| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2016/00182/И |
| Дугаар | 01314 |
| Огноо | 2016-11-01 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 01314
2016 оны 11 сарын 01 өдөр Дугаар 142/ШШ2016/01314 Орхон аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, шүүгч Л.Ариунцэцэг, ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 1950 онд төрсөн, 66 настай, эмэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн 27 дугаар байрны 20 тоотод оршин суух Тайжууд овгийн Чүлтэмжамцын Цэндсайханы /регистрийн дугаар ФА50071107/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1985 онд төрсөн, 31 настай, эмэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн 20 дугаар байрны 12 тоотод оршин суух Боржигон овгийн Батмөнхийн Энхмаад /регистрийн дугаар ИИ85100701/ холбогдох гэм хорын хохирол 2 952 890 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.Цэндсайхан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Энхбаяр, хариуцагч Б.Энхмаа, хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ч.Цэндсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Ч.Цэндсайхан нь 2015 оны 11 сарын 06-ны өдөр УБ-аас галт тэргээр гарч, 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өглөө Эрдэнэтэд ирсэн. Гэртээ харих гэж ОР32-30 дугаартай, японы прус-20 маркын машинд суух гэж байтал жолооч Б.Энхмаа нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм, журмыг зөрчин хайхрамжгүй, хариуцлагагүй, хүнээ бүрэн суулгалгүй үйлдэл хийж, машинаа гэнэт огцом хөдөлгөж, хойшоогоо ухарсанаас би унаж, осолд орж, гэмтэл авч, эрүүл мэндээрээ хохирсон.Осолын дараа эмнэлэгт эмчид үзүүлж, рентген зураг авахуулж, томограф хийлгэсэн. MRI-хийлгэх гэтэл Эрдэнэтэд байхгүй тул хийгдээгүй үлдсэн. УБ явж заавал хийлгээрэй гэж эмч хэлсэн. Шүүх эмнэлгийн шинжээч эмчийн дүгнэлт гарч “Хөнгөн гэмтэл” гэж тогтоогдсон. Би тархины гэмтэл, ууц нурууны зөөлөн эдийн няцрал зэргийг хэвтрийн дэглэмд эмчилгээ хийлгэж эмчийн хяналтанд байсан. Эмчилгээг дуусгаад УБ руу явж MRI оношлогоо хийлгэлээ. Зүүн өвдөгний үений MRI дүгнэлтэнд: “Дотор талын хагас саран жииргэвчний их биед ба арын эвэрт хөндлөн урагдалттай ба дотор хэсэг рүү хагас мултарсан, шилжсэн, хавантай, үений хөндийд шингэнтэй гэсэн онош гарсан. Thermograping оношлогооны дүгнэлтэнд: Зүүн өвдөгөнд хөндлөн 2 шугам халуун бүс тодорхойлогдоно.Ууц бүсэлхийн ромбо алдагдсан онош гарсан.Дээрх оношлогоо шинжилгээ, эмчилгээнүүдийг 2015 -12-10-наас 2015-12-24-нд хийлгэсэн ба үрэвсэл дарах, өвдөлт намдаах блок эмчилгээг хэвтэрийн дэглэмд 3 удаа хийлгэсэн, курсийг гүйцээж хийх эдийн засгийн боломжгүй болсон. Дээрх оношлогоо шинжилгээ эмчилгээ хийлгэхэд нийт 827,600 төгрөг зарцуулав. Одоо гэмтлийн дараах нөхөн сэргээх эмчилгээнд болон өвдөлтийн онош нь болсон тул яаралтай хийх эмчилгээнд мөнгө төгрөгний зайлшгүй шаардлага гарч байна. Иймд хариуцагч Б.Энхмаагаас хохирлын 827,600 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Ч.Цэндсайхан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “Миний бие нь Энхмаагаас гэм хорын хохирол төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан боловч эрүүл мэнд сайжрахгүйн улмаас Улаанбаатар хот руу явж оношлогоо эмчилгээ, эм тариа, хийлгэж одоо хүртэл эмчилгээтэй байгаа тул энэ бүгдэд өөрөөс гарсан зардал төлбөрийг нэхэмжилж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Үүнд:
- оношлогоо эмчилгээ, эм тариа, замын зардал /2016.01.27-2016.05.09-ний өдөр хүртэл хийлгэсэн эмчилгээ/ 956 290 төгрөг,
-Ажилгүй хугацааны нөхөн төлбөр /192 000х5 сар=960 000 төгрөг/
-өмгөөлөгчид төлсөн хөлс 200 000 төгрөг нийт 2 125 290 төгрөгийг гаргуулах шаардлагыг гаргаж байна. Өмнөх шаардлагатай нийлээд нийт 2 952 890 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Б.Энхмаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Б.Энхмаа би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь миний бие энэ хүнд ийм гэмтэл учруулаагүй юм. 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өглөө вагоноор ирсэн ах Ганхүү, эгч Энхтуул болон түүний 2 хүүхдийг тосохоор очтол нэг купенд хамт ирсэн Цэндсайхан болон түүний нөхөр хоёрыг машинд чинь суугаад явья гэж гуйхаар нь аав ээж шигээ санаад үнэ төлбөр гэхгүй, гэрт нь хүргээд өгье гэж сайхан сэтгэл гаргасан. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр Ч.Цэндсайханы биед бүсэлхийн өвдөлдт үүссэн. Энэ нь хөнгөн гэмтэл гэж шинжээч эмч дүгнэсэн. Нэхэмжлэлд дурьдсанаар бол зүүн өвдгөндөө гэмтэл авсан гэжээ. Угаасаа архаг өвчтэй гэж хавсарга өгсөн баримтанд нь дурьдсан байна. Тийм учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, одоо харин шүүхэд хандаж байгаад нь би эсрэгээрээ маш их гомдолтой байна” гэжээ.
Хариуцагч Б.Энхмаа нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжилж байгаа шаардлага нь ямар ч үндэслэлгүй байна. Цэндсайханы гаргаж өгсөн нотлох баримтуудаар нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй. Ч.Цэндсайханы биед учирсан хөнгөн гэмтэл нь бүсэлхийн өвдөлт, энэ нь хөнгөн гэмтлийн зэрэгт хамаарагдана гэсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь хөнгөн гэмтэлтэйгээ холбоотой шууд зардлыг гэм хорын хохирлоор нэхэмжлэх байтал шүүх эмнэлгийн дүгнэлтэнд бичигдээгүй зүүн өвдөгтэй холбоотой эмчилгээний зардлуудыг надаас нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж бодож байна. Би Цэндсайханы зүүн өвдгөнд гэмтэл учруулаагүй бөгөөд харин 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 460 дугаартай шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс ирүүлсэн шинжээчийн дүгнэлтээр зүүн өвдөгний үений үрэвсэл нь ...зэрэг нь архаг хууч өвчин болохыг тогтоосон байна. Миний зүгээс нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой эмчилгээний зардал, ажилгүй хугацааны нөхөн төлбөр, өмгөөлөгчийн зардлыг төлөх ямар ч хууль зүйн үндэслэлгүй гэж бодож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ч.Цэндсайхан хариуцагч Б.Энхмаагаас гэм хорын хохиролд 2 952 890 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч Ч.Цэндсайхан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагч Б.Энхмаа замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм журмыг зөрчин хайхрамжгүй, хариуцлагагүй, хүнээ бүрэн гүйцэт суулгаагүй үйлдэл хийж, машинаа гэнэт огцом хөдөлгөж хойшоо ухарснаас би унаж, осолд орж, гэмтэл авч, эрүүл мэндээрээ хохирсон.Осолд орсоны дараа эмчилгээ, оношлогоо хийлгэхэд гарсан зардал болох нийт 1 792 890 төгрөг, өмгөөлөгчид төлсөн хөлс 200 000 төгрөг, ажилгүй байсан хугацааны нөхөн төлбөр 960 000 төгрөг, нийт 2 952 890 төгрөг гаргуулж өгнө үү” гэж тайлбарлаж байгаа.
Хариуцагч Б.Энхмаа татгалзалынхаа үндэслэлийг: “...Ч.Цэндсайханыг машинд суугаагүй байхад нь машинаа хөдөлгөсөн нь миний буруу.Гэхдээ миний бие энэ хүний биед ийм хүнд гэмтэл учруулаагүй. Ч.Цэндсайхан өөрийнхөө архаг хууч өвчинөө осол гарахад авсан мэтээр тайлбарлан надаас гэм хорын хохирол нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэсэн тайлбар гаргасан.
Хариуцагч Б.Энхмаа 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Тоёото прус маркын 32-30 УНЯ улсын дугаартай автомашиныг жолоодож явах үедээ зорчигч Ч.Цэндсайханыг автомашинд бүрэн гүйцэт сууж амжаагүй байхад нь хойш ухарах хөдөлгөөн хийж унагасан, хариуцагчийн дээрхи үйлдлээс шалтгаалан нэхэмжлэгчийн биед тухайн үед тархи доргилт, бүсэлхийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учирсан нь 2015 оны 11 дүгээр сарын 17-ны 1011 тоот шинжээчийн дүгнэлт, 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 1133 тоот шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд “...Б.Энхмаагийн буруутай үйлдлийн улмаас тухайн үед миний зүүн хөлний үений шингэн алдагдсан, нуруу гэмтсэн. Өмнө нь миний нуруу, хөл өвддөггүй байсан.Нуруу, хөлөө эмчлүүлж, оношлогоо хийлгэхэд гарсан бүх зардалаа Б.Энхмаагаас нэхэмжилнэ” гэсэн тайлбар гаргаж байгаа боловч 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 460 тоот, 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 1133 тоот шинжээчийн дүгнэлтүүдэд “...Ч.Цэндсайханы биед зүүн өвдөгний үений үрэвсэл, бүсэлхийн 1-5-р нугалмын түвшинд мурийлт, бүсэлхийн нугаламуудад ясны ургалт, хүзүүний остреохондроз / нугалмын жийргэвч мөгөөрсний хатуурал / хөлийн венийн судасны өргөсөл, бүсэлхий ууцны мэдрэлийн ёзоорын эмгэгшил зэрэг архаг хууч өвчин тогтоогдлоо гэж дүгнэжээ.
Хэдийгээр хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч Ч.Цэндсайханы биед зүүн өвдөгний үений үрэвсэл, бүсэлхийн 1-5-р нугалмын түвшинд мурийлт үүссэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй боловч Ч.Цэндсайханы дээрхи архаг хууч өвчин сэдэрч, Ч.Цэндсайханд өвчин, шаналал бий болсон нь хариуцагч Б.Энхмаагийн гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой учраас нэхэмжлэгчид учирсан гэм хорын хохиролыг хариуцагч хариуцах үндэстэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Нэхэмжлэгч эмчилгээ, оношлогоо, эм тариа, замын зардалд нийт 1 792 890 төгрөг нэхэмжилсэнээс шүүх термографийн оношлогооны 100 000 төгрөг, Сонгодо эмнэлэгт MRI хийлгэсэн 370 000 төгрөг, эм авсан нийт 34 370 төгрөг, термографийн давтан оношлогоо хийлгэсэн 50 000 төгрөг, Сонгодо эмнэлэгт үзүүлсэн нийт 36 000 төгрөг, замын зардалд төлсөн нийт 374 920 төгрөг, нийт 965 290 төгрөгийг хангаж, ямар эмчилгээ хийлгэсэн эсэх нь тодорхойгүй тул эмчилгээний гэх зардалд Сонгодо эмнэлэгт төлсөн нийт 510 000 төгрөг, ямар эм авсан нь тодорхойгүй байх тул Сонгодо эмнэлэгээс эм авсан гэх 27 720 төгрөг, Чулуунаа эмнэлэгт эмчилгээний гэх төлбөрт төлсөн нийт 224 880 төгрөг, биохимийн шинжилгээ хийлгэхэд төлсөн 65 000 төгрөгийг хангахаас татгалзаж шийдвэрлэв.
Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 200 000 төгрөгийг хохиролд тооцох үндэслэлгүй, нэхэмжлэгч ажил хөдөлмөр эрхэлж байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул ажилгүй байсан хугацааны нөхөн төлбөр 960 000 төгрөг шаардах эрхгүй гэж үзэж дээрхи нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзсэн.
Нэхэмжлэгч хариуцагчаас хохиролд 378 400 төгрөг авсан талаар маргаагүй тул нэхэмжлэлийн хангаж шийдвэрлэсэн 965 290 төгрөгнөөс дээрхи дүнг хасаж хариуцагчаас гаргуулах дүнг 586 890 төгрөгөөр тогтоов.
Нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Ч.Цэндсайханы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73 385 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.Энхмаагаас нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн хэмжээнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 18 257 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
Иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны тов хүргэсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаантайн улмаас хуралдаанд ирээгүй ба зохигчид иргэдийн төлөөлөгчийг байлцуулахгүйгээр хуралдаан явуулахыг зөвшөөрсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д заасныг баримтлан иргэдийн төлөөлөгчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Энхмаагаас 586 890 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Цэндсайханд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 366 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73 385 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.Энхмаагаас 18 257 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Цэндсайханд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногт Булган Орон Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА
ШҮҮГЧИД Д.АРИУНЦЭЦЭГ
Б.БЯМБАСҮРЭН