| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатар Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 192/2025/11535/И |
| Дугаар | 210/МА2026/00913 |
| Огноо | 2026-04-24 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 210/МА2026/00913
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Ж.Лхагвасүрэн, Ч.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 192/ШШ2026/00117 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэлийн шаардлага: ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Мөнхцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1.Миний бие Нийслэлийн ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн үйлчлэгчээр 1997 оны 06 дугаар сараас 2001 оны 06 дугаар сар хүртэл ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэхэд тухайн үед ажиллаж байсан баримт бичиг архивд байхгүй байгаа тул холбогдох баримт бичгийг бүрдүүлэн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандаж байна.
1.2.Нийслэлийн ерөнхий боловсролын нэгдүгээр сургуульд 1997 оны 06 дугаар сараас 2001 оны 06 сар хүртэл 5 жилийн хугацаанд ажилласан бөгөөд үүнээс 2 жил ажилласан баримт бичиг олдсон, харин үлдсэн 3 жил ажилласан баримт бичиг олдоогүй.
1.3.Иймд миний бие Нийслэлийн ерөнхий боловсролын нэгдүгээр сургуульд 1997 оны 06 дугаар сараас 2001 оны 06 дугаар сар хүртэл хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
2.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******ийн *******ийг 2000 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2002 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд Лаборатори нэгдүгээр дунд сургуульд үйлчлэгчээр ажиллаж байсныг тогтоож, үлдэх шаардлагыг нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
3.Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
3.1.Шүүх ...1997 оны 06 дугаар сараас 2000 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд ажилласан байдал тогтоогдсонгүй... гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь миний бие гэрчээр асуулгахаар *******ийн холбогдох баримт бичгийг шүүхэд гаргаж өгсөн боловч шүүх *******ийг гэрчээр асуухгүйгээр зөвхөн *******г асууж шийдвэр гаргасан. Тухайн үед *******ийн утас холбогдохгүй байна гэх үндэслэлийг барьж шийдвэр гаргасан нь учир дутагдалтай байна.
******* нь Нийслэлийн ерөнхий боловсролын гуравдугаар сургуульд 30 гаруй жил ажилласан тул намайг хамт ажиллаж байсныг гэрчилнэ. Мөн хамт ажиллаж байсан *******г гэрчээр асуулгах боломжтой байсан. Хавтаст хэрэгт нотолгоо зургийг хавсаргаж өгсөн.
3.2.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаав.
2.Нэхэмжлэгч ******* нь 1997 оны 06 дугаар сараас 2001 оны 06 дугаар сар хүртэл хугацаанд Нийслэлийн ерөнхий боловсролын нэгдүгээр сургуульд үйлчлэгчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 1997 оны 06 дугаар сараас 2000 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацааны ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж хүсэлтээ тодруулжээ.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлд заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох хэргийн онцлог нь маргаан байхгүй, зохих этгээдийн хүсэлтээр үйл явдлыг шүүх тогтоох эсэх асуудлыг шийдвэрлэх бөгөөд мөн хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулиар тогтоосон ерөнхий журмын дагуу явуулах учиртай.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ердийн журам, зарчмыг хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
3.1.Онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх хэрэгт эсрэг сонирхол бүхий маргалдагч тал байхгүй тул мэтгэлцэх зарчим хэрэгжихгүйгээс гадна үйл явдлыг тогтоосноор тодорхой эрх зүйн үр дагавар үүсэх нөхцөл болдог. Иймд тухайн үйл явдлыг тогтоох эсэхийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрдүүлэх ажиллагааг шүүх явуулах үүрэгтэй.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр *******гаас гэрчийн мэдүүлэг авсан байх боловч хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг гэрчилж чадаагүй байхад нэхэмжлэгчээс *******ийн тодорхойлолтыг гаргаж өгсөнтэй холбогдуулан тухайн этгээдээс гэрчийн мэдүүлэг авах боломжтой эсэх, өөр бусад байдлаар нотлох баримтыг гаргаж өгөх боломжтой эсэхийг тодруулаагүй, мөн ажиллаж байсан байгууллага нь татан буугдаагүй байгаа тул тухайн байгууллагад нэхэмжлэгчид холбогдох баримт байгаа эсэх, архивын болон нийгмийн даатгалын байгууллагаас нотлох баримт цуглуулах, бүрдүүлэх ажиллагааг явуулаагүй байна.
4.Иймд дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс залруулах, нөхөн гүйцэтгэх, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д тус тус заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 192/ШШ2026/00117 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ШҮҮГЧИД Ж.ЛХАГВАСҮРЭН
Ч.МӨНХЦЭЦЭГ