Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 29

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Бүжинлхамаар хөтлүүлэн,

Улсын яллагч Б.Ганзориг,

 Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Б,

Шүүгдэгч Т.С, Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр ирүүлсэн 1924000440027 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол Улсын улсын иргэн, 1*******,*******,*******,*******, мэргэжилгүй, З******* оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхтэй Ү*******,

Шүүгдэгч: Монгол Улсын улсын иргэн, *******,*******,*******,, мэргэжилгүй, З******* оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхтэй, Ү овгийн Д-ын Б нар нь бүлэглэж Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүй, зохих зөвшөөрөлгүйгээр Завхан аймгийн Баянтэс сумын Зайгал багийн нутаг, хилийн 288/3 дугаар тэмдэгтийн хажуу талаар 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн орчим Монгол Улсын хилийг Оросын холбооны улсын талруу нэвтэрч, буцаж 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 29-нд шилжих шөнө Завхан аймгийн Баянтэс сумын Зайгал багийн нутаг хилийн 288/3 дугаар тэмдэгтийн хажуу талаар Монгол улсын хилийг нэвтэрч орж ирсэн гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.С, Д.Б нар нь бугын эвэр түүх зорилгоор бүлэглэж Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүй, зохих зөвшөөрөлгүйгээр Завхан аймгийн Баянтэс сумын Зайгал багийн нутаг, хилийн 288/3 дугаар тэмдэгтийн хажуу талаар 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн орчим Монгол Улсын хилийг Оросын холбооны улсын талруу нэвтэрч, 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 29-нд шилжих шөнө Завхан аймгийн Баянтэс сумын Зайгал багийн нутаг хилийн 288/3 дугаар тэмдэгтийн хажуу талаар Монгол улсын хилийг нэвтрэн орж Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмаар бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.

Үүнд: Иргэний нэхэмжлэгч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Хилийн 288\3 дугаар тэмдгийн чиглэлээр 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Монгол Улсын талаас ОХУ-ын тал руу улсын хил зөрчөөд буцаж орж ирсэн. 2 морины мөрийг хилийн манаач илрүүлсэн. Хилийн зөрчлийг газар орон дээр нь шалгах, хил зөрчигчийг ул мөрөөр нь мөрдөх илрүүлэн саатуулах зорилгоор хилийн 0277 дугаар ангийн төвөөс 5 хүний бүрэлдэхүүнтэй “Ланд 105” маркийн 77-77 ХЦА улсын дугаартай машинаар тусгай томилгоот бүлэг Отрядын төвөөс 5 дугаар заставын хилийн 288.3 дугаар тэмдэгт хүртэл яваад буцаж отрядын төв хүртэл 300 км газар явж 71 литр бензин зарцуулсан. 1 литр бензин 2255 төгрөг, дараагийн машин ЗИЛ-131 маркийн 06-97 улсын дугаартай машинаар “Хатгуурантын ам” гэх газраас 5 дугаар застав “Хосын гол” 288.2 дугаар тэмдэг хүртэл яваад буцаж “Хатгуурантын аманд” ирэхэд 110 км газарт 58 литр буюу 130790 төгрөгийн бинзен зарцуулсан. Дараагийн машин УАЗ-469 маркийн 15-51 ХЦА улсын дугаартай авто машинаар 5 дугаар заставаас “Хосын гол” хилийн харуул 288.3 дугаар тэмдэгт, “Үнэгтийн ам”, Хосын голд буцаж 5 дугаар застав, Хатгуурантайн ам, Завхан аймгийн Баянтэс сум, Отрядын төв хүртэл 480 км газарт 95 литр буюу 214.225 төгрөгийн бензин зарцуулсан. Дараагийн “Nissan patrol” маркийн 11-12 ХЦА улсын дугаартай авто машинаар отрядын төвөөс 5 дугаар застав, Хосын гол 288.3 дугаар тэмдэгт, 5 дугаар заставд буцаж отрядын төв ороход 350 км 60.9 литр буюу 137555 төгрөгийн бензин зарцуулсан. Нийтдээ 642470 төгрөгийн түлш, бензин зарцуулсан. Энэ мөнгийг нэхэмжилж байна. Дээрх мөнгийг гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдээс гаргуулж өгнө үү ...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 56-58 дугаар хуудас/,

-Гэрч Э.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би тухайн өдөр түрүүч хамтаар “Хосын голын” харуулыг шалгахаар хилийн 288-289 дүгээр тэмдэгтийн чиглэлд манаатай явж байтал хилийн 288.3 дугаар тэмдэгтийн чиглэлд 2 адууны ул мөр илэрсэн. Тэгээд мөрөө илрүүлж хадгалалтад аваад “Үнэгтийн ам” хүртэл ул мөрийг мөрдөхөд Улсын хилийн модон хаалтын доод талыг аваад доогуур нь шургаж хилийг хууль бусаар нэвтэрсэн байсан. Тэгээд “Үнэгтийн аманд” байх Бын гэрт ирэхэд Д.Б сумын төв орох гэж байсан. Тэгэхээр дуудаж уулзаад ул мөрний талаар хэлэхэд бугын эвэр түүхээр хил зөрчсөн гэдгээ надад хэлсэн. Тэгээд хамт явсан гэх Тыг гэрээс нь утсаар дуудаж уулзахад бугын эвэр түүх зорилгоор улсын хил хууль бусаар нэвтэрснээ хүлээн зөвшөөрсөн. Тэр хоёр ярихдаа тус бүр 2 ширхэг бугын эвэртэй ирсэн гэж хэлсэн ба улсын хил зөрчиж явахдаа гол төмрийг нь залгасан 7.62 мм сумаар бууддаг буутай явсан талаар хэлсэн.... гэсэн мэдүүлэг /ХХ-ийн,59-62 дугаар хуудас/,

-Гэрч Т.О-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би тухайн өдөр заставын дарга ахмад хамтаар “Хосын гол” гэх газрын харуулыг шалгахаар хилийн 288-289 дүгээр чиглэлд манаатай явж байтал хилийн 288.3 дугаар тэмдэгтийн чиглэлд 2 адууны ул мөр илэрсэн. Заставын дарга ул мөрийг хадгалалтад аваад” Үнэгтийн ам” гэх газар хүртэл 2 морины ул мөрийг мөрдөж Монгол Улсын хилийн модон хаалтын доод талын модыг аваад доогуур шургаж хил нэвтэрсэн байсан. Тэгээд “Үнэгтийн ам” гэх газарт байх Б гэх айлд ирж заставын дарга Б гэх хүнтэй ярилцаж байснаа Быг С гэх хүнтэй хамт улсын хилийг зөрчсөн талаар ангийн төв рүү утсаар мэдэгдсэн. Тухайн 2 адууны ул мөр нь ОХУ-ын талаас Монгол улсын тал руу явж орсон байсан ...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн , 63-65 дугаар хуудас/,

Яллагдагч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2019 оны 5 дугаар сарын 25-ны өдөр өөрийн найз Т.С руу утсаар яриад бугын эвэр түүх гэж байгаа талаараа хэлээд хамт явах уу? гэж асуусан. Тэгэхэд Т.С зөвшөөрч тэр орой мотоциклоороо ирэхэд бид хоёр адуу малаа бэлдсэн. Өглөө нь буюу 2019 оны 5 дугаар сарын 26-ны өдөр З******* байрлах манай гэрээс бид хоёр хамтдаа гарсан. Тэгээд “Асганаг” гэх нэртэй гол өөд хүртэл яваад бугын эвэр олоогүй болохоор нь “Их хэм” нэртэй голыг өгсч яваад би 1 эвэр олсон. Орой болсон учраас “Их хэм” голын хажууд хоноод маргааш нь буюу 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр өглөө нь босоод дахин эвэр хайж яваад би бас 1 эвэр олсон. Дахин тэндээ эвэр хайж байгаад олдохгүй болохоор нь “Их хэм” гэх газраас цааш өгсөөд явж байгаад хилийн харуулын доод талын ооноор уул даваад ОХУ-ын тал руу орсон. Цаашаа тонгойж орж байгаад Т.С 1 ширхэг эвэр олоод бид хоёр ОХУ-ын талдаа явж байгаад тэндээ хоноод маргааш нь буюу 2019 оны 05 дугаар сарын 28-нд өглөө босоод эвэр хайж байгаад дахин 1 ширхэг бугын эвэр олоод дахин тэр орчмоор бугын эвэр хайсан боловч олдоогүй. Тэгэхээр нь шөнө 22-23 цагийн үед “Тэмээн хүзүү” гэх нэртэй судаг дагаад Монгол Улсын тал руу явж байтал хилийн тор таарсан тороо дагаад явж байтал нэг модон хаалт байсан түүний доод талын мод нь уначихсан байхаар нь доогуур нь бид хоёр шургаад хил давж орж ирээд Т.С нь манай гадаа байсан мотоциклоо унаад гэрлүүгээ явсан. Би гэртээ жаахан унтаж босоод сумын төв рүү явах гэж байтал хилийн 0277 дугаар ангийн 5 дугаар заставын дарга манайд ирж хил нэвтэрсэн талаар асуухад болсон явдлыг хэлсэн. Хил нэвтэрсэн асуудлыг шалгахад бензиний зардал гарсан гээд хохиролд 642470 төгрөг болсныг бид хоёр хувааж төлсөн...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 78-80 дугаар хуудас/,

-Яллагдагч Т.С мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр манай найз Д.Б надруу утсаар яриад бугын эвэр түүх гэж байна чи хамт явах уу? гэж асуусан. Би зөвшөөрч тэр орой Д.Бынд өөрийнхөө мотоциклоор очоод эвэр түүхээр явах 2 морио барьсан. Би хүрэн халзан морь, Б хул морь барьж авсан. Тэр хоёр адуу Д.Бын адуунууд байсан. Тэгээд Д.Бынд хоноод маргааш өглөө нь буюу 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 12 цагийн үед Завхан аймгийн Баянтэс сумын Зайгал багийн “Улаан эрэг” гэх газраас Д.Бын гэрээс бид хоёр хамтдаа гарсан. Голын өөд яваад бид хоёр бугын эвэр олоогүй болохоор нь “Их хэм” нэртэй голыг дахин өгсч яваад би 1 эвэр, Б бас 1 эвэр олсон. Тэгээд орой болсон учраас “Их хэм” гэх нэртэй голын хажууд хоноод маргааш өглөө нь буюу 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр өглөө нь босоод дахин эвэр хайхад олдохгүй байсан учраас цааш өгсөөд явж байгаад уулын орой дээгүүр Монгол Улсын хил давж ОХУ-ын тал руу орсон. Хил гараад тонгойж ороод би 1 эвэр, Б бас 1 эвэр олсон. Тэгээд ОХУ-ын талдаа нилээд явж байгаад тэндээ хоноод маргааш нь буюу 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр өглөө босоод эвэр хайж байгаад Д.Б 1 ширхэг эвэр олсон. Дахин тэр газраар эргэлдсэн боловч бугын эвэр олдоогүй учраас нь шөнө 10 цагийн үед “Тэмээн хүзүү” гэх нэртэй судаг дагаад явж байтал хилийн тор таарсан тороо дагаад явж байтал нэг модон хаалт байсан түүний доод талын мод нь уначихсан байхаар нь доогуур нь бид хоёр шургаад хил давж орж ирээд Д.Бын гэрт 03 цаг болж байхад ирсэн. Тэгээд Д.Б гэртээ үлдээд би мотоциклоо унаад гэртээ ирсэн. Намайг тэмээнд яваад ирэх хойгуур хилээс хүн утсаар намайг дуудсан гэхээр нь Д.Бынд иртэл Б байхгүй байсан. Тэгэхээр нь гэртээ хариад байж байтал хилийн 0277 дугаар ангийн 5 дугаар заставын дарга манайд ирж хил нэвтэрсэн талаар асуухаар нь болсон явдлын талаар хэлсэн. Тэгээд тэр өдрөө застав дээрээ хоноод маргааш өглөө нь ул мөрөө мөн гарсан газраа зааж өгсөн. Хил нэвтэрсэн асуудлыг шалгахад бензиний зардал гарсан гээд хохиролд 642470 төгрөг болсныг бид хоёр хувааж төлсөн....” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 81-85 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, Улсын хилийн дэглэм зөрчигчийн ул мөрийг илрүүлэн баримтжуулсан акт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гар зураглал, фото зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримт хураан авсан болон битүүмжилсэн тухай тэмдэглэл, - Хилийн 0277 дугаар ангийн “Хилийн 288/3 дугаар тэмдгийн чиглэлээр 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 29-нд шилжих шөнө хилийн дэглэмийн зөрчлийн материал /ХХ-ийн 10-45 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 21 дугаартай “ Үйлдвэрийн зориулалтыг өөрчилж галт зэвсгийн гол төмрийг сольсон байх тул марк, зориулалтыг тогтоох боломжгүй, 7.62 мм калибртай, ган хүзүүвчтэй, байлдааны сум байна, 7.2*39 мм хэмжээтэй сум дээрх галт зэвсэгт тохирно, Шинжилгээнд ирүүлсэн 7.2*39 мм хэмжээтэй сумаар буудлага үйлдээгүй байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт, дүгнэлтэнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд,

2019 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Шүүгдэгч нарт холбогдох гэмт хэргийг нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн нотлох баримтуудын шууд ба шууд бус эх сурвалжыг бүх талаас нь бүрэн бодитойгоор харьцуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнлэж, дүгнэсэн бөгөөд уг баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгч нарын үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, эсхүл хуурамч баримт бичгээр, эсхүл зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг бүлэглэж нэвтэрсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж хуульчилсан учир шүүгдэгч Т.С, Д.Б нар нь бүлэглэж Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүй, зохих зөвшөөрөлгүйгээр Завхан аймгийн Баянтэс сумын Зайгал багийн нутаг, хилийн 288/3 дугаар тэмдэгтийн хажуу талаар 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн орчим Монгол Улсын хилийг Оросын холбооны улсын талруу нэвтэрч, 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 29-нд шилжих шөнө Завхан аймгийн Баянтэс сумын Зайгал багийн нутаг хилийн 288/3 дугаар тэмдэгтийн хажуу талаар Монгол улсын хилийг нэвтрэн орж ирсэн үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Т.С, Д.Б нарт холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул Т.С, Д.Б нарыг Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Шүүгдэгч Т.С, Д.Б нарт ял шийтгэл оногдуулахад харгалзан үзвэл зохих хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирлыг төлж барагдуулсан, иргэний нэхэмжлэгч гомдол саналгүй гэсэн байдлуудыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэх нь зүйтэй байна.

Мөн шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон: Завхан аймгийн Баянтэс сумын Зайгал багийн Засаг даргын “... Т.С нь ам бүл-5, эхнэр хүүхдийн хамт амьдардаг нь үнэн...”, “...Д.Б нь эхнэр И.Ө 3 хүүдийн хамт Үнэгтэт өвөлжиж, хаваржин одоо тус багт оршин сууж байгаа нь үнэн “...гэсэн 2019 оны 5 сарын 31-ний өдрийн 57,59 тоот тодорхойлолтууд, 2018 оны жилийн эцсийн мал тооллогын баримт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудыг шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон, хэрэгт ач холбогдолтой нотлох баримт гэж үзэн үнэлж шийдвэрлэсэн болно. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй, 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.6-д “хэргийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж болохоор заасан байна.

Шүүгдэгч Т.С, Д.Б нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой, гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар нотлогдсон, шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 642470 төгргийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан байх бөгөөд тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг нь шүүх харгалзан торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Мөн шүүгдэгч нарын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан оногдуулсан 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгох ялыг 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дотор буюу 36 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзсэн болно. Түүнчлэн шүүгдэгч нар нь Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэргийг бүлэглэж үйлдэхдээ 2 тооны морьдыг уналга болгож ашигласан байх тул уг морьдыг, мөн гэмт хэрэг үйлдэж олсон бугын эврийг тус тус улсын орлого болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарын эд хөрөнгийг битүүмжилсэн 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 4/13 тоот” ...Т.Сын хүрэн халзан 13 настай, зүүн талын гуяндаа бундан тамгатай 1 тооны морь, Д.Бын 10 настай, зүүн талын гуяндаа саран дэвсгэртэй хас тамгатай 1 тооны хул морийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна. Шүүгдэгч нар нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, тэднээс гаргуулах хохирол төлбөр болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ү овгийн Т-ийн С, Ү овгийн Д-ын Б нарыг Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Т.Сыг 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, шүүгдэгч Д.Быг 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С, Д.Б нарт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг 2022 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн дотор хэсэгчлэн тус тус төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С, Д.Б нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С, Д.Б нарын гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох бугын эвэр, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан уналга болох Т.Сын хүрэн халзан 13 настай, зүүн талын гуяндаа бундан тамгатай 1 тооны морь, Д.Бын 10 настай, зүүн талын гуяндаа саран дэвсгэртэй хас тамгатай 1 тооны хул морийг тус тус улсын орлогод оруулсугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 10 килограмм бугын эвэр болон прокурорын тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч нарын өмчлөлийн морийг улсын орлого болгуулахаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шийдвэр гүйцэтгэх хэсэгт шилжүүлсүгэй.

7. Шүүгдэгч нар нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, тэднээс гаргуулах хохирол болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.С, Д.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ж.ОТГОНХИШИГ