Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2026/00906

 

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, шүүгч Т.Гандиймаа, Ч.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 191/ШШ2026/02324 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* ХХК,

 

Хариуцагч: ******* ХК-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: даатгалын нөхөн төлбөрт 31,731,655 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Мөнхцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1.******* ХХК нь 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ******* ХК-тай 24063486 дугаар тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний нэмэлт, өөрчлөлт байгуулсан. Тус гэрээгээр ******* ХХК-ийн өмчлөлийн ******* улсын дугаартай, Landrover Defender маркийн тээврийн хэрэгслийг даатгуулсан. Уг тээврийн хэрэгслийг тус компанийн хувьцаа эзэмшигч ******* эзэмшиж, ашигладаг.

1.2.******* нь 2024 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн нутаг дэвсгэрт байрлах Тэрэлж дэх зуслангаасаа Улаанбаатар хотын чиглэлд зорчих явцдаа замын мөсөн гулгаанаас үүдэн замын хажуугийн шороон эрэг мөргөж, тус тээврийн хэрэгсэлд хохирол учирсан. Уг осол 2024 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн буюу Ням гарагийн орой болсон. Тус газар утасны сүлжээ муу байсан бөгөөд ******* ХХК руу мэдэгдэж, компанийн менежер дуудлага өгч бүртгүүлэх гэхэд ******* ХК-ийн зүгээс ослын зургийг авч баримтжуулан Даваа гарагийн өглөө холбогдож мэдээллээ өгөөрэй гэсний дагуу 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн өглөө ******* ХК-д дуудлага, мэдээлэл өгч бүртгүүлсэн. Ослын улмаас уг тээврийн хэрэгсэл өөрөө явах боломжгүй болсон тул 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ачилтын автомашинаар Улаанбаатар хот руу тээвэрлэсэн.

1.3.Тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг Landrover маркийн тээврийн хэрэгслийн Монгол Улс дахь албан ёсны борлуулагч болох ******* ХХК-аас үнэлж, нийт 63,463,309.75 төгрөг болохыг тогтоосон. Улмаар ******* нь 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр нөхөн төлбөр гаргуулах өргөдлийг, ******* ХХК нь 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 24/200 тоот албан бичгээр даатгалын нөхөн төлбөр гаргуулах хүсэлтийг хохирлын үнэлгээний дүгнэлтийн хамт ******* ХК-д хүргүүлсэн. ******* ХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 25/068 тоот албан бичгээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан тухай хариу өгсөн.

1.4.******* ХХК нь Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасны дагуу 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан, уг гомдлыг хянаад Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 9/491 дугаар шийдвэрээр тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 6.2.4-т зааснаар даатгалын зүйлд учирсан хохирлын нөхөн төлбөрийг 50 хувиар олгохоор шийдвэрлэж, даатгуулагчид нөхөн төлбөр олгосон талаарх мэдээллийг тус хороонд 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор ирүүлэхийг мэдэгдэж, шийдвэрийг хүргүүлсэн боловч ******* ХК нь тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын нөхөн төлбөрийг олгоогүй.

1.5.Иймд хариуцагч ******* ХК-аас даатгалын нөхөн төлбөрт 31,731,655 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1.Даатгуулагч ******* ХХК-ийн өмчлөлийн ******* улсын дугаартай, Landrover Defender маркийн тээврийн хэрэгслийг 2024 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Тэрэлжийн шороон замд ******* нь жолоодон хөдөлгөөнд оролцох үедээ мөстсөн замын ховилд гулгаж замын эрэг мөргөсний улмаас хохирол учирсан гэх тохиолдолд нөхөн төлбөр олгох хүсэлт бидэнд ирүүлсэн.

2.2.Уг тохиолдлыг шалган үзээд, даатгуулагч осол болсон цаг хугацааг 2024 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 16 цагийн орчимд болсон гэж тайлбарлаж байгаа ч ослын үеийн зураг нь 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 10 цаг 07 минутад авагдсан байгаа нь осол хэзээ, ямар шалтгааны улмаас болсон эсэх нь тодорхойгүй, тогтоох боломжгүй нөхцөл байдал үүсгэсэн. Мөн даатгуулагч ослын үеийн гэх 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн зургийн огноог 2024 оны 12 дугаар сарын 08-ны өдөр болгон өөрчилсөн, өөр бусад гэрэл зургуудад тухайн тээврийн хэрэгслийг ачлагын автомашинаас буулгаж байрлуулсан байж болохуйц дугуйны ул мөр байсан учир даатгуулагч ослын талаар худал мэдээлэл өгсөн, хуурамч баримт бүрдүүлэн нөхөн төлбөр авахаар хүсэлт ирүүлсэн гэж үзэж, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5, талуудын хооронд байгуулагдсан тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 5.1.3-т тус тус заасныг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзсан.

2.3.Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасныг баримтлан хариуцагч ******* ХК-аас 25,788,898 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,942,757 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 316,609 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 286,894 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1.Нэхэмжлэгч тал ******* гэх ажилтны хаягаас ******* ХК руу ослын үеийн гэх зураг, бичлэг, бусад баримтуудыг хүргүүлсэн гэдэгт маргадаггүй ба хариуцагч талаас нэхэмжлэгч талын гаргаж өгсөн гэрэл зургийн огноог өөрчилсөн болохыг нотлох зорилгоор гар утас дээр зургийн хугацааг хэрхэн өөрчилж болдог, өөрчилсөн тохиолдолд ямар хэлбэрээр хадгалагдаж үлддэг болохыг ижил төрлийн гар утас дээр гэрэл зургийн огноог өөрчилж үзүүлсэн бичлэгт үзлэг хийлгэх болон шууд туршилт хийлгэхээр удаа дараа гаргасан хүсэлтийг шүүх хүлээн аваагүй атлаа хариуцагч талын татгалзал, тайлбар нотлогдоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.Нэхэмжлэгч нөхөн төлбөрийн хүсэлт гаргахдаа бүрдүүлж ирүүлсэн гэрэл зургуудын хугацааг засварласан болох нь илэрхий харагддаг. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч анхнаасаа тухайн осол болон хохирлын талаар даатгагчид худал мэдээлэл өгч, хуурамч баримт бүрдүүлж нөхөн төлбөр гаргуулах оролдлого хийсэн нөхцөл байдлыг анхан шатны шүүх харгалзан үзээгүй.

4.2.Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4.г болон талуудын байгуулсан тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 7.1.2-т тус тус зааснаар даатгуулагч ослын үед нэн даруй даатгагч болон цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй. Осол гаргасан жолооч ослын улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байхад сүлжээ муу байсны улмаас эрх бүхий байгууллагад мэдэгдээгүй атлаа гэмтсэн хүнийг эмнэлгийн байгууллагад хүргэж, шинжилгээ хийлгэсэн талаар тайлбарладаг нь жолооч замын хөдөлгөөний дүрэм болон гэрээнд заасан үүргээ биелүүлэх боломжгүй байсан гэдэг тайлбарыг няцаадаг. Гэтэл шүүх уг нөхцөл байдлыг тогтоож буй хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй.

4.3.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 15-д тээврийн хэрэгсэлд 51,577,796 төгрөгийн хохирол учирсан болох нь Хаан үнэлгээ ХХК-ийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон, талуудын байгуулсан тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 6.2.4-т заасныг үндэслэн хариуцагчаас даатгалын нөхөн төлбөрт 25,788,898 төгрөгийг гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй талаар дүгнэсэн. Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 6.2.4b-д заасан нөхцөл нь зөвхөн суурин газар хоорондын замд буюу орон нутгийн замд зорчиж байхад гарсан ослын үед тухайн үүргээ даатгуулагч биелүүлээгүй тохиолдолд хамаарах нөхцөл юм. Гэтэл жолооч ******* Тэрэлжид явж байхдаа осолдсон гэж тайлбарладаг бөгөөд Тэрэлж нь Налайх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамаардаг тул уг гэрээний 6.2.4b-д заасан нөхцөлд хамааруулан үзэхгүй. Шүүх талуудын байгуулсан тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг буруу тайлбарласан.

Мөн нэхэмжлэгч ******* ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн үнэлгээний дагуу нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон боловч 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд гаргаж өгсөн Хаан үнэлгээ ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хохирлын үнэлгээний тайланг нэхэмжлэл гаргахдаа нотлох баримтаар гаргаж өгөөгүй нь эргэлзээтэй байна.

4.4.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

5.1.Хариуцагч тал хуурамч нотлох баримт бүрдүүлсэн гэх агуулгаар гомдол гаргахдаа тухайн тээврийн хэрэгслийг байрлуулж тавьсан, мөн зургийн огноог өөрчилсөн гэх хоёр асуудал ярьдаг. Тухайн осол 2024 оны 12 дугаар сарын 08-ны өдөр болсон бөгөөд ослын улмаас *******ын эх нуруундаа хүнд гэмтэл авч, тухайн өдөр яаралтайгаар эмнэлэгт хүргэгдэн оношилгоо хийлгэж, зураг авхуулсан тухайн үеийн огноотой баримтууд хэрэгт авагдсан. Тухайн тээврийн хэрэгслийг Улаанбаатар хотоос ачлагын автомашин дуудан ачиж шилжүүлсэн нь 2024 оны 12 дугаар сарын 08, 09-ний өдрүүдийн камерын бичлэгийн үзлэгийн тэмдэглэлээр баталгаажсан. Ачлагын автомашин тээврийн хэрэгслийг ачсан үйлдэл хийгдсэн тул тухайн газар дээр нэмэлт ул мөр, өөрчлөлт үүссэн байхыг үгүйсгэхгүй. Даатгуулсан тээврийн хэрэгсэл өндөр үнэлгээтэй бөгөөд ослын улмаас үүссэн хохирлын хэмжээ өндөр байхад хариуцагч тухайн ослын газарт цаг тухайд нь очоогүй, харин 9 хоногийн дараа ул мөр арилсны дараа очсон нь эргэлзээтэй байдаг.

Зургийн огноо өөрчилсөн гэх тухайд анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг бүхэлд нь үнэлж, даатгалын тохиолдол бий болсон гэж дүгнэсэн. Тухайн өдөр уг ослын дараа ******* ХК-д дуудлага өгсөн үйл баримтад хариуцагч тал маргаагүй. Мөн тухайн өдрийн ослын өмнө зуслан руу явж байгаа нь тухайн тээврийн хэрэгслийн камерын бичлэгт тодорхой харагдаж байгаа бөгөөд ослын улмаас уг тээврийн хэрэгсэл явах боломжгүй болсон учир үлдээж, маргааш нь ачлагын автомашинд ачиж, ******* ХХК-ийн хашаа руу хүргэсэн маршрут бүхий бичлэгүүд хэрэгт авагдсан. Уг нөхцөл байдлаас үзэхэд осол нь зохиомол байсан, зургийн огноог өөрчилсөн гэх хариуцагч талын тайлбар үндэслэлгүй.

5.2.Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 6.2.4-т заасан нөхцөл буюу суурин газар хоорондын замд осол гарсан, тухайн ослын талаар цагдаагийн байгууллагад шууд дуудлага өгөгдөөгүй, эсхүл ослын газарт цагдаагийн байгууллагын шалгалт хийгдээгүй тохиолдолд нийт нөхөн төлбөрийн 50 хувийг олгохоор талууд харилцан тохиролцсон талаар анхан шатны шүүх болон Санхүүгийн зохицуулах хороо зөв дүгнэсэн. Мөн 7 дугаар хороо нь Налайх дүүрэгт хамаарч байгаа асуудлаар буюу гомдолд дурдсан үндэслэлээр хариуцагч тал анхан шатны шүүхэд маргаж байгаагүй.

5.3.Хариуцагч тал хуурамч нотлох баримт бүрдүүлсэн болох нь тогтоогдсон гэх агуулгаар тайлбарладаг боловч тухайн нотлох баримтуудыг ямар эрх бүхий байгууллага, албан тушаалтан хуурамч гэж тогтоосон нь тодорхойгүй. Энэ талаар шүүх хуралдааны явцад тодруулахад хариуцагч тал дотооддоо үнэлж, дүгнээд хуурамч нотлох баримт гэж үзсэн гэх утгатай тайлбар гаргасан.

Нэхэмжлэгч 2024 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн хэдэн өдрийн турш мэдээлэл солилцсон боловч даатгуулагчаас шаардагдах материалын талаар тодорхой, нэг мөр зааварчилгаа өгөөгүй байдаг.

5.4.Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурлан үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзэж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 31,731,655 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч ...даатгуулагч ослын талаар худал мэдээлэл өгсөн, хуурамч баримт бүрдүүлэн нөхөн төлбөр авахаар хүсэлт ирүүлсэн нь гэрээнд заасан даатгалын нөхөн төлбөр олгохгүй байх тохиолдолд хамаарч байгаа... гэх үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

 

3.Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

3.1.Даатгагч ******* ХК болон даатгуулагч ******* ХХК-иуд нь 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 24063486 дугаар тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулсан байх ба улмаар талуудын хооронд 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр байгуулагдсан 24063486 дугаар тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний нэмэлт, өөрчлөлтөөр ******* ХХК-ийн өмчлөлийн ******* улсын дугаартай, Landrover Defender маркийн тээврийн хэрэгслийг даатгуулсан байна. /хх-ийн 13-23 дугаар тал/

Талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасан даатгалын гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ

3.2.Дээрх даатгалын гэрээнд заасан даатгалын зүйл болох 2020 онд үйлдвэрлэгдсэн, 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр импортлогдсон, ******* улсын дугаартай, Landrover Defender маркийн тээврийн хэрэгсэл нь ******* ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байна. /хх-ийн 25 дугаар тал/

3.3.******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч ******* нь 2024 оны 12 дугаар сарын 08-ны өдөр тус компанийн өмчлөлийн ******* улсын дугаартай, Landrover Defender маркийн тээврийн хэрэгслийг жолоодон Налайх дүүргийн 6 дугаар хороо, Тэрэлжээс Улаанбаатар хотын чиглэлд замын хөдөлгөөнд оролцох үедээ мөсөн гулгаанаас үүдэн замын хажуугийн шороон эрэг мөргөж, зам тээврийн осол гарсан, уг ослын улмаас тухайн тээврийн хэрэгсэлд хохирол учирчээ.

3.4.Улмаар даатгуулагч ******* ХХК нь даатгалын нөхөн төлбөр авахаар холбогдох баримтыг бүрдүүлэн, даатгалын зүйл болох ******* улсын дугаартай, Landrover Defender маркийн тээврийн хэрэгслийг 63,463,309.75 төгрөгөөр завсарлах болохыг тодорхойлсон ******* ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн үнийн саналыг үндэслэн даатгалын нөхөн төлбөр олгох тухай хүсэлтийг даатгагч ******* ХК-д гаргасан ба ******* ХК нь уг даатгалын тохиолдлыг шалган үзээд 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 25/068 тоот албан бичгээр ...даатгуулагч осол болсон цаг хугацааг 2024 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 16 цагийн орчимд болсон гэж тайлбарлаж байгаа ч ослын үеийн зураг нь 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 10 цаг 07 минутад авагдсан байгаа нь осол хэзээ, ямар шалтгааны улмаас болсныг тодорхойгүй болгож байна. Мөн зургаас үзэхэд ачлагын автомашинаас тээврийн хэрэгслийг буулгаж байрлуулсан байж болохуйц дугуйны ул мөр байгаа нь даатгуулагчийн мэдүүлсэн осол тухайн газар болсон эсэхийг тодорхойгүй болгож байна. ...дээрх тохиолдлын тодорхойгүй нотлох баримтууд нь даатгалын гэрээний нөхцөл бүрдсэн гэж үзэх боломжгүй нөхцөлийг үүсгэж байна... гэж талуудын байгуулсан тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 5.1.3, 8.5-д тус тус заасныг үндэслэн даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан талаар мэдэгдсэн байна. /хх-ийн 5, 8, 9, 10-12 дугаар тал/

3.5.Даатгуулагч ******* ХХК нь дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан, уг гомдлын дагуу хянаад Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 9/491 тоот албан бичгээр ...2024 оны 12 дугаар сарын 08-ны өдөр даатгалын тохиолдол үүссэн болох нь жолоочийн гар утасны зургийн огноогоор, мөн осол болсон өдрийн маргааш буюу 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ачилтын компани дуудаж даатгалын зүйлийг ачуулсан болох нь даатгуулагчийн ирүүлсэн камерын бичлэгийн огноогоор тус тус нотлогдсон, уг тохиолдолд талуудын хооронд байгуулагдсан тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 6.2.4-т заасны дагуу даатгалын зүйлд учирсан хохирлын үнийн дүнгийн 50 хувиар даатгалын нөхөн төлбөр олгохоор заасан тул даатгагч ******* ХК нь нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна... гэж үзэж, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д тус тус заасныг үндэслэн даатгалын гэрээнд заасан эрсдэлийн улмаас даатгуулагчид учирсан хохирлын нөхөн төлбөрийг гэрээнд заасан нөхцөлийн дагуу олгож, энэ талаарх мэдээллийг тус хороонд 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор ирүүлэхийг мэдэгдэж, тус албан бичгийг талуудад хүргүүлжээ. /хх-ийн 6-7 дугаар тал/

3.6.Хаан үнэлгээ ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн автомашин техникийн үнэлгээний тайлан болон түүний хавсралтаар ******* ХХК-ийн өмчлөлийн ******* улсын дугаартай, Landrover Defender маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийх үед баруун талаараа эд зүйл мөргөж, баруун урд дугуй гажиж, урд тэнхлэг болон доод явах эд ангиуд эвдэрсэн талаар тодорхойлж, тухайн эвдэрсэн эд ангийн шууд зардалд 42,190,176 төгрөг, шууд бус зардалд 9,387,620 төгрөг, нийт 51,577,796 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон. /хх-ийн 128-130 дугаар тал/

3.7.Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ЕГ0226/072 дугаар дүгнэлтээр ...1.Тээврийн хэрэгслийн анхны нөхцөл байдал алдагдсан, хавтаст хэрэгт хавсаргасан тайлбаргүй гэрэл зургийн үзүүлэлтүүдэд эвдрэл гэмтлийг нарийвчлан, тодорхой тусгаагүй байна. Баруун талын далбааны хөмсөг салсан байна. ******* ХХК-ийн зүгээс тодорхойлсон бусад эд ангиудад бодитоор эвдрэл үүсэж, гэмтсэн байсан эсэхийг бүрэн тогтоох боломжгүй. 2.Тээврийн хэрэгслийн жолооч ослын үед ойролцоогоор хэдэн км/цагийн хурдтай явсан тохиолдолд ******* ХХК-ийн тодорхойлсон тээврийн хэрэгслийн эд ангиудад эвдрэл үүсэх боломжтой эсэхийг туршилтаар тогтоох боломжтой. 3.Автомашинд учирсан эвдрэл гэмтлийг бодитоор тодорхойлох боломжгүй байх тул дээрх эд ангиудыг зайлшгүй солих шаардлагатай байсан эсэх, түүнчлэн урьд өмнөх хохиролтой, хуучин гэмтэл байж болзошгүй эд ангиудыг үнийн саналд тусгасан эсэхийг тогтоох боломжгүй байна. гэж дүгнэжээ. /хх-ийн 109-121 дүгээр тал/

3.8.Налайх дүүргийн 6 дугаар хорооноос хуулбарлан авсан 2024 оны 12 дугаар сарын 08, 09-ний өдрүүдийн камерын бичлэгүүдэд 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэлээр 2024 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 10 цаг 02 минут 11 секундэд эхэлж, 58 секунд үргэлжилсэн бичлэгт хар өнгийн тээврийн хэрэгсэл баруун эргээд явж байгаа, 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 08 цаг 31 минут 31 секундэд эхэлж, 2 минут 39 секунд үргэлжилсэн бичлэгт 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 08 цаг 31 минут 32 секундэд улаан өнгийн ачааны автомашин баруунаас зүүн чиглэлд явж байгаа, 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 10 цаг 24 минут 11 секундэд эхэлж, 1 минут 59 секунд үргэлжилсэн бичлэгт 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 10 цаг 24 минут 11 секундэд улаан өнгийн ачааны автомашин хар өнгийн тээврийн хэрэгслийг ачсан байдалтай зүүнээс баруун чиглэлд явж байгааг тус тус бэхжүүлсэн байна. /хх-ийн 49, 54-55 дугаар тал/

 

4.Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 24063486 дугаар тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 6.2.4b-д зааснаар даатгалын зүйлд учирсан хохирлын үнийн дүнгийн 50 хувиар тооцож, хариуцагч Мандат даатгал ХК-аас даатгалын нөхөн төлбөрт 25,788,898 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д нийцжээ.

4.1.2024 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт тухайн даатгалын тохиолдол үүссэн буюу зам тээврийн осол болсон, үүний улмаас даатгалын зүйл болох ******* ХХК-ийн өмчлөлийн ******* улсын дугаартай, Landrover Defender маркийн тээврийн хэрэгсэлд хохирол учирсан, тухайн үед тээврийн хэрэгслийг жолоодож явсан ******* нь хамт зорчиж байсан өөрийн эх Д.Нансалыг эмнэлэгт хүргэж үзүүлсэн, мөн тухайн өдөр ******* ХК-д ослын дуудлага бүртгүүлж, улмаар ******* ХХК-ийн ажилтан өөрийн ******* гэх фейсбүүк хаягаас ******* ХК-тай 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хугацаанд харилцаж байсан болох нь зохигчийн тайлбар, 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл, дүрс оношилгооны шинжилгээний хариу, даатгалын тохиолдлын үзлэгийн тэмдэглэл, талуудын цахим хэрэгслээр харилцсан баримт, Хаан үнэлгээ ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн автомашин техникийн үнэлгээний тайлан зэрэг хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл, энэ талаарх нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлтэй.

4.2.Талуудын байгуулсан 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 24063486 дугаар тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 6.2.4, 6.2.4b-д тус тус зааснаар суурин газар хоорондын замд (орон нутагт) зорчиж байхад болсон ослын үед даатгуулагч нөхөн төлбөрийн материалыг бүрэн бүрдүүлж өгсөн хэдий ч ослын шалтгаан тодорхойгүй байгаа, эсхүл цагдаагийн байгууллагаас ослын газарт очиж жолоочийг согтуурсан, мансуурсан эсэхийг шалгаагүй болон осолтой холбоотой үзлэг хэмжилт хийгээгүй бол даатгалын зүйлд учирсан хохирлын үнийн дүнгийн 50 хувиас хариуцах хэсгийг хассан дүнгээр нөхөн төлбөрийг олгохоор тохиролцсон байна.

4.3.Тухайн осол нь суурин газар хоорондын замд зорчиж байхад болсон бөгөөд энэ тохиолдолд тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын үнийн дүнгийн 50 хувиар даатгалын нөхөн төлбөр олгохоор талууд тохиролцсон байх тул анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

4.4.Түүнчлэн анхан шатны шүүх хэрэгт авагдсан ******* ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн баримт нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй талаар зөв дүгнэж, Хаан үнэлгээ ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн автомашин техникийн үнэлгээний тайланг үндэслэн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын үнийн дүнг 51,577,796 төгрөгөөр тогтоосон нь зөв болжээ.

 

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

5.1.Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 6.2.4b-д заасан нөхцөлд зөвхөн суурин газар хоорондын замд буюу орон нутгийн замд зорчиж байхад гарсан ослын үед тухайн үүргээ даатгуулагч биелүүлээгүй тохиолдол хамаарах ба уг осол болсон газар болох Тэрэлж нь Налайх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамаардаг тул уг гэрээний 6.2.4b-д заасан нөхцөлд хамааруулан үзэхгүй гэх агуулгаар гомдол гаргасныг хүлээн авахгүй. Учир нь тухайн осол болсон газар нь Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамаарах боловч байршлын хувьд суурин газрын зам гэж үзэх боломжгүй тул уг осол болсон газрыг даатгалын гэрээний нөхөн төлбөрт хамааруулахгүй байх үндэслэл тогтоогдоогүй.

5.2.Мөн давж заалдах гомдолдоо нэхэмжлэгч даатгалын нөхөн төлбөр авах тухай хүсэлт гаргахдаа хуурамч баримт бүрдүүлсэн буюу зургийн огноог засварласан, үүнтэй холбоотойгоор үзлэг, туршилт хийлгэхээр гаргасан хүсэлтийг шүүх хүлээн аваагүй гэж дурдсан байгаа боловч зургийн хугацааг өөрчилсөн эсэх үйл баримтыг тогтоох нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой асуудал биш юм. Өөрөөр хэлбэл, тухайн зургийн огноог өөрчилсөн эсэх асуудал нь даатгалын тохиолдол үүссэн үйл баримтыг үгүйсгэхгүй учраас энэ талаарх гомдол үндэслэлгүй.

 

6.Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 191/ШШ2026/02324 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 286,895 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

Ч.МӨНХЦЭЦЭГ