| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэг Одгэрэл |
| Хэргийн индекс | 192/2025/05296/И |
| Дугаар | 210/МА2026/01276 |
| Огноо | 2026-06-05 |
| Маргааны төрөл | Тээвэрлэлт, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 210/МА2026/01276
2026 06 05 210/МА2026/01276
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, шүүгч Т.Бадрах, О.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 192/ШШ2026/02089 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******-д холбогдох,
Гэрээний үүрэгт 67,491,213 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч О.Одгэрэл илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Нямсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1.*******, *******-ийн хооронд 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Тээвэр зуучийн үйлчилгээ, төмөр замаар ачааг хүргэхэд вагоноор хангах ажлыг зохион байгуулах гэрээ байгуулагдсан.
*******-иас 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 61,3 тонн цайг тээвэрлүүлэх, тээвэр дамжуулах үйлчилгээ авахаар мэйл ирүүлснийг хүлээн авч 61,3 тонн цайг 12,460 ам.доллараар тээвэрлэхээр тохиролцож, тээвэрлэлтийг гүйцэтгэсэн.
1.2.******* 6,215 ам.долларыг төлсөн бөгөөд үлдэгдэл 6,245 ам.долларыг төлөөгүй, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлөхөө мэдэгдэж, мэйлээр албан бичиг илгээсэн. Бидний зүгээс 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр албан бичиг хүргүүлж, 2024 оны 07 дугаар сард цахим уулзалтаар захирал *******-тай ярилцахад үлдэгдэл төлбөрөө төлөхөө мэдэгдсэн боловч төлөөгүй.
Улмаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандаж маргаан шийдвэрлүүлэх өргөдөл гаргасан. Хариуцагч талаас бага дүнгээр урт хугацаанд төлөх санал гаргасныг хүлээн авах боломжгүй байсан тул эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон.
1.3.Үлдэгдэл 6,245 ам.долларыг Монголбанкны 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн ханш 3.573.80 төгрөгөөр тооцож 22,318,381 төгрөгийг гаргуулна.
1.4.Мөн талуудын хоорондох гэрээний 9.17-д төлбөрийг хойшлуулсан өдөр бүрийн төлөөгүй үнийн дүнгийн 1 хувиар хариуцна гэж заасны дагуу 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс нэхэмжлэл гаргасан 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүртэл 1408 хоногт алданги тооцоход нийт 87,117 ам.доллар болж байх боловч үйлчилгээний төлбөрөөс хэтрэхгүй гэсэн тул 12,460 ам.доллар буюу алдангид 45,172,832 төгрөг гаргуулна.
Иймд *******-иас нийт 67,491,213 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1.Манай байгууллагын бүртгэлд тухайн тооцооны өглөг, өр төлбөрийн мэдээлэл байхгүй. Өөрөөр хэлбэл 6,245 ам.доллар төлөөгүй гэх мэдээллийг тухайн үеийн компанийн удирдлага ямар баримтыг үндэслэж гаргасан нь тодорхойгүй байгаа.
2.2.Тухайн үеийн гүйцэтгэх захирал ажлаа хүлээлгэн өгөөд *******-тай ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд үүсгэн байгуулж өрсөлдөж байгаа ба энэ асуудлаар холбогдож санал солилцох ямар ч боломжгүй.
Иймд нэхэмжлэгч компанитай өр төлбөр үүссэн эсэх нь тодорхойгүй, эвлэрэн хэлэлцэх боломжгүй, мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******-иас 22,318,381 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, үлдэх 45,172,832 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 495,407 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 269,541 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4.Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
Анхан шатын шүүх хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.
4.1.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна. Харин уг хугацааг хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж, 76.2-д Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ. гэж тус тус заасны дагуу харилцан тохирсон 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг тоолоход 3 жилийн хугацаа 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөр дуусгавар болсон байна.
4.2.Шүүхээс нэхэмжлэгчийг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр өөрийн эрхээ зөрчигдсөн талаар олж мэдсэн гэх дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч эрхээ зөрчигдсөн болохоо мэдэж байсан, мэдэх ёстой байсан тул 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр шаардах эрх дууссан. Шаардах эрх дууссанаас хойш түүнийг сэргээсэн эсхүл хуульд заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан зүйл байхгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5.Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:
5.1.Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байна. Нэхэмжлэгч 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргасан. Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад хийгдсэн уулзалтаар хариуцагч компанийн гүйцэтгэх захирал ******* тээвэрлэлтийн үйлчилгээ авсан, мөнгөн дүн дээр маргаагүй. Талууд төлбөр төлөх хугацаа дээр тохиролцоонд хүрээгүй тул ажиллагаа дуусгавар болсон.
Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад хариуцагч үндсэн төлбөрийг хүлээн зөвшөөрсөн тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа тухайн хугацаагаар тасалдаж, мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.9 дэх хэсэгт заасны дагуу шинээр тоологдож эхэлсэн. Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан тул хариуцагчийн гаргасан гомдол үндэслэлгүй байна.
5.2.Талуудын хооронд байгуулсан гэрээнд маргааныг Казахстан улсын хуулиар шийдвэрлүүлэхээр заасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэн аль нь Монгол Улсын хуулиар шийдвэрлүүлэхээр тохирсон. Шүүхээс алдангийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн.
Иймд гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан гэрээний үүрэгт 67,491,213 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагчаас хөөн хэлэлцэх хугацаа дууссан, өмнөх удирдлагатай холбоотой тул өр төлбөрийн мэдээлэл компанид байхгүй үндэслэлээр эс зөвшөөрч, талууд мэтгэлцжээ.
3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:
3.1.Талууд 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Төмөр замаар ачаа хүргэхэд вагоноор хангах ажлыг зохион байгуулах гэрээ-г байгуулсан.
*******-иас 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 61.3 тн цайг ******* цайны компаниас ОХУ-ын Наушки өртөөгөөр дамжин Улаанбаатар хүртэл 12,460 ам.доллараар тээвэрлүүлэх үйлчилгээг авахаар захиалга ирүүлсэн, улмаар 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр талууд тээвэрлэлтийн талаар акт үйлдсэн. /хх 30-47, 48-49, 52/
3.2.*******-иас үлдэгдэл 6,245 ам.долларыг 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлөхөө илэрхийлж нэхэмжлэгчид 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Баталгааны бичиг хүргүүлсэн. /хх 55/
3.3.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 00072 дугаар тэмдэглэлээр талууд санал нэгдэж тохиролцоонд хүрч чадаагүй үндэслэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон. /хх 8/
4.Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасан тээвэрлэлтийн гэрээ хэмээн тодорхойлсныг буруутгах боломжгүй.
Хэргийн баримтаар нэхэмжлэгч ******* нь хариуцагчийн хүсэлтээр 61,3 тонн цайг ОХУ-ын Наушки өртөөгөөр дамжуулж Монгол Улсад тээвэрлэн хүргэх, ******* тээвэр зуучлалын хөлс 12,460 ам.доллар төлөхөөр харилцан тохирч, улмаар ачааг тээвэрлэсэн үйл баримт тогтоогдсон тул Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч гэрээний үүргээ зохих ёсоор хэрэгжүүлжээ.
Хариуцагчаас төлөгдөөгүй үлдэгдэл үүргийн хэмжээ, төлөх хугацааг тодорхой тусгаж баталгааны бичгийг нэхэмжлэгч талд хүргүүлсэн, улмаар төлбөрийн үлдэгдлийн хэмжээнд маргаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар хүлээн зөвшөөрсөнд тооцно.
Иймд анхан шатны шүүх үлдэгдэл хөлс 6,245 ам.доллар буюу 22,318,381 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт нийцсэн байна.
5.Талуудын хоорондох гэрээний 9.17 дахь хэсэгт заасан анзын тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцээгүй, улмаар нэхэмжлэгч анз шаардах эрхгүй гэж үзэхдээ анхан шатны шүүх Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Мөн алданги 45,172,832 төгрөг гаргуулах шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаагүй.
6.Анхан шатны шүүхээс хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй, тасалдсан гэж үзэхдээ Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2, 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.
6.1.Хариуцагчаас төлбөрийн үлдэгдлийг 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлөхөө илэрхийлсэн байхаас гадна хэрэгт авагдсан шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн тэмдэглэлд зуучлах ажиллагаанд *******-ийн гүйцэтгэх захирал *******, нягтлан бодогч нар уулзалтад оролцсоныг тусгасан, түүнчлэн тус компанийн зүгээс үнийн дүнг хүлээн зөвшөөрч байгаа боловч одоогоор үйл ажиллагаа явуулаагүй учир улиралд 500 ам.доллар төлөх хүсэлтэй байгаа болохыг тэмдэглэлээр баталгаажуулсан байна.
Иймд уг эвлэрүүлэн зуучлагчийн тэмдэглэлээр хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуульд нийцсэн байхаас гадна шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчөөгүй байна.
7.Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 -д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 192/ШШ2026/02089 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр урьдчилан төлсөн 269,542 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
О.ОДГЭРЭЛ