Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 01311

 

 

 

 

 

 

2016 оны 11 сарын 01 өдөр              Дугаар 142/ШШ2016/01311                         Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: 1988 онд төрсөн, 28 настай, эмэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ багийн 40б дугаар гудамжны 14 тоотод оршин суух Намнан овгийн Пүрэвдоржийн Шинэцэцэгийн /регистрийн дугаар ФЖ88063008/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1981 онд төрсөн, 35 настай, эрэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ багийн 40б дугаар гудамжны 14 тоотод оршин суух Барынхан овгийн Жамсранжавын Мөнхзулд  /регистрийн дугаар АЖ81102612/ холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгө хуваалгахыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч П.Шинэцэцэг, хариуцагч Ж.Мөнхзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч П.Шинэцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “П.Шинэцэцэг би Ж.Мөнхзултай 2006 онд танилцаж гэр бүл болон 2012 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2010 онд том охин Цэнгүүнзаяа, 2013 онд хүү Очирзаяа нар төрсөн. Бид сүүлийн үед хамт амьдрах боломжгүй байнгын хэрүүл маргаантай болоод 2014 оны 12 сараас эхлэн одоог хүртэл тусдаа амьдарч байгаа. Ж.Мөнхзул нь хамтран амьдарч байх хугацаандаа болон гэрлэлтээ бүртгүүлснээс хойш ажилтай байхаас бусад үедээ байнга архи ууж согтуу ирж зодож нүддэг байсан ба энэ байдал сүүлийн үед улам ихэссэн. Ж.Мөнхзул нь өөрийн 2 хүүхдээ нэг ч удаа асууж ярьдаггүй, огт уулздаггүй. Хамт байлгах гээд өгч явуулахаар дэргэд нь архи ууж 2 хүүхдийг минь айлгасан байдалтай байж байдаг. Бидний дунд Эрдэнэ багийн 40б-14 тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 100 м.кв газар, 79 м.кв хувийн сууц байгаа бөгөөд үүнээс хоёр хүүхэд болон өөрт оногдох хувийг гаргуулан авах хүсэлтэй байна. Мөн охин Цэлмүүнзаяа, хүү Очирзаяа нарыг өөрийн асрамжинд авч хүүхдүүддээ эцэг Ж.Мөнхзулаас нь тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ж.Мөнхзул шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие гэр бүл цуцлахад татгалзах зүйлгүй, хүүхдүүддээ тэтгэлэг төлнө. Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ багийн 40б-11 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний 800м2 газартай 79 м2 хувийн орон сууцыг хүү М.Очирзаяад өгөх хүсэлтэй байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч П.Шинэцэцэг хариуцагч Ж.Мөнхзулд холбогдуулж гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгө хуваалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч П.Шинэцэцэг шүүх хуралдаанд “... Миний бие гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Охин М.Цэлмүүнзаяа, хүү М.Очирзаяа нарыг өөрийн асрамжинд авч хүүхдүүддээ эцэг Ж.Мөнхзулаас нь тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ багийн 40б-11 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний 800м2 газартай 79 м2 хувийн орон сууцнаас 2 хүүхэддээ болон өөрт оногдох хэсгээ гаргуулна.Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа хашаа байшингаа хүү М.Очирзаяагийн өмчлөлд үлдээнэ гэсэн байсан.Хэрэв тийм бол би өөрт болон охиндоо оногдох хэсэг гаргуулна гэхгүй.Хүүгийн өмчлөлд үлдээхийг зөвшөөрч байна” гэсэн тайлбар гаргасан.

Хариуцагч Ж.Мөнхзул шүүх хуралдаанд “...гэрлэлтээ цуцлуулна. Хүүхдүүдээ ээжийнх нь асрамжинд үлдээнэ. Хүүхдийн тэтгэлэг төлнө. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 40б-11 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний 800м2 газартай 79 м2 хувийн орон сууцыг хүү М.Очирзаяагийн өмчлөлд шилжүүлнэ. Хүүхдүүдээ 7 нас хүрэхээр саналыг нь асуулгаад өөрийнхөө асрамжинд авах болно” гэсэн тайлбар гаргасан.

Гэрлэгчид нь 2006 онд гэр бүл болж, 2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн, тэдний дундаас 2010 оны 05 дугаар сарын 15-ны өдөр охин М.Цэнгүүнзаяа, 2013 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүү М.Очирзаяа нар төрсөн нь Г-316 дугаар гэрлэлтийн гэрчилгээ, Г-790, Г-2130 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан шаардлага хангасан баримтууд тул шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон.

Зохигчид хэн аль нь цаашид гэр бүлээ үргэлжлүүлэх санаачлага гаргаагүй, бие биенээ хүндэтгэн үзэж цаашид эвлэрч хамт амьдрах боломжгүй, гэрлэлтээ цуцлуулахыг хэн аль нь зөвшөөрч байгаа зэргийг харгалзан тэдэнд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлаж шийдвэрлэлээ.

Гэрлэгчдийн дундаас төрсөн охин М.Цэнгүүнзаяа, хүү М.Очирзаяа нарыг асрамжиндаа авна гэсэн нэхэмжлэгчийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч байгаа тул М.Цэнгүүнзаяа,  М.Очирзаяа нарыг эх П.Шинэцэцэгийн асрамжинд үлдээхээр шийдвэрлэв.

Хүүхдийн тэтгэлэг нэхэмжилнэ гэсэн нэхэмжлэгчийн шаардлагыг хариуцагч Ж.Мөнхзул хүлээн зөвшөөрч маргаагүй, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-д зааснаар эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас мөн хуулийн 40 дүгээр зүйлд заасныг баримтлан хариуцагч Ж.Мөнхзулаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-д гэр бүлийн гишүүд нь хамтран өмчлөх дундын хөрөнгөө харилцан тохиролцох журмаар хувааж болно, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед ....хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно гэж тус тус заасан.

Гэр бүлийн дундын хөрөнгө болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 40б-11 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний 800м2 газартай 79 м2 хувийн орон сууцыг хүү М.Очирзаяагийн өмчлөлд шилжүүлнэ гэсэн хариуцагчийн тайлбарыг үндэслэн нэхэмжлэгч дээрхи хөрөнгөөс ногдох хэсгээ гаргуулахаар нэхэмжилж байсан шаардлагаа өөрчлөн уг үл хөдлөх хөрөнгүүдийг хүү М.Очирзаяагийн өмчлөлд шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэсэн нь хуульд харшлахгүй байх тул гэрлэгчдийг эд хөрөнгөө хуваах тухайд тохиролцсон гэж үзэх үндэстэй байна.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-д заасныг баримтлан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 40б-14 тоот хаягт байршилтай 130110517 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 800 м2 Г-2101006226 дугаар бүхий гэрчилгээтэй газар, Ү-2101016820 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээ бүхий 79 м2 хувийн орон сууц зэргийг хүү М.Очирзаяагийн өмчлөлд шилжүүлж, М.Очирзаяагийн нэр дээр дээрхи хөрөнгүүдэд газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д “тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг, хохирол, нөхөн төлбөр шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр” тооцож нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлно гэж заасан.

Ж.Мөнхзулаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасныг баримтлан түүний 1 жилийн хугацаанд 1 хүүхдэд төлбөл зохих тэтгэлэгийн дүн 1 024 800 / амжиргааны доод түвшин 170 800 төгрөгийн 50 хувь 1 024 800 / төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 29 145 төгрөг, 2 хүүхдийн нийт 58 290 гаргуулан төрийн санд оруулахаар шийдвэрлэв.

Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200  төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар нэхэмжлэгч П.Шинэцэцэг, хариуцагч Ж.Мөнхзул нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2010 оны 05 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин М.Цэнгүүнзаяа, 2013 оны 03 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү М.Очирзаяа нарыг эх П.Шинэцэцэгийн асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2010 оны 05 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин М.Цэнгүүнзаяа, 2013 оны 03 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү М.Очирзаяа нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж буй бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгэх тэтгэлгийг сар бүр эцэг Ж.Мөнхзулаас гаргуулан П.Шинэцэцэгт олгосугай.

4.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-д заасныг баримтлан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 40б-14 тоот хаягт байршилтай 130110517 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 800 м2 газар Г-2101006226 дугаар бүхий гэрчилгээтэй, Ү-2101016820 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээ бүхий 79 м2 хувийн орон сууц зэргийг М.Очирзаяагийн өмчлөлд үлдээсүгэй.

5. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 40б-14 тоот хаягт байршилтай 130110517 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 800 м2 газар Г-2101006226 дугаар бүхий гэрчилгээтэй, Ү-2101016820 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээ бүхий 79 м2 хувийн орон сууц зэргийг Мөнхзулын Очирзаяагийн өмчлөлд шилжүүлж гэрчилгээ олгохыг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, 58 290 төгрөг гаргуулж төрийн санд оруулсугай. 

7. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-д заасныг баримтлан 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 5023 тоот хөрөнгө битүүмжилсэн шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

8.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийг хувийг хүчин төгөлдөр болсноос хойш 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын ЗДТГ-ын иргэний бүртгэлийн ажилтанд явуулахыг шүүгчийн туслах Б.Жадамбад даалгасугай.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурьдаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Р.ҮҮРИЙНТУЯА