Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 01278

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбасүрэн даргалж

             Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг шинэ хороо, 4 дүгээр гудамж, 06 тоотод оршин суух, Боржигон овгийн Гомбын Оюунгэрэлээс гаргасан

“Ажилласан байдал сэргээн тогтоолгох”-ыг хүссэн  нэхэмжлэлийг 2016-09-29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Оюунгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

             Нэхэмжлэгч Г.Оюунгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Миний бие Сэлэнгэ аймгийн Энхтал сангийн аж ахуйн барилгад засал чимэглэлчингээр 1986 оноос 1989 оныг дуустал 3 жил тасралтгүй ажилласан. Улсад нийт 23 жил ажилласан. 1982 онд анх нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрээ гээсэн тул тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон. Архиваас баримт олдохгүй байгаа тул 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн Энхтал сангийн аж ахуйн барилгад засал чимэглэлчингээр ажилласан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт Иргэний үнэмлэхний хуулбар, Сэлэнгэ аймгийн төрийн архивын 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 261 дугаартай магадлагаа, Сэлэнгэ аймгийн Энхталын сангийн аж ахуйн даргын 1988 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 85 дугаар тушаал, 384 дугаартай диплом, гэрч У.Хандсүрэн, Н.Батбаяр, А.Лут-Очир нарын мэдүүлэг, зэргийг нотлох баримтаар шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

            Боржигон овгийн Гомбын Оюунгэрэл нь Сэлэнгэ аймгийн Энхтал сангийн аж ахуйн барилгад засал чимэглэлчингээр 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан болох нь Иргэний үнэмлэхний хуулбар, Сэлэнгэ аймгийн төрийн архивын 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 261 дугаартай магадлагаа, Сэлэнгэ аймгийн Энхталын сангийн аж ахуйн даргын 1988 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 85 дугаар тушаал, 384 дугаартай диплом, гэрч У.Хандсүрэн, Н.Батбаяр, А.Лут-Очир нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

             Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.

            Монгол Улсын  Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигон овгийн Гомбын Оюунгэрэл нь Сэлэнгэ аймгийн Энхтал сангийн аж ахуйн барилгад 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл засал чимэглэлчингээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан  нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Энэ шийдвэрийг зохигч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.БЯМБАСҮРЭН