| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2019/0024/Э |
| Дугаар | 27 |
| Огноо | 2019-07-03 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Сансарбаяр |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 27
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхбатаар тэмдэглэл хөтлүүлэн,
Улсын яллагч Б.С,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Б,
Шүүгдэгч Ц.Р нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр ирүүлсэн 1924000420023 дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, * суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, * боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, * хаягаар оршин суудаг, урьд нь * хянан харгалзаж байсан, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Ц Р /регистрийн дугаар: */.
Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Ц.Р нь 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 13 цагийн үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн Хөгжлийн 1-01-05 тоот хашаанд байрлах С.Э-н гэрт болон хашаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ш.О-тай маргалдаж түүнийг гараараа цохих, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт: 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн “Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл”, хохирогч Ш.О, гэрч Э., С.Э, М.А, Э.Ш, Ч.Т, Г.С, яллагдагч Ц.Р нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 115 дугаартай дүгнэлт, яллагдагч Ц.Р-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоол, яллагдагчийн хувьд оногдох эд хөрөнгийг битүүмжилсэн прокурорын тогтоол, хохирогч Ш.О-ын хүсэлт болон яллагдагчийн хувийн байдлыг тогтоосон бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай бөгөөд тэдгээрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, өөр хоорондоо хамааралтай, шалтгаант холбоотой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.
Шинжлэн судлагдсан 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн “Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл”, хохирогч Ш.О, гэрч Э.Б, С.Э, М.А, Э.Ш, Ч.Т, Г.С, яллагдагч Ц.Р нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 115 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Р нь 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 13 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн Хөгжлийн 1-01-05 тоот хашаанд байрлах С.Э-н гэрт болон хашаанд Ш.Отай маргалдаж, түүнийг гараараа цохих, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь нотлогдож байна.
Иймд Ц.Р-гийн үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Ц.Р-д холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул Ц.Р-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ц.Р-д ял шийтгэл оногдуулахад харгалзан үзвэл зохих хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал, хохирогчид учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан эд хөрөнгийн хохирлыг төлж барагдуулсан болох нь хохирогч Ш.Оын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Эмчилгээний зардал, эм тарианы мөнгө гээд хохиролыг барагдуулж өгсөн...” гэсэн, шүүгдэгч Ц.Р-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Хохиролд 2 сая орчим төгрөг төлсөн. Хохирогчид учирсан бүх хохиролыг төлж барагдуулсан...” гэсэн мэдүүлэгүүд болон хохирогч Ш.О-ын бичсэн “...Ш.О миний бие холбогдогч Ц.Р-аас хохиролоо бүрэн барагдуулж авсан. Одоо надад нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй...” гэсэн хүсэлт зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Ц.Р нь хохирогч Ш.О-т учруулсан хохиролоо сайн дураараа нөхөн төлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авсан байх тул шүүгдэгч Ц.Р-д прокурорын санал болгосон торгох ялыг оногдуулж, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй юм.
Түүнчлэн шүүгдэгч Ц.Р-аас гаргуулах хохирол төлбөр болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгтэд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Ц.Р нь бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүхээс оногдуулах торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож буй учир түүний хувьд оногдох эд хөрөнгийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйд нийцнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Ц.Р-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Р-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Р-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн дотор төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.Р нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтланшүүгдэгч Ц.Р-ийн хувьд оногдох эд хөрөнгийг битүүмжилсэн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 4/11 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
6. Шүүгдэгч Ц.Р нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хохирол төлбөр болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Р-д өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН