Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2026/00861

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Ж.Лхагвасүрэн, Ч.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 191/ШШ2026/02296 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******,

 

Хариуцагч: ******* ГХОХХК-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 10,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Мөнхцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

1.1.Миний бие нь ******* ХХК-ийн өр барагдуулах ажлыг гүйцэтгэхээр тохирч, ажлаа хийж байсан. ******* ГХОХХК-ийн хүмүүс гэх хэдэн залуучууд орж ирээд ******* ХХК нь түрээсийн төлбөр төлөөгүй үндэслэлээр түрээсийн байрыг суллаж өгөхийг мэдэгдэхэд миний бие энэ компанийн бусдаас авах авлагыг би барагдуулж өгөх юм, тэгэхээр нь түрээсийн төлбөрийг төлье гэхэд тэгвэл та бичиг хийж өг гээд миний бие бичиг хийж өгсөн. Үүний дараа ******* ХХК нь түрээсийн төлбөр төлөхгүй юм байна, цаашид би өөрөө түрээсэлье гэж хэлэхэд тэгвэл мөнгөө хий гэсэн тул миний бие 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 5,000,000 төгрөг, нийт 10,000,000 төгрөгийг ******* ГХОХХК-д шилжүүлсэн.

1.2.Гэтэл 2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ******* ГХОХХК-ийн хүмүүс орж ирээд түрээсийн байрнаас гар гээд хөөж гаргасан. Миний бие түрээсийн төлбөрөө төлсөн байхад яагаад гаргаж байгаа юм бэ гэхэд ******* ХХК-ийн түрээсийн төлбөрт уг мөнгийг суутгаж авсан гэж хэлсэн.

1.3.******* ГХОХХК нь надад түрээсэлнэ гэж амлалт өгөн хуурч ******* ХХК-ийн түрээсийн төлбөрт миний шилжүүлсэн мөнгийг суутган авч байгаа нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар бусдын эд хөрөнгийг үндэслэлгүй олж авч эзэмшсэн. Өөрөөр хэлбэл, миний бие ******* ХХК-д хувьцаа эзэмшдэггүй, өр барагдуулах ажил гүйцэтгэхээр амаар тохиролцсон, тус компанийн ажилтан биш учраас уг компанийн өмнөөс түрээсийн төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй. Харин миний бие уг байрыг цаашид түрээслэн ажлын байраа болгох зорилго, хүсэл зоригтой байхад ******* ГХОХХК нь хуурч мэхлэх замаар үндэслэлгүйгээр мөнгө шилжүүлэн авсан.

1.4.Иймд хариуцагч ******* ГХОХХК-аас үндэслэлгүй хөрөнгөжсөн 10,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1.******* ГХОХХК нь Улаанбаатар хот, *******, 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, *******, ******* төв, 7 дугаар давхар, ******* тоот хаягт байрлах, 63 м.кв талбайтай, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэг жилийн хугацаатай түрээслэхээр ******* ХХК-тай 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр түрээсийн гэрээ байгуулсан. Гэрээ байгуулснаас хойш төлбөр төлөх хугацааг дандаа хэтрүүлдэг байсан. Үүнтэй холбоотойгоор ******* ГХОХХК-аас албан бичиг, мэдэгдлийг удаа дараа хүргүүлж очих бүрд ******* нь ганцаараа сууж үйл ажиллагаа явуулдаг байсан ба өөрийгөө ******* ХХК-ийн хуулийн зөвлөх, өр барагдуулах албаны дарга гэж танилцуулж байсан.

2.2.Улмаар гэрээний төлбөр төлөгдөхгүй байсан тул түрээсийн байрыг чөлөөлж өгөх талаар хандахад ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 5,000,000 төгрөг шилжүүлж, 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ******* ХХК-ийг төлөөлж өр төлбөрийг барагдуулах тухай гараар бичиж гарын үсгээ зурж баталгаажуулан ******* ГХОХХК-д өгсөн. Ингээд 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 5,000,000 төгрөг шилжүүлж, нийт 10,000,000 төгрөг төлсөн байдаг.

2.3.Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн үндэслэлээ 2025 оны 01 дүгээр сараас үргэлжлүүлэн өөрөө түрээслэх зорилгоор 10,000,000 төгрөг шилжүүлсэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн бичиж өгсөн баримт болон төлбөр шилжүүлсэн гүйлгээний утга зэргээр нэхэмжлэгч мөнгө шилжүүлэхдээ үргэлжлүүлэн түрээслэх бус ******* ХХК-ийн өр төлбөрийг өмнөөс нь төлсөн болох нь нотлогдоно. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлд дурдсан ******* ГХОХХК нь хуурч мэхлэх замаар мөнгө авсан гэдэг нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч өөрөө тухайн үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшилдээ байлгаж, тухайн компанийг төлөөлж үйл ажиллагаа явуулж байгаа гэж хэлсэн бөгөөд сайн дураараа төлбөрийг зөвшөөрч төлсөн.

2.4.Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч ******* ГХОХХК-аас 10,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 174,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.1-д нэхэмжлэгчийн 10,000,000 төгрөг шилжүүлсэн гүйлгээний баримтын талаар дүгнэхдээ гүйлгээний утга нь ******* тоот, түрээсийн төлбөр гэсэн байгааг анхаараагүй. Өөрөөр хэлбэл, уг баримт нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан тайлбар илт худал болохыг харуулдаг. Тодруулбал, ******* ГХОХХК нь ******* ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээний хугацаа дуусаагүй байхад тухайн байгууллагын өр барагдуулах албаны дарга гэх хүнтэй шинээр түрээсийн гэрээ байгуулахаар тохиролцож, төлбөрийг нь авах боломжгүй. Нэхэмжлэгч энэ талаар нотлоогүй.

Тухайн үед 3 сар гаруйн хугацаанд ******* ХХК-ийн түрээсийн төлбөр төлөгдөөгүй байсан бөгөөд бидний хүлээлгэн өгсөн талбайд нэхэмжлэгч ******* байгаад байсан, өр барагдуулах албаны дарга гэж бидэнд өөрийгөө танилцуулсан учир тухайн компанийн ажилтан, эсхүл төлөөлөх хүн гэж ойлгон төлбөрийг шаардаж, ******* өөрөө хүлээн зөвшөөрч ******* ХХК-ийн түрээсийн төлбөр төлөх үүргийг биелүүлж төлсөн нь Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3-т нийцсэн. Мөн Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1-д зааснаар ******* ХХК болон ******* ГХОХХК-ийн хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний төлбөр төлөх үүргийг гуравдагч этгээд ******* гүйцэтгэсэн гэж үзэх нь үндэслэлтэй.

Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7-д нэхэмжлэгч *******гийн хариуцагч ******* ГХОХХК-д гараар бичиж өгсөн баримтыг нэхэмжлэгч тал үгүйсгэсэн, зохигчоос нэхэмжлэгч ******* нь ******* ХХК-ийг төлөөлдөг, тухайн аж ахуйн нэгжийн өмнөөс төлбөр тооцоо хийх үүрэгтэй гэсэн баримт ирүүлээгүй талаар дүгнэсэн нь илт үндэслэлгүй байна. Учир нь уг баримтад нэхэмжлэгч ******* нь гарын үсэг зурснаа хүлээн зөвшөөрдөг буюу өргөдөлд гарын үсэг зурсан гэдэгт маргаагүй байхад шүүх уг баримтыг буруу үнэлсэн. Өөрөөр хэлбэл, уг баримтаар нэхэмжлэгч ******* нь ******* ХХК-ийг төлөөлөн төлбөрийг барагдуулсан үйл баримт тогтоогддог. Түүнчлэн ******* ХХК нь шүүхийн хүсэж буй баримтыг тухайн үед бидэнд гаргаж өгөөгүй бөгөөд байхгүй баримтыг байх ёстой гэж үзээд өөр нотолгооны ач холбогдолтой нотлох баримтыг үнэлэхгүйгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Нэхэмжлэгч ******* нь ******* ХХК-ийг төлөөлөн түүний өмнөөс түрээсийн төлбөр төлөх үүргийг хариуцагч ******* ГХОХХК-ийн өмнө гүйцэтгэсэн учир Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар талуудын хооронд үүрэг үүсээгүй гэж дүгнэх боломжгүй. Тодруулбал, ******* нь бусдын үүргийг бидний өмнө биелүүлсэн болохыг хангалттай нотлох баримт хэрэгт авагдсан. Иймд нэгэнт гүйцэтгэсэн түрээсийн гэрээний үүргийг буцаан үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж шаардсан нь үндэслэлгүй.

4.2.Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлээ үргэлжлүүлж түрээслэх зорилготой байсан гэж тайлбарласан ба энэ нь ямар нотлох баримтаар дэмжигдэж, эсхүл үгүйсгэгдэж байгаа тухай үндэслэлтэй байдлаар шийдвэрт тусгаагүй. Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн тайлбарыг нотлоогүй. Харин хариуцагч талын талуудын хооронд үргэлжлүүлж түрээслэх хүсэл зориг байгаагүй, гэрээ хэлцэл байгуулагдаагүй гэх татгалзлын үндэслэл нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн гараар бичиж өгсөн баримт, төлбөр төлсөн нотлох баримтаар нотлогдсон. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч үргэлжлүүлж түрээслэх зорилго байсан эсэхийг нотлох баримтын хүрээнд огт дүгнээгүйгээс гадна хариуцагчийн татгалзлыг үндэслэж буй нотлох баримтад бичсэн зүйлийг шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан баримтаар нотлогдоогүй тайлбар нь үгүйсгэсэн тухай дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, нэхэмжлэгчийн мөнгө шилжүүлэх хүсэл зоригоо илэрхийлж өөрийн гараар бичсэн баримтыг Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь дахь бичмэл нотлох баримт ба эд мөрийн баримтын тухай зөвлөмжийн 1б-д зааснаар хэргийн нөхцөл байдлыг тодорхойлсон шинжтэй баримтын хэмжээнд үнэлээгүй.

Мөн тухайн нотлох баримт нь нэхэмжлэгчийн ******* ХХК-ийн түрээсийн төлбөрийг өөрөө хүлээн зөвшөөрч төлөх тухайгаа илэрхийлсэн бөгөөд тухайн гэрээг сунгах, эсхүл өөрөө түрээслэх талаар санал илэрхийлээгүй буюу нэхэмжлэлд дурдсан үргэлжлүүлж түрээслэх зорилгоор урьдчилгаа төлбөр шилжүүлсэн гэдэг тайлбарыг үгүйсгэдэг. Түүнчлэн нэхэмжлэгч ******* 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр буюу эхний төлбөр шилжүүлсний дараагийн өдөр тухайн бичгийг бичиж өгсөн нь үргэлжлүүлж өөрөө түрээслэхээр мөнгө шилжүүлсэн гэх тайлбарыг үгүйсгэж байгааг шүүхээс анхаараагүй байна. Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргахдаа энэ компанийн бусдаас авах авлагыг би барагдуулж өгөх юм, тэгэхээр нь түрээсийн төлбөрийг төлье гэхэд тэгвэл та бичиг хийж өг гээд миний бие бичиг хийж өгсөн гэж өөрөө уг үйл баримтыг дурдсанаас гадна нэхэмжлэгч тал уг үйл баримтыг няцаасан ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй.

4.3.Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүсээгүй буюу талуудын хооронд ямар нэгэн үүрэг үүсээгүй гэж дүгнэж хэргийг шийдвэрлэсэн. Хариуцагч тал тухайн түрээсийн байранд нэхэмжлэгч ******* өөрийгөө ******* ХХК-ийн өр барагдуулах албаны дарга, би төлөөлж өр төлбөрийг нь төлнө гэж хэлсэн, энэ тухайгаа төлбөр төлөхдөө өөрийн гараар бичиж өгсөн болохыг нэхэмжлэгчийн бичиж өгсөн баримт болон гэрчийн мэдүүлгээр тус тус нотолсон. Энэ тохиолдолд хариуцагч нь нэхэмжлэгч *******г тухайн компанийг төлөөлж төлбөр төлөх эрхтэй эсэхийг нягталж, шалгах боломжгүй, мөн нэхэмжлэгч өөрөө төлбөрийг төлнө гэх байдлаар тайлбарлаж, энэ тухайгаа өөрийн гараар бичиж өгсөн тул Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1-д заасны дагуу гуравдагч этгээд ******* үүргийг гүйцэтгэснээр ******* ХХК-ийн түрээсийн үүрэг дуусгавар болсон гэж тайлбарлаж маргасан. Гэвч шүүх энэ талаар гаргасан тайлбарт огт дүгнэлт хийгээгүй. ******* ХХК-д түрээслүүлсэн байрыг нэхэмжлэгч ******* эзэмшиж, ашиглаж байсан тул төлбөрийг төлөх үүргийн шинж чанарт харшлахгүйгээс гадна шударга ёсны зарчмын үүднээс ч гуравдагч этгээдээр үүрэг гүйцэтгэгдсэн гэж үзэх үндэслэлтэй.

4.4.Мөн нэхэмжлэгч тал үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлдог. Гэвч үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэдэг ойлголт Иргэний хуулийн 492 дугаар зүйлээр хязгаарлагдахгүй. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д зааснаар аливаа мөнгөн төлбөр төлөх үүрэг буюу өрийг хамааралгүй гуравдагч этгээд өөрөө мэдэж, сайн дураараа төлсөн бол тухайн өрийг төлөх ёстой үүргээс чөлөөлөгдсөн этгээд бусдын зардлаар өөрийн хөрөнгийг хэмнэх аргаар үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмээн үзэж буцааж өрийг төлсөн этгээдэд өгөх үүрэгтэй. ******* ХХК-ийн төлөх ёстой өрийг нэхэмжлэгч ******* гуравдагч этгээдийн хувиар мэдсээр байж, өөрөө хүлээн зөвшөөрч, үүнийгээ бичгээр илэрхийлж төлбөрийг төлсөн. Үүний үр дүнд ******* ХХК үүргээсээ чөлөөлөгдөж бусдын зардлаар өөрийн хөрөнгийг хэмнэх аргаар үндэслэлгүй хөрөнгөжсөн байна. Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийг өр төлбөртэй гэдгийг мэдэж байсан, мөн тухайн төлбөрийг өөрөө өмнөөс нь сайн дураараа мэдсээр байж төлсөн. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон. Энэхүү хэргийн нөхцөл байдал, нотлох баримтаар тогтоогдож буй үйл баримтын хүрээнд Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д заасныг баримтлан хэргийг шийдвэрлэх ёстой гэж үзэж байна.

4.5.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

5.1.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлж, хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн. ******* нь ******* ХХК-ийн талбайд үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд тухайн компани үргэлжлүүлэн түрээслэхгүй юм байна гэж бодсон тул үргэлжлүүлэн түрээслэх хүсэл зоригийг илэрхийлж, төлбөрөө төлснийх нь маргааш уг маргаан үүссэн. Бид хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байгаа тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

5.2.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ГХОХХК-д холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 10,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ...******* ХХК-ийн түрээсэлж буй түрээсийн байранд нэхэмжлэгч үйл ажиллагаа явуулж, өөрийгөө тус компанийн хуулийн зөвлөх, өр барагдуулах албаны дарга гэж танилцуулж байсан, ******* ХХК-ийг төлөөлж түрээсийн төлбөрийг барагдуулах талаар гараар бичиж өгч, улмаар тус компанийн өмнөөс төлбөр төлсөн... гэж бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

3.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлж чадаагүй, холбогдох хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

4.Хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

4.1.******* ГХОХХК нь ******* ХХК-тай 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Mп/2024/01/08 дугаар ажлын байрны түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр түрээслүүлэгч ******* ГХОХХК нь Улаанбаатар хот, *******, 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, *******, ******* төв, 7 дугаар давхар, ******* тоот хаягт байрлах, 63 м.кв талбайтай, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл нэг жилийн хугацаагаар түрээслэгч ******* ХХК-д түрээслүүлэхээр тохиролцсон. /хх-ийн 24-25-р тал/

4.2.******* нь өөрийн эзэмшлийн Хаан банк дахь ******* тоот данснаас 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 5,000,000 төгрөг, нийт 10,000,000 төгрөгийг ******* *******, ТҮРЭЭСИЙН ТӨЛБӨР гэх гүйлгээний утгатайгаар ******* ГХОХХК-ийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банк дахь ******* тоот дансанд шилжүүлсэн, уг үйл баримтад талууд маргаагүй. /хх-ийн 7-8-р тал/

4.3.2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ******* нь ******* ГХОХХК-д ******* төв, ******* тоотын төлбөрийг 2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн дотор барагдуулж дуусгана. Гэрээг сунгах асуудлыг жич ярилцъя. Энэ компанийг бүрэн төлөөлж өр төлбөрийг өгнө. Өр барагдуулах албаны дарга гэх агуулга бүхий бичгийг гараар бичиж ******* ГХОХХК-д өгсөн. /хх-ийн 26-р тал/

 

5.Хариуцагч ******* ГХОХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, өөрийн татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргаж өгсөн нэхэмжлэгч *******гийн бичсэн баримт хэрэгт авагдсан байх ба уг баримтыг анхан шатны шүүх буруу үнэлсэн байна.

Өөрөөр хэлбэл, тус баримтад нэхэмжлэгч нь ******* ХХК-ийг бүрэн төлөөлж өр төлбөрийг өгөх, 2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн дотор төлбөрийг барагдуулж дуусгах, гэрээг сунгах асуудлыг жич ярилцах талаар тусгасан байхаас гадна уг баримтыг нэхэмжлэгч ******* өөрөө бичсэн болохоо зөвшөөрсөн тул Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д зааснаар уг баримтад тусгасан үгийн шууд утгаар нэхэмжлэгчийн хүсэл зоригийн илэрхийллийг тайлбарлах бөгөөд уг хэлцэл нь мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 42 дугаар зүйлийн 42.2-т тус тус нийцсэн хүчин төгөлдөр байна.

Хариуцагч тал ...******* ХХК-ийн түрээсэлж буй түрээсийн байранд нэхэмжлэгч үйл ажиллагаа явуулж, өөрийгөө тус компанийн хуулийн зөвлөх, өр барагдуулах албаны дарга гэж танилцуулж байсан... гэж тайлбарласныг нэхэмжлэгч тал үгүйсгээгүйгээс гадна нэхэмжлэгч ******* нь ******* ХХК-ийг төлөөлж өр төлбөрийг 2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн дотор барагдуулж дуусгах агуулгаар дээрх баримтыг үйлдсэн, улмаар 2025 оны 01 дүгээр сарын 08, 14-ний өдрүүдэд тус тус 5,000,000 төгрөг буюу нийт 10,000,000 төгрөгийг ******* *******, ТҮРЭЭСИЙН ТӨЛБӨР гэх гүйлгээний утгатайгаар ******* ГХОХХК-д шилжүүлсэн.

Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д Нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй. гэж заасан. Мөн Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1-д бусдын гүйцэтгэх үүргийг өөр гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэхийг зөвшөөрсөн бөгөөд энэ талаарх хариуцагч талын тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ******* нь өөрийгөө ******* ХХК-ийг төлөөлөх эрхтэй гэсэн ойлголтыг хариуцагч ******* ГХОХХК-д төрүүлж, үүний улмаас хариуцагч нь төлөөлөх эрхтэй этгээд гэж ойлгон төлсөн төлбөрийг тухайн компанийн төлбөрөөс хасаж тооцсон байх тул нэхэмжлэгч ******* нь үүнийг ******* ХХК-ийг төлөөлөх бүрэн эрхгүй гэх байдлаар буруугаар ашиглаж болохгүй.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлээ ...үргэлжлүүлж түрээслэх зорилготой мөнгө шилжүүлсэн... гэж тайлбарласан байгаа боловч дээр дурдсанчлан 10,000,000 төгрөгийг түрээсийн төлбөр гэдэг утгаар шилжүүлсэн атлаа ******* болон ******* ГХОХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээ хэрэгт авагдаагүй буюу түрээсийн гэрээний харилцаа үүссэн болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Энэ талаарх нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлгүй.

Анхан шатны шүүх талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүсээгүй болохыг зөв дүгнэсэн боловч нэхэмжлэгч ******* нь ******* ХХК-ийн өмнөөс түүний өр төлбөрийг барагдуулсан үйл баримтыг зөв дүгнээгүй, холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байна.

Иймд хариуцагч ******* ГХОХХК-ийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй тул хариуцагч ******* ГХОХХК-аас үндэслэлгүй хөрөнгөжсөн үндэслэлээр 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д заасныг баримтлан хэргийг шийдвэрлэх ёстой байсан... гэх агуулгаар гаргасан гомдол үндэслэлгүй.

Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д заасан зохицуулалт нь бусдын өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн этгээд ийнхүү өрийг төлснөөр үүргээсээ чөлөөлөгдсөн этгээдээс зардлаа нөхөн төлүүлэхээр шаардах эрхийн зохицуулалт учир нэхэмжлэгч *******гаас хариуцагч ******* ГХОХХК-д холбогдуулан гаргасан энэ нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байна.

Тодруулбал, ******* нь ******* ХХК-ийн өмнөөс түрээсийн төлбөрийг төлсөнтэй холбоотойгоор тус компаниас гаргасан зардлаа шаардах эрхийн харилцаанд хамааралтай болохоос энэ маргаанд хамаарах зохицуулалт бус учир шүүх Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д заасныг тайлбарлан хэрэглэх шаардлагагүй.

 

7.Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 191/ШШ2026/02296 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй тул хариуцагч ******* ГХОХХК-аас 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Ж.ЛХАГВАСҮРЭН

 

Ч.МӨНХЦЭЦЭГ