| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатар Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 192/2025/09084/И |
| Дугаар | 210/МА2026/00915 |
| Огноо | 2026-04-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 210/МА2026/00915
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, шүүгч Т.Гандиймаа, Ч.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 192/ШШ2025/00339 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******,
Хариуцагч: *******д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт 133,716,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Мөнхцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1.Миний бие 2025 оны эхээр хүргэн ах *******аар дамжуулан *******тэй танилцсан. ******* нь надад хүүтэй мөнгө зээлээч, өсгөөд өгье гэсэн тул бид 50,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 28 хоногийн хугацаатай, өдөрт 1,965,000 төгрөг төлөх нөхцөлөөр зээлэхээр харилцан тохиролцож, миний бие 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хугацаагүй хадгаламжаасаа буюу өөрийн эзэмшлийн ХААН банк дахь ******* тоот данснаас 50,000,000 төгрөгийг хүүтэй зээл гэх гүйлгээний утгатайгаар *******ийн эзэмшлийн ХААН банк дахь ******* тоот дансанд анх шилжүүлсэн. ******* 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд өдөр бүр 1,965,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 27,510,000 төгрөг тус тус шилжүүлж, нийт 55,020,000 төгрөг төлсөн.
1.2.2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ******* нь 20,000,000 төгрөг зээлээч, мөн адил нөхцөлөөр төлнө гэсний дагуу 20,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 28 хоногийн хугацаатай зээлэхээр тохиролцож, миний бие өөрийн эзэмшлийн ХААН банк дахь ******* тоот данснаас 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 20,000,000 төгрөгийг 13,500,000 төгрөг болон 6,500,000 төгрөгөөр 2 хуваан түүний эзэмшлийн ХААН банк дахь ******* тоот дансанд шилжүүлсэн. ******* нь 20,000,000 төгрөгийг 10 хувийн хүүгийн хамт нийт 22,000,000 төгрөгийг 28 хоногт хуваан өдөрт 786,000 төгрөг төлөхөөр болсон ба 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд өдөр бүр 786,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 1,965,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 1,572,000, нийт 9,825,000 төгрөг төлсөн. Үүнээс хойш үндсэн зээл, зээлийн хүүг төлөөгүй тул 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүртэл 56 хоногийг 786,000 төгрөгөөр тооцож уг зээлийн төлбөрт 44,016,000 төгрөг гаргуулна.
1.3.2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ******* 15,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 4 хоногийн хугацаатай зээлээч гэхээр нь миний бие өөрийн эзэмшлийн ХААН банк дахь ******* тоот данснаас 15,000,000 төгрөгийг түүний эзэмшлийн ХААН банкны ******* тоот дансанд шилжүүлсэн ба 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүүгийн хамт 15,600,000 төгрөг буцаан шилжүүлсэн.
1.4.Үүний дараа ******* нь миний итгэлийг далимдуулан 40,000,000 төгрөгийг өдрийн 1 хувийн хүүтэй зээлээч гэхээр нь 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 37,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 3,000,000 төгрөг, нийт 40,000,000 төгрөг зээлсэн боловч уг зээлийн төлбөрийг ******* огт төлөөгүй тул үндсэн зээл болох 40,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүртэл 58 хоногийг өдрийн хүү болох 400,000 төгрөгөөр тооцоход зээлийн хүүд 23,200,000 төгрөг, нийт 63,200,000 төгрөг гаргуулна.
1.5.Мөн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 30,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 28 хоногийн хугацаатай зээлээч гэсний дагуу өөрийн эзэмшлийн ХААН банк дахь ******* тоот данснаас 30,000,000 төгрөгийг *******ийн эзэмшлийн ХААН банк дахь ******* тоот дансанд шилжүүлсэн. ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 1,500,000 төгрөг, нийт 6,500,000 төлсөн ба үлдэгдэл 26,500,000 төгрөгийг төлөөгүй.
1.6.Миний бие 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр *******тэй Хан-Уул дүүрэг дэх Лавай худалдааны төвийн гадна түүний машин дотор уулзаж тооцоогоо ярилцахад ******* нь 133,000,000 төгрөг болсон тооцоог зөвшөөрч, түүний гуйлтаар төлөх төлбөрийг багасган 100,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 28 хоногийн хугацаанд төлж барагдуулахаар тохиролцсон боловч тэрээр 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 4,500,000 төгрөг шилжүүлснээс хойш ямар ч төлбөр хийгээгүй.
1.7.Иймд хариуцагч *******ээс зээлийн гэрээний үүрэгт 133,716,000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.
2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ *******ийн эзэмшлийн ХААН банк дахь ******* тоот дансанд 50,000,000 төгрөг шилжүүлсэн гэж дурдсан байгаа боловч надад ийм данс байхгүй.
2.2.Миний бие өөрөө хувиараа таньдаг хүмүүстээ мөнгө зээлдэг байсан. ******* нь та хүнд мөнгө зээлэх үйлчилгээ үзүүлдэг юм чинь би танд мөнгө өгье буюу хоёулаа хамтаръя, хөрөнгө оруулъя гэж надад хандаж байсан. Ингэхдээ миний бие *******тэй зээлийн гэрээ болон бусад гэрээг бичгээр байгуулсан зүйл байхгүй бөгөөд *******өөс 10 хувийн болон 1 хувийн хүүтэй мөнгө зээлсэн асуудал байхгүй.
2.3.******* нь миний эзэмшлийн ХААН банк дахь ******* тоот дансанд 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд 6 удаагийн гүйлгээгээр нийт 105,000,000 төгрөг шилжүүлсэн. Миний бие ******* рүү 30 удаагийн гүйлгээгээр нийт 102,945,000 төгрөг буцаан шилжүүлсэн ба зөрүү 2,055,000 төгрөгийг эргүүлж өгөхөөр тооцоолол гарч байна.
2.4.Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана. гэж заасан тул зээлийн хүү төлөх үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч *******ээс 31,024,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлээс үлдэх 102,692,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч *******өөс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 826,530 төгрөгийг, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 391,990 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.
4.Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын агуулга:
4.1.Анхан шатны шүүх зохигч зээлийн гэрээг амаар байгуулж, нэхэмжлэгчээс 155,000,000 төгрөгийг хариуцагчид зээлсэн болох нь хэрэгт авагдсан дансны хуулгаар тогтоогдсон талаар зөв дүгнэсэн. Харин шүүх нэхэмжлэгчээс хариуцагчид 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 50,000,000 төгрөг зээлснээс 13,755,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 20,000,000 төгрөг зээлснээс 8,253,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 15,000,000 төгрөг зээлснээс 24,639,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 20, 21-ний өдөр 40,000,000 төгрөг зээлснээс 34,584,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 30,000,000 төгрөг зээлснээс 6,500,000 төгрөгийг тус тус хариуцагч төлсөн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, буруу дүгнэсэн гэж үзэж байна.
Хариуцагч ******* нь хүүтэй мөнгө зээлээч гэснээр талууд амаар харилцан тохиролцож, 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 50,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 28 хоногийн хугацаатай зээлсэн ба хариуцагч үндсэн зээл, зээлийн хүүд нийт 55,020,000 төгрөг төлсөн, 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 20,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 28 хоногийн хугацаатай зээлсэн, хариуцагч үндсэн зээл, зээлийн хүүд нийт 7,860,000 төгрөг төлсөн, мөн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 15,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 4 хоногийн хугацаатай зээлсэн, уг зээлийн төлбөрт 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 15,600,000 төгрөг төлсөн.
Тодруулбал, нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан амаар тохиролцож, хүүтэй мөнгө зээлээд төлж байсан нь тогтоогдсоноос гадна дээрх төлөгдсөн 50,000,000 төгрөг болон 15,000,000 төгрөгийг нэхэмжлээгүй байхад анхан шатны шүүх төлөөд дууссан дүнг төлбөрөөс хасаж тооцсон нь үндэслэлгүй байна.
4.2.Шүүх нэхэмжлэгч ******* нь хуульд зааснаар бусдад мөнгөн зээлийн үйл ажиллагаа явуулах эрхгүй тул хариуцагчаас мөнгө зээлсэн төлбөрт хүүг тооцон нэхэмжлэх нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэнийг хүлээн зөвшөөрч байгаа ба 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр зээлсэн 20,000,000 төгрөгөөс 7,860,000 төгрөг төлж, үлдэгдэл 12,140,000 төгрөгийг төлөөгүй, 2025 оны 01 дүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд нийт 40,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 30,000,000 төгрөг тус тус зээлсэн буюу нэхэмжлэгч *******өөс хариуцагч *******д 90,000,000 төгрөгийг шилжүүлснээр Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна. Шүүх шийдвэртээ хүү тооцох үндэслэлгүй гэж үзсэн атлаа хариуцагчийн дансанд шилжүүлсэн мөнгийг төлүүлээгүй нь үндэслэлгүй.
4.3.Иймд хариуцагч *******ээс 20,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл болох 12,140,000 төгрөг, 40,000,000 төгрөг, 30,000,000 төгрөгөөс 6,500,000 төгрөг төлсөн тул үлдэгдэл 23,500,000 төгрөг, нийт 75,640,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 133,716,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч ...******* нь 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд нийт 105,000,000 төгрөг шилжүүлсэн, миний бие нэхэмжлэгчид нийт 102,945,000 төгрөг буцаан шилжүүлсэн, зөрүү 2,055,000 төгрөгийг эргүүлж өгөхөөр тооцоолол гарч байна... гэж зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.
3.*******, ******* нар нь зээлийн гэрээг амаар байгуулж, ******* нь *******ын эзэмшлийн ХААН банк дахь ******* тоот дансаар дамжуулан 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүүтэй зээл гэх гүйлгээний утгатайгаар 50,000,000 төгрөг, өөрийн эзэмшлийн ХААН банк дахь ******* тоот данснаас 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр baraa 1 гэх гүйлгээний утгатайгаар 13,500,000 төгрөг болон Baraa 2 гэх гүйлгээний утгатайгаар 6,500,000 төгрөг буюу нийт 20,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Baraa 15 гэх гүйлгээний утгатайгаар 15,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Baraa гэх гүйлгээний утгатайгаар 37,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Baraa гэх гүйлгээний утгатайгаар 3,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Baraa 30 гэх гүйлгээний утгатайгаар 30,000,000 төгрөг, нийт 155,000,000 төгрөгийг *******ийн эзэмшлийн ХААН банк дахь ******* тоот дансанд шилжүүлжээ. /хх-ийн 16-18, 28-45, 67-70, 83-84 дүгээр тал/
4.Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ийн хүсэлтээр тохирсон хугацаанд хүүгийн хамт буцаан төлөх нөхцөлтэйгөөр мөнгө шилжүүлэх, хариуцагч ******* нь шилжүүлэн авсан мөнгийг хүүгийн хамт буцаан төлөх үүрэг хүлээсэн харилцаа нь дээр үндэслэж нэхэмжлэгчээс хариуцагчид мөнгө шилжүүлж байсан үйл баримт зохигчийн тайлбар, хэргийн баримтаар тогтоогдсон байх тул зохигчийн хооронд зээлийн гэрээ аман хэлбэрээр байгуулагдсан байна.
5.Дээрх гэрээний дагуу ******* нь өөрийн эзэмшлийн ХААН банк дахь ******* тоот данснаас 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд 1,965,000 төгрөгөөр 14 удаа буюу нийт 27,510,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 27,510,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд 786,000 төгрөгөөр 8 удаа буюу нийт 6,288,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 1,572,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 15,600,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 1,500,000 төгрөг, нийт 84,980,000 төгрөгийг *******ийн эзэмшлийн ХААН банк дахь ******* тоот дансанд шилжүүлжээ. /хх-ийн 16-18, 28-45 дугаар тал/
6.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д байнгын шинжтэй, ашиг олох зорилгоор хүү тогтоож мөнгө зээлдүүлсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоож, үүнтэй холбоотойгоор Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн холбогдох зохицуулалт болон мөн зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй бол хүү авах эрхээ алдах талаарх хуулийн зохицуулалтыг тус тус зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн зээлийн хүү нэхэмжилсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3-т тус тус заасанд нийцжээ.
7.Харин анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ тус бүрд хамаарах зээлийн эргэн төлөлтийн талаар буруу дүгнэж, хариуцагчийн төлсөн төлбөрийг зөв тооцоолж чадаагүйн улмаас нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болжээ.
Тодруулбал, нэхэмжлэгч *******өөс зээлийн гэрээний дагуу 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд нийт 155,000,000 төгрөгийг хариуцагч *******д шилжүүлсэн, хариуцагч нь 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хугацаанд нийт 84,980,000 төгрөг буцаан төлсөн нөхцөл байдал хэрэгт авагдсан дансны хуулгаар тогтоогдож байх тул үндсэн зээлийн үлдэгдэл болох 70,020,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д нийцнэ.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хариуцагч *******ээс зээлийн гэрээний үүрэгт 70,020,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 63,696,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулна.
Энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүй, хариуцагчийн дансанд шилжүүлсэн мөнгийг төлүүлээгүй гэх гомдлын хэсгийг хангах нь зүйтэй.
Харин шүүх төлөөд дууссан зээлийн төлбөрийг шаардаагүй байхад төлөх төлбөрөөс хасаж тооцсон нь үндэслэлгүй гэх агуулгаар гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч нь зээлийн хүү шаардах эрхгүй бөгөөд хариуцагч энэ талаар маргасан байх тул нэхэмжлэгчийн зээлийн хүүд тооцож суутгасан 5,620,000 төгрөгийг зээлийн төлбөрөөс хасаж тооцно.
8.Ийнхүү анхан шатны шүүхийн нэхэмжлэлийн шаардлагаас хангасан үнийн дүнд өөрчлөлт орсонтой холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад мөн зохих өөрчлөлт оруулахаас гадна шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтад үг, үсгийн алдаа гаргасан, тогтоох хэсгийн 2 дахь заалтад нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх агуулгыг тусгаагүй орхигдуулсан техникийн шинжтэй алдаа гаргасан байгааг тус тус залруулна.
Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн 192/ШШ2026/00339 гэх дугаарыг шүүхийн шийдвэрт 192/ШШ2025/00339 гэж бичиж техникийн шинжтэй алдаа гаргасан, түүнчлэн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад хариуцагчаас гаргуулах улсын тэмдэгтийн хураамжийн дүнг буруу тооцсон байгааг дурдаж байна.
9.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 192/ШШ2025/00339 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтын ...дахь... гэснийг дэх гэж, ...31,024,000... гэснийг 70,020,000 гэж, ...нэхэмжлэлээс үлдэх 102,692,000 төгрөгийг... гэснийг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 63,696,000 төгрөгт холбогдох хэсгийг... гэж,
2 дахь заалтын ...Улсын тэмдгийн... гэснийг Улсын тэмдэгтийн гэж, ...826,530 төгрөгийг... гэснийг 826,530 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж гэж, ...391,990... гэснийг 508,050 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 536,150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
Ч.МӨНХЦЭЦЭГ