Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 31

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Ж.Отгонхишиг даргалж,

Улсын яллагч Ч.Алтансүх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхболд

Шүүгдэгч Д.Б,

Нарийн бичгийн дарга С.Энхбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Алаг адуу овогт Дарамбазарын Бт холбогдох эрүүгийн 1824000590046 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *******,*******,*******,*******,*******, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, эгч, дүү нарын хамт ******* багт оршин суух, Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхээр 2000 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж ялыг 2 жилийн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэсэн, ******* регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхтэй, А овогт Д-н Б нь зохих зөвшөөрөлгүйгээр 2018 оны 7 дугаар сарын 17-ноос 18-ны өдрүүдэд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багийн “Мааньт” гэх газрын ойгоос 5.188 м3 мод бэлтгэж, ойн санд 202.332 /хоёр зуун мянга гурван зуун гучин хоёр мянга/ төгрөгийн хохирол учруулсан, мөн 2018 оны 7 дугаар сарын 21-ний өдөр дээрх модыг иргэн Б.Дийн эзэмшлийн 25-91 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан Завхан аймгийн Тосонцэнгэл сум Оргих багийн “Мааньт” гэх газраас Завхан аймгийн Тосонцэнгэл сумын төв рүү тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Б нь зохих зөвшөөрөлгүйгээр 2018 оны 7 дугаар сарын 17- ноос 18-ны өдрүүдэд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багийн “Мааньт” гэх газрын ойгоос 5.188 м3 мод бэлтгэж, ойн санд 202.332 /хоёр зуун мянга гурван зуун гучин хоёр мянга/ төгрөгийн хохирол учруулж, 2018 оны 7 дугаар сарын 21-ний өдөр дээрх модыг иргэн Б.Дийн эзэмшлийн 25-91 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан Завхан аймгийн Тосонцэнгэл сум Оргих багийн “Мааньт” гэх газраас Завхан аймгийн Тосонцэнгэл сумын төв рүү тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч Л.Б-н “...Байгаль орчинд учирсан хохирлыг барагдуулах хүсэлтэй байна. Байгаль экологид учруулсан хохирлоо холбогдогч этгээд барагдуулаад, хохирлоо төлбөл миний хувьд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. Д.Бын үйлдлийн улмаас учирсан хохирлыг барагдуулах хүсэлт гаргаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52-р хуудас/

Насанд хүрээгүй гэрч Б.Б-ын “...2018 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 19 цагийн орчимд Б.Дийн автомашинтай “Доод харгана”-ны голын урдуур явж байгаад зогссон. Аав бид хоёр автомашинд сууж мод бэлтгэсэн газар очсон. Тэгээд модоо ачаад Завхан аймгийн Тосонцэнгэл сумын төв рүү явж байтал цоохор хувцастай ах зогсоогоод эрхийн бичиг болон үзүүлэх бичиг баримт байна уу гэж асуусан. Б.Д ах, манай аав хоёр эрхийн бичиг, автомашины бичиг баримт байхгүй гэж хэлсэн. Аав өвлийн түлшний мод бэлтгэсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55-р хуудас/

 Гэрч Б.Дийн “...2018 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Д.Б гэрт ирээд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багийн “Мааньт”-ын давааны ард мод бэлтгэсэн, та автомашинаар тээвэрлээд өгөөч гэж гуйсан. Би модны гоожин байгаа юм уу гэсэн чинь авсан гэж хэлсэн. Д.Бын мод бэлтгэсэн газар очиж, мод ачиж дуусахад гадаа харанхуй болсон. Тээврийн хэрэгсэлд 1.60 метрээс 1.70 метр орчим урттай, 100 ширхэг мод тээвэрлэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/

Гэрч Н-ийн “...2018 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Д.Б утсаар яриад “би мод бэлтгэж сумын төв рүү оруулах гэсэн юм. Та мод бэлтгэх эрхийн бичиг бичүүлээд авчих” гэж хэлсэн. Би эрхийн бичиг авахаар Засаг даргын тамгын газарт очиход Байгаль орчны улсын байцаагч, байгаль хамгаалагч нар байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-р хуудас/

Гэрч Т.Б-гийн “...2018 оны 7 дугаар сарын 21-ний өдөр эргүүлд гарч ажилласан. Цагаан өнгийн “Маяти” маркийн 25-91 ЗАА улсын дугаартай, тээврийн хэрэгсэлд хүн мод ачиж явж байгаад таарсан. Тухайн үед тээврийн хэрэгслийн жолооч тээврийн хэрэгслийн гэрчилгээ, мод бэлтгэх эрхийн бичиг баримтгүй явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 57р хуудас/

2018 оны 8 дугааар сарын 06-ны өдрийн Экологи эдийн засгийн үнэлгээ тогтоох шинжээч Б.Даваацэрэнгийн “...Ойгоос хуурай, босоо мод унагаж бэлтгэсэн байсан. 1.60- 1.70 метрийн урттай 100 ширхэг галын түлээний мод байсан. Ойн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, 20.12.1 дэх заалтуудыг зөрчсөн байна. Ойгоос 5.188м3 түлээний хуурай мод бэлтгэсэн байна. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2009 оны 394-р тушаалыг үндэслэн экологи эдийн засгийн үнэлгээг тогтооход 1м3 модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 39.000 төгрөг, итгэлцүүр болох 1,0-аар үржин 39.000 төгрөгөөр бодож нийт 5.188м3 модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 202.332 төгрөг болж байна. Мод бэлтгэсэн гэх Оргих багийн Мааньтын давааны ар гэдэг газар нь ойн сангийн 2-р мужийн ойн санд хамрагдана. ...” гэсэн шинжээчийн дүгнэлт,

 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 00 дугаар ”...Халтар зүсмийн морийг 600.000 төгрөгөөр, 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 08 дугаартай моторт хөрөөг 60.000 төгрөгөөр үнэлсэн...”гэсэн эд зүйлийн үнэлгээний дүгнэлтүүд, 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “...1994 онд үйлдвэрлэгдсэн, 2005 онд Монголд орж ирсэн “Mighty” маркийн ачааны автомашин 2019 оны байдлаар 3.500.000 төгрөгийн зах зээлийн үнэтэй байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтууд болно.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүй, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

Шүүгдэгч Д.Бын дээрх үйлдэлд Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зүйлчлэл тохирсон, түүний үйлдлийн улмаас ойн санд 202.332 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Д.Быг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 Мөн шүүгдэгч Д.Бын “...Би 2018 оны 7 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд Тосонцэнгэл сумын Оргих багийн “Мааньт” гэх газраас Хятад улсад үйлдвэрлэгдсэн цахилгаан моторт хөрөөгөөр 100 ширхэг шинэс төрлийн 1 метр 60 смийн урттай, унаанги болон босоо нарийн хуурай мод ганцаараа бэлтгэсэн. Тэгээд Д-г машинтай нь гуйж, модоо сумын төв рүү оруулж хадмын хашаанд буулгах гэж яваад, сумын ойн байцаагчтай тааралдан шалгуулаад, тээврийн хэрэгслийн гэрчилгээгүй, галын түлээний мод бэлтгэх эрхийн бичиггүй гэсэн үндэслэлээр саатуулагдсан, тухайн үед би модны гоожин буюу эрхийн бичгээ авч чадаагүй явж байсан. Би хөрш айлынхаа хүнд гоожин авчхаарай гээд захисан байсан. Хөрш айлын хүн маань гоожин бичүүлж авч чадаагүй байсан...” гэж гэмт хэрэг үйлдсэн болохоо мэдүүлж байгаа нь ойн санд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болохыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан болох нь хохирогч Завхан аймгийн Тосонцэнгэл сумын засаг даргаас Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газарт ирүүлсэн “...Оргих багийн иргэн Д-ын Б нь хууль бус мод бэлтгэж байгаль экологийн нөхөн төлбөрт 606.996 төгрөгийг бүрэн барагдуулсан болохыг тодорхойлов...” гэсэн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1/129 дугаартай албан тоот бичиг, 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тогтоогдож байна.

 Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй, 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.6-д “хэргийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж болохоор заасан байна.

Шүүгдэгч Д.Б холбогдох эрүүгийн хэргийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тус шүүхэд ирүүлсэн бөгөөд гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой, гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 606.996 төгргийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож хүсэлтээ бичгээр ирүүлсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэлэсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно...” гэж тус тус заасан байна.

 Хуулийн дээрх заалтуудаас дүгнэхэд шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Шүүгдэгч Б нь зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэх, тээвэрлэх гэмтэмт хэргийг 2018 оны 7 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд үйлдсэн бөгөөд гэмт хэрэг үйлдсэнээс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар түүнд холбогдох гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзнэ.

 Иймд шүүгдэгч Бт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна. Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 25-91 ЗАН улсын дугаартай Mighty маркийн тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч Б.Дид буцаан олгож, 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 5/32 дугаартай Д.Бын 1 тооны морь битүүмжилсэн, 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 5/33 дугаартай 5.188м3, 1.6-1.7 метрийн урттай мод битүүмжилсэн прокурорын тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, 600.000 төгрөгийн үнэ бүхий халтар зүсний морийг Д.Бт олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан, хөх өнгөтэй хуучин моторт хөрөө, 5.188м3, 1.6-1.7 метрийн урттай модыг тус тус улсын орлого болгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 36.7 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А овогт Д-н Быг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэх, тээвэрлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Д.Бт холбогдох Эрүүгийн хэргийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Шүүгдэгч Д.Б нь шийтгэх тогтоол гарахаас өмнө цагдан хоригдсон хоноггүй, хохирогч, иргэний нэхэмжлэгчид төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

4. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 25-91 ЗАН улсын дугаартай “Mighty” маркийн тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч Б.Дид буцаан олгож, 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 5/32 дугаартай Д.Бын 1 тооны морь битүүмжилсэн, 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 5/33 дугаартай 5.188м3, 1.6-1.7 метрийн урттай мод битүүмжилсэн прокурорын тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, 600.000 төгрөгийн үнэ бүхий халтар зүсний морийг Д.Бт буцаан олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан хөх өнгөтэй хуучин моторт хөрөө, 5.188м3, 1.6-1.7 метрийн урттай модыг тус тус улсын орлого болгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Ж.ОТГОНХИШИГ