| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2019/0026/Э |
| Дугаар | 22 |
| Огноо | 2019-06-06 |
| Зүйл хэсэг | 17.3.1., 17.7.1., |
| Улсын яллагч | Б.Одонтуяа |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 22
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг даргалж,
Улсын яллагч Б.О,
Хохирогч О.Б,
Шүүгдэгч Л.Б,
Нарийн бичгийн дарга С.Э нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокурор хууль цаазын дэд зөвлөх Б.Одонтуяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Отгонтэнгэр Уул овогт Л.Б холбогдох эрүүгийн 1723000410058 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Улсын иргэн, төрсөн, 48 настай, эрэгтэй, халх, боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Төв аймгийн Сүмбэр сумын 1-р баг Зоорийн 1-1 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд н тоосгоны үйлдвэрийн гаднаас иргэн Х.Д эзэмшлийн 55-19 УНБ улсын дугаартай “Тоёота пассо” маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр Тэлмэн сумын БаянАйраг багийн Манзын худаг гэх газар хүртэл унаж яван улмаар тус сумын иргэн О.Бын эзэмшлийн улаан өнгийн “Мустанг-5” маркийн Хятад улсад үйлдвэрлэсэн мотоциклыг адуугаа хайж байгаад ирээд өгье, тэр болтол энэ машиныг харж байгаач гэж хуурч бодит байдлыг нуух замаар хохирогч О.Быг төөрөгдөлд оруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Л.Б нь 2017 оны 08 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Завхан аймгийн Яруу сумын Чандмань багийн нутагт байрлах Улаан эрэг гэх газрын тоосгоны үйлдвэрийн гаднаас хохирогч Х.Д эзэмшлийн 55-19 УНБ улсын дугаартай “Тоёота пассо” маркийн тээврийн хэрэгслийг түүний зөвшөөрөлгүйгээр авч явсан, мөн “Жижиг машин уулаар явж болохгүй байна. Машинаа энд үлдээгээд, мотоциклыг чинь унаж адуугаа хайж яваад ирнэ” гэж хэлээд хохирогч О.Бын эзэмшлийн улаан өнгийн “Мустанг-5” маркийн БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоциклыг залилан авч явсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:
Хохирогч Х.Д “...2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 14 цагийн үед Л.Б манайд ирсэн. Танай энд 13 жилийн өмнө Улаанбаатар хотын төв гандангаас хулгайлагдсан эд зүйлсийг авсан хүн нь нуусан гэж яриад байна гээд бид 2 хүрз аваад миний машинаар Тоосгоны үйлдвэрийн хойно байх уулын нэг аманд очсон. ...Л.Б нь миний урдаас хоёр гонзгой бөөрөнхий хуйлаастай гадуур нь гялгар уутаар ороосон зүйл барьчихсан ирэхээр нь задлахад зурмал бурхан байсан. Зурмал бурхануудаа хуйлаад та наад зүйлээ алдчихваа сайн нуугаарай гээд надад өгөхөөр нь унтдаг орны араар гудсан доогуур хийсэн. Тэгтэл нөгөө залуу том шилтэй 0,750 граммын архи гаргаж ирээд тэр архийг бид 2 хувааж уугаад би тасраад уначихсан байсан. Өглөө үүрээр 04 цагийн үед сэрээд босож гартал машин байхгүй болохоор буцаж орж ирээд нөгөө залууг хайтал байхгүй байсан Тэгэхлээр нь нөгөө нуусан 2 зурмал бурхнаа үзтэл бас байхгүй байхаар нь утсаар ярих гээд утсаа хайгаад олоогүй. Би 8 цаг хүртэл хэвтэж байгаад босоод хажуу саахалт айл руу очиж хүмүүстэй холбоо барьсан. ...Миний тээврийн хэрэгсэл нь япон улсад үйлдвэрлэгдсэн “Тоёота пассо” маркийн 55-19 УНБ улсын дугаартай шаргал өнгийн машин. Мөн парада маркийн гар утас 1 ширхэг, хуучин цагийн орос дуран 1 ширхэг, харааны шил 1 ширхэг, тээврийн хэрэгслийн бичиг баримт, жолооны үнэмлэхийн хамт алдсан. ...Машинаа олоод авсан, дурангийн оронд өөр дуран өгнө гэсэн болохоор надад нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол саналгүй...” гэсэн мэдүүлэг,
Хохирогч О.Б н “...2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 10 цагийн орчим зүс үл таних залуу 55-19 УНБ улсын дугаартай “Раssо” маркийн автомашинтай ирээд Завхан аймгийн Улиастайгаас 3 адуу алдчихлаа. Яруугаас махны адууг дагаж Тэлмэн нуурын энэ рүү орсон сураг гараад байна. Энүүгээр байгаа андуунууд уулаар гараад машинтай явж болохгүй байна. Мотоциклоо өгчих энүүгээрх адуу руу ороод ирнэ гэхээр нь одоо хадланд явна мотоциклоо өгмөөргүй байна гэхэд машинаа үлдээчхэд явъя гэхээр нь хүний нутагт таньж мэдэх хүн байхгүй юм чинь гэж бодоод “Мустанг” маркийн улаан өнгийн улсын дугааргүй мотоциклоо, саарал өнгийн цэмбэн дээл, богинохон улаан шар өнгийн бүсээ өгч явуулсан. Тэрнээс хойш сураггүй болсон. 2 хоногийн дараа Засаг дарга О.Батчулуун манайд ирээд “Энэ юун машин бэ” гэхээр нь адуунд явж байсан хүн машинаа үлдээгээд мотоцикл аваад явсан одоо болтол ирдэггүй гэхэд “Энэ чинь хулгайд алдагдсан машин байна” гээд хэсгийн төлөөлөгчид мэдэгдсэн. Би “Мустанг-5” мотоциклоо 1,600,000 төгрөгөөр үнэлнэ. Ширмэл дотортой ширмэл дээлээ 60,000 төгрөгөөр үнэлнэ. …Манай суманд унаж харагдаагүй алдсанаас хойш надтай болон манай гэрийнхэнтэй тааралдаагүй. Хохирол 300,000 төгрөг авсан. Үлдэгдэл 1,050,000 төгрөгийг 7 дугаар сарын 31-ний өдрийн дотор өгнө гэсэн...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Ч.Ц “... 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 18 цагийн үед гэртээ ирэхэд манай гадаа нэг саарал өнгийн жижиг машин байхаар нь манайд хүн ирсэн юм байх гээд юун машин бэ гэхэд нөхөр нэг залуу ирээд адуу хайж явна танай ар уулаар хайх гэсийн жижиг машинтай явж болохгүй байна гээд мотоциклоо өгөөч оронд нь машин авч үлдээд хонь малаа эргүүлж байгаач гэхлээр нь өгөөд явуулчихлаа гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Б.Д “...2017 оны 08 дугаар сарын 20-ны хавиар байх О.Бын гэрт нь очиход хоёр хоногийн өмнө нэг хүн адуугаа хайж явна гээд түүний мотоциклыг аваад оронд нь шар машин үлдээгээд явсан байсан. Надад хэлэхдээ хар азаргатай адуунд миний 3 морь байна. Энэ уулруу гарсан гэнэ ахдаа мотоциклоо өгчих “чи миний машинаар хонио эргүүлээд байж бай” гэж хэлсэн гэсэн. Тэгээд намайг очоод нэг хоносны дараа цагдаа нар тэр машины эзнийг дагуулж ирээд аваад явсан...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Д.З “...Х.Д гуай тээврийн хэрэгслээ алдчихлаа гэж манайд орж ирээд хэлсэн. Х.Д гуай машин, чиний дуран, утсаа хулгайд алдчихлаа гэж ярьж байсан. Х.Д гуай миний дуранг ойр зуурын юм дурандаж байя гэж авсан байсан. Тэр дуранг хэдэн онд үйлдвэрлэснийг сайн мэдэхгүй. Ямар ч байсан ОХУ-д үйлдвэрлэсэн. Би 3 жилийн өмнө Улаанбаатар хотоос 150,000 төгрөгөөр худалдаж авсан. Дараа нь Х.Д гуай машинаа олчихсон. Дуран утсаа олоогүй гэж байсан...” гэсэн мэдүүлэг,
Гэрч П.З: “...Х.Д гуай машин, дуран, утсаа хулгайд алдчихлаа гэж манайд орж ирж хэлсэн. Х.Д гуай манай дуранг авсан байсан. Тэр дуранг хэдэн онд үйлдвэрлэснийг сайн мэдэхгүй. Ямар ч байсан ОХУ-д үйлдвэрлэсэн. 3 жилийн өмнө Улаанбаатар хотоос 150,000 төгрөгөөр худалдаж авсан. Дараа нь Х.Д гуай машинаа олчихсон. Дуран утсаа олоогүй гэж байсан...” гэсэн мэдүүлэг,
Гэрч О.Г “...2017 оны 08 дугаар сарын 20-ны үеэр Завхан аймгийн Цагдаагийн газрын Яруу сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Б.Б манай сумаас “Passo” маркийн 55-19 УНБ улсын дугаартай авто машин хулгайд алдагдсан. Тус сумаар эрэн сурвалжилж ажилла гэж мэдээлсэн. Тэгээд маргааш өдөр нь манай сумын Өвөгдий багийн Зүүн энгэрийн 9-3 тоотод хүмүүс архидан согтуураад байна гэх дуудлагад явж байх үед зүүн энгэрийн 9-р гудмаар хулгайд алдагдсан гэх “Passo” маркийн 55-19 УНБ улсын дугаартай шаргал өнгийн авто машин уруудаад ирэхээр нь замыг нь тосоод зогсоох гэтэл хурдаа хасаж байгаад намайг хаалгыг нь онгойлгох гэтэл гэнэт хурдаа нэмээд зугтаахаар нь би хаалгыг нь онгойлгох гэж хаалганы бариулаас бариад гүйж байгаад алдаж газар унасан. Машин сумын төвөөс эгц хойд зүг рүү зугтаахаар нь машинаа аваад араас нь сумын төвийн хойшоо гарсан боловч олоогүй...” гэсэн мэдүүлэг болон гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Л.Бы “...Би ганцаараа замын унаанд сууж Яруу сумын төв орж тоосгоны манаач өвөө намайг тосч аваад тэднийд очсон. ...Өвгөн бид хоёр нэг шил 0.750 грамм, мөн 0.500 граммын архи уусан. Би архиндаа согтоод юу ч мэдээгүй өглөө Тэлмэн сумын нутагт өвгөний машин дотор унтаж байсан. Тэгээд өвгөний машиныг унаж явснаа мэдсэн. Тэлмэн суманд нэг хонож маргааш нь гудманд явж байтал Тэлмэн сумын цагдаатай таараад зогсоох гэхлээр нь зогсолгүй зугтааж яваад нэг айлд очиж айлын хүнээс нь “Би адуу ирж яваа хүн байна. Миний машиныг аваад үлд. Машин намхан болохоор ууланд явж болохгүй байна гэж хэлээд дээлийг нь гуйж өмсөөд мотоциклыг нь аваад Тосонцэнгэл сумын чиглэлд явсан...” гэсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай тохирч байх тул шүүх түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж, гэмт хэрэг үйлдсэн болохыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Л.Бы дээрх үйлдлийн улмаас хохирогч О.Бод 1,340,000 төгрөг, хохирогч Х.Дэд 6.130.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирогч нарын мэдүүлэг болон Завхан аймгийн Тэлмэн сумын үнэлгээний комиссын 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “...”Мустанг-5” мотоцикл 1,300,000 төгрөг, ширмэл дотортой цэмбэн дээл 40,000 төгрөг нийт 1,340,000 төгрөг...” гэсэн шинжээчийн дүгнэлт, Эд зүйл үнэлгээний комиссын 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн “...Тоёото пассо маркийн тээврийн хэрэгсэл 6,000,000 төгрөг, прадо маркийн гар утас 80,000 төгрөг, орос дуран 50,000 төгрөг нийт 6,130,000 төгрөг...” гэсэн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Л.Б холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Л.Бы “Тоёота пассо” /Toyota Passo/ маркийн 55-19 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигч хохирогч Х.Д зөвшөөрөлгүйгээр авч явсан үйлдэл нь автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг, мөн “...Завхан аймгийн Улиастайгаас 3 адуу алдчихлаа. Яруугаас махны адуутай цуг туугаад Тэлмэн нуурын энэ рүү орсон сураг гараад байна. Уулаар энэ машинтай явж болохгүй байна. Мотоциклоо өгчих үүгээр адуугаа хайгаад ирнэ. Машинаа үлдээгээд явъя...” гэж хэлээд хохирогч О.Бын эзэмшлийн улсын дугааргүй, БНХАУ-д үйлдвэрлэсэн “Мустанг-5” маркийн улаан өнгийн мотоциклыг авч явсан үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хуурч, бодит байдлыг нуух замаар залилан авах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг тус тус бүрэн агуулж байна гэж дүгнэлээ.
Тиймээс түүний дээрх үйлдлүүдийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь зөв, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Л.Быг автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах, бусдыг хуурч бодит байдлыг нуух замаар эд хөрөнгийг залилан авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн тохиолдолд яллагдагчаар татаж болохгүй гэж заасан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 450 нэгжээс 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1 сараас 3 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр заасан бөгөөд Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэг үйлдсэнээс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн байх тул шүүгдэгч Л.Бд холбогдох тус хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
Харин шүүгдэгч Л.Бы үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогч О.Бод учруулсан хохирлоос 300,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 1,050,000 төгрөгийг 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаа илэрхийлсэн, хохирогч хүлээн зөвшөөрсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Л.Б нь 32 хоног цагдан хоригдсон, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Х.Дэд төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О овогт Л.Б авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах, бусдыг хуурч бодит байдлыг нуух замаар эд хөрөнгийг залилан авах гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар шүүгдэгч Л.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй,
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай,
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Быг хохирогч О.Бод хохирол 1,050,000 төгрөгийг 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөхөөр тогтоосугай,
6. Шүүгдэгч Л.Б нь энэ хэрэгт шийтгэх тогтоол гарахаас өмнө 32 хоног цагдан хоригдсон, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх зардалгүй, хохирогч Х.Дэд төлөх хохирол төлбөргүй, хохирогч О.Б 300,000 төгрөгийг хохирол төлсөн, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Л.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
8. Шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ