| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2016/01198/И |
| Дугаар | 01316 |
| Огноо | 2016-11-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 01316
2016 оны 11 сарын 01 өдөр Дугаар 142/ШШ2016/01316 Орхон аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1968 онд төрсөн, 48 настай, эмэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн 3-6-124 тоотод оршин суух Аюуш овгийн Даваанямын Энхцацралын /регистрийн дугаар ФБ68123128/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1986 онд төрсөн, 30 настай, эмэгтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-9-19 тоотод оршин суух Борлууд овгийн Цэрэнжавын Шижиртуяад /регистрийн дугаар ОО86020268/ холбогдох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 1 880 500 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Энхцацрал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Энхцацрал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Д.Энхцацрал нь 2016.05.06-нд Ц.Шижиртуяагийн өөрийн нь хүсэлтээр 1.494.000 төгрөг сарын хугацаатай сарын 8% хүүтэй зээлж цалингийн VISA картыг барьцаалж зээлийн гэрээ байгуулж тохиролцсон. Сарын дараа Шижиртуяагийн цалинг авах гэтэл мөнгө байгаагүй. Өөрөөс нь асуухад би энэ сар өвчитэй байгаад цалин ороогүй гэсэн. Дахин нэг сар хүлээж цалин буух үеэр нь VISA-г шалгахад мөнгө ороогүй байсан. Шижиртуяагийн утас руу залгахад утас нь холбогдохгүй байсан. Ажил руу нь залгаж асуухад ээлжийн амралтаа авсан гэсэн 2 хоногийн дараа утасруу нь залгахад би Дарханд байна ирээд уулзъя гэсэн боловч одоог хүртэл уулзаагүй утас руу нь залгахад дуудаад авахгүй байсан. Иймээс Шижиртуяагаас үлдсэн мөнгө 1.494.000 төгрөг, түүний хүү 3 сар, 7 хоногийн 386.500 төгрөг нийт 1.880.500 төгрөгийг гаргуулан өгч туслана уу. жич: Алданги тооцон авахгүй” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Энхцацрал нь зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг үндэслэн хариуцагч Ц.Шижиртуяагаас гүйцэтгээгүй үүргийн дүн 1 880 500 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Д.Энхцацралаас хариуцагч Ц.Шижиртуяа нь 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 1 494 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 8% хүүтэй зээлсэн нь 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээ, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд “...2016 оны 05 дугаар сарын 06-нд Ц.Шижиртуяагийн өөрийн нь хүсэлтээр 1.494.000 төгрөг сарын хугацаатай сарын 8% хүүтэй зээлж цалингийн VISA картыг барьцаалж зээлийн гэрээ байгуулж тохиролцсон. Зээлсэн мөнгөнөөс буцааж өгөөгүй. VISA картанд нь мөнгө орж ирээгүй.Иймээс Ц.Шижиртуяагаас үндсэн зээл 1.494.000 төгрөг, 3 сар, 7 хоногийн хүү 386.500 төгрөг нийт 1.880.500 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцсон.
Хариуцагч Ц.Шижиртуяад 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэлийн хувь гардуулж нэхэмжлэлтэй холбоотой хариу тайлбарыг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор ирүүлэхийг мэдэгдэж, эрх үүрэг танилцуулсан боловч хариуцагч нь нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй.
Мөн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 16 цаг 00 минутад шүүх хуралтайг мэдэгдсэн боловч хариуцагч Ц.Шижиртуяа нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй.
Хариуцагч нь нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, мөн шүүх хуралдааны тов мэдэгдэхэд шүүхэд ирж тайлбар өгөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийг байлцуулахгүйгээр түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Д.Энхцацралаас тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 45 400 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ц.Шижиртуяагаас 45 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Шижиртуяагаас 1 880 500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Энхцацралд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 45 400 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 45 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА