Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 176

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Гандулам,

Улсын яллагч Г.Цолмонгэрэл,

Шүүгдэгч Ж.А, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж,  яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Тарган овгийн Ж.А-д холбогдох 1926003480216 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Тарган овгийн Ж.А

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.А нь 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 14-нд шилжих шөнийн 01 цагийн орчим Г.Э-н эзэмшлийн цагаан өнгийн “IPhone-8 plus” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 700000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Ж.А шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна.” гэв.

Хохирогч Л.Э-н мөрдөн байцаалтанд өгсөн “...2019 оны 08 дугаар сарын    12-ны өдөр дэлгүүрээс худалдан авалт хийж байгаад өөрийн эзэмшлийн “Iphone-8 plus” маркийн гар утсаа хулгайд алдсан юм. Би өөрийнхөө гар утсыг худалдагчийн кассны хажууд үлдээгээд гараад явчихсан байсан. Тэгээд эргээд иртэл миний утас байхгүй байсан. Тухайн үед миний утас асаалттай байсан. Алга болсны дараа залгахад утас холбогдох боломжгүй болсон байсан. Тэгээд  2019 оны 08 дугаар сарын 15-ны өглөө цагдаад хандсан. Алдсан гар утсаа буцаагаад авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд суухгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13 хуудас/,

Гэрч Ц.Т-н мөрдөн байцаалтанд өгсөн “...Би Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн 52-07 тоотод оршин суудаг юм. 2019 оны 08 дугаар сарын 13-ны шөнө 23 цаг өнгөрч байхад таксинд явах гээд гэрээсээ гартал манай гэрийн наад талд аюулгүйн тойрог дээр 2 хүүхэн гар өргөхөөр нь зогстол манай урд талд байдаг Ж.А Н-тай хамт явж байсан. Тэгээд дэлгүүр ороод тамхи, пиво аваад өндөрлөгийн хажууд очиж уусан. Ууж байхдаа миний утасны цэнэг дууслаа гээд цагаан өнгийн гар утас өгч миний урд талын хайрцганд хийлгэсэн. Тэгээд *******д хүргүүлээд буухдаа миний машины урьд талын хайрцганд хийсэн гар утсаа аваад буусан. Тэгээд би гэртээ харьсан. Би дэлгүүрээс утас авч гарч ирсэн талаар бол мэдээгүй. Тамхи авч гарч ирсэн. Том цагаан өнгийн гар утас байсан, маркийг нь хараагүй. Ж.А-г гар утас хулгайлж авч гарч ирсэн талаар бол мэдээгүй.” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 21 хуудас/,

Гэрч Д.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн “...Манай ээж, дүү нар Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын *******д байдаг юм. Ээжийн бие өвдөөд Өвөрхангай аймагт ирсэн байж байгаад Д.Н-д ээжид эм авах гээд ороход зүүн талын орон дээр Ж.А сууж байсан. Тэгээд Ж.А “Iphone” утасны  цэнэглэгч байна уу гэхээр нь би яасан эгч гэсэн чинь би энэ утсыг олоод гэсэн чинь манай эгч Д.Н наад олсон утсаа 20000 төгрөгөөр зарна гээд мөнгө яриад байсан. Тэгсэн Ж.А энэ утсыг зармаар байна, ашиглаж болохгүй, дэлгэц нь үнэтэй гэсэн,  намайг чи тэгвэл 40000 төгрөгөөр авчих гээд гуйгаад байсан. Тэгэхээр нь би Хаан банк ороод 40000 төгрөг авч өгсөн. Би хулгайн гар утас гэж мэдээгүй. Манай эгчийн найз болохоор нь хулгайлсан гэж бодоогүй. Том цагаан өнгийн “Iphone” маркийн гар утас байсан. Би Ж.А-с 40000 төгрөгөө буцааж авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23 хуудас/,

Гэрч Ц.Х-н мөрдөн байцаалтанд өгсөн “дэлгүүрийн зоогийн газар нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Шинэ Арвайхээр 12 дугаар багийн 221 тоотод харьяалагддаг юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28 хуудас/, 

Гэрч Д.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн “...Би 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын даргын баталсан томилгооны дагуу хэргийн газрын үзлэгийн багийн эрүүгийн мөрдөгчөөр үүрэг гүйцэтгэж байсан юм. 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын иргэн Г.Э өргөдөл гаргаж ирэхдээ дэлгүүрт 2019 оны 08 дугаар сарын 13-ны шөнийн 01 цагийн орчимд худалдан авалт хийж байгаад гар утсаа хулгайд алдлаа гэж ирсэн. Тэгээд мэдээлэл цуглуулж Ж.А гэгч хулгайлсан болохыг олж тогтоосон. Тухайн үед “*******” дэлгүүрийн хяналтын камер ажиллаж байсан эсэхийг мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30 хуудас/,

Гэрч П.А-н мөрдөн байцаалтанд өгсөн “...Би эхнэр Ж.А-тай 2010 оны 09 сард гэр бүл болсон. Тэрнээс хойш Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн 51-07 тоотод оршин сууж байсан. Бид хоёр гэр бүл болоод 2 хүүхэдтэй болж сайхан амьдарч байна. Манай эхнэр тусгай дунд боловсролтой, эмч мэргэжилтэй. Элдэв муу зуршилгүй, сайхан ааштай, гэр бүлдээ сайн харилцаатай, хүнд тусархуу, зөв боловсон харилцдаг хүн байгаа юм. Эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байсан болохоор хүнд элдэв муу юм санадаггүй, туслахын төлөө л явдаг хүн байгаа юм. Урьд хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Манайх Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн 51-07 тоот хашаа, байшинд амьдардаг. Манай хашаа байшин миний нэр дээр байдаг. ******* улсын дугаартай “Приус-20” маркийн автомашинтай. Өөр эд хөрөнгө байхгүй. Бид хоёр хувиараа худалдаа хийж амьдардаг.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26 хуудас/,

Шүүгдэгч Ж.А-н мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн “...2019 оны 08 дугаар 13-ны шөнийн 01 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд “*******” дэлгүүрт ороод худалдан авалт хийж байхад худалдагчийн хажуу талд цагаан өнгийн гар утас байхаар нь гарахдаа аваад гараад явчихсан юм. Хэн нэгэнд хэлээгүй аваад гараад явчихсан. Тэгээд найз *******өд 40000 төгрөгөөр өгөөд явуулсан. Тэгсэн намайг цагдаагийн байгууллагаас тухайн утсыг хууль бусаар аваад явсан байна гэж намайг дуудаж мэдүүлэг авсан. Тухайн гар утсыг дур мэдэн авч явсан миний буруу. Эзнийг нь олж өгнө гэж бодож байсан. Цэнэггүй, цагаан өнгийн гар утас байсан, ямар маркийн гар утас гэдгийг нь би мэдэхгүй. Намайг тухайн утсыг авахыг хэн нэгэн хараагүй. Би утсыг *******өөс аваад эзэнд нь буцааж өгсөн. Мөн *******өд 40000 төгрөгийг төлж барагдуулсан. Миний буруу. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-48 хуудас/,

Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ний 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 08/23 дугаартай “Iphone 8 plus” маркийн БНХАУ үйлдвэрлэсэн хуучин гар утас 700000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 33-34 хуудас/, 

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1926003480216 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 43 хуудас/,

2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн эд зүйл түр хураан авч үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-6 хуудас/, 

2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 7 хуудас/, 

Хохирогч Г.Э-н ““Iphone-8 plus” маркийн гар утсаа Ж.Аээс буцааж авсан цаашид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт /хх-ийн 79 хуудас/, 

Шүүгдэгч Ж.А-н хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-60 хуудас /, охин А.Н-н, А.М-н төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-ийн 58 хуудас/, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1203 дугаартай тодорхойлолт /хх-56 хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 74 хуудас/,

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 95 дугаартай “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай”  прокурорын тогтоол /хх-ийн 81 хуудас/  зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийж шүүгдэгч Ж.А-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ж.А нь 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 14-нд шилжих шөнийн 01 цагийн орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын “*******” 12 дугаар багийн Шинэ Арвайхээр 2 дугаар гудамжны 221 тоотод үйл ажиллагаа явууулдаг дэлгүүрийн лангуунаас хохирогч Г.Э-н эзэмшлийн цагаан өнгийн “IPhone-8 plus” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 700000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан хулгайлах гэмт хэрэг мөн байна.

Шүүгдэгч Ж.А нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Г.Э /хх-12-13/, гэрч Ц.Т /хх-21/, Д.Б /хх-23/, Ц.Хэрлэн /хх-28/, Д.Б /хх-30/ нарын мэдүүлгүүд, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ийн 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 08/23 дугаартай үнэлгээний тайлан /хх-33-34/, Мөрдөгчийн 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн эд зүйл түр хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-5-7/, Ж.А-н мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-  /, шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1926003480216 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-43/ зэрэг  бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч Ж.А-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу  шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн,  прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул шүүгдэгч  Ж.А-д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгч Ж.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох “Iphone 8 plus” маркийн БНХАУ-д үйлдвэрлэсэн, 700000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг буцаан өгсөн болох нь хохирогч Г.Э-н мөрдөн байцаалтад болон шүүхэд гаргасан “Iphone 8 plus” маркийн гар утас буцаан авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт, 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн эд зүйл түр хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-5-7/,  шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн  бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж хуульчилжээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн хохирлоо нөхөн төлсөн зэрэг эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй  зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Ж.Аэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр зургаан сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар ажлаа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдаж   шийдвэрлэлээ. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч Ж.А-г бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд болон үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээний биелэлтэнд хяналт тавихыг  Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Шүүгдэгч Ж.А нь  цагдан хоригдсон хоноггүй,  хохирогч Г.Э-н алдагдсан эд зүйл болох “Iphone 8 plus” маркийн гар утсыг буцааж өгсөн,  бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг  тус тус дурдаж, 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 7, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1,  3.4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж.А-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр,  нууцаар, хууль бусаар авсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Тарган овгийн Ж.А-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр зургаан сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ж.Аэд тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч Ж.А-г бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд  болон хүлээлгэсэн албадлагын арга хэмжээний биелэлтэнд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А-д тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч Ж.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурьдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Аэд  авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

9. Эрүүгийн хэрэг хянан шйдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.А-д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.