Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2017/ДШМ/40

 

 

Х.Аэд холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч О.Однямаа, шүүгч А.Сайнтөгс  нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

            Прокурор: С.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2017/ШЗ/122 дугаар шүүгчийн захирамжтай, шүүгдэгч Х.Аэд холбогдох, эрүүгийн 201710000065 дугаартай, 1 хавтас, 40 хуудас эрүүгийн хэргийг прокурор С.Эын эсэргүүцлийг үндэслэн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Дорноговь аймгийн Прокурорын газраас;

Шүүгдэгч: А -д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч Х.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 16 цагийн орчим Сайншанд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Ж.Сын гэрт нэвтэрч 42 инчийн “Монел” маркийн LCD телевизор 1 ширхэгийг хулгайлсны улмаас 750000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх:  Шүүгдэгч Х.Аэд холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Дорноговь аймгийн Прокурорын газарт буцааж,

Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Х.Аэд урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар прокурор шүүгчийн захирамжийг эс зөвшөөрвөл шүүгчийн захирамжийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор С.Энхям эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Шүүгч хавтаст хэрэгт авагдсан эд зүйлийн үнэлгээ тогтоосон “Хөрөнгө- эстимэйт” ХХК-ний шинжээчийн дүгнэлт нь эх хувь биш хуулбар гэж үзсэн. Шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулан нотлох баримтыг шалгаж болох ба нотлох баримтыг шалгалгүйгээр мөн хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар “дүгнэлтийг бичгээр гаргаж шинжээч гарын үсэг зурна” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж нотлох баримтыг бүрдүүлсэн гэж дүгнэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлийн 95.3 дахь хэсэгт заасан “ ...шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэсэн заалттай нийцэхгүй байна. Шүүгдэгч Х.А нь хохирогч Ж.Сын гэрт нэвтэрч 42 инчийн “Монел“ маркийн ЛСД телевизор 1 ширхэгийг хулгайлсан болох нь хохирогч Ж.С /хх-ийн 9-10 хуудас/, гэрч С.Даваадорж  /хх- ийн 11-12 хуудас/, шүүгдэгч Х.Аийн мөрдөн байцаалт болон анхан шатны шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй.

Мөрдөн байцаалтын явц болон шүүх хуралдааны явцад хохирогч, шүүгдэгч нараас хохирлын талаар ямар нэгэн гомдол, хүсэлт гаргаагүй, мөрдөн байцаалтын шатанд “Х" ХХК-иас 42 инчийн “Монел” маркийн ЛСД телевизорыг 750.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хохирогч, шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар хүлээн зөвшөөрсөн, шүүх хуралдааны явцад энэ талаар ямар нэгэн санал, хүсэлт, гомдол гаргаагүй, шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч хохирлыг хүлээн зөвшөөрсөн болохоо илэрхийлж санал дүгнэлт гаргасан.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 156 дугаар зүйлд заасан “Шинжилгээ заавал хийлгэх" тохиолдолд хамаарахгүй байгаа хэдий ч мөрдөн байцаалтын шатанд “Х” ХХК-ниас 42 инчийн “Монел” маркийн ЛСД телевизорыг 750.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ нь Хөрөнгийн үнэлгээний албан ёсны эрхтэй компаниар 42 инчийн “Монел” маркийн ЛСД телевизорын үнэлгээг хийлгэсэн бөгөөд энэ нь хуурамч биш байхад шинжээчийг оролцуулан шалгах боломжтой атал шалгалгүй шууд дүгнэж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж үзвэл...шүүх тэр тухай тогтоол гаргаж хийлгэхээр заасны дагуу шинжилгээ хийлгэх боломжтой. Мөн хуулийн 85 дугаар зүйлийн 85.4 дэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлтийг...шүүх заавал баримтлах үүрэггүй...” шаардлагатай бол шүүх хуралдаанд хохирогч, шинжээчийг оролцуулан нотолно гэсэн заалтын дагуу хохирогч Ж.С, гэрч С.Даваадорж нарын өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Х.Аийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудыг мөн хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт заасан “...тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бүх нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ...” гэсэн заалтын дагуу шийдвэрлэх боломжтой.

Шүүгчийн захирамж нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагад нийцэхгүй байна. Мөн хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт “Хуулийн бүх шаардлагад нийцүүлэн, хуульд үндэслэн гаргасан тогтоолыг хууль ёсны гэж үзнэ гэж заасан байхад 2017 оны 05 сарын 17-ны өдрийн анхан шатны шүүх хуралдаанаар шүүгчийн захирамж гаргасан атлаа 2017 оны 04 сарын 17-ны өдөр гэж он, сар өдрийг тэмдэглэсэн, 2017 оны 04 сарын 17-ны өдөр нь прокуророос хэрэг шүүхэд шилжүүлээгүй цаг хугацаа бөгөөд мөн яллагдагчийг 2017 оны 05 сарын 09-ний өдөр шилжүүлсэн, яллах дүгнэлтийг шүүгдэгчид шилжүүлсэн он, сар, өдөртэй нийцэхгүй байна.

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд “Хэргийн талаар нотолбол зохих асуудлууд“ бүрэн нотлогдсон бөгөөд мөн хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт заасан “...тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бүх нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ...” гэсэн заалтыг хэрэгжүүлж хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байх тул Х.Аэд холбогдох эрүүгийн 201710000065 дугаартай хэргийг прокурорт буцаасан тус аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 сарын 17-ны өдрийн 2017/ШЗ/122 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Х.Аийг прокурор иргэн Ж.Сын гэрт нэвтэрч 42 инчийн Монел маркийн LCD телевизорийг хулгайлж бусдад 750.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэж яллуулахаар шүүхэд шилжүүлснийг Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаасан нь үндэслэлгүй болсон байна гэж үзлээ.

            “Х” ХХК-ийг мөрдөн байцаагч шинжээчээр тогтоож /хх-ийн 15/, гэмт хэргийн хохиролын үнэлгээний талаар уг компани шинжилгээний дүгнэлт /хх-ийн 16/-ийг гаргажээ. Хавтаст хэргээс харахад хохирогчийн хулгайлагдсан зурагт биет байдлаараа бүрэн бүтэн эзэндээ буцаж очсон, хохиролын тал дээр хохирогч болон шүүгдэгч нар маргаагүй,  шинжээчийн дүгнэлтийн талаар хэргийн оролцогчид гомдол, санал гаргаагүй  байна.

Шүүх шинжээчийн дүгнэлтийг хуулбар учир нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэж үзвэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 85 дугаар зүйлийн 85.4-д зааснаар уг шинжээчийн дүгнэлтийг заавал баримтлахгүй байж болох ба бусад нотлох баримтууд болох  хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-4/, хохирогч Ж.С /хх-ийн 9-10/, гэрч С.Даваадорж /хх-ийн 11-12/, шүүгдэгч нарын мэдүүлгүүд, гэмт хэрэгт хулгайлагдсан зурагтыг хохирогчид хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 7/ зэрэгт үндэслэх болон шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулах замаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тодорхойлох боломжтой тул энэхүү нөхцөл байдлыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэх үндэслэлгүй болно.

Иймд дээр дурдсан үндэслэлээр прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэх тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 313, 315 дугаар зүйлийн 315.1.2,  317 дугаар зүйлийн 317.1.1, 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2017/ШЗ/122 тоот шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

          2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

            3. Энэхүү магадлалд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүйг тус тус дурьдсугай.

 

 

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Н.БАТЧИМЭГ

                                     ШҮҮГЧИД                                   О.ОДНЯМАА

                                                                                        А.САЙНТӨГС