Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
Хэргийн индекс | 181/2017/00457/и |
Дугаар | 001/ХТ2018/00457 |
Огноо | 2018-03-22 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 001/ХТ2018/00457
Л.Я, С.Г нарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ШШ2017/01893 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2393 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч: Л.Я
Нэхэмжлэгч: С.Г
Хариуцагч: “М” ХХК
Хариуцагч: “М” ХХК
Хариуцагч: Т.Тд холбогдох
Хууль бус үйлдлийг зогсоолгох, цахилгаан шатны хаалганы орчны талбайд автомашины зогсоол байрлуулахыг хориглох, 12 тоот зогсоолын хэмжээг Монгол Улсын стандарт, зураг төсөлд заасан хэмжээгээр нэмэгдүүлэх, нэмэгдүүлсэн хэмжээгээр автотээврийн хэрэгсэл байрлах аюулгүйн тэмдэглэгээг Монгол Улсын автозогсоолын стандартад заасан журмын дагуу хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгч Л.Яын төлөөлөгч О.А гаргасан гомдлоор шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагч: “М” ХХК, “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сэвжидмаа, Т.Тгийн төлөөлөгч Ж.Б, нарийн бичгийн даргад Г.Н нар оролцов.
Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Хийморь 19-н 29 дүгээр байрны 19 болон 79 тоот орон сууц худалдаж аваад, тухайн байранд байрлах 11, 12 тоот зогсоолын захиалгын гэрээ хийж худалдаж авсан. Байр худалдан авахдаа “М” ХХК-ийн санал болгосны дагуу машины зогсоолын схем зурагтай танилцаад, нэхэмжлэгч нар нь тус бүр нь 12 м.кв талбайтай автомашины зогсоол худалдан авч, улмаар үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авсан. Гэтэл барилгыг ашиглалтанд оруулаад, улсын комисст хүлээлгэж өгсний дараа 2010 оны 10 дугаар сараас эхлээд зураг талбайн хэмжээг зөрчөөд автомашин зогсох боломжгүй, цахилгаан шатны хаалгыг дараад, “16” гэсэн тоот зогсоолыг нэмж төлөвлөөд түүнийгээ Т.Тдд худалдсан байна. 16 тоот зогсоол өмнө нь төлөвлөгдөөгүй байсан. 16 тоот зогсоолд машин тавихын тулд анх төлөвлөсөн байсан 11, 12 тоот зогсоолыг хэвийн хэмжээнд ашиглах боломжгүй болгож, зөвхөн нэг тал, булан луу шахаж 11, 12 тоот зогсоолын өмчлөгч нарын өмчлөх эрхийг зөрчиж эхэлсэн. Ингэснээр автомашин хоорондын зай алдагдаж, машинаасаа бууж суух аргагүй, машины хаалга онгойхгүй, орж гарах боломжгүй болсон. Энэ талаар “М” ХХК болон “М” ХХК-д удаа дараа шаардлага тавьж, энэ байдлаа засахыг шаардсан боловч огт хүлээж авахгүй байсан. Мэргэжлийн хяналтын байгууллага болон Онцгой байдлын ерөнхий газарт хандаж тодорхой албан шаардлагыг “М” ХХК-д хүргүүлсэн байдаг. Гэтэл өнөөдрийг хүртэл уг зөрчлөө засахгүй маргаан үргэлжилж байна. Иймд нэхэмжлэгч нар нь 11, 12 тоот зогсоолыг өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа хууль бус үйлдлийг таслан зогсоолгох, төлөвлөгдөөгүй буюу цахилгаан шатны хаалгыг хааж автомашины зогсоол гаргасныг хориглох тухай шийдвэрийг гаргаж өгнө үү. Л.Я бусад оршин суугчийн нэгэн адил 8000 ам.доллар төлж зогсоол авсан байхад хэмжээ нь 12 биш,харин 10 м.кв талбай байгаа автозогсоолд тавигдах шаардлага, стандарт, норм журамыг хангахгүй байгаагаас гадна ашиглах боломжгүй байна. Мөн зогсоол хоорондын зайг тусгаарлаж, стандартад заасны дагуу цагаан зураасаар тэмдэглээгүй. Түүнээс болоод иргэд хоорондын зогсоолын зай тодорхойгүй байна. Иймд 12 тоот зогсоолын талбайг стандарт, зураг төсөлд заасан хэмжээгээр нэмэгдүүлэх, нэмэгдүүлсэн хэмжээгээр автотээврийн хэрэгсэл байрлахад аюулгүйн тэмдэглэгээг стандартад заасан журмын дагуу хийхийг даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.Тгийн төлөөлөгч тайлбартаа: Нэхэмжлэгч нар нь ойлгомжгүй буюу үндэслэлгүй шаардлага гаргаж байна. Т.Т нэхэмжлэгч нар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулаагүй, хууль бус үйл ажиллагаа явуулаагүй, өмчлөх эрхэд нь халдаагүй. Харин нэхэмжлэгч нар Т.Тгийн эрхэд халдаад, зогсоолын орох гарах гарцыг хаасан. Т.Тгийн хувьд “М” ХХК-тай 2010-04-15-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан. Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол 29 дүгээр байрны 53 тоот 2 өрөө орон сууц, 16 тоот автомашины зогсоол худалдан авч Улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн хууль ёсны өмчлөгч болсон. Өөрийн өмчлөлд авсан үл хөдлөх хөрөнгөө өмчилж 2010 оноос хойш 6 жилийн хугацаанд уг байранд амьдарч байгаа. Өмчлөх эрхтэй холбоотой, өмчлөх эрхэд саад болоод байгаа гэдэг үүднээс нэхэмжлэгч нарын зүгээс Захиргааны хэргийн шүүхэд 2010-06- 28-ны өдрийн барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комиссын актыг хүчингүй болгуулах, Т.Тгийн гараашийн өмчлөх эрхийг хүчингүй болгуулах, улсын бүртгэл хууль бусаар бүртгэсэн болохыг тогтоолгож бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан. Хөршийн эрхийг зөрчөөгүй байна гэдгийг Захиргааны хэргийн анхан болон давж заалдах, хяналтын шатны журмаар хянан шийдвэрлээд тогтоосон. Өөрөөр хэлбэл, 2010-06- 28-ны өдрийн акт хүчинтэй байгаа. Т.Тд олгосон 2011-04-22-ны өдрийн 16 тоот гараашийг өмчлөх эрхийн гэрчилгээг Улсын бүртгэлийн газар хуулийн хүрээнд олгосон гэж үзээд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоод шийдвэрлэсэн. Энэ үйл баримтыг Захиргааны хэргийн шүүх шийдвэрлэсэн. Тиймээс энэ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч “М” ХХК болон “М” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: “М” ХХК-ийн хувьд Иргэний хуулийн 189.1-д зааснаар Л.Ятай орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээг 2008-03-04-ний өдөр байгуулсан бөгөөд гэрээний 2.3-т захиалагч орон сууцны байр баригдаж дууссаны дараа карказ зураг төслийн дагуу хийгдсэн эсэх, доголдолтой эсэхийг шалган хүлээж авах үүрэгтэй. Гүйцэтгэсэн ажилд ямар нэгэн доголдол байвал захиалагч талд ажлын үр дүнг хүлээн авснаас хойш 3 сарын дотор гомдлын шаардлага гаргах эрхтэй гэж заасан. 2010 онд улсын комиссын актын үндсэн дээр барилга ашиглалтанд орж автозогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан байна. Талууд 10, 12 м.кв талбайтай автозогсоолыг худалдаж авахаар тохиролцсон энэ гэрээний дагуу өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдож, барилга ашиглалтанд орсон байдаг. 10 м.кв хэмжээтэй зогсоолын хувьд Авто зогсоолын ангилал улсын стандартын 4.4, 4.5-д заасан нөхцөлийг бүрэн хангаж байгаа. Улсын стандартаар 4.4 нэгдүгээр ангилалд 5 хүртэл урттай, 1,8 хүртэл өргөнтэй авто машин 10 м.кв хэмжээтэй байхыг зөвшөөрсөн стандарт байгаа. Энэ стандартад нийцсэн 10 м.кв хэмжээтэй зогсоолыг захиалагч захиалсан бөгөөд улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан. Захиалагч зогсоолоо хүлээж аваад ямар нэгэн гомдлын шаардлага гаргаагүй. Улсын байцаагчийн хүчин төгөлдөр бус дүгнэлтийг үндэслээд нэхэмжлэл гаргаж байгааг зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 255.1.1-р шаардлага гаргах эрхээ алдсан. Гэрээний дагуу өөрөө автозогсоолоо шалгаад авсан. Талуудын тохиролцооны үндсэн дээр 10 м.кв талбай бүхий стандартад нийцсэн зогсоолыг авсан. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нар улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслээд нэхэмжлэл гаргасан. Энэ барилгыг 2010 онд ашиглалтанд орсноос хойш нэхэмжлэгч нар 3 жилийн дараа нэхэмжлэл гаргаж байна. 2 жилийн дараа бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гарахад “зогсоол хооронд заагласан цагаан зураас арилсан учир хэмжилт хийх боломжгүй” гээд шинжээчийн дүгнэлтэд дурдсан. Барилга ашиглалтанд ороод удсан учир цагаан шугам арилсан. Улсын комисс хүлээж авахдаа бүх зүйлийг стандартын дагуу байгаа эсэхийг шалгаж хүлээж авдаг. Тиймээс өнөөдөр нэхэмжлэгч нар цагаан шугам татаагүй гэж даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь өөрөө үндэслэлгүй гэжээ.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ШШ2017/01893 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2393 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ШШ2017/01893 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.
Нэхэмжлэгч Л.Яын төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүхэлд нь судалж, үнэлэлт дүгнэлт өгөлгүй, зөвхөн зохигчдын хооронд байгуулсан гэрээний талаар дурдаж, энэ гэрээний дагуу хууль ёсны өмчлөгч болсон гэж үзсэн. Гэвч энэ талаар талууд огт маргаагүй юм. Нэхэмжлэлийн шаардлага болсон 11, 12 дугаар зогсоолоо өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд хариуцагч нар саад болж байгаа талаар талууд маргаж байхад нотлох баримтанд тулгуурлалгүй гэнэтхэн л “ баримтаар болон зохигчдын тайлбар зэргээр тогтоогдохгүй байна” гэж дүгнэлт хийж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Хэрэгт авагдсан нотлох баримтыг үзвэл, Т.Т өмчлөгч нь болсон гээд байгаа автозогсоолын байрлал нь зогсоол байрлуулахаар төлөвлөгдөөгүй байсан нь харагдана. 16 дугаар зогсоолыг нэмж бий болгосон нь автозогсоолын стандарт болон галын аюулгүй байдлын тухай хуулийг зөрчсөн /НМХГ болон ОБЕГ-ын улсын байцаагч нарын дүгнэлтээр нотлогдоно/. С.Г, Л.Я нар зураг төсөлд тусгагдсан байдлаар буюу зэргэлдээ орших зогсоолоо ямар ч асуудалгүй өмчилж, ашиглаж байтал 11 дүгээр зогсоолын цаад талд байрлах зайг “М” ХХК зогсоол болгон иргэн Т.Тд худалдан борлуулснаар нэхэмжлэгчийн нарын эрх зөрчигдөж маргаан гарах үндэслэл болсон. Гэтэл шүүх “Т.Тгийн автозогсоол анх төлөвлөгдсөн байсан эсэх нь нэхэмжлэгчийн өмчлөгч эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа эсэх үйл баримтыг тогтооход ач холбогдолтой нөхцөл байдал биш байна.” гэсэн нь хэт нэг талыг барьсан дүгнэлт болсон. Тухайн маргаж буй зогсоолуудын төлөвлөлтийн зураг төсөл хэрэгт хангалттай авагдсан бөгөөд гүйцэтгэлийн буюу хамгийн сүүлд хийгдэн улсын комисс ажиллан ашиглалтанд хүлээн авч, улсын архивт хүлээлгэн өгсөн зураг төслөөр 11, 12 дугаар зогсоолын байрлал өөрчлөгдөөгүй, 16 дугаар зогсоолын байрлалд зогсоол төлөвлөгдөөгүй болох нь тодорхой харагдана. 16 тоот зогсоол нь 11 дүгээр зогсоолтой нэг эгнээнд буюу өмнө хойноо байрлалтай тул Т.Т нь 11 дүгээр зогсоолын талбайг дамжин өнгөрөх шаардлага байдаг бөгөөд ингэхийн тулд Л.Яын зогсоолд нэхэмжлэгч нарын 2 машин байрлуулж нэхэмжлэгч нарын эрхийг зөрчдөг болсон. 11 дүгээр зогсоол нь зөвхөн Т.Тгийн зогсоолын орох орц гарц болсноор үнэн хэрэгтээ С.Г зогсоолгүй болсон төдийгүй Л.Я нь талбайгаа С.Гтэй хуваалцах болсон. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэн үндэслэлгүй шийдвэр гаргасан. Л.Яын бусадтай адил төлбөр төлсөн зогсоолын хэмжээг 10 м.кв болгон багасгасан. Тэмдэг тэмдэглэгээ хийгдээгүйгээс нэхэмжлэгчийн эрх зөрчигдөж буй нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын хувьд давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 353.3 дахь хэсгийн заалтыг үндэслэн “хэрэв гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой ажлын дүнг биет байдлын доголдолгүй гэнэ” гэж зааснаар “автозогсоолын хэмжээг нэмэгдүүлэх, тэр хэмжээгээр автотээврийн хэрэгслээ байрлуулах тэмдэглэгээ хийлгүүлэх шаардлага гаргах эрх нэхэмжлэгчид үүсэхгүй юм” гэжээ. 12 дугаар зогсоолын хэмжээ нь автомашин байрлуулах, хэвийн байдлаар ашиглах боломжгүй, бууж суухад хүндрэлтэй, стандартын шаардлага хангахгүй байгаа нь нотлогдож байхад хэвийн ашиглах боломжтой гэж дүгнэн, хуулийг буруу хэрэглэсэн байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Л.Я, С.Г нар 2013-04-11-ний өдөр Т.Т, М ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, Хан-уул дүүрэг, хийморь 19-р байрны 11, 12 дугаар автозогоолыг өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг таслан зогсоолгох, цахилгаан шитны хаалганы харалдаа автомашин байрлуулахыг хориглохыг шаардсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Л.Я шаардлагаа нэмэгдүүлж 12-р зогсоолын табайг стандартад нийцүүлэх, нэмэгдүүлсэн хэмжээгээр тээврийн хэрэгсэл байрлах тэмдэглэгээг хийхийг хариуцагчид даалгахыг хүссэн байна. /хх1-н 1-2, 83-84/. Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрчээ. /хх 1-н 32, 40, 105/
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.
Хяналтын шатны шүүхэд гаргасан Л.Яын гомдлыг дараах үндэслэлээр хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
1. Шүүх зохигчийн хүсэлтээр шинжээч томилсон байдлыг авч үзвэл: нэхэмжлэгчийн хүсэлтээр 2013-06-13-ны өдөр 2921 дүгээр захирамж гарган Мэргэжлийн хяналтын газрыг шинжээчээр томилсон боловч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт хандаж шийдвэрлүүлэх хариуг Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар 2013-07-10-ны өдрийн 6/2204 дугаар албан бичгээр өгсөн байв. /хх 1-н 64-65, 67/ Үүний дагуу шүүх 2013-08-27-ны өдөр 3807 дугаар захирамж гаргаж, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрыг шинжээчээр томилсон бөгөөд улсын байцаагч 2013-10-11-ний өдөр дүгнэлт /хх 1-н 70-71, 74-75/ гаргажээ. Хариуцагч Т.Тгийн төлөөлөгч “хэргийн оролцогчийг байлцуулаагүй...” гэсэн шалтгаанаар дахин шинжээч томилуулах хүсэлт гаргаж шүүх 2013-12-03-ны өдөр 5340 дугаар захирамжаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрыг бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргуулахаар томилсон ч улсын байцаагч 2014-04-14-ний өдөр дүгнэлт /хх 1-н 118, 120-125, 131-132/ гаргажээ. “...Шүүх бүрэлдэхүүнтэй шинжээч томилсон байхад нэг хүн дүгнэлт гаргасан...” гэсэн шалтгаанаар шүүгч 2014-07-23-ны өдөр 6928 дугаар захирамж гаргаж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрыг шинжээчээр томилсон байх бөгөөд /хх 1-н 142-143/, уг захирамжийн дагуу дүгнэлт гаргаагүй /хх 1-н 149/ байна. Зохигч хүсэлт гаргасны дагуу шүүх 2014-12-10-ны өдөр 7199 дугаартай захирамж гаргаж /хх 1-н 153/ А.Мягмаржав, Б.Жаргал, Ц.Хадбаатар нарыг шинжээчээр томилсон ч Б.Жаргал, Ц.Хадбаатар нар дүгнэлт /хх 1-н 158/ гаргажээ. Нэхэмжлэгчийн төлөөлөгч хүсэлт гаргаснаар шүүх 2016-03-18-ны өдөр 102/ШЗ2016/09999 дугаар захирамж гаргаж /хх 2-н 26/ “...дүгнэлт гаргахад А.Мягмаржав оролцоогүй...” гэсэн үндэслэлээр бүрэлдэхүүнтэй шинжээч томилсон байх бөгөөд Мэргэжлийн хяналтын газар 2016-04-20-ны өдөр 02/02/1146 дугаар албан бичгээр хариу өгсөн буюу захирамжийн дагуу дүгнэлт гараагүй байна.
2016 оны 102/ШЗ2016/09999 дугаар захирамжийн заалт биелээгүй байхад шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-г зөрчжээ.
Хэргийг хянан шийдвэрлэхэд шинжилгээ хийлгэх тохиолдолд нотлох баримтыг талуудын хүсэлтээр шүүх бүрдүүлэх бөгөөд дутуу бүрдүүлсэн бол шийдвэрийг хүчингүй болгох нь мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 168 дугаар зүйлийн 168.1.7-д нийцэх юм.
2. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19-23 дугаар зүйлд зааснаар шинжээчийн дүгнэлт тодорхойгүй буюу бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон тохиолдолд нэмэлт шинжилгээ хийнэ. Шинжээчийн дүгнэлт, эсхүл түүний зарим хэсэг үндэслэлгүй буюу үнэн зөв болох нь эргэлзээтэй байвал дахин шинжилгээ хийнэ. Шаардлагатай тохиолдолд шинжилгээг ижил буюу өөр өөр мэргэжлийн хоёроос дээш шинжээчийн бүрэлдэхүүнтэйгээр хийлгэж болно.
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллаганы явцад хэд хэдэн удаа шинжээч томилсон боловч нэмэлт эсхүл дахин шинжилгээ хийлгэсэн эсэх, бүрэлдэхүүнтэй шинжээч томилох болсон шаардлага зэрэг нь тодорхойгүй байгаа тул эдгээр дүгнэлтүүдийг шийдвэрийн үндэслэл болгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д нийцэхгүй юм.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байхад давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчжээ.
Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.
Шүүх хэргийг шийдвэрлэхдээ 11,12,16 дугаар зогсоолыг зориулалтын дагуу ашиглах боломжтой эсэх, энэ тохиолдолд нэхэмжлэгч нарын эрх ашиг зөрчигдөж байгаа эсэхийг мөн тогтоовол зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ШШ2017/01893 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2393 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг Л.Яд захирамжаар буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Б.УНДРАХ