Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 1802

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Бүрэнзэвсэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2016/00581 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.Бүрэнзэвсэгийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Н.Баатархүүд холбогдох

 

Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 500 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэрэндолгор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 6 сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Дөл эрхэс” хүнсний дэлгүүрийн замд 13-17 УНЕ улсын дугаартай “Портер” маркийн автомашинд мөргүүлсэн. 2016 оны 6 сарын 15-ны өдөр тархины компьютер, томографи шинжилгээгээр зулайн зүүн ар доод хэсэгт хаван хавдартай, толгой байнга өвдөнө, болор цайх магадлалтай, баруун өвдөг хазгар болсон. Иймд иргэн Н.Баатархүүгээс эмчилгээний төлбөр 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 6 сарын 11-ний өдөр Бэлхээс Налайхын чиглэлд явж байсан. Баянзүрхийн шалган бүртгэх зам дээр жолооч миний зүүн гар талаас 2 хүн, гялгар ууттай зүйл барьсан гарсан. Хөндлөн гарахдаа машины баруун талын толийг дарж ойчсон. Мөн зүүн гар талд автын 2 цагдаа харж байсан. Автын шинжээч нь толь хагарсан газарт зургийг нь авч автын бүрэлдэхүүн энэ хүнээ гэмтлийн эмнэлэгт үзүүл гэсэн. Оройн 19 цагт 2 хүний архи гарч халдвартын эмнэлгийн уулзвар дээр буулгасан. Маргааш нь Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар тасгийн автын мөрдөн байцаагч энэ үйл явдлыг шалгасан. 2016 оны 6 сарын 12-ны өдөр шүүх эмнэлэгт Д.Бүрэнзэвсэгийг үзүүлсэн. 72 цагийн дараа шүүх эмнэлгийн шинжээч онц ноцтой хүндрэл, гэмтэл байхгүй гэж үзсэн. Миний бие өдөр болгон цагдаагийн газар очиж байцаагдаж байсан. Эм, эмчилгээний зардал гэж 80 000 төгрөг өгсөн. Д.Бүрэнзэвсэг тэр хугацаанд 2 найзтайгаа ирж 40 000 төгрөг авсан. Миний бие 2017 оны 6 сар хүртэл тэтгэврийн зээлтэй байгаа, 2 сарын тэтгэврийн мөнгө болох 386 000 төгрөгийг 2017 оны 6 сард өгөх боломжтой. Шинжээчийн дүгнэлтээр замын хөдөлгөөний дүрмийг Д.Бүрэнзэвсэг зөрчсөн гэж гарсан, шүүх эмнэлэгт үзүүлэхэд гэмтлийн зэрэг тогтоогдоогүй учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 514 дүгээр зүйлийн 514.1-т заасныг баримтлан хариуцагч Н.Баатархүүгээс 85 500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Бүрэнзэвсэгт олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15 650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Баатархүүгээс тэмдэгтийн хураамжид 4 550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Бүрэнзэвсэгт буцаан олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэрэндолгор давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрт тусгаснаар хариуцагч Н.Баатархүүгийн буруутай үйлдлийг хайцаалсан, зорчигч Д.Бүрэнзэвсэгийг мөргөн дайрч гэмтээн зам тээврийн осол гаргасан байдлыг тодорхой хууль дүрмийн заалтыг баримтлан хэлэлцээгүй байх бөгөөд зөвхөн нэхэмжлэгчийг буруутгах зорилгоор хэлэлцэн шийдвэрлэсэн. Жолооч Н.Баатархүү нь гэгээн цагаан өдөр зам хөндлөн гарч байгаа явган зорчигчийг өмнүүр нь бүрэн өнгөрөөгүй байхад хөдөлгөөнөө үргэжлүүлсэн, явган зорчигчийн биед хүнд, хөнгөн ямар нэгэн байдлаар гэмтэл учруулсан байхад түүний гэм бурууг 50 хувь гэж тогтоожээ. Энэ нь хүний амь насанд гэмтэл учруулан цаашлан амь насыг хохироож ч болох илт давуу байдлаа ашиглан дур зоргоороо авирлаж болохыг өөгшүүлсэн шийдвэр гаргасан гэж үзэхээс аргагүй байна. Тухайн осолд өртөөгүй байсан бол эрүүл мэндэд хор хохирол учирч тодорхой зардлууд гарахгүй байсан бөгөөд цаашид биеийн эрүүл мэндийн байдал хэрхэн доройдож өөрчлөгдөж хохирч үлдэх нь тодорхойгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлээ баримтаар гаргаж өгсөн боловч шүүх зөвхөн нэхэмжлэгчийг буруутгах үүднээс хандан үндэслэл муутай шийдвэр гаргасан байна. Зам тээврийн ослын улмаас эмнэлэгт үзүүлсэн баримт, цаашид нүдний ЭХО-д харуулан эмчилгээ хийлгэх шаардлагатай, эмнэлгийн ор хоногийн төлбөрүүд нотлох баримтуудаар нотлогдож байна. Гэтэл шүүх энэхүү асуудлыг гэмтэл авснаас хойш сар гаруйн дараа зам осолтой шалтгаант холбоогүй гэж өрөөсгөл дүгнэлт гарган бодит байдлаас зөрүүтэй шийдвэр гаргасан. Цаашид ослын улмаас нүдний болор цайх, нүд харааны тэжээлийн дутагдалд орж болзошгүй байдлыг эмнэлгийн магадлагаа гэрчилж байна. Учирсан хор хохирлыг арилгахад хариуцагч 386 000 төгрөгийг 2017 оны 6 сард өгөх боломжтой гэж гэм буруугаа ухамсарлан хүлээн зөвшөөрсөн байтал шүүх илт хууль бус шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

                                        

Шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч Д.Бүрэнзэвсэг нь хариуцагч Н.Баатархүүд холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

             Хариуцагч Н.Баатархүү нь 2016 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Дөл эрхэс” хүнсний дэлгүүрийн хойд замд “Хьюндай протер” маркийн 13-17 УНЕ улсын дугаартай автомашиныг жолоодон явах үед нэхэмжлэгч Д.Бүрэнзэвсэгийг мөргөж гэмтээсэн гэх үйл баримт тогтоогджээ.

 

            Замын цагдаагийн газрын зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоогдсон байдал, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол гарсан газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч зэрэг хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч буюу явган зорчигч Д.Бүрэнзэвсэг нь 1.75 хувийн согтолттойгоор Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т “Явган зорчигч нь  явган хүний  гарц буюу гармаар хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, саадгүй хэсгээр ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна”, 3.9-т “Явган зорчигчид өөрийгөө хянаж жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явахыг хориглоно” гэж заасныг тус тус зөрчсөн болох нь тогтоогдсон байна. /хх-ийн 4-7 дугаар тал/

 

            Шүүх эмнэлгийн амбулаторийн шинжээчийн 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн дүгнэлтэд Д.Бүрэнзэвсэгт хуйх, баруун мөр, баруун өвдөгний зөөлөн эдийн няцрал, зүүн мөрний зөөлөн эдийн зулгаралт гэмтэл тогтоогдсон, дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй, ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдахгүй тул гэмтлийн зэрэг тогтоогдоогүй гэж заажээ. /хх-ийн 13 дугаар тал/

 

            Тээврийн прокурорын газрын прокурорын 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 1686 тоот тогтоолоор хариуцагч буюу жолооч Н.Баатархүүг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний болон ашиглалтын журмыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байна. /хх-ийн 16-17 дугаар тал/

 

            Дээрх нотлох баримтуудаас харьцуулан дүгнэхэд нэхэмжлэгч Д.Бүрэнзэвсэг нь өөрөө Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байх бөгөөд хариуцагч Н.Баатархүүгийн үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоотойгоор  нэхэмжлэгчид гэм хор учирсан гэх үндэслэл болохгүй тул нэхэмжлэгчийн хувьд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт  зааснаар гэм хорыг арилгуулахаар хариуцагчаас шаардах эрх үүсээгүй байна.

 

Хариуцагч Н.Баатахүү шүүхэд 386 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх боломжтой талаар тайлбар гаргаснаас бус,  нэхэмжлэгчид гэм хор учруулсан болохоо хүлээн зөвшөөрөөгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн агуулга бүхий тайлбар гаргасан байхад анхан шатны шүүх түүнийг гэм хорын хохирлыг хариуцах үүрэгтэй гэж үзэн 85 550 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгон шийдвэрлэж, Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасныг хэрэглэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Тодруулбал, зөрчил гаргасан этгээдийн зөрчлөөс үүдэн хохирол бий болох бөгөөд гэм хорын хариуцлага хүлээлгэхэд гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй болон учирсан хохирлын хооронд шалтгаант холбоотой байхыг хуулийн уг заалт шаарддаг бөгөөд хариуцагч Н.Баатархүүг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул түүний хууль зөрчсөн гэх үйлдэл болон нэхэмжлэгчид учирсан хохирлын хооронд шалтгаант холбоо үгүйсгэгдэж байна.

 

            Гэвч хариуцагч Н.Баатархүүгээс 85 550 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн  шүүхийн шийдвэрт хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй тул шүүхийн шийдвэрийг өөрчлөх нь талуудын мэтгэлцэх зарчимд нийцэхгүй гэж  давж заалдах шатны шүүх үзэж шийдвэрийг хэвээр үлдээв.

 

            Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2016/00581 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13 100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.      

 

 

                    ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                               

                                    ШҮҮГЧИД                                          М.НАРАНЦЭЦЭГ      

                                                                                                 

                                                                                              Г.ДАВААДОРЖ