| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамбалын Отгонхишиг |
| Хэргийн индекс | 141/2019/0025/Э |
| Дугаар | 28 |
| Огноо | 2019-07-26 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Б.Ганзориг |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 28
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж,
Улсын яллагч Б.Ганзориг,
Шүүгдэгч Д.Б,
Нарийн бичгийн дарга С.Энхбат нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Б.Ганзоригийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А*******д холбогдох эрүүгийн 1924000500024 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* төрсөн,*******,*******, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, З багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй******* регистрийн дугаартай А*******.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/ Яллагдагч Д.Б нь 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн хооронд З багийн Хүйс толгой гэх газраас Х.Лгийн итгэмжлэн хариуцуулсан хонин сүргээс зүүн талын чих догол эмтэй 3 толгой хонь, 6 толгой ямаа, нийт 9 бог мал завшиж улмаар 890.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хохирогчоор, иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл, 2019 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Завхан аймгийн Улиастай сум дахь хөрөнгө үнэлгээний төвийн үнэлгээ тогтоох комиссын дүгнэлт, тэмдэглэл, 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл, прокурорын тогтоол, хохирогч Х.Л, гэрч З*******,*******,*******,******* нарын мэдүүлэг, Д.Бйн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, яллагдагчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан мөрдөгчийн тогтоол, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бусад бичгийн нотлох баримтууд, хохирогч, шүүгдэгчийн прокурорт гаргасан хүсэлт, прокурорын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тогтоол зэргийг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Б нь З багийн Хүйс толгой гэх газраас Х.Лгийн итгэмжлэн хариуцуулсан хонин сүргээс зүүн талын чих догол эмтэй 3 толгой хонь, 6 толгой ямаа, нийт 9 бог мал завшиж, улмаар 890.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч Х.Л мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 05-р сарын 20-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 30-ний хооронд малчин Бд өөрийн малаа тоолж хүлээлгэн өгчхөөд Улаанбаатар хот руу сургалтад хамрагдаад 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр З багт байрлах гэртээ ирсэн Тэгээд 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр З багийн нутаг Хүйс толгой гэх газар өөрийн мал дээр очиж малчин Бд хүлээлгэн өгсөн. Малаа буцаад тоолж хүлээж авах гэтэл 6 ямаа, 3 хонь дутсан байсан. Тэгээд малчин Бас асуухад мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд би хэд хоног хайж байгаад олдохгүй болохоор нь хулгайд алдсан юм байна гэж бодоод цагдаагийн байгууллагад 2019 оны 06-р сарын 03-ны өдөр өргөдөл гаргасан. Мөн Д.Б нь надад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Одоо надад гомдол санал байхгүй тул Д.Бд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...”гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8-р хуудас/,
Гэрч Ц.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын хэдний өдөр гэдгийг нь мэдэхгүй байна Лг эзгүй байх үед З багийн нутаг Шарын хажууд байрлах манай гэрт 15 цагийн үед хонио усална гээд түүний малыг малладаг малчин Д.Б нь орж ирсэн. Орж ирэх үед нь манай найз ирчихсэн би найзтайгаа хамт пиво уугаад сууж байхад Б надад хандаж дүүдээ ганц шил архи авч өгнө гэж хэлээд өмднөөсөө 20,000 мянган төгрөг гаргаж ирж байсан. Тэгэхээр нь би хэрэггүй гэж хэлсэн. Тэгсэн Б манайд сууж байгаад гараад явсан өөр ямар зүйл болоогүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10-р хуудас/,
Гэрч З.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 5 дугаар сарын 23- ны өдөр Завхан аймгийн Баянтэс сумын Ерөнхий боловсролын сургуулийн хонхны баярын өмнөх өдөр 15 цагийн үед “Заяа зол” гэх дэлгүүрийн үүдэнд Лгийн малыг хариулдаг Б явж байхаар нь би түүнийг дуудаад хонь худалдаж авах гээд явж байна. Хонь зарах хүн байна уу? гэж асуусан. Тэгсэн чинь Б надад мөнгийг нь өгвөл хонь байна гэж хэлсэн. Тэгээд бид хоёр хоорондоо тохироод 17 цагийн үед би очиж авна гээд Бйг явуулсан. Орой нь 18 цагийн үед цагаан өнгийн “Супер Бени” гэх улсыг дугааргүй мотоцикл унаад гэх Завхан аймгийн Баянхайрхан суманд амьдардаг 40 гаран настай залуугийн хамт З багийн Хүйс толгой гэх газарт очиж Бтай уулзаад хүүхэд хонхны баяртай надад эр хонь хэрэгтэй байна гэсэн чинь Б нэг эр хонь барьж өгөхөөр нь хонины мөнгө гэж 100,000 төгрөгийг өгсөн. Тэгсэн 140,000 мянган төгрөгөөр зарна гэхээр нь данс руу чинь хийе гээд дансыг нь бичиж авсан. Тухайн үед бичиж авсан дансаа алга болгочихсон. Бид нар явах гэж байхад Б надад дахиад мал байгаа худалдаж авах бол надаас ирээд аваарай гэж хэлсэн. Тэгэхээр мал байгаа бол мөнгийг нь өгөөд авна гэж хэлсэн. Худалдаж авсан малаа сумын төвд байрлах гэртээ нядлаад 12а ангийн хоол хийж байсан эцэг эхчүүдэд хорхог хий гээд хүлээлгэн өгсөн. Тэр өдрөөс хоёр хоногийн дараа буюу 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 19 цагийн үед би З багийн нутаг Хүйс толгой гэх газарт Бйн мал маллаж байсан газарт “Пикал Л-200” маркийн хөх өнгийн 45-70 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслээр******* гэх хүний хамт очиж хоёр эр хонь, 6 ямаа өмнө авсан нэг эр хоньтой нийлээд 9 тооны бог малыг 600,000 мянган төгрөгөөр тохирч авсан. Миний авсан 9 бог малаас Нэргүй нэг хонь, нэг ямааг нь 210,000 төгрөгөөр үнэлж авсан. Мөнгийг би Бйн дансыг бичиж өгөөд энэ дансруу хийгээрэй гэж хэлсэн. Дахин нэг хонийг нь цэргийн ангид ажилладаг зүс нь үл танигдах залууд 140,000 төгрөгөөр зарсан. Үлдсэн 5 тооны ямаа нь Завхан аймгийн Баянтэс сумын Хачиг багийн Харуул толгой гэх газар миний мал дунд байгаа. Өөр Бас мал худалдаж аваагүй. 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Д.Бас авсан 2 тооны хонь, 5 тооны ямааны мөнгийг дараа өгнө гээд худалдаж авсан байсан учраас одоо Д.Бас нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/,
Гэрч М.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”.......2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Завхан аймгийн Баянтэс сумын Ерөнхий боловсролын сургуулийн хонхны баярын маргааш өдөр 15 цагийн үед намайг З багт байрлах өөрийн гэртээ байж байхад гаднаас орж ирсэн. Тэгээд хүнээс мал авах гэсэн юм чи надтай хамт яваад өгөөч гэсэн тэгэхээр нь би хаанаас авах юм бэ гэж асуусан чинь ойрхон айлаас мал авна гэж байсан. Тэгээд би хамт хар өнгийн ардаа ачаатай “L-200” маркийн тээврийн хэрэгсэлд суугаад бид хоёр З багын Хүйс толгой гэх газарт очсон чинь үл таних нэг малчин байж байсан. Тэгээд тэр хүнтэй уулзаад мал авах гэж ирлээ гэсэн чинь нөгөө малчин хүн за гэж хэлээд мал руугаа яваад малаасаа д 5 ямаа, 1 хонь барьж өгсөн. Тэгээд малаа машинд ачиж байхаар нь би нөгөө танихгүй малчин хүнээс нь та надад нэг 1 хонь, 1 ямаа зарчих гэсэн чинь нөгөө малчин за тэгвэл миний данс руу 210.000 төгрөг шилжүүлчих гээд надад дансаа бичиж өгсөн. Тэндээс худалдаж авсан 6 ямаа, 2 хонио гийн хар өнгийн L-200 маркийн авто машинаар авч яваад би өөрийн авсан нэг хонь, нэг ямаагаа Завхан аймгийн Баянтэс сумын Хачиг багт байрлах өөрийн гэртээ авч үлдсэн. өөрийнхөө авсан малыг гэрлүүгээ аваад явсан. 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Д.Бас авсан 1 тооны хонь, 1 тооны ямааны мөнгийг дараа өгнө гээд худалдаж авсан байсан учраас одоо Д.Бас нэхэмжлэх зүйл, нэхэмжлэх гомдол санал байхгүй...”гэсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай тохирч байх тул шүүх түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Завхан аймгийн Баянтэс сумын Шивээтийн тохой гэх газарт үхэр сүргээ усалчихаад сумын төв рүү дэлгүүр орох гээд явж байхад гэх хүнтэй тааралдаад надаас танай тэнд хонь зарах хүн байна уу гэж асуухаар нь манай малын эзэн байхгүй мөн надад мөнгөний хэрэг байсан учраас д малын эзэн надад мал малласны хөлсөнд өгсөн хэдэн мал байгаа надаас ав гэж хэлсэн. Тэгээд З багын Хүйс толгой гэх газар байрлах гэр лүүгээ үхрээ туугаад яваад очсон. Гэртээ очоод 20-30 минут болж байхад нь гэх хүний хамт мотоциклтой миний зарах малыг авна гээд ирсэн. Тэгэхээр нь би д эзнийхээ мал гэдгийг хэлэлгүй 1 тооны хонийг мөнгийг нь дараа авъя гээд зарчихсан. хонь аваад явахдаа танд дахиад зарах мал байгаа юу гэж асуухаар нь миний мэдлийн хэдэн мал байгаа авахаар бол ирээд аваарай гэж хэлсэн. Түүнээс хойш 2 хоногийн дараа , нэргүй гэх хүний хамт ирээд надаас зарах мал байвал авъя гэхээр нь д 1 хонь 5 ямаа өгсөн. Харин Нэргүйд 1 хонь, 1 ямааг дараа нь мөнгийг нь данс руугаа мөнгийг нь шилжүүлж авна гээд эсгүй бол төв орохоороо авна гээд өгөөд явуулсан. Өөр мал зараагүй. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Надад ямар нэгэн санал гомдол байгүй...”гэсэн нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа мөн хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул шүүх түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Д.Бйн дээрх үйлдлийн улмаас хохирогч Х.Лд 890,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирогч Х.Лгийн “...Би алдсан 3 толгой хонь, 6 толгой ямаа нийт 9 богоо 890.000 төгрөгөөр үнэлсэн...” гэсэн мэдүүлэг, Завхан аймгийн Улиастай сум дахь хөрөнгө үнэлгээний төвийн үнэлгээ тогтоох комиссын үнэлгээчний 2019 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн “...2019 оны 06 дугаар сарын байдлаар 1 тооны эрх хонь / 5 настай/ 170,000 төгрөг, хязаалан хонь / 3 нас/ 160.000 төгрөг, эр ямаа /5 нас/ 120.000 төгрөг, эм ямаа /5 нас/ 70.000 төгрөг, эр хонь /5 нас/ 170.000 төгрөг, борлон /2 нас/ 200.000 төгрөг зах зээлийн ханшаар 890,000 төгрөгийн үнэтэй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 21-р хуудас/ зэргээр нотлогдож байна.
Шүүгдэгч Д.Бд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байна.
Прокуророос шүүгдэгч Д.Бд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж, ял сонсгон хэргийг шүүхэд шилжүүлснийг хянавал шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл шаардлагыг хангасан байна.
Шүүгдэгч Д.Б нь хохирогч Х.Лгийн 890,000 төгрөгийн үнэлгээтэй, 3 толгой хонь, 6 толгой ямаа нийт 9 богийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байх тул түүний үйлдлийг прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь зөв байх бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.
Хөрөнгө завших гэмт хэрэг нь гэмт этгээд бусдын өмчлөлд байгаа эд зүйлийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бүрдүүлснээр төгссөнд тооцогддог. Иймд шүүгдэгч Д.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Д.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзаж нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар хүрэн зүсмийн адууны арьсыг тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгож, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овогт Д-ийн Бйг хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм уруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бйг 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Д.Бд оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийх ялыг Завхан аймгийн Улиастай суманд эдлүүлэхийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт даалгасугай.
5. Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.Б, авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ