Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2026/00914

 

 

 

*******ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, шүүгч Т.Гандиймаа, Ч.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 191/ШШ2026/02904 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******,

 

Хариуцагч: ******* ТӨХК-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болон үр дүнгийн урамшуулалт цалин тус тус гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Мөнхцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1.Миний бие нь 2003 оноос Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгээс ажил хөдөлмөрийн гараагаа эхлүүлж, 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс ******* ТӨХК-д зүтгүүрийн ашиглалт хариуцсан инженер, зүтгүүрийн засвар хариуцсан инженер, зүтгүүрийн депогийн ахлах инженерээр ажиллаж байсан.

1.2.2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Цогтцэций өртөөнөөс БНХАУ руу их засварт хүргүүлэхээр DF7g-2401 зүтгүүрийг галт тэргэнд холбож найруулах үед тус зүтгүүрт агаарын сийгэлт гарч, тухайн зүтгүүр гаалийн бүрдэл хийгдэж лацтай байсны улмаас зүтгүүрийн бүхээгт нэвтрэх боломжгүй байсан тул гадна талаас нь засаж зүтгүүрийг хэвийн болгож хөдөлгөөнд оролцуулж, тус зүтгүүрийг депогийн дарга ******* автомашинтай дагаж явсан. Тус зүтгүүрийг Зүүнбаян өртөөнд ирэхэд нь үзлэг хийж, зүтгүүрийн хос дугуйнуудад гэмтэл гарсан байсныг илрүүлж, эрсдэлээс сэргийлэн ажилласан байдаг. Уг гэмтэл нь түүчээ зүтгүүрийн машинч нарт мэдэгдээгүй, мөн 340 км зайтай байрлах Хулангийн шанд зөрлөгт вагон үзэгч нар үзлэг хийх үед илрээгүй байдаг.

1.3.Дээрх дутагдалтай холбогдуулан ******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын *******ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/635 дугаар тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөр дуусгавар болгож, үүрэгт ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна. Учир нь тухайн өдөр миний бие ажлаас чөлөө авсан байсан бөгөөд холбогдох асуудалтай миний үйлдэл ямар нэгэн шалтгаант холбоогүй. Миний бие БНСУ-ын Сөүл хот дахь НІGH EYE CENTER буюу Hi нүдний эмнэлэгт мэс заслын өмнөх нарийвчилсан шинжилгээ хийлгэх, төлөвлөгөөт хагалгаанд орохоор 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр нисэх байсан тул зүтгүүрийн депогийн дарга *******оос нэг өдрийн чөлөө авч, дарга *******той 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ажлаа биечлэн хүлээлцэж, миний бие 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн шөнө Улаанбаатар хот руу явсан байдаг. Өөрөөр хэлбэл, миний эзгүй байсан өдөр гарсан дутагдалтай холбогдуулан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох шийдвэр гаргасан нь үндэслэлгүй. Миний бие ажил үүрэгтэй холбогдох журмуудыг огт зөрчөөгүй бөгөөд тус компанийн хөдөлмөрийн дотоод журам, ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг тус тус мөрдөн ажиллаж байсан.

Мөн ******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/635 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, 83 дугаар зүйлийн 83.4, 123 дугаар зүйлийн 123.3, 123.4-т тус тус заасныг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, ажил олгогч өөрийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д заасан үндэслэлийг баримтлаагүй, сахилгын шийтгэл ногдуулахаар заасан хугацааг илэрхий зөрчсөн, мөн тушаал гарахаас өмнө надад танилцуулаагүй.

1.4.Миний бие 2024 оны 09 дүгээр сард 21 өдөр, 10 дугаар сард 22 өдөр, 11 дүгээр сард 5 өдөр, нийт 48 өдөр ажилласан ба уг хугацаанд авсан цалин хөлснөөс нэг өдрийн дундаж цалин хөлсийг тооцоход нэг өдрийн дундаж цалин хөлс 238,051 төгрөг болох бөгөөд үүнийг 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх 311 өдрөөр тооцон ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 74,033,861 төгрөг гаргуулна.

1.5.******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/190 дугаар тушаалаар 2024 оны ажлын үр дүнгийн урамшуулалт цалинг ажилтан тус бүрд үндсэн цалингийн хувь хэмжээгээр тооцож олгохоор болсон тул 2024 оны ажлын үр дүнгийн урамшуулалт цалин олгогдох ёстой байсан гэж үзэж, хөдөлмөрийн гэрээнд нэг сарын үндсэн цалинг 2,640,000 төгрөг байхаар тусгасныг үндэслэн 2024 оны ажлын үр дүнгийн урамшуулалт цалинд 3,500,000 төгрөг гаргуулах тухай шаардлагаа багасган үр дүнгийн урамшуулалт цалинд 2,640,000 төгрөг гаргуулахаар шаардаж байна.

1.6.Ажил олгогчийн гаргасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тушаалыг 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой хохироосон байх тул ******* ТӨХК-д хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс байгуулагдаагүй учир Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гомдол гаргасан. Тус хороо нь 2024 оны 11 дүгээр сарын 22, 29-ний өдрүүдэд хуралдсан боловч хариуцагч ирээгүйгээс хойшилж, улмаар 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр дахин хуралдаж, хариуцагч мөн ирээгүй тул урьдчилан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож, тус хорооны хуралдааны 131 дугаар тэмдэглэлийг 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, гомдол гаргаж байна.

1.7.Иймд урьд эрхэлж байсан ******* ТӨХК-ийн Цогтцэций өртөөний Зүтгүүрийн депо нэгжийн зүтгүүрийн депогийн ахлах инженерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх 311 өдрөөр тооцон ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 74,033,861 төгрөг, 2024 оны ажлын үр дүнгийн урамшуулалт цалинд 2,640,000 төгрөгийг тус тус гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1.******* ТӨХК-ийн Цогтцэций өртөөний зүтгүүрийн депогийн засварын хүлээн авагч ******* нь Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/154 дугаар тушаалын 14 дүгээр хавсралтаар батлагдсан галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтны сахилгын тусгай журам, ажлын цагийн хуваарь, хөдөлмөрийн нөхцөлийн 2.1.2-т заасан ажилтан нь төмөр замын нийтлэг багц дүрэм журмын шаардлага, төмөр замын тээврийн тасралтгүй, найдвартай, аюулгүй үйл ажиллагааг хангахад чиглэсэн чиг үүргийг бүрэн гүйцэтгэх үүргээ зөрчсөн. Мөн төмөр замын техник ашиглалтын журмын 8.1.1-д Төмөр замын барилга, байгууламж, тоног төхөөрөмжийн үзлэгийг тэдгээрийг шууд хариуцдаг ажилтан, мөн эдгээр барилга, байгууламж, тоног төхөөрөмжийг хариуцдаг салбар нэгжийн дарга, удирдах ажилтан тогтоосон дүрэм, журам, зааврын дагуу хийж тээврийн тасралтгүй хэвийн ажиллагаа, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй ажиллагааг хангуулна. гэж, 11.2.3-т зүтгүүрийн засвар үйлчилгээ хариуцсан нэгжийн мастер, хүлээн авагч, инженер, дарга болон зүтгүүрийн асуудал эрхэлсэн салбарын дарга, байцаагч техникийн үйлчилгээ болон засварын чанарт байнга хяналт тавина. гэж, галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журмын 16.24-т Ажиллагаагүй байдалд байгаа зүтгүүрийг тэдгээрийн техникийн байдлыг шалгасан тухай акт тавьсны дараа зүтгүүрийн депогийн даргын захиалгаар явуулна. ...Актад зүтгүүрийн явах зөвшөөрөгдсөн хурд заагдсан байна. Актын хоёрдугаар хувийг зүтгүүрийн хүргэгчид гардуулна. гэж тус тус заасныг зөрчиж ажлаа харилцан хүлээлцэлгүй, техник үйлчилгээний чанарт байнгын хяналт тавиагүй ажлын хариуцлага алдсан, ******* ТӨХК-ийн хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн атлаа тус компанийн гүйцэтгэх захирлын тушаалыг хуульд нийцээгүй гэж хүчингүй болгуулахаар маргаж буй нь хууль зүйн үндэслэлгүй.

2.2.******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын үр дүнгийн урамшуулалт цалин олгох тухай 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/190 дугаар тушаалаар ажилтнуудад жилийн үр дүнгийн урамшуулалт цалин олгохоор шийдвэрлэсэн. Уг тушаал тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх Цалин, урамшууллын хорооны 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 5 дугаар дүгнэлтийг үндэслэн гарсан бөгөөд үр дүнгийн урамшуулалт цалин нь компанийн дүрэм, холбогдох журмын хүрээнд хөдөлмөрийн гэрээтэй ажилтнуудад олгогдоно. Тушаал гарахаас өмнө нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээний харилцаа дуусгавар болсон бөгөөд үр дүнгийн урамшуулалт цалин олгох ажилтан, албан хаагчдын жагсаалтад байхгүй болно.

2.3.Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******ыг ******* ТӨХК-ийн Цогтцэций өртөө /зангилаа/, зүтгүүрийн депогийн ахлах инженерийн албан тушаалд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан хариуцагч ******* ТӨХК-аас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 74,033,861 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тус тус нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг хариуцагч ******* ТӨХК-д даалгаж,

Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д заасныг баримтлан хариуцагч ******* ТӨХК-аас 2024 оны ажлын үр дүнгийн урамшуулалт цалинд 2,640,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д тус тус зааснаар дээрх нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ******* ТӨХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 541,319 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

4.1.1.Шийдвэрийн үндэслэх хэсгийн 13-т Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/154 дугаар тушаалаар батлагдсан төмөр замын тээврийн нийтлэг багц дүрэмд хамаарах журмууд, түүний дотор ажилтны нийтлэг үүрэг, сахилга хариуцлага, техникийн ашиглалттай холбоотой зарим хэм хэмжээг заасан боловч нэхэмжлэгч эдгээр хэм хэмжээг хэзээ, хэрхэн зөрчсөн талаарх тодорхой үйл баримт тусгагдаагүй, холбогдох хуулийн заалтыг баримтлаагүй гэж дүгнэсэн. Гэтэл 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн төмөр замын тээвэр дэх гологдлыг судлан бүртгэсэн тухай дүгнэлтэд депогийн ахлах инженер *******ын ажил хүлээлцсэн актад ...Ахлах инженер ******* гэж гарын үсэг зурсан боловч ажил хүлээн авсан депогийн дарга ******* гарын үсэг зураагүй, биечлэн ажил хүлээлцээгүй... гэж, өртөөний дарга *******гийн тодорхойлолтод ...зүтгүүрүүдийг бэлдсэн, би хот руу явж байна, ******* дарга очиж байгаа... гэж, Б.Гантуяагийн тодорхойлолтод ...зүтгүүрийн депогоос хүн оролцоогүй тул өглөө ******* инженер рүү залгахад би хотод ирсэн байна, Цогтцэцийд ******* дарга очсон байгаа гэсэн тул ******* руу 5-6 удаа залгасан боловч утсандаа хариу өгөөгүй... гэж тус тус тэмдэглэгдсэн талаар бичигдсэн байна. Эдгээр баримтуудаар биечлэн ажил хүлээлцээгүй нөхцөл байдал тогтоогдсон ба уг үйл баримтад үндэслэн галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтны сахилгын тусгай журам, ажлын цагийн хуваарь, хөдөлмөрийн нөхцөлийн 2.1.2, төмөр замын техник ашиглалтын журмын 11.2.3, галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журмын 16.24-т тус тус заасныг баримтлан тушаал гаргасан. Дээрх журамд заасан зөрчлийг гаргасны улмаас ******* ТӨХК-д 139,697,800 төгрөгийн хохирол учирсан.

4.1.2.Шийдвэрийн үндэслэх хэсгийн 18-д Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т заасан сахилгын шийтгэл ногдуулах ажиллагааг ажил олгогч хэрхэн хэрэгжүүлснээ нотолж чадаагүй гэж дүгнэсэн. Гэвч ******* ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн хурлаар зүтгүүрийн депогийн ахлах инженер *******ын асуудлыг хэлэлцэн, зөвлөлийн гишүүдийн саналыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцлахаар шийдвэрлэсэн бөгөөд уг хуралд нэхэмжлэгч өөрөө оролцсон. Уг шийдвэрийн дагуу ******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/635 дугаар тушаал гарч, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон. Иймд дээрх дүгнэлт үндэслэлгүй.

4.1.3.Шийдвэрийн үндэслэх хэсгийн 28-д Компанийн үйл ажиллагааны үр дүн, 2024-2025 оны хамтын гэрээг үндэслэн компанид 6 сараас дээш хугацаагаар үр дүнтэй ажилласан ажилтан, албан хаагч нарт урамшуулалт цалинг тэдгээрийн үндсэн цалингийн хувь хэмжээгээр тооцож олгохоор заасан байна гэж дүгнэсэн. Гэвч уг тушаалд компанид 6 сараас дээш хугацаагаар үр дүнтэй ажилласан хавсралтад нэр дурдсан ажилтан, албан хаагч нарт урамшуулалт цалин олгохоор заасан. Тушаал гарахаас өмнө нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээний харилцаа дуусгавар болсон бөгөөд үр дүнгийн урамшуулалт цалин олгох ажилтан, албан хаагчдын жагсаалтад байхгүй болно. Уг нотлох баримтыг шүүх зөв үнэлээгүй гэж үзэж байна.

4.2.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

5.1.Нэхэмжлэгч ******* нь 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр өртөөн дээр байгаагүй гэдгээ тайлбарлан гаргаж өгсөн баримтуудыг гомдолд баримт болгон тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Үүнтэй холбогдуулан галт тэрэгний хөдөлгөөнтэй холбоотой ажлын сахилгын тусгай журам, ажлын цагийн хуваарь, хөдөлмөрийн нөхцөл, төмөр замын техник ашиглалтын журам, галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журам зэргийг дурддаг. ******* нь хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу зүтгүүрийн депогийн даргаасаа эмчилгээнд явахаар чөлөө авч, нэг өдрийн өмнө ээлжээс буугаад явсан нь дээрх журмуудад заасан зөрчлүүдийг гаргасан гэдгийг няцаасан. Дээрх журмуудад төмөр замын бүх ажилтнуудад тавьдаг нийтлэг хяналтын талаар дурдсан байдаг.

5.2.Нэхэмжлэгч ******* өөрийн хийсэн бүх ажлуудаа бичиж тайлагнаад, тухайн зүтгүүрээс 200л дизель түлш авч, дохиолол холбооны тоног төхөөрөмжөө шалган, тоормосны туршилт хийгээд зүтгүүрийн депогийн даргад ажлаа хүлээлгэж өгсөн. Харин зүтгүүрийн депогийн дарга ажил хүлээлцэх актад гарын үсэг зураагүй нь ******* бодитоор ажлаа хүлээлцээгүй гэх үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл, уг ажил хүлээлцэх акт нь *******т бус зүтгүүрийн депогийн даргад байсан учраас түүнд депогийн дарга гарын үсэг зураагүйгээс болж ажилтныг буруутган ажлаас халж болохгүй. Мөн зөрчсөн гэх зөрчлүүд дотор зүтгүүрийн депогийн даргад хариуцуулан үлдээхээр ажлууд байсан нь харагддаг.

5.3.Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журмын 16.24-т депогийн даргын захиалгаар зүтгүүрийг явуулахаар заасан байхад тухайн байгууллагын засварын инженер хүнийг үүнд хамааралтай гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Мөн тухайн гологдол судлан бүртгэхтэй холбоотой асуудлын хувьд нэхэмжлэгчийн буруутай үйлдлээс болоод уг зөрчил гарсан гэдэг нь тогтоогдоогүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн. Түүнчлэн дан ганц нэхэмжлэгчийн үйлдлээс шалтгаалаагүйг гологдол судлан бүртгэсэн актад дүгнэсэн байдаг.

5.4.Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг баримтлаагүй, ажилтны ямар зөрчил гаргасан гэдгийг тогтоогоогүй, галт тэрэгний хөдөлгөөнтэй холбоотой ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахтай холбоотой зохицуулалтыг хэрэглээгүй байгаа нь уг тушаал хууль зүйн үндэслэлгүй болсон гэж үзэх үндэслэлтэй.

5.5.Ажилтан зөрчил гаргасан, хохирол учруулсан гэх боловч уг асуудлаар 4 удаа цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулаад гэмт хэрэг, зөрчил биш, галт тэрэгний хөдөлгөөнтэй холбоотой техник ашиглалтын дүрэм, журмыг ажилчид зөрчөөгүй гэж прокурорын тогтоолоор хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосон. Мөн ажилтан буруутай байсан бол ажил олгогч хуульд заасны дагуу ажилтнаас төлбөр гаргуулахаар нэхэмжлэх эрх нь нээлттэй байсан боловч ажилтны буруутай үйлдлээс шалтгаалаагүй учраас төлбөр гаргуулахаар нэхэмжлээгүй болох нь харагддаг. Түүнчлэн тухайн зүтгүүрийг ахлах инженер засаад явуулсан, зассан зүтгүүр эвдэрсэн асуудал биш, харин засварт өгөх гээд хүйтэнд бэлтгэсэн зүтгүүр байсан. Тухайн гологдол гарсан шалтгаан, нөхцөл зүтгүүрийн ахлах инженерийн ажил үүрэгтэй уялдаж холбогдоогүй.

5.6.Ажилтан 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл тус байгууллагад хөдөлмөр эрхэлсэн ажлын үр дүнгийн урамшуулалт цалинг нэхэмжилсэн. Анхан шатны шүүх тухайн ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоосонтой холбогдуулан уг цалин хөлсийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Мөн тухайн үр дүнгийн урамшуулалт цалинг олгох үндэслэлд тухайн байгууллагад 6 сараас дээш хугацаагаар ажилласан нийт ажилтнууд хамаарч байсан.

5.7.Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ТӨХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ******* ТӨХК-ийн Цогтцэций өртөөний Зүтгүүрийн депо нэгжийн зүтгүүрийн депогийн ахлах инженерийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх 311 өдрөөр тооцон ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 74,033,861 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2024 оны ажлын үр дүнгийн урамшуулалт цалинд 3,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн боловч 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр уг шаардлагаа багасган, үр дүнгийн урамшуулалт цалинд 2,640,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч ...нэхэмжлэгч нь галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтны сахилгын тусгай журам, ажлын цагийн хуваарь, хөдөлмөрийн нөхцөлийн 2.1.2, төмөр замын техник ашиглалтын журмын 8.1.1, 11.2.3, галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журмын 16.24-т тус тус заасныг зөрчиж, ажлаа хүлээлцээгүй, техник үйлчилгээний чанарт байнгын хяналт тавиагүй ажлын хариуцлага алдсан, мөн үр дүнгийн урамшуулалт цалин олгохоор шийдвэрлэсэн тушаал гарахаас өмнө нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээний харилцаа дуусгавар болсон учир үр дүнгийн урамшуулалт цалин олгох ажилтан, албан хаагчдын жагсаалтад байхгүй... гэж эс зөвшөөрч маргажээ.

 

3.******* ТӨХК нь *******тай 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр тус компанийн Цогтцэций өртөөний Зүтгүүрийн депо нэгжийн зүтгүүрийн депогийн ахлах инженерийн албан тушаалд нэг сарын 2,640,000 төгрөгөөр цалинжуулж ажиллуулахаар хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулжээ. /хх-ийн 6-9 дүгээр тал/

 

4.Улмаар ******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/635 дугаар тушаалын 1 дэх заалтаар Цогтцэций зангилаа, Зүтгүүрийн депо, зүтгүүрийн депогийн ахлах инженер Галбаатарын Амар нь галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтны сахилгын тусгай журам, ажлын цагийн хуваарь, хөдөлмөрийн нөхцөлийн 2.1.2, 2.1.3, төмөр замын техник ашиглалтын журмын 8.1.1, 11.2.3, галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журмын 16.24-т тус тус заасныг зөрчиж, ажлын хариуцлага алдсан тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөр дуусгавар болгож, үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй. гэж Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2.5, 83 дугаар зүйлийн 83.2, 83.3, ******* ТӨХК-ийн дүрмийн 8.11.9, 8.11.11, хөдөлмөрийн дотоод журмын 1.9, 9.2.5, 10.3, 10.4, 10.7-д тус тус заасныг үндэслэн ажилтан *******т ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулж, түүний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон байна. /хх-ийн 10 дугаар тал/

 

5.Мөн ******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/190 дугаар тушаалаар компанийн 2024 оны үйл ажиллагааны үр дүн, ******* ТӨХК-д ажиллагсдын үйлдвэрчний эвлэлийн хороотой байгуулсан 2024-2025 оны хамтын гэрээг тус тус үндэслэн компанид 6 сараас дээш хугацаагаар үр дүнтэй ажилласан уг тушаалын хавсралтад нэр дурдсан ажилтан, албан хаагч нарт үндсэн цалингийн хувь хэмжээгээр тооцон урамшуулалт цалин олгохоор шийдвэрлэжээ. /хх-ийн 172-182 дугаар тал/

 

6.Ажилтан ******* нь дээрх ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж, гомдлоо Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1, 154.8-д тус тус заасан хугацаанд гаргажээ.

 

7.Анхан шатны шүүх нэхэмжлэгч *******ыг урьд эрхэлж байсан ******* ТӨХК-ийн Цогтцэций өртөөний Зүтгүүрийн депо нэгжийн зүтгүүрийн депогийн ахлах инженерийн албан тушаалд эгүүлэн тогтоосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д нийцжээ.

7.1.Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т зааснаар сахилгын зөрчил гаргасан ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах эрхтэй боловч мөн зүйлийн 123.3-т зааснаар сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авах зэргээр ажилтан хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод хэм хэмжээнд заасан ямар сахилгын зөрчил гаргасан болохыг ажил олгогч бүрэн тогтоосны үндсэн дээр тухайн ажилтанд сахилгын зөрчлийн шинж чанар, үр дагаврыг харгалзан сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэх учиртай.

7.2.Нэхэмжлэгч ******* нь галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтны сахилгын тусгай журам, ажлын цагийн хуваарь, хөдөлмөрийн нөхцөлийн 2.1.2, 2.1.3, төмөр замын техник ашиглалтын журмын 8.1.1, 11.2.3, галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журмын 16.24-т тус тус заасныг зөрчиж, ажлын хариуцлага алдсан гэх үндэслэлээр түүнд ******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/635 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5-д заасан ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулсан байх ба анхан шатны шүүх хуралдаанд хариуцагч тал татгалзлын үндэслэлээ ...хөдөлмөрийн гэрээний 6.1.2-т заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулсан тушаал гаргасан... гэж тайлбарласнаас үзэхэд хариуцагч ******* ТӨХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ******* нь дээрх журмуудад заасан хэм хэмжээг зөрчиж, ажлын хариуцлага алдсаны улмаас түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.1.2-т хөрөнгө, мөнгөн хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулсан, эсхүл алдагдуулах боломжийг бий болгосон, түүнд халдах оролдлого гаргасан, тусалсан гэж заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасныг баримтлан тушаал гаргаж, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулжээ.

7.3.Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахын тулд нэхэмжлэгчийн гаргасан ноцтой зөрчлийг хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан байхыг шаардахаас гадна нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээнд заасан ямар ноцтой зөрчил гаргасан гэдгийг ажил олгогч өөрөө нотолж тогтоох учиртай.

Нэхэмжлэгч ******* нь дээрх журмуудад заасан хэм хэмжээг хэзээ, хэрхэн зөрчсөн болох, нэхэмжлэгчийн ажлын хариуцлага алдсаны улмаас технологийн гологдол гарсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр БНХАУ руу их засварт хүргүүлэхээр явуулсан компанийн эзэмшлийн DF7g-2401 зүтгүүрийн 6 хос дугуйн төв жийрэг мөрөн дотроо хий эргэж ашиглалтаас гарсан гэх технологийн гологдол гарсанд нэхэмжлэгч *******ын ажил үүргээ биечлэн хүлээлцээгүй болон тухайн өдөр ажлаас чөлөө аваагүй гэх үйлдэлтэй холбоотой болох нь хариуцагч талын иш татаж буй 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн төмөр замын тээвэр дэх гологдлыг судлан бүртгэсэн тухай дүгнэлт, 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэлээр тогтоогдсон гэж үзэхгүй.

Мөн нэхэмжлэгчийн гаргасан галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтны сахилгын тусгай журам, ажлын цагийн хуваарь, хөдөлмөрийн нөхцөлийн 2.1.2, 2.1.3, төмөр замын техник ашиглалтын журмын 8.1.1, 11.2.3, галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журмын 16.24-т тус тус заасан үүргээ зөрчиж, ажлын хариуцлага алдсан гэх зөрчлийг нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.1.2-т заасан ноцтой зөрчилд хамааруулан үзэхгүй бөгөөд сахилгын шийтгэл ногдуулсан ******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/635 дугаар тушаалд хөдөлмөрийн гэрээний 6.1.2-т заасныг баримтлаагүй, уг зөрчлийг дурдаагүй байна.

Иймд хариуцагч ******* ТӨХК нь нэхэмжлэгч *******ын гаргасан гэх дээрх сахилгын зөрчлийг нотолж, тогтоож чадаагүй атлаа нэхэмжлэгчид ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.1, 123.2.5-д тус тус заасанд нийцээгүй.

7.4.Түүнчлэн хариуцагч тал нэхэмжлэгч ажил тасалсан, чөлөө аваагүй гэх тайлбар гаргасан байгаа боловч уг үндэслэлээр ажил олгогч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлаагүй ба нэхэмжлэгч ******* нь өртөөний дарга *******оос 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн чөлөө авсан үйл баримтыг үгүйсгээгүй байх тул нэхэмжлэгчийн ...тухайн өдөр миний бие ажлаас чөлөө авсан байсан бөгөөд холбогдох асуудалтай миний үйлдэл ямар нэгэн шалтгаант холбоогүй. Өөрөөр хэлбэл, миний эзгүй байсан өдөр гарсан дутагдалтай холбогдуулан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох шийдвэр гаргасан нь үндэслэлгүй... гэх тайлбар үндэслэлтэй.

7.5.Иймд нэхэмжлэгч *******т сахилгын шийтгэл ногдуулсан хариуцагч ******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/635 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байх тул шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, энэ талаарх гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй.

 

8.Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосонтой холбоотойгоор ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэхдээ түүний ажлаас чөлөөлөгдсөн 2024 оны 11 дүгээр сарыг оруулан тооцож нэг өдрийн дундаж цалин хөлсийг тогтоосон нь буруу болжээ.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн бүтэн ажилласан 2024 оны 08, 09, 10 дугаар саруудын цалин хөлсний нийлбэрээс нэг өдрийн дундаж цалин хөлсийг тогтоох учиртай. Ийнхүү тооцоход нэг өдрийн дундаж цалин хөлс 212,397.27 төгрөг болох ба үүнийг ажилгүй байсан хугацаа болох 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх 311 өдрөөр тооцон, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 66,055,550 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар баталсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын 1.6, 2.1.2, 2.3, 2.3.5-д тус тус заасанд нийцнэ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч ******* ТӨХК-аас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 66,055,550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,978,311 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулна.

 

9.Нэхэмжлэгч *******ыг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, хариуцагч ******* ТӨХК-аас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 66,055,550 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэнтэй холбоотойгоор уг олговроос зохих шимтгэлийг тооцон нэхэмжлэгчийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг хариуцагч ******* ТӨХК-д даалгаж шийдвэрлэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасанд нийцнэ.

 

10.Үр дүнгийн урамшуулалт цалин шаардах тухайд, давж заалдах шатны шүүхээс хариуцагч ******* ТӨХК-аас 2024 оны ажлын үр дүнгийн урамшуулалт цалинд 2,640,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.3-т зааснаар ажилтныг шагнаж урамшуулах эсэх нь ажил олгогчийн эрхэд хамаарах асуудал байхаас гадна ажилтан тодорхой хугацаанд ажиллаж, хөдөлмөрийн гэрээний дагуу ажлын үр дүнгээ үнэлүүлсний үндсэн дээр үр дүнгийн урамшуулал авах эрх нь үүсэх тул ...үр дүнгийн урамшуулалт цалин олгохоор шийдвэрлэсэн тушаал гарахаас өмнө нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээний харилцаа дуусгавар болсон учир үр дүнгийн урамшуулалт цалин олгох ажилтан, албан хаагчдын жагсаалтад байхгүй... гэх агуулгаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангана.

 

11.Нэхэмжлэлийн шаардлагаас хангасан үнийн дүнд өөрчлөлт орсонтой холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад зохих өөрчлөлт орно. Мөн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэг нь шийдвэрлэж байгаа асуудлын агуулга, утга санааг бүрэн зөв, товч, тодорхой илэрхийлсэн байх учиртай тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2, 3, 4 дэх заалтуудыг 1 дэх заалтад нэгтгэн, найруулгын өөрчлөлт оруулж, үүнтэй холбоотойгоор тогтоох хэсгийн үлдэх заалтуудын дугаарлалтыг өөрчилнө.

 

12.Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 191/ШШ2026/02904 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1, 2, 3, 4 дэх заалтуудыг нэгтгэн, 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7, 101 дүгээр зүйлийн 101.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч *******ыг ******* ТӨХК-ийн Цогтцэций өртөөний Зүтгүүрийн депо нэгжийн зүтгүүрийн депогийн ахлах инженерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч ******* ТӨХК-аас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 66,055,550 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг хариуцагч ******* ТӨХК-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,

 

5, 6 гэсэн дугаарлалтыг 2, 3 гэж дугаарлан, 2 дахь заалтын ...56.1... гэснийг 56.2 гэж, ...541,319... гэснийг 488,228 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 540,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

Ч.МӨНХЦЭЦЭГ