| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилсүрэн Оюунтуяа |
| Хэргийн индекс | 192/2025/10487/И |
| Дугаар | 210/МА2026/00758 |
| Огноо | 2026-04-08 |
| Маргааны төрөл | Компанийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 210/МА2026/00758
2026 04 08 210/МА2026/00758
*******
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, шүүгч Э.Энэбиш, Н.Оюунтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 192/ШШ2026/01637 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******д холбогдох,
70,584,499 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Н.Оюунтуяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ******* нар /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
******* нь ******* ХХК-ийг 100 хувийн хөрөнгө оруулалтаар байгуулж, татвар төлөгчөөр бүртгүүлсэн. ******* ХХК нь үйл ажиллагаа явуулах хугацаандаа татварын хууль тогтоомжийг зөрчиж, цалин хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос суутгасан 70,584,499 төгрөгийн татварыг төлөөгүй байна. Тус компани татварын өр барагдуулах талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй бөгөөд бүх хувьцаа, удирдлагыг эзэмшигч иргэн ******* нь үүрэг хүлээх үндэслэлтэй. Иймд ******* ХХК-ийн татварын өр болох 70,584,499 төгрөгийг компанийн үүсгэн байгуулагч, иргэн *******аас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт тус тус зааснаар хуулийн этгээд нь бие даасан субъект тул өр төлбөр, үүргийн хариуцлагаа хуулийн этгээд өөрийн хөрөнгөөр хариуцна. Түүнчлэн Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт зааснаар ******* ХХК-ийн татварын өр нь зөвхөн компанид хамаарах тул захирал, иргэн ******* уг өрийг хувийн хөрөнгөөр төлөх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******д холбогдуулан татварын өр 70,584,499.23 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. ******* ХХК-ийн 70,854,499 төгрөгийн татварын өрийг сайн дураар болон албадан барагдуулах ажиллагаа явуулсан боловч компанийн харилцах дансанд мөнгө байхгүй, компанийн нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө байхгүйн улмаас албадан гүйцэтгэх ажиллагаа бодитоор хэрэгжих боломжгүй нөхцөл тогтоогдсон. Татварын ерөнхий хуульд зааснаар татвар төлөгч нь татвар ногдох орлогоос хуульд заасан хугацаанд татвараа төлөх үүрэгтэй бөгөөд татварын өрийг албадан барагдуулах ажиллагааг хуульд заасан журмын дагуу хэрэгжүүлдэг. Тус компанийн хувьд татварын өрийг барагдуулах боломжгүй байдал үүссэн нь нотлох баримтаар тогтоогдсон байхад анхан шатны шүүх уг нөхцөл байдлыг бодитой үнэлж дүгнээгүй.
4.2. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэж заасан. Тухайн компани 1 гишүүнтэй, 100 хувийн эзэмшилтэй, үйл ажиллагаа нь бодит хөрөнгийн баталгаагүй, татварын өр төлбөр үүссэний дараа хөрөнгөгүй болсон нөхцөл байдал тогтоогдсон тохиолдолд үүсгэн байгуулагчийн буруутай үйлдэл, санаатайгаар төлбөрөөс зайлсхийсэн шинж байдлыг шүүх бүрэн тогтоох шаардлагатай байсан. Татварын өрийг барагдуулахгүй байх нь орон нутгийн төсвийн орлого тасалдах, нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй бөгөөд шүүх энэхүү нийтийн ашиг сонирхлыг харгалзаж үзээгүй.
4.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу өр барагдуулах ажиллагааны явц, дансны үлдэгдлийн тодорхойлолт, эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудыг дүгнээгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
5.1. ******* ХХК-ийн 70,854,499 төгрөгийн татварын өрийг ******* ХХК төлөх үүрэгтэй нь хэрэгт авагдсан Монголын Татварын албаны нэхэмжлэх болон мэдэгдэх хуудсаар нотлогдоно. ******* нь ******* ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч мөн боловч ******* ХХК нь хуульд заасан өөрийн нэрээр эрх эдэлж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаас бий болох үр дагаврыг өөрийн эд хөрөнгөөр хариуцах чадвартай хуулийн этгээд. Иймд ******* ХХК-ийн төлөх ёстой 70,854,499 төгрөгийн татварын өрийг тус компанийн хувьцаа эзэмшигч, иргэн *******аас гаргуулах бус, ******* ХХК-иас шаардах ёстой.
5.2. иргэн *******ын хувьд нэхэмжлэгч байгууллагын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд хохирол учруулсан ямар нэгэн үйл баримт байхгүй.
******* ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцсон, татан буугдсан, дампуурсан үйл баримт байхгүй. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт зааснаар ******* ХХК-ийн татварын өр төлбөрийг хувьцаа эзэмшигч ******* хариуцахгүй тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ****** нь хариуцагч ******д холбогдуулан “******” ХХК-ийн татварын өр 70,584,499 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “... “******” ХХК нь хөрөнгөгүй тул үүсгэн байгуулагч, 100%-ийн хувьцаа эзэмшигч ******аас гаргуулна” гэж тодорхойлсныг хариуцагч эс зөвшөөрч, “******” ХХК нь татварын өр төлбөрөө өөрөө хариуцна, компанийн захирал ****** нь компанийн татварын өрийг хувийн хөрөнгөөр төлөх үндэслэлгүй гэж маргажээ.
3. Анхан шатны шүүх энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй эсэхийг тогтоож, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул давж заалдах шатны шүүх хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
4. “******” ХХК нь 2022 оны 1, 3, 4, 2023 оны 1, 2, 3, 4 улирлын тайлангаар 70,584,499 төгрөгийн татварын өртэй байна. /хх-5-16х/
5. Нэхэмжлэгч ****** нь “******” ХХК-ийг хөрөнгөгүй гэх үндэслэлээр Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт зааснаар хувьцаа эзэмшигч ******аас татварын өрийг гаргуулахаар шаардсан.
Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт “Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ” гэж заасан нь “хувьцаа эзэмшигчийн хязгаарлагдмал хариуцлага”-ын зарчим бөгөөд энэ нь хувьцаа эзэмшигч нь компанийн хувьцааг эзэмшихийн тулд оруулсан хөрөнгөөс өөрөөр компанийн хариуцлагыг хүлээхгүй гэдгийг тодорхойлсон зохицуулалт юм.
6. Татварын ерөнхий хуулийн 12 дугаар бүлэгт буюу мөн хуулийн 55 дугаар зүйлээс 73 дугаар зүйлд татварын өр хураах бүхий л ажиллагааг татварын алба гүйцэтгэхээр зохицуулсан тул ****** нь татварын өрийг шүүхийн журмаар барагдуулахаар нэхэмжлэл гаргах эрхгүй байна.
Тодруулбал, ****** нь “******” ХХК-ийн татварын өрийг өөрөөс нь болон бусад этгээдээс гаргуулах бүхий л үйл ажиллагааг гүйцэтгэхээр Татварын ерөнхий хуулийн 55 дугаар зүйлээс 73 дугаар зүйлд заасан байх бөгөөд татварын өрийг гаргуулахаар шүүхэд хандах эрхийг уг хуулиар татварын байгууллагад олгоогүй байна.
Иймд ****** өр гаргуулах нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаар шүүхэд харьяалагдахгүй тул мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д зааснаар ******д холбогдуулан гаргасан “******” ХХК-ийн татварын өрийг гаргуулах тухай ******нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
7. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, ******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 192/ШШ2026/01637 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар ******аас 70,584,499 төгрөг гаргуулах тухай ******нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
Н.ОЮУНТУЯА