Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2026/01008

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Оюунтуяа даргалж, шүүгч Ц.Цэрэндулам, Ч.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 192/ШШ2026/01219 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* ХХК,

 

Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, үйлчилгээний талбайг албадан чөлөөлүүлэх тухай үндсэн, 6,000,000 төгрөг гаргуулах, шударга эзэмшигчийн эд хөрөнгө эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа нэхэмжлэгчийн үйлдлийг таслан зогсоолгох тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Мөнхцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1.******* ХХК нь ******* ХХК-тай 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр түрээсийн гэрээ бичгээр байгуулж, уг гэрээгээр ******* ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1******* хороо, 1 дүгээр хороолол /*******/, ******* гудамж, ******* байрны *******, ******* хаягт байршилтай, 498.43 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө буюу үйлчилгээний талбайг түрээслэхээр тохиролцсон.

1.2.Түрээсийн гэрээ байгуулснаас хойш 1 жилийн дараа манай байгууллага нь үл хөдлөх эд хөрөнгөө худалдан борлуулж бусдад өгөх өглөгөө төлөхөөр болж, хамгийн түрүүнд ******* ХХК-д 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 24/134 тоот албан бичгээр хямдралтай үнээр худалдан борлуулах талаар санал хүргүүлэхэд уг саналаас татгалзсан. Тухайн үеэс ******* ХХК нь манай байгууллагыг үл хөдлөх эд хөрөнгөө бусдад худалдан борлуулах гэж байгааг мэдэж байсан. Гэвч уг үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлөхгүй байсан тул чөлөөлөхийг хүссэн албан бичгийг удаа дараа хүргүүлэхэд түрээсийн гэрээний хугацаа дуусаагүй үндэслэлээр чөлөөлж өгөхгүй байсаар өнөөдрийг хүрсэн.

1.3.Талуудын зүгээс уг түрээсийн гэрээг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлж байгаагүй бөгөөд тус гэрээний 7.7-д заасныг хэн аль нь огт биелүүлээгүй. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4-т тус тус зааснаар түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагыг биелүүлээгүй учир талууд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн, 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл байгуулсан.

1.4.Иймд ******* ХХК болон ******* ХХК-иудын хооронд байгуулагдсан 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, үйлчилгээний талбай болох ******* ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1******* хороо, 1 дүгээр хороолол /*******/, ******* гудамж, ******* байрны *******, ******* хаягт байршилтай, 498.43 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1.******* ХХК болон ******* ХХК-иудын хооронд байгуулагдсан 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн түрээсийн гэрээгээр ******* ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 498.43 м.кв талбайтай үйлчилгээний талбайг түрээслэн гэр ахуйн барааны дэлгүүрийн үйл ажиллагаа явуулж байгаа болно.

2.2.Түрээсийн гэрээний 3.2, 3.2.1-д тус тус зааснаар 1 сарын 15,000,000 төгрөгөөр түрээслүүлэх, 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 2 сарын түрээсийн төлбөрийг дэнчин болох 15,000,000 төгрөгийн хамт нийт 45,000,000 төгрөгийг төлөх, 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн түрээсийн төлбөрийг сар бүр төлөхөөр харилцан тохиролцсон. Мөн тус гэрээний 3.1-д Гэрээний хугацаа 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл нийт 3 жилийн хугацаагаар түрээслүүлнэ. Түрээслүүлэгч тал эхний 1 жилийн хугацаанд аливаа үндэслэлээр өөрийн санаачилгаар түрээсийн гэрээг цуцлах эрхгүй. Цуцлах тохиолдолд түрээслэгч талд 2 сарын түрээсийн төлбөртэй тэнцэх 30,000,000 төгрөгийн торгуулийг төлөх үүрэгтэй болохыг харилцан тохиролцов. гэж заасан. Энэ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасантай нийцсэн.

2.3.Ингээд талууд 1 жил гаруй хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар гүйцэтгэн түрээсийн гэрээ хэрэгжиж байхад ******* ХХК нь түрээсэлсэн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах санал тавьсан ба бид уг саналаас татгалзаж, гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан. Гэтэл 2025 оны 05 дугаар сард албан бичгээр үл хөдлөх эд хөрөнгийг худалдан аваагүй тул түрээсийн талбайг чөлөөлж өгнө үү гэх мэдэгдэл ирүүлсэн нь үндэслэлгүй. ******* ХХК нь манай компанийг уг үл хөдлөх эд хөрөнгийг худалдан аваагүй гэх үндэслэлээр чөлөөлөх хууль бус шаардлага тавьж, үйл ажиллагаа явуулж буй газрын хаалганы тогийг таслуулж компанийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан.

2.4.Манай компани нь уг үл хөдлөх эд хөрөнгийн эзэмших эрхийг шударгаар олж авсан бөгөөд эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд өмчлөгч ******* ХХК хууль бусаар удаа дараа саад учруулсан. Мөн 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр манай түрээсэлж буй үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан гэх иргэн ******* нь 5 хүний хамт ирж, тог таслан 2 хаалга түгжсэн учир 3 өдөр үйл ажиллагаа явуулаагүй ба 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр үйл ажиллагаагаа явуулж байтал ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал *******, иргэн ******* нар нь өмгөөлөгч гэх хүмүүсийн хамтаар ирж дахин тог таслуулан, гарахыг шаардаж, хүч хэрэглэн хаалганы гол дахин сольж цоожлоод манай 1,200,000,000 төгрөгийн үнэ бүхий түргэн муудах хугацаатай болон бусад бараа бүтээгдэхүүнийг түгжиж бидний өмчлөх, эзэмших эрхийг ноцтой зөрчиж байна.

2.5.******* ХХК болон иргэн ******* нар нь Иргэний хуулийн 29******* зүйлийн 297.1-д Эд хөрөнгө хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшилд байгаа эд хөрөнгөө гуравдагч этгээдийн өмчлөлд шилжүүлсэн бол хөлслүүлэгчийн бүх эрх, үүрэг нь гуравдагч этгээд буюу шинэ өмчлөгчид шилжинэ. гэж заасныг зөрчиж байна.

2.6.Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

3.1.******* ХХК нь түрээсийн гэрээний үүргээ биелүүлж түрээсийн төлбөрийг зохих ёcoop төлж байсан тул Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д заасны дагуу түрээсийн хөрөнгийн шударга эзэмшигч мөн юм. Гэтэл манай түрээсэлж буй үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авсан гэх иргэн ******* нь 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ирж тог таслан 2 хаалга түгжсэний улмаас бид 3 өдөр үйл ажиллагаа явуулаагүй. Мөн 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал *******, ******* нар дахин ирж тог таслуулан, хүч хэрэглэж хаалганы гол дахин сольж цоожлоод манай 1,200,000,000 гаруй төгрөгийн үнэ бүхий түргэн муудах хугацаатай болон бусад бараа бүтээгдэхүүнийг түгжсэний улмаас 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс өнөөдрийг хүртэл огт үйл ажиллагаа явуулаагүй. Түрээсийн гэрээний хугацаа дуусаагүй, уг гэрээ хэрэгжсээр байхад ******* ХХК болон иргэн ******* нар нь шударга эзэмшигч болох ******* ХХК-ийн эд хөрөнгө эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байсан тул 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр *******д түрээсийн үл хөдлөх эд хөрөнгийг хүлээлгэн өгсөн.

3.2.Манай компани тус дэлгүүрээс өдөрт 9,659,954.18 төгрөгийн орлого олдог бөгөөд бид дээрх хууль бус үйлдлээс болж 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс мөн оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл 3 өдөр үйл ажиллагаа явуулаагүй 28,979,862.54 төгрөгийн орлогоо алдсан. Түүнчлэн 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл огт үйл ажиллагаа явуулаагүй 9 өдрийн орлого 86,939,587.62 төгрөг байна. Мөн манай компани нь 13 ажилтантай бөгөөд нэг ажилтны өдрийн цалин 48,846.16 төгрөг бөгөөд нийт 13 ажилтны 12 өдрийн цалин 7,620,000 төгрөгийг ажилтнуудад олгосон.

3.3.Манай компани 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 09 дүгээр сарын түрээсийн төлбөрт 15,000,000 төгрөгийг ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал *******ын ХААН банкны ******* тоот дансанд шилжүүлсэн. 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс мөн оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл тог таслан 2 хаалга түгжин 3 өдөр үйл ажиллагаа явуулаагүй учир 1 өдрийн түрээсийн төлбөр болох 500,000 төгрөгөөр тооцон 3 өдрийн түрээсийн төлбөрт 1,500,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс нэхэмжлэл гаргасан мөн оны 10 дугаар сарын 02-ны өдрийг дуустал 9 өдрийн түрээс 4,500,000 төгрөг, нийт 6,000,000 төгрөгийг нэхэмжлэх үндэслэлтэй байна.

3.4.Мөн манай компани нь 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 2 сарын түрээсийн төлбөрт 30,000,000 төгрөг, дэнчин болгон 15,000,000 төгрөг, нийт 45,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн. Түрээсийн гэрээний 3.3-т үүргийн гүйцэтгэлд дэнчинг оролцуулаагүй бол түрээслүүлэгч нь гэрээний хугацаа дуусгавар болсон буюу эд хөрөнгийг хүлээн авсан өдөр түрээслэгч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн тохиолдолд уг дэнчингийн мөнгийг 100 хувь түрээслэгч талд буцаан олгохоор заасан. Манай компани түрээсийн үл хөдлөх эд хөрөнгийг 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээлгэн өгсөн байхад дэнчин болгон өгсөн 15,000,000 төгрөгийг одоог болтол төлөөгүй. Түүнчлэн бид нүүлгэх ажилд 7-8 хоног зарцуулсан бөгөөд ажлын хөлс, хоол, унаа, шатахуун зэрэг зардал их гарсан ба зарим зардлын баримт дутуу бүрдсэн тул баримтаар тогтоогдож буй шатахууны зардалд 266,797 төгрөгийг гаргуулна.

3.5.Иймд анх гаргасан иргэн *******аас дэлгүүрийн үйл ажиллагаа явуулаагүйтэй холбоотойгоор олох ёстой байсан орлогод 115,919,450.16 төгрөг, ажилтнуудын цалинд 7,620,000 төгрөг, нийт 123,539,450.16 төгрөг, хариуцагч ******* ХХК-аас 6,000,000 төгрөг тус тус гаргуулах, шударга эзэмшигчийн эд хөрөнгө эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа нэхэмжлэгч ******* ХХК болон иргэн *******ын үйлдлийг таслан зогсоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч ******* ХХК-аас дэнчин болгон өгсөн 15,000,000 төгрөг, нүүлгэлтийн зардалд төлсөн 266,797 төгрөг, нийт 15,266,797 төгрөг гаргуулахаар нэмэгдүүлж байна гэжээ.

 

4.Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

4.1.Уг сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдохгүй буюу хамт шийдвэрлэгдэхгүй байхад анхан шатны шүүх хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч, улмаар нэхэмжлэгч талд гардуулж буй нь хууль зүйн үндэслэлгүй байна.

4.2.******* ХХК нь эзэмших, ашиглах эрхэд саад болж байгаа үйлдлийг таслан зогсоох, хохиролд 129,539,450.16 төгрөг гаргуулахаар гаргасан сөрөг нэхэмжлэлдээ хариуцагчаар хоёр этгээдийг тодорхойлсон боловч хариуцагчаар тодорхойлсон нэг этгээд нь нэхэмжлэгч биш байх ба нэхэмжлэгч ******* ХХК-аас 6,000,000 төгрөгийг гаргуулж, эзэмших, ашиглах эрхэд саад болж байгаа үйлдлийг таслан зогсоолгох тухай шаардлагын үндэслэл нь тодорхой бус буюу 6,000,000 төгрөг нь хаанаас яаж тооцоологдож гарч ирсэн үнийн дүн болох, энэ нь ямар нотлох баримтаар нотлогдож байгаа нь тодорхой бус, баримтыг нэхэмжлэлд огт хавсаргаагүй байна. Мөн ямар үйлдлээр эзэмших, ашиглах эрхэд саад болж байгаа, үүнийг хэрхэн ямар байдлаар таслан зогсоох зэрэг нь тодорхой бус байна.

4.3.Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь хуульд нийцэх байсан бөгөөд хэрэв хууль зөрчин сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч байгаа тохиолдолд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-д холбогдох зохигчийн байгуулсан 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1******* хороо, 1 дүгээр хороолол /*******/, ******* гудамж, ******* байрны *******, ******* хаягт байршилтай, 498.43 м.кв талбайтай, үйлчилгээний талбайг чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэл болон нэхэмжлэгч ******* ХХК-д холбогдох 6,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 303,150 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,003 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

6.Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

6.1.Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй хэргийг буруу шийдвэрлэсэн.

6.1.1.2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хариуцагчийн гаргасан нэмэгдүүлсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг сөрөг шүүх хүлээн авахаас татгалзсан. Бид иргэн *******д холбогдуулан гаргасан шаардлагаасаа уг үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамт тооцогдохгүй үндэслэлээр татгалзаж, нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдож байгаа үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Гэтэл анхан шатны шүүх хариуцагчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйл, 26 дугаар зүйлийн 26.3-т тус тус заасан сөрөг нэхэмжлэл гаргах эрхийг ноцтой зөрчсөн. Мөн сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийг бидэнд мэдэгдэж, гардуулах ажиллагааг хийгээгүй бөгөөд улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй гэж шүүх хуралдаан дээр дурдсан. Харин манай компани 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр сөрөг нэхэмжлэл гаргахдаа 807,250 төгрөг төлсөн. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйл, 26 дугаар зүйлийн 26.3, 65 дугаар зүйлийн 65.1.11, 65.2-т тус тус заасныг зөрчиж сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.

6.1.2.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагч нь 12 хоног үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон гэх тайлбараа баримтаар нотлоогүй байна. гэжээ. Гэтэл манай компани хэргийг хянан шийдвэрлэж байх явцад нөхцөл байдал өөрчлөгдөн түрээсийн гэрээ цуцлагдсан буюу хариуцагч түрээсийн зүйлийг шинэ өмчлөгч *******д хүлээлгэн өгснийг гэрч *******гийн мэдүүлгээр нотолсон. Харин нэхэмжлэгч тал түрээсийн үл хөдлөх эд хөрөнгийг шинэ өмчлөгч хүлээн аваагүй гэх тайлбараа нотолж чадаагүй.

Мөн хариуцагч талын гаргасан нэхэмжлэгчийн тог таслах, хаалга түгжих зэрэг үйлдлийн улмаас 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс мөн оны 10 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал нийт 12 өдөр үйл ажиллагаа явуулаагүй гэх тайлбарыг нэхэмжлэгч тал эсэргүүцэж мэтгэлцээгүй байтал шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т заасныг шүүх хэрэглээгүй алдаа гаргасан. Өөрөөр хэлбэл, хариуцагч өөрийн тайлбарын үндэслэлээ гэрчийн мэдүүлэг, өөрийн тайлбар зэргээр нотолсон, харин нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ нотлоогүй байхад анхан шатны шүүх хариуцагч тайлбар, татгалзлын үндэслэлээ нотлоогүй гэж хууль буруу тайлбарлан хэрэглэж байгаа нь үндэслэлгүй.

6.2.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр, талууд гэрээг бодитойгоор хэрэгжүүлсэн, хариуцагч гэрээний үүргээ зөрчөөгүй байна гэж зөв дүгнэсэн атлаа уг хэсгийн 11-д нэхэмжлэгч түрээсийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж дуусгавар болгох эрхгүй тул түрээсийн зүйлийг чөлөөлүүлэх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй болжээ. гэжээ. Гэтэл нэхэмжлэгч түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах шаардлага гаргасан. Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10******* зүйлийн 107.2-т зааснаар хариуцагч тал түрээсийн гэрээ цуцлагдсан, түрээсийн зүйлийг шинэ өмчлөгчид чөлөөлж өгсөн гэх тайлбар гаргаж, уг тайлбараа гэрч *******гийн мэдүүлгээр нотолсон байхад маргааны үйл баримтыг шүүх буруу дүгнэсэн.

Мөн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох, гэрээ цуцлах зэрэг нь эрх зүйн өөр өөр үр дагавар үүсгэдгийг шүүх нотлох баримтад үндэслэн зөв шийдвэрлээгүй. Нэхэмжлэгч түрээсийн талбайг чөлөөлж хүлээлгэн өгсөн байхад талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр байх нь хариуцагчид ашиггүй, ямар нэгэн үр дагавар үүсгэхгүй, гэрээ хэрэгжих боломжгүй, нэхэмжлэгч болон шинэ өмчлөгч ******* нар хариуцагчийг уг талбайд дахин үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөхгүй тул гэрээний харилцаа үргэлжлэх бодит боломжгүй талаарх хариуцагчийн тайлбарт шүүх огт дүгнэлт хийгээгүй буюу маргааны үйл баримтыг буруу дүгнэсэн. Гэрээ байгуулахдаа дэнчин болон түрээсийн төлбөрөө төлчхөөд үйл ажиллагаа явуулж чадаагүй, улмаар гэрээ цуцлагдсан ба төлбөрт төлсөн мөнгөн хөрөнгөөр нэхэмжлэгч хөрөнгөжих боломжгүй байхад шүүх дээрх бодит нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийгээгүйн сацуу хэрэгт цугларсан нотлох баримт маргааны үйл баримттай харьцуулж дүгнэлт хийж чадаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т заасныг зөрчсөн.

6.3.Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд нийцүүлэн зөв үнэлээгүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 11-д хариуцагч нэхэмжлэгчийн буруутай үйлдлийн улмаас 12 хоног үйл ажиллагаа явуулах боломжгүй болсноо баримтаар нотлоогүй, гэрч мэдүүлгийн эх сурвалжаа тодорхойлж чадаагүй тул 6,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй талаар дүгнэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус заасныг үндэслэн хариуцагч тал гэрээ цуцлагдсан, түрээсийн талбайг чөлөөлсөн, 12 өдөр үйл ажиллагаа явуулаагүй, нүүлгэлтийн зардал гарсан зэрэг үйл баримтыг мэдэж байгаа *******г гэрчээр асуусан ба мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д зааснаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч нь байж болох бөгөөд зөвхөн үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг хүлээдэг. Харин гэрч мэдүүлгийн эх сурвалжийг тодорхойлно гэх хууль зүйн ойлголт байхгүй төдийгүй шүүх ойлгомжгүй, хуульд байхгүй ойлголт, нэр томьёог хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ноцтой алдаа гаргасан.

Хариуцагч талын гаргасан ******* ХХК нь хэвийн үйл ажиллагаа алдагдуулсны улмаас үйл ажиллагаа явуулаагүй байсаар 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр шинэ өмчлөгч гэх иргэн *******д түрээсийн үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлөн хүлээлгэн өгсөн, үйл ажиллагаа явуулаагүй нийт 12 өдрийн түрээсийн төлбөр, дэнчин болгох 15,000,000 төгрөгийг буцаан аваагүй гэх тайлбар, холбогдох нотлох баримтуудыг анхан шатны шүүх огт үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т тус тус заасныг ноцтой зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хариуцагчийн тайлбар болон гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар ******* ХХК түрээсийн зүйлийг уг хөрөнгийн шинэ өмчлөгч иргэн *******д хүлээлгэн өгсөн нь тогтоогдож байгааг анхаарч эрх зүйн дүгнэлт хийгээгүй.

6.4.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

7.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

7.1.Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д заасан шаардлагыг хангаагүй. Анхан шатны шүүх уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авсан нь буруу бөгөөд хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх ёстой байсан. Учир нь хариуцагч нэхэмжлэгчид хамааралгүй бусад этгээдэд холбогдуулж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд зааснаар бүрдүүлбэр хангаагүй.

Гэтэл анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч, нэхэмжлэгчид гардуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх бус хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэх ёстой байсан.

7.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүх маргааны үйл баримтын талаар бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Хариуцагч түрээсийн зүйлийг нэхэмжлэгчид хүлээлгэж өгсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй. Анхан шатны шүүх хуралдаанд гэрч хариуцагчийг үйл ажиллагаа явуулаагүй гэж мэдүүлдэг. Гэхдээ хариуцагч нь ямар нэгэн нөхцөл байдлаас шалтгаалж хэд хоногийн хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй талаарх баримт хэрэгт авагдаагүй. Тухайн үйл баримттай холбоотойгоор сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа холбогдох баримтыг гаргаж өгсөн тохиолдолд шүүх уг асуудлыг шийдвэрлэх боломжтой. Иймд анхан шатны шүүх хуульд заасны дагуу үйл ажиллагаа явуулаагүй мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

7.3.Хариуцагч үйл ажиллагаа явуулаагүй 12 хоногийн түрээсийн төлбөрт 6,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулж байгаагүй болох нь нотлогддог. Мөн хариуцагч нь зарим сарын түрээсийн төлбөрийг дутуу төлсөн нь түүний гаргаж өгсөн баримтаар харагддаг. Энэ талаарх холбогдох нотлох баримтыг нэхэмжлэгч гаргаж өгөх боломжгүй учир энэ талаар шаардлага гаргаагүй. Нэхэмжлэгч хариуцагчтай байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, түрээсийн зүйлийг чөлөөлүүлэхээр шаардлага гаргасан.

7.4.Иймд хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2.Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан талуудын хооронд байгуулагдсан 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, ******* ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1******* хороо, 1 дүгээр хороолол /*******/, ******* гудамж, ******* байрны *******, ******* хаягт байршилтай, 498.43 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө буюу үйлчилгээний талбайг чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгч ******* ХХК болон иргэн *******д холбогдуулан нэхэмжлэгч ******* ХХК-аас 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс мөн оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүртэл үйл ажиллагаа явуулаагүй нийт 12 өдрийн түрээсийн төлбөрт урьдчилан төлсөн 6,000,000 төгрөг, иргэн *******аас дэлгүүрийн үйл ажиллагаа явуулаагүйтэй холбоотойгоор олох ёстой байсан орлогод 115,919,450.16 төгрөг, ажилтнуудын цалинд 7,620,000 төгрөг, нийт 123,539,450.16 төгрөгийг тус тус гаргуулах, шударга эзэмшигчийн эд хөрөнгө эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа нэхэмжлэгч ******* ХХК болон иргэн *******ын үйлдлийг таслан зогсоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргасан, улмаар хариуцагч нь иргэн *******д холбогдох шаардлагаасаа татгалзжээ.

 

3.Анхан шатны шүүх маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

3.1.Хариуцагч ******* ХХК нь 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр түрээсэлсэн үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж шинэ өмчлөгч *******д хүлээлгэн өгсөн гэж тайлбарласан, гэрч ******* худалдан авсан *******д 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээлгэж өгсөн, одоо үйл ажиллагаа явуулаагүй байгаа талаар мэдүүлсэн боловч нэхэмжлэгч ******* ХХК нь түрээслүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг хүлээж аваагүй гэж маргасан байхад анхан шатны шүүх бодит байдал дээр тухайн түрээсийн үл хөлдөх эд хөрөнгийг чөлөөлөгдсөн эсэхийг тогтоохгүйгээр уг шаардлагын талаар дүгнэлт хийсэн нь буруу болсон.

Өөрөөр хэлбэл, энэ талаар талуудаас тодруулах, талуудыг мэтгэлцүүлэх шаардлагатай байжээ.

3.2.Мөн анхан шатны шүүх шийдвэрийн тодорхойлох хэсэгт хариуцагч ******* ХХК-ийн иргэн *******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон нэхэмжлэгч ******* ХХК-д холбогдох түрээсэлсэн үл хөдлөх эд хөрөнгөд үйл ажиллагаа явуулахад саад учруулж байгаа нэхэмжлэгчийн үйлдлийг таслан зогсоолгохоор гаргасан хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар тус тус тодорхойлж бичсэн боловч иргэн *******д холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталсан, нэхэмжлэгч ******* ХХК-д холбогдох түрээсэлсэн үл хөдлөх эд хөрөнгөд үйл ажиллагаа явуулахад саад учруулж байгаа нэхэмжлэгчийн үйлдлийг таслан зогсоолгох тухай шаардлагын талаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хууль зүйн дүгнэлт хийж шийдвэрлээгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т нийцээгүй.

3.3.Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгч ******* ХХК болон иргэн *******д нарт холбогдуулан дээрх сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба анхан шатны шүүх хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн *******д холбогдох шаардлагыг хүлээн авахаас татгалзах байтал хүлээн авч, улмаар хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд иргэн *******д холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасанд нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл, хэргийн зохигч биш этгээдэд холбогдох шаардлагыг шүүх шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болжээ.

 

4.Харин сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзахдаа хариуцагчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйл, 26 дугаар зүйлийн 26.3-т тус тус заасан эрхийг ноцтой зөрчсөн, хүлээн авахаас татгалзсан захирамжийг мэдэгдэж, гардуулаагүй гэх хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авахгүй.

Учир нь хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгч ******* ХХК-аас дэнчин болгон өгсөн 15,000,000 төгрөг, нүүлгэлтийн зардалд төлсөн 266,797 төгрөг, нийт 15,266,797 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ мөнгөн төлбөрийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамжийг анх сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийг илүү төлсөн гэх үндэслэлээр төлөөгүй гэх боловч хариуцагч нь анх сөрөг нэхэмжлэл гаргахдаа нийт 129,539,450.16 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлдээ тохирсон улсын тэмдэгтийн хураамж төлсөн байх тул илүү төлсөн гэж үзэхгүй.

Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 192/ШЗ2026/05683 дугаар захирамжаар хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д заасныг зөрчөөгүй байна.

 

5.Иймд дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх, залруулах, хэрэгт цугларсан баримтын хүрээнд маргааны үйл баримтыг бүрэн тогтоож, хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 192/ШШ2026/01219 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 262,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Н.ОЮУНТУЯА

 

ШҮҮГЧИД Ц.ЦЭРЭНДУЛАМ

 

Ч.МӨНХЦЭЦЭГ