун талд үүдний орчимд толгойныхоо цусыг гоожуулсан эмэгтэй сууж байсан. Шарханд үзлэг хийхэд язарч зүсэгдсэн шарх байсан. Анхан шатны тусламж үзүүлээд эмнэлэг рүү авч явсан. Эмнэлэг дээр ирээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 17-18-р хуудас/,
Гэрч С.Б: “...2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 15 цагийн үед айлд очоод Туул гэдэг ахтайгаа машинтай явж байтал ******* сайр дотор ганцаараа явж байсан. Энэ үед зүүн гараараа толгойгоо дарсан гарыг нь дагаад цус гоожсон байдалтай явж байхаар нь яасан талаар асуутал “Томоос цус тогтоох эм авч уух гэж байна” гэхээр нь Туул ах бид хоёр цааш явсан. Тэгээд орой 23 цагийн үед цагдаагийн байгууллага дээр ирж хүн лавлаж асуухаар иртэл ******* байсан. “Тархи толгой чинь зүгээр үү” гэхэд зүгээр одоо би аймаг явлаа. Цагдаа нар машинд суулгаж өгнө гэсэн. Надтай хамтран амьдардаг С.Н толгой хагалсан гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/,
Гэрч Б.Д: “...2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 15 цагийн цагийн үед би гэртээ байж байтал гаднаас ******* орж ирсэн. Гэрт орж ирэхээр нь хартал цагаан пудволк нь цус болсон байхаар нь яасан талаар асуутал “толгойгоо юманд цохисон” гэж эхлээд хэлсэн. Толгойгоо цохихоор ийм их цус гардаг юм уу? гэхэд хоол хийж байгаад С.Нтой үл ялих зүйлээс болоод маргалдаж миний толгой руу тамхины үнс хийдэг огурцины шилээр цохиод хагалсан. Энэ талаар би хүнд ярихгүй, чи ч битгий яриарай. Өмнө нь цагдаад хэлээд С.Ныг өрөнд оруулсан юм. Одоо яахын гээд манай гэрээс гараад явсан. Явах үед нь би толгойгоо боо гээд даавуу гаргаж өгсөн...” гэсэн мэдүүлэг болон хүний их эмч *******ы 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн үзлэг хийсэн “...Д.С нь 5 дугаар сарын 06-ны өдрийн 13 цагийн орчимд түлээ хагалж байгаад мод үсэрч толгой руу цохисон гэх. Үзлэгээр: Зүүн чамархайн дээд хэсэгт ойролцоогоор 5 см орчим зүсэгдсэн шархтай, шархнаас цус их алдсан, шарх орчимд цус хурж овойж хавдсан байна...” гэсэн тодорхойлолт зэргээр нотлогдож байна гэж дүгнэлээ.
Түүнчлэн шүүгдэгч С.Нын “...Д.С урд өдөр нь архи ууж ирсэн. Архи уулаа гэдэг асуудлаас болж бид маргалдсан. Тэгээд би огурцины шил аваад шидчихсэн чинь толгойн тус газарт онож зүүн талын шанаанаас нь цус гарсан...” гэсэн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримттай тохирч байх тул түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлээд хохирогч *******ийн толгойн зүүн чамархайн дээд хэсэгт язарч, зүсэгдэн шарх гэмтэл учруулсан болохыг давхар нотолж байна гэж үзлээ.
Шүүгдэгч С.Нын дээрх үйлдлийн улмаас хохирогч *******ийн биед хөнгөн /гэмтэл/ хохирол учирсан болох нь:
Завхан аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Сэргэлэнбаярын 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 811952071 дугаартай “...*******ийн биед гэмтэл учирсан байна. Хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой, зүүн чамархайн дээд хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. *******ийн биед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн /хх-ийн 32-р хуудас/ дүгнэлтээр тогтоогдож байна.
Шүүгдэгч С.Нод холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч С.Нын хохирогч *******ийн толгой руу “АСНО” гэсэн бичигтэй өргөст хэмхний шил шидсэн үйлдэл, хохирогч *******ийн биед учирсан зүүн чамархайн дээд хэсэгт язарч, зүсэгдэн гэмтэл нь өөр хоорондоо шууд шалтгаант холбоотой байх бөгөөд С.Нын дээрх үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байх тул түүний үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзээд түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа “...Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогч гомдол саналгүй, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч С.Ныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн нийт 3,150 нэгжээр буюу 3,150,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн дотор төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн байна. Шүүгдэгч С.Н нь 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар уг торгуулийн ялыг биелүүлээгүй болох нь Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь шийдвэр гүйцэтгэх хэсгийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 4/345 дугаартай “Тус шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор 3150 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн Сүх-Очирын Н нь 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар торгох ялаас төлбөр төлөөгүй...” гэсэн албан тоот болон шүүгдэгчийн “...Би өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялаас нэг ч төгрөг төлөөгүй...” гэсэн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно. Хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ нийт ялын хэмжээг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй. Нэмж нэгтгэсэн ялын нийт хэмжээ өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн хэмжээнээс их байна” гэж заасан байх тул шүүгдэгч С.Нод Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан 3,150 нэгж буюу 3,150,000 төгрөгийн торгох ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулах торгох ялыг нэмж нэгтгэн нийт торгох ялын хэмжээг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдол, саналгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдаж, шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “АОЯО” гэсэн бичигтэй өргөст хэмхний шил, цус мэт зүйлээр бохирлогдсон даавуу 2 ширхгийг устгаж, шүүгдэгч С.Нод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч И овогт С.Н хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ныг 500 /таван зуу/ нэгж буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Нод тус шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3,150 нэгж буюу 3,150,000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт торгох ялыг 3,650 нэгж буюу 3,650,000 төгрөгөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар тогтоосон 3,650 нэгж буюу 3,650,000 төгрөгийн торгох ялыг 2019 оны 12 дугаар сард 1,200,000 төгрөг, 2020 оны 6 дугаар сард 1,000,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сард 1,000,000 төгрөг, 2021 оны 4 дүгээр сард 450,000 төгрөгөөр тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
6.Шүүгдэгч С.Н нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хохирол болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжпэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “АСНО” гэсэн бичигтэй өргөст хэмхний шил, цус мэт зүйлээр бохирлогдсон 2 ширхэг даавууг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.
8.Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч С.Нод өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
9.Шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ