Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 595

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн, шүүгч Л.Соёлмаа би Ш.Батсүхийн нэхэмжлэлтэй Б.Ганхуягт холбогдох “1.300.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад

ТОДОРХОЙЛОХ нь:                     

Нэхэмжлэгч Ш.Батсүх нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Ганхуяг, П.Сугар нар нь 2016 оны 05-р сарын 20-нд надаас “хүнсний ногоо тарьж амьдралаа дээшлүүлмээр байна, 2 нялх хүүхэдтэй, амьдрал хэцүү байна” гэж надаас эхний удаад 175.000 төгрөгийн хүнсний ногооны үр зээлээр аваад дахин 2016 оны 06-р сарын 12-нд “ногоо сайн гарч байна сул газарт дахин ногоо тарья, та дүүдээ тус болоод дахин үр зээлээр өгөөч” гэж гуйсаар байж 2016 оны 06-р сарын 12-нд 192.500 төгрөгний үр зээлж авсан юм. Ингээд байж байгаад 2016 оны 06-р сарын 14-нд “ах минь дүү нартаа гүйцэд тус болооч уул уурхайн компанид ажилладаг найзтайгаа нийлж сэлбэгний наймаа хийж байна. Би танд хэзээ ч худлаа ярихгүй 700.000 төгрөг даруйхан өгөөч дүү нь нэг сая болгоод танд өгнө” гэж гуйгаад байхаар нь 2016 оны 06-р сарын 14-нд Б.Ганхуягийн дүүгийн данс ХААН банк 5683058071 тоот эзэмшигч нь Бямбадолгорын дансанд 500.000 төгрөг, дараа нь мөн дээрх дансанд 2016.06.16-нд 200.000 төгрөг бүгд 700.000 төгрөг шилжүүлсэн нь үнэн билээ. Ингээд 5 хоногийн дараагаас мөнгөө өнөөдрийг хүртэл нэхэхээр өдөр хоног өнгөрөөж худал тайлбар хэлсээр намайг залилаж мэхлээд мөнгийг минь өгөхгүй байгаад би хохиролтой, гомдолтой байна. Иймд Б.Ганхуяг, П.Сугар нараас миний доорхи хохирлыг гаргуулж өгнө үү.

Үүнд: Гэрээнд байгаа

1-рт – 175.000 төгрөг

2-рт – 192.500 төгрөг

Мөн банкаар шилжүүлсэн:1-рт 500.000 төгрөг

                                                  2-рт 200.000 төгрөг бүгд 1.067.500 төгрөг.

Мөн дээр нь би 2016.09.03-нд энэ 2 хүнтэй уулзахаар өөрийн машинтайгаа явж байгаад замд машин эвдэрч 150.000 төгрөгөөр ачиж Дархан оруулсан. Тухайн үед П.Сугарт хэлж мэдэгдсэн. Мөн тэмдэгтийн хураамж, Сэлэнгэ ирж буцсан зардал, мөнгөний хүүг тооцвол багаар бодоод 1.300.000 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч болон хамтран хариуцагч Б.Ганхуягийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Сэлэнгэ аймаг Цагааннуур сум 2 дугаар баг 8 дугаар хэсэг 29 тоотод оршин суух хаягтай Цариг овогт Гомбодоржийн Сугар /МХ-73100306/ нь шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний гэр бүл Б.Ганхуяг, Г.Сугар бид иргэн Ш.Батсүхээс нэхэмжлэлд дурьдсан 175.000 төгрөг, 192.500 төгрөгт ногооны үр, мөн 500.000 төгрөг, 200.000 төгрөг зээлж авсан нь үнэн.

Энэ жил тариалсан ногоо маань бүгд усанд автаж хурааж авах  боломжгүй болж бидний хувьд эдийн засгийн ихээхэн хохирол амссан. Энэ хүний нэхэмжилсэн мөнгө, бусад дагалдах зардлыг бид хүлээн зөвшөөрч байна. Ш.Батсүх гуай утсаар надад хэлсэн.

Бид энэ хүний нэхэмжилсэн 1.300.000 төгрөгийг 2017 оны 01-р сарынг  30-ны дотор төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Батсүх нь хариуцагч Г.Сугар, Б.Ганхуяг нарт холбогдуулан “1.300.000 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь тэдний шүүхэд гаргасан “...Бид энэ хүний нэхэмжилсэн 1.300.000 төгрөгийг 2017 оны 01-р сарынг  30-ны дотор төлж барагдуулна...” гэх тайлбараар нотлогдож байна.

Хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.  

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35.750 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Нэхэмжлэлийн үнийн дүнд улсын тэмдэгтийн хураамж бүрэн багтсан болохыг дурьдах нь зүйтэй. 

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар  зүйлд заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Ш.Батсүхийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Сугар, Б.Гантулга нарт холбогдох “1.300.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.    

2. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 35.750 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын  журмаар  хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах  эрхгүйг дурьдсугай.

 

ШҮҮГЧ                                       Л.СОЁЛМАА