Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2026/01275

 

 

 

 

 

 

 

 

 

2026 06 05 210/МА2026/01275

 

 

 

********-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Н.Гэрэлтуяа, О.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 191/ШШ2026/05141 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ********, ********, ******** нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 206,848,454 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч О.Одгэрэл илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********х, хариуцагч нарын өмгөөлөгч ********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.Хариуцагч ********, ******** нар нь *******-тай 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр ЗГ/202045680440 тоот зээлийн гэрээ байгуулж, 85,000,000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай бизнесийн зээл зориулалтаар зээлсэн. 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр, 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан.

Үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор БП7202045680440 тоот барьцааны гэрээ байгуулж, ******* өмчлөлийн ******* тоотод байрлах, улсын бүртгэлийн ******* дугаартай, 59.5 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, ******* өмчлөлийн ******* тоотод байрлах, улсын бүртгэлийн ******* дугаартай, 47.5 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ******* өмчлөлийн ******* тоотод байрлах, ******* нэгж талбарын дугаартай, 700 м.кв талбайтай газар, ******* өмчлөлийн ******* тоотод байрлах, улсын бүртгэлийн ******* дугаартай, 18623299103233 нэгж талбарын дугаартай, 700 м.кв талбайтай газар зэрэг хөрөнгүүдийг барьцаалсан.

Дээрх зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар нийт 76,188,039.49 төгрөг төлсөн тул үндсэн зээлийн үлдэгдэл 31,130,522.60 төгрөг, хүүгийн төлбөрт 25,364,089.60 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3,502,689.66 төгрөг, нотариатын зардал 228,000 төгрөг, нийт 60,225,301.86 төгрөгийг гаргуулна.

1.2.********, ******** нар 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдөр ЗГ/201944528482 тоот зээлийн гэрээ байгуулж 30,000,000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай бизнесийн шуурхай зээл зориулалтаар зээлсэн. 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан.

Үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор мөн өдөр БГХ/201944528482 тоот барьцааны гэрээ байгуулж гэрийн эд хогшил болон ******* эзэмшлийн ******* улсын дугаартай, Toyota prius маркийн автомашиныг барьцаалуулсан.

Дээрх зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар нийт 28,703,982.92 төгрөг төлсөн байх тул үндсэн зээлийн үлдэгдэл 13,603,377.52 төгрөг, хүүгийн төлбөрт 11,138,734.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,928,327.09 төгрөг, нийт 26,670,439.52 төгрөг гаргуулна.

1.3.********, ******** нар 2019 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ЗГ/201944400110 тоот зээлийн гэрээ байгуулж 15,000,000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай бизнесийн зээл зориулалтаар зээлсэн. Тус зээлийн гэрээнд 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан.

Зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар нийт 16,185,268 төгрөг төлсөн байх тул үндсэн зээлийн үлдэгдэл 5,237,595.84 төгрөг, хүүгийн төлбөрт 4,385,963.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 775,312.40 төгрөг, нийт 10,398,871.82 төгрөгийг гаргуулна.

1.4.********, ******** нар 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр ЗГ/202146289566 тоот зээлийн гэрээ байгуулж, 50,000,000 төгрөгийн дахин санхүүжилтийн зээлийг жилийн 3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлсэн. 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан.

Үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор БГҮ/202146289566 тоот барьцааны гэрээ байгуулж ******* өмчлөлийн ******** тоотод байрлах, улсын бүртгэлийн ******** дугаартай, 59.5 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ******** өмчлөлийн ******** тоотод байрлах, улсын бүртгэлийн ******** дугаартай, 47.5 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ******** өмчлөлийн ******** тоотод байрлах, улсын бүртгэлийн ******** дугаартай, ********  нэгж талбарын дугаартай, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, ******** өмчлөлийн ******** тоотод байрлах, улсын бүртгэлийн ******** дугаартай, ******** нэгж талбарын дугаартай, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэргийг барьцаалсан.

Дээрх зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар нийт 1,497,909.12 төгрөг төлсөн байх тул үндсэн зээлийн үлдэгдэл 49,985,629.56 төгрөг, хүүгийн төлбөрт 27,017,715.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 4,472,579.98 төгрөг, нийт 81,475,924.98 төгрөг гаргуулна.

1.5.******** ******** 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Кредит картын гэрээ байгуулан 15,000,000 төгрөгийн зээлжих эрхтэй кредит картыг бэлэн зарлагад жилийн 30 хувийн хүүтэй, бэлэн бус зарлагад 24 хувийн хүүтэйгээр 60 сарын хугацаатай авсан. Дээрх кредит картын гэрээний үүрэгт огт төлөлт хийгээгүй ба эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн тул үндсэн зээлийн үлдэгдэл 15,000,000 төгрөг, хүүгийн төлбөрт 13,077,916.47 төгрөг, нийт 28,077,916.47 төгрөгийг гаргуулна.

Иймд дээрх гэрээнүүдийн үүрэгт нийт 206,848,454 төгрөг гаргуулж, төлж барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч ********, ******** нарын татгалзал, тайлбарын агуулга:

2.1.Нэхэмжлэгч 5 тусдаа зээлийн гэрээний үүргийг шаардсан байна. Үүнээс 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний хугацаа 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр, 2019 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр дуусгавар болсон бөгөөд дээрх хоёр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнд хариуцагч талаас гарын үсэг зурж баталгаажуулаагүй. Гэрээний нэг тал дангаараа нэмэлт гэрээ байгуулах боломжгүй. Зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс хойш шүүхэд 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр анх нэхэмжлэл гаргасан байх тул хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна.

2.2.2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний тухайд 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ковид цар тахлын улмаас гэрээний хугацааг сунгаж, нэмэлт өөрчлөлт оруулсан. Хариуцагч нар нь өргөн хэрэглээний бөөний худалдааны бичил хэмжээний бизнесийг эрхэлж байсан боловч 2020, 2021 оны ковид-19 цар тахлын хөл хорионы улмаас бизнесийн үйл ажиллагаа доголдож, ******* нь ачааны автомашины тэвш буюу ачааны хэсгээс унаж нуруу болон толгой, тархины хэсэгт хүнд хэмжээний гэмтлийг авч удаан хугацааны туршид хэвтрийн дэглэм сахиж эмчлүүлэх шаардлага үүссэний улмаас бизнесийн үйл ажиллагаа бүхэлдээ зогсонги байдалд орсон. Үүний улмаас зээл төлж чадахгүй нөхцөлд хүрсэн талаар нэхэмжлэгч байгууллагад мэдэгдэж байсан.

Гэвч нэхэмжлэгч нь өөрт олгогдсон давуу байдлаа шударга бусаар ашиглаж зээлийн хүүг сүүлийн 3 жилийн хугацаанд хуримтлуулан тооцож, шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаад гомдолтой байна.

2.3.2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн ажлын байрыг дэмжих зээл-ийн хувьд 50,000,000 төгрөгийг, жилийн 3 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаагаар, үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацааг 12 сар байхаар харилцан тохиролцож зээлийг олгосон.

Энэ зээл Сангийн яам, Монголбанк, Зээлийн батлан даалтын сан болон арилжааны банкуудын хооронд байгуулагдсан 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 7/210305/09-144 тоот Засгийн газрын 2021 оны 42 дугаар тогтоолоор батлагдсан Эрүүл мэндээ хамгаалж эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө-д тусгагдсан Ажлын байрыг дэмжих зээл-ийн санхүүжилтийн ерөнхий гэрээ, түүнд оруулсан нэмэлт гэрээний дагуу олгогдсон бөгөөд зээлийн хүү жилийн 10 хувь хэдий боловч 7 хувийг Засгийн газраас банкинд төлөх, харин үлдэх 3 хувийг зээлдэгч төлөх үндсэн нөхцөлтэй болно.

Хэрэгт авагдсан 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн нэмэлт гэрээнд хариуцагч нар гарын үсэг зурж баталгаажуулаагүй, ийнхүү нэмэлт гэрээ хийж байгаа талаар бидэнд мэдэгдээгүй. Нэхэмжлэгч 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хийсэн гэх нэмэлт гэрээний дагуу зээлийн хүүг 19.8 хувь болсон гэж үзэн зээлийн хүүг нэмэгдүүлж шаардсан нь хууль бус үйлдэл болно.

Иймд сүүлийн 1015 хоногт буюу 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд 26,643,846.97 төгрөгийн үндсэн хүү, 4,469,477.89 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2.4.2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн гэрээнд зээлжих эрхийн хугацаа 60 сар, зээлжих эрхийн хэмжээ 15,000,000 төгрөг, бэлэн зарлагын хүүгийн хэмжээ жилийн 30 хувь, бэлэн бус гүйлгээний хүү жилийн 24 хувь, төлбөрийн доод хэмжээнд тооцох хувь 10 хувь, хугацаа хэтрүүлсний шимтгэл 25,000 төгрөг гэсэн байх ба бэлэн болон бэлэн бус зарлагын гүйлгээний хүүг ямар үнийн дүнгээс хэрхэн тооцсон болох нь тодорхойгүй байна гэжээ.

3.Хариуцагч ********-ын татгалзал, тайлбарын агуулга

3.1.Нэхэмжлэгч талаас 5 өөр зээлийн гэрээний үүргийг нэхэмжилсэн. Миний бие 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр ЗГ/202045680440 тоот зээлийн гэрээ, 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр ЗГ/202146289566 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд өөрийн хашаа байшин, газрыг барьцаалуулж байсан.

3.2.Дээрх зээлүүдийн зээлийн хүү 3 хувь байсан боловч нэхэмжлэгч талаас нэхэмжлэл гаргахдаа 19,8 хувиар тооцсон байна. Зээлийн хүүг өөрчилж, нэмэгдүүлэн тооцож байгаа талаар надад ямар нэгэн байдлаар огт мэдэгдэж байгаагүй, ********, ******** нараас тодруулахад мөн мэдээгүй, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч танилцаад тооцож үзэхэд зээлийн хүүг жилийн 3 хувиар биш, 19.8 хувиар тооцсон болохыг мэдсэн гэсэн.

Иймд зээлийн хүүг өөрчилсөн нь зөв эсэх, мөн зээлийн хүүг өөрчлөөд зохих ёсоор мэдэгдсэн эсэхийг нягталж өгөхийг хүсэж байна гэжээ.

 

4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч ********аас кредит картын гэрээний үүрэгт 28,077,916.47 төгрөгийг, хариуцагч *******, ******* нараас зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлд болон нотариатын зардалд нийт 144,109,292.06 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ********-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 34,661,246 12 төгрөгт холбогдох шаардлага болон хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч *******, ******* нар төлбөр төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагч ******** өмчлөлийн ******** тоотод байрлах, улсын бүртгэлийн ******** дугаарт бүртгэгдсэн, 59.5 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч ******** өмчлөлийн ******** тоотод байрлах, улсын бүртгэлийн ******** дугаарт бүртгэгдсэн, 47.5 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч ******** өмчлөлийн ******** тоотод байрлах, улсын бүртгэлийн ******** дугаарт бүртгэгдсэн, ******** нэгж талбарын дугаартай, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, хариуцагч ******** өмчлөлийн Нийслэлийн ******** тоотод байрлах, улсын бүртгэлийн ******** дугаарт бүртгэгдсэн, ********нэгж талбарын дугаартай, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг тус тус худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,262,392 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ********, ******** нараас улсын тэмдэгтийн хураамжид 1,018,886 төгрөгийг, хариуцагч ********, ******** нараас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэжээ.

5.Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.1.Шүүхээс 2019 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний хугацааг 36 сар байсныг 43 сар болгосон гэж үзэхгүй хэмээн шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч хууль болон журамд заасны дагуу зээлдэгчийн хүсэлтээр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлтийг оруулсан.

Гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байхад дэлхий нийтэд ковид-19 цар тахал гарч, төрийн эрх бүхий байгууллагаас хөл хорио тогтоож, үүнтэй холбоотой зээлийн гэрээний зохицуулалтыг зохицуулсан. Иргэний хуулийн 421 дугаар зүйлийн 421.2, 196 дугаар зүйлийн 196.1.2, Коронавируст халдвар /Ковид-19/ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9-д зааснаар ... баталгаат цахим шуудан, эсхүл техникийн хэрэгсэл, программ хангамж, нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, тоон гарын үсэг зэргийг ашиглан гаргасан саналыг банк, эрх бүхий хуулийн этгээд хүлээн авсан бол гэрээ байгуулсанд тооцохоор заасан. Монголбанкны ерөнхийлөгчийн 2021 оны А-100 дугаар тушаалын хавсралтаар баталсан Банкнаас цахим хэлбэрээр зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах түр журам-д зааснаар зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах, төлбөр төлөлтийг хойшлуулах асуудлыг зээлдэгчийн хүсэлтийг харгалзан, гэрээнд талууд харилцан тохиролцож шийдвэрлэхээр зохицуулсан.

Анхан шатны шүүхээс зээлийн гэрээний 8.2, 8.3-т заасныг зөрчсөн, нэмэлт өөрчлөлт оруулахдаа талууд харилцан тохиролцож байгуулаагүй, зээлдэгч нар гарын үсэг зураагүй, улмаар зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэж үзэхгүй тул хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж дүгнэж нэхэмжлэлийн энэ шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

5.2.Анхан шатны шүүхээс 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн ЗГ/202146289566 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахдаа зээлдэгч нараар нэмэлт өөрчлөлтийн гэрээнд гарын үсэг зуруулаагүй, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийг хүргүүлээгүй үндэслэлээр зээлийн хүүг жилийн 3 хувийн хүүгээр тооцож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Ажлын байрыг дэмжих зээлийн гэрээний 2.4.5.1-д зээлдэгч зээлийн төлбөрийг 90-ээс дээш хоногоор хугацаа хэтрүүлсэн, зээлийн гэрээнд заасан үүргийн зөрчил гаргасан, Засгийн газраас зээлийн хүүгийн дэмжлэг олгохыг зогсоосон тохиолдолд зээлийг Банк жилийн 19,8 хувийн хүүтэй бизнесийн зээлд шилжүүлнэ, гэрээний 8.3-т ...гэрээний 2.4.5-д заасны дагуу зээлийн хүү өөрчилсөнтэй холбоотойгоор зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь шинэчлэхэд энэ заалт хамаарахгүй гэж тохиролцсон.

Гэрээгээр зээлийн хүү өөрчлөх, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах нөхцөлийг урьдчилан тохиролцсон. Банк зээлийн хүүг жилийн 19,8 хувьд шилжүүлэх тохиолдолд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахгүйгээр шинэчилсэн хуваарийг банкинд бүртгэлтэй цахим шуудангийн хаягаар хүргүүлснээр зээлдэгч шинэчилсэн хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөх үүрэг хүлээхээр тохирсон байхад шүүх зээлдэгчид баталгаат шуудангаар, эсхүл цахим хаягаар хүргүүлсэн болох нь тогтоогдоогүй гэж дүгнэж, зээлийн хүүг хасч тооцож байгаа нь үндэслэлгүй байна. Талуудын тохиролцоог өөрөөр тогтоох эрхийг шүүхэд хуулиар олгоогүй.

Ажлын байрыг дэмжих зээлийн хувьд санхүүжилт нь банкны эх үүсвэр бөгөөд Монгол Улсын Засгийн газраас зээлийн хүүгийн дэмжлэг үзүүлж байгаа талаар зээлийн гэрээний 2.1.5-д тодорхой тусгагдсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 2019 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 10,398,871 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг ******** эзэмшлийн ******** улсын дугаартай, Тоёота приус маркийн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж, 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 24,262,374 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

6.Хариуцагч талын давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

6.1.2019 оны 03 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний хугацаа 3 жил тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацааг 7 сараар хэтрүүлсэн байна. Хариуцагч 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 472,000 төгрөг төлсөн бөгөөд үүнээс хойш зээл төлөөгүй.

Нэхэмжлэгч хүсэлт гаргаж, гэрээний хугацааг 7 сараар сунгасан гэж тайлбарладаг. Гэвч уг хүсэлтэд өөр зээл буюу 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 85,000,000 төгрөгийн зээлийн гэрээний дансыг дурдаж уг гэрээг сунгах хүсэлт гаргасан. Харин энэ гэрээг сунгах хүсэлтийг гаргаагүй.

Мөн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 85,000,000 төгрөгийн зээлийн гэрээний хугацааг талууд сунгаж нэмэлт гэрээг байгуулахад зээлдэгч нар гарын үсэг зурсан. Гэтэл түүнээс 9 хоногийн дараа Ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж нэмэлт гэрээнд гарын үсэг зурах боломжгүй байсан гэх нэхэмжлэгчийн тайлбар няцаагдана.

Түүнчлэн ковид-19 цар тахалтай холбоотойгоор Монгол Улсын Засгийн газрын 183 дугаар тогтоол, Монгол банкны 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн журмын холбогдох заалтуудад зээлдэгчийн хүсэлтийг харгалзан, эсхүл зээлдэгчийн сунгуулах хүсэлтийг харгалзан гэж дурдсан байдаг. Иймд энэ зээлийг сунгах талаар зээлдэгчийн хүсэлт байсан гэдгийг нэхэмжлэгч нотолж чадаагүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч зээлийн гэрээг сунгах ямар хүсэлт гаргасан, нэхэмжлэгч гарын үсэг зурж баталгаажуулсан болох нь тогтоогдоогүй.

Иймд шүүх хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үндэслэл бүхий дүгнэлт хийсэн.

6.2.Ажлын байрны зээлийн тухайд: шүүх зээлийн гэрээний 2.4.5.1-т заасан заалтыг зөв тайлбарлаж дүгнэсэн. Талуудын байгуулсан гэрээнд ...зээлийн хүүг 19,8 хувиар тооцно. Банк шинэчилсэн зээлийн эргэн төлөлтийн хуваарийг бэлдэж банканд бүртгэлтэй болон баталгаат шуудангаар нь хүргүүлнэ. Ийнхүү хүргүүлснээр зээлдэгч нь шинэчилсэн хуваарийн дагуу төлбөр төлөх үүрэг үүснэ гэж зохицуулсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинэчилсэн хуваарийг хэзээ, хэрхэн хүргүүлсэн болохыг тогтоохын тулд нэхэмжлэгчээс баримт гаргуулахаар шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн албан бичгээр хүргүүлсэн баримт байхгүй гэсэн хариуг ирүүлсэн тул шүүх гэрээнд заасан нөхцөлийн дагуу зээлийн шинэчилсэн эргэн төлөлтийг мөрдөх хугацаа болоогүй байна гэж дүгнэн хэргийг шийдвэрлэсэн.

Мөн нэхэмжлэгч нь Засгийн газрын 7 хувийн дэмжлэгийг зогсоосон эсэх асуудлыг ач холбогдолтой гэж үзээгүй, энэ талаарх баримтыг гаргаж өгөөгүй. Засгийн газрын 7 хувийн дэмжлэгийг зогсоосон эсэх асуудалд маргаагүй, хариуцагч нар зээлийн гэрээний хугацааг 90 хоног хэтрүүлсэн гэж маргаж байгаа учир нотлох шаардлагагүй гэж тайлбарласан.

6.3.Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэл 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний барьцаанд бүртгэлтэй. Тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч 3-4 удаа шилжиж бүртгэгдсэн, хамгийн сүүлд банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр бүртгэлтэй болох нь тогтоогдсон. Нэхэмжлэгч энэ хэрэгт тээврийн хэрэгслийн өмчлөгчийг хариуцагчаар татаж оролцуулаагүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэжээ.

 

7.Хариуцагч ********, түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

7.1.Шүүхээс 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний үлдэгдэл 31,130,522.60 төгрөг, хүүгийн төлбөрт 25,364,089.60 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3,502,689.66 төгрөг, нийт 59,997,301.86 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн.

Зээлийн гэрээний үүргийн төлөлт удааширсан шалтгаан нөхцөл зээлдэгч нарын гэм буруугаас болоогүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй. Хүнд даацын машины ачаан дээрээс унаж хүнд гэмтэл авсны улмаас зээлийн төлөлтийг хийж чадаагүй талаар нэхэмжлэгч талд мэдэгдэж байсан. Энэхүү үйл баримтад хариуцагч ********, ******** нарыг буруутгах боломжгүй.

Иймээс энэ хүндэтгэн үзэх шалтгаан нөхцөлийг харгалзан тухайн зээлийн гэрээний үүрэгт хуримтлагдсан нэмэгдүүлсэн хүү болох 3,502,686.66 төгрөгийг хасаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

8.Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

8.1.Зээлдэгч нарт гэнэтийн харамсалтай үйл явдал болсон гэж тайлбарладаг боловч тухайн үйл баримтад нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй. Мөн хамтран үүрэг гүйцэтгэгч болох ******** нь ******** асарч байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй. Хууль болон гэрээнд зааснаар зээлийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр зохицуулсан.

Бид бүртгэлийн картад хэдэн оны хэдэн сарын зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, ажлын байрыг дэмжих зээлийг 19,8 хувийн хүүд тооцсон болох нь харагддаг бөгөөд уг баримтаар тухайн үйл баримт нотлогддог.

Иймд хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад зохигчдын гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулав.

 

2.Нэхэмжлэгч ******** нь хариуцагч ********, ********, ******** нарт холбогдуулан гэрээний үүрэгт 206,848,454 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч ********, ******** нараас зарим зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан, гэрээний хугацааг сунгаагүй, цар тахал болоод зээлдэгч ******** осолд орсны улмаас бизнесийн үйл ажиллагаа доголдож төлбөрийг төлж чадаагүй, ажлын байрны зээлийн хүүг нэмэгдүүлж тооцсоныг зөвшөөрөхгүй, кредит картын зээлийн хүүгийн тооцоолол тодорхойгүй гэж, хариуцагч ******** зээлийн хүүг 3 хувиас 19,8 хувь болгосныг барьцаалуулагч болоод зээлдэгч нарт мэдэгдэж байгаагүй үндэслэлээр эс зөвшөөрч, талууд мэтгэлцжээ.

 

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

3.1.********, ******** нар 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 201843754769 тоот Кредит картын гэрээ-г байгуулж, уг гэрээгээр Зээлдүүлэгч 15,000,000 төгрөгийг, 60 сарын хугацаатай, бэлэн зарлагын хүү жилийн 30 хувь, бэлэн бус гүйлгээний хүү жилийн 24 хувь байхаар, төлбөрийн доод хэмжээг 10 хувиар тооцох нөхцөлөөр олгохоор, Зээлдэгч нь гэрээнд заасны дагуу зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр тохирсон, /1хх 103-105/

3.2.********, ********, ******** нартай байгуулсан 2019 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ/201944400110 тоот Зээлийн гэрээ-гээр: Зээлдүүлэгч 15,000,000 төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай бизнесийн зориулалтаар зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэхээр, Зээлдэгч нар эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр тохирсон,

Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг бараа материал-аас хангуулахаар тохирч мөн өдрөө БГХ/201944400110 тоот хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээг байгуулсан, /1хх 73-76, 79-80/

3.3.Талууд 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн ЗГ/201944528482 тоот Зээлийн гэрээ-гээр: Зээлдүүлэгч 30,000,000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх, Зээлдэгч ********, ******** нар эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр харилцан тохиролцсон, /1хх 59-60/

Энэ гэрээний үүргийн гүйцэтгэлийг гэрийн эд хогшил, бараа материал болон ******** эзэмшлийн ******** улсын дугаартай, Тоёота приус маркийн автомашинаар хангуулахаар тохирч, БГХ/201944528482 тоот барьцааны гэрээ байгуулсан, /1хх 64-67/

3.4.Талууд 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн ЗГ/202045680440 тоот Зээлийн гэрээ-гээр: Зээлдүүлэгч 85,000,000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай бизнесийн зориулалтаар зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэхээр, Зээлдэгч ********, ******** нар эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, түүний хүүг, хугацаандаа төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүүгийн хамт төлөхөөр тохиролцсон, /1хх 17-19/ Улмаар талууд 2020 оны 12 дугаар сарын 12-нд, 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрүүдэд дээрх зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж, зээлийн гэрээний хугацаа, зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан байна. 

Энэ гэрээний үүргийн гүйцэтгэлийг ******** өмчлөлийн ******** тоотод байрлах, улсын бүртгэлийн ******** дугаарт бүртгэгдсэн, 59.5 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ******** өмчлөлийн ******** тоотод байрлах, улсын бүртгэлийн ******** дугаарт бүртгэгдсэн, 47.5 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгө, ******** өмчлөлийн ******** тоотод байрлах, улсын бүртгэлийн ******** дугаарт бүртгэгдсэн, ******** нэгж талбарын дугаартай, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, ******** өмчлөлийн ******** тоотод байрлах, улсын бүртгэлийн ******** дугаарт бүртгэгдсэн, ******** нэгж талбарын дугаартай, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраас тус тус хангуулахаар тохирч мөн өдрөө БГҮ/202045680440 тоот барьцааны гэрээг байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн, /1хх 24-35/

3.5.Талууд 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр ЗГ/202146289566 тоот Ажлын байрыг дэмжих зээлийн гэрээ-г байгуулж, уг гэрээгээр: Зээлдүүлэгч ********  50,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, зээлийн хүү жилийн 10 хувь байхаас Засгийн газрын хүүгийн дэмжлэг жилийн 7 хувь, зээлдэгч 3 хувийн хүүг банкинд төлөх нөхцөлөөр зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэхээр, Зээлдэгч нар эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, түүний хүүг төлөх, хугацаандаа төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон, /1хх 84-86/

Уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг ******** өмчлөлийн улсын бүртгэлийн ******** дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, ******** өмчлөлийн улсын бүртгэлийн ******** дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, ******** өмчлөлийн улсын бүртгэлийн ******** болон ******** дугаарт бүртгэгдсэн, нэгж талбарын 1******** болон ******** дугаартай, тус бүр 700 м.кв талбайтай, газраас хангуулахаар тохиролцсон мөн өдрийн БГҮ/202146289566 тоот барьцааны гэрээг байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн, /1хх 90-101/

3.6.Талууд гэрээг байгуулсан, гэрээний дагуу банк зээлийн мөнгөн хөрөнгийг тухай бүрт олгосон, түүнчлэн зээлдэгчээс зээл тус бүрт төлсөн мөнгөн дүнд маргаангүй.

Харин 2019 оны хоёр удаагийн зээлийн гэрээний хугацааг сунгасан эсэх, 2021 оны зээлийн хүүгийн хувь хэмжээг нэмэгдүүлэн тооцох үндэслэлтэй эсэх нь маргааны зүйл болжээ.

 

4.Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн хэмээн талуудын хоорондох эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэсэн байна.

 

Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд мөнгөн хөрөнгийг тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгийг тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

5.Анхан шатны шүүхээс 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт хариуцагч ********, ******** нараас 26,670,439 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн кредит картын зээлийн гэрээний үүрэгт хариуцагч ********-аас 28,077,916 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч ********-д олгохоор шийдвэрлэхдээ зээл тус бүрийн үндсэн болон нэмэлт үүргийн хэмжээ, түүний тооцоолол, хөөн хэлэлцэх хугацааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Шүүхийн дээрх шийдэлд нэхэмжлэгч, хариуцагч хэн алин нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаагүй тул эрх зүйн дэлгэрэнгүй дүгнэлт өгөх шаардлагагүй.

 

6.2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн гэрээгээр 85,000,000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай олгосон, шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар зээлдэгч нар үндсэн зээлийн төлбөрт 53,869,477.40 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 22,318,562.09 төгрөг, нийт 76,188,039.49 төгрөг төлсөнд зохигчид маргаагүй байна. Анхан шатны шүүхээс энэ гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 31,130,522.60 төгрөг, хүүгийн төлбөрт 25,364,089.60 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3,502,689.66 төгрөг, нийт 59,997,301 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцжээ.

 

6.1.Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлдэгч зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт Зээлдэгч зээлийг гэрээнд заасны дагуу төлөөгүй ...бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө. гэж тус тус заасан, талуудын хооронд байгуулсан 2020 оны гэрээний 2.1.5-д зээлийн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцох-оор тохиролцсон байх тул нэхэмжлэгч нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй.

Хамтран зээлдэгчийн нэг ******** эрүүл мэндийн шалтгаанаар бизнес эрхлээгүй байдал хариуцлагын хүү болох нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлөх үндэслэл болохгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.3 дахь хэсгийн зохицуулалтад нийцэх тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

 

7.2019 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн тухайд: Талууд гэрээг 36 сарын хугацаатай байгуулсан тул гэрээний хугацаа дууссанаас хойш гурван жилийн хугацааг тоолбол нэхэмжлэгчийн шаардах эрхээ хэрэгжүүлэх хугацаа 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр дууссан байна.

Нэхэмжлэгч шүүхэд 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр анх нэхэмжлэл гаргасан, түүнээс урьд энэ зээлийг шаардаж байсан баримт хэрэгт авагдаагүй тул анхан шатны шүүхээс хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, зогссон гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэн нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.2, 79 дүгээр зүйлийн 79.1-д дэх хэсгийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

 

7.1.Талууд харилцан тохирч цахим хэлбэрээр хэлцлийг байгуулж болох хэдий ч ийнхүү зээлдэгч цахимаар гэрээг сунгах хүсэл зоригийг зээлдүүлэгчид илэрхийлсэн болохыг нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй байна. Тухайлбал гэрээний хугацааг сунгасан гэх 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн нэмэлт гэрээний 1.1-д ковид 19 цар тахлын улмаас ... зээлдэгчийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр банкинд гаргасан хүсэлтийг үндэслэж гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан талаар дурдсан байх боловч ийнхүү зээлдэгчээс зээлдүүлэгчид хандаж гаргасан хүсэлтийг шүүхэд нотлох баримтаар ирүүлээгүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй тул энэ гэрээний үүрэгт 10,398,871 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдэл зөв гэж үзэх бөгөөд энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

8.2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Ажлын байрыг дэмжих зээл-ийн тухайд:

8.1.Талуудын хоорондох гэрээний 2.4.5.1-д зээлийн хүүгийн хэмжээг нэмэгдүүлж 19,8 хувиар тооцох нөхцөлүүдийг нэрлэн заасан байхаас гадна хэзээнээс өөрчлөлт оруулсанд тооцож хүүг төлж эхлэх нөхцөлийг тухайлан тохиролцсон байна. Тухайлбал зээлийн эргэн төлөлтийн шинэчилсэн хуваарийг зээлдэгчид баталгаат шуудангаар эсхүл цахим шуудангийн хаягаар хүргүүлэхээр, ийнхүү хүргүүлснээр мөрдөж эхлэхээр заажээ.

Нэхэмжлэгч 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс зээлийн хүүгийн хэмжээг нэмэгдүүлсэн шинэчилсэн хуваарийг зээлдэгч нарт цахимаар болон шуудангаар хүргүүлсэн байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул гэрээнд заасан болзол бүрдээгүй гэж үзэх бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Шүүх хэрэгт авагдсан баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчөөгүй байна.

Иймд шүүх энэ зээлийн гэрээний үүргийг тооцохдоо гэрээний 2.1.5.2 дахь хэсгийн жилийн 3 хувийн хэмжээгээр тооцох замаар үндсэн зээлийн үлдэгдэл 49,985,629.56 төгрөг, зээлийн хүү 6,023,267.6 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,204,653.52 төгрөг, нийт 57,213,550.68 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцнэ.

 

Нөгөө талаас банк олон нийтэд нэгэн адил нөхцөлөөр, урьдчилан боловсруулсан маягт, нөхцөлийн дагуу тогтмол олгох, зээлийн үйл ажиллагааг эрхэлдэг хуулийн этгээд. Талуудын байгуулсан гэрээний агуулга, түүний хэрэгжилтийн нөхцөл зэргийг үзвэл энэ зээлийг банк Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 42 дугаар тогтоолоор батлагдсан Ажлын байрыг дэмжих зээлийн санхүүжилтийн хүрээнд олгосон болох нь тогтоогдсон хэдий ч уг нөхцөл байдал нь гэрээний эрх зүйн шинж, ялангуяа стандарт нөхцөлтэй гэрээний шинжийг үгүйсгэх үндэслэл болохгүй тул гэрээний дээрх тохиролцоо Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт заасан гэрээний стандарт нөхцөлд хамаарахыг дурдав.

 

9.Талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээнүүд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсгийн гэрээг бичгээр хийх, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан хүчин төгөлдөр байна.

Иймд анхан шатны шүүх мөнгөн төлбөрийн үүрэг гаргуулах нэхэмжлэлийг хангасантай холбогдуулан барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт нийцнэ.

 

9.1.Харин анхан шатны шүүх Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д баталгаажилт гэж барьцааны эрх гуравдагч этгээдийн өмнө хүчин төгөлдөр байх, барьцааны зүйлээс шаардлагаа хангуулах барьцаалагчийн эрхийн дарааллыг баталгаажуулсныг ойлгохыг тайлбарласан. Тус хуулийн 15 дугаар зүйлд нэг барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлээ тэргүүн ээлжид хангуулах хэд хэдэн барьцаалагчийн эрхийн дарааллыг барьцаа баталгаажсан цаг хугацааны дарааллаар тодорхойлох, баталгаажсан барьцаа нь баталгаажаагүй барьцаанаас барьцааны эрх нь хэзээ үүссэнээс үл хамааран давуу эрхтэй байх, баталгаажаагүй хэд хэдэн барьцааны хувьд барьцаалагчдын эрхийн дарааллыг тогтоохдоо барьцааны эрх үүссэн дарааллыг баримтлахыг тус тус зааснаас үзэхэд баталгаажилт нь барьцааны зүйлээс үүргийг хангуулах дарааллыг тогтооход нөлөөлөх үр дагаврыг тогтоосон байхад барьцааны гэрээг хүчин төгөлдөр эсэхэд нөлөөлөх урьдчилсан нөхцөл гэж үзсэнээр шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

 

Талууд барьцааны гэрээг бичгээр байгуулж, гарын үсгээ зурсан, барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн эд хөрөнгө байх ба гэрээний хэлбэр, агуулга Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 154 дүгээр зүйлийн 154.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй, хүчин төгөлдөр байна. Харин уг гэрээг баталгаажуулах эсэх нь талуудын эрх бөгөөд ийнхүү баталгаажуулаагүй нь гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй тул нэхэмжлэгч барьцааны зүйл болох 33-53 УБК улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслээс шаардах эрхтэй байна.

 

9.2.Гэвч хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн лавлагаагаар барьцааны зүйл болох тээврийн хэрэгсэл зээлдэгч ******** өмчлөлөөс ********т, ********оос ********-д, -аас ********-ийн өмчлөлд тус тус шилжиж бүртгэгдсэн байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмчлөгч оролцоогүй тул зээлдэгч ********, ******** нарт холбогдуулан гаргасан энэ шаардлагыг хангах боломжгүй.

Энэ үндэслэлээр тээврийн хэрэгслээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, эрх зүйн дүгнэлтийг дээрх агуулгаар залруулав.

 

9.3.Мөн анхан шатны шүүхээс үүргийн гүйцэтгэлийг барьцааны үл хөдлөх эд хөрөнгөнөөс хангуулахаар шийдвэрлэхдээ барьцааны зүйл дөрвөн зээлийн гэрээнийх бус хоёр зээлийн гэрээний барьцаа болохыг анхаараагүй, үүнийг ялгамжтай байдлаар тогтоолгүй бүхэлд нь барьцаа хөрөнгөөс хангуулах агуулгаар шийдвэрлэсэн байна. Үүнийг давж заалдах шатны шүүхээс залруулж, энэ үндэслэлээр шийдвэрт найруулгын шинжтэй өөрчлөлт оруулна.

 

10.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 191/ШШ2026/05141 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ********аас кредит картын гэрээний үүрэгт 28,077,916.47 төгрөгийг, хариуцагч ********, ******** нараас гэрээний үүрэгт 144,109,292.06 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ********-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 34,661,246.12 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтыг Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч ********, ******** нар 2020 оны гэрээний үүрэгт 59,997,301.86 төгрөг, 2021 оны гэрээний үүрэгт 57,213,550.68 төгрөг, нийт 117,210,852.54 төгрөгийг төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй бол барьцааны зүйл болох ********н өмчлөлийн ******** тоотод байрлах, улсын бүртгэлийн ******** дугаарт бүртгэгдсэн, 59.5 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ******** өмчлөлийн ******** тоотод байрлах, улсын бүртгэлийн ******** дугаарт бүртгэгдсэн, 47.5 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ******** өмчлөлийн ******** тоотод байрлах, улсын бүртгэлийн ******** дугаарт бүртгэгдсэн, ******** нэгж талбарын дугаартай, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, ******** өмчлөлийн ******** тоотод байрлах, улсын бүртгэлийн ******** дугаарт бүртгэгдсэн, ******** нэгж талбарын дугаартай, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраас үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 401,456 төгрөг, хариуцагч талаас төлсөн 71,000 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

 

ШҮҮГЧИД Н.ГЭРЭЛТУЯА

 

 

О.ОДГЭРЭЛ