Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 32

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж,

Улсын яллагч Ч.Алтансүх,

Шүүгдэгч М.П,

 Нарийн бичгийн дарга С.Энхбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт М-ийн Пд холбогдох эрүүгийн 1924000490025 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *******,*******,*******,*******, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл-7, эхнэр, хүүхэд, ээж, эмээ, дүү нарын хамт амьдардаг. З******* оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, /*******/ регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхтэй, Т овогт М-ийн П Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүгдэгч М.П нь 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 06 дугаарсарын 03-нд шилжих шөнө 23 цагийн орчим Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Д.Лын эзэмшлийн хашаанд Н.Отэй “Харанхуй бүрийд хүүхдээ битгий уйлуулаад бай, эхнэр хүүхдээ аваад гэртээ харь гэж хэллээ” гэсэн үл ялих зүйлээр шалтаглан түүний толгойн тус газар гараараа цохиж, нуруу хэсэгт нь 1 удаа өшиглөн эрүүл мэндэд нь хөнгөн хөнгөн хохирол учруулсан хэрэг үйлдсэн болох нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хууль заасан үндэслэл журмын дагуу авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч Н.Оийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 02-ны орой 22 цагийн орчимд би гэртээ нөхрийн хамт байсан. Манай хүүгийнх манайхтай 1 хашаанд айл байдаг. Гэтэл манай хашаанд гадаа хүмүүс орилж хашгираад байхаар нь гараад хартал харанхуй бүрий болсон байсан М.П манай хүүгийн гэрээс эхнэрээ чирч гаргаад хүүхэд нь уйлаад байхаар нь Би М.Пд чи харанхуй бүрий болсон байхад хүүхдээ битгий уйлуулаад бай гэж хэлсэн. Тэгсэн М.П надад хандаж чи миний эхнэр хүүхдийг бузрын хашаанд дуудлаа гэж хэлээд хүүхдээ тэврээд эхнэрийнхээ араас хашаанаас гараад явахаар нь хашааныхаа хаалгаа хаахдаа М.П “Чи эхнэр хүүхдээ аваад харь, битгий харанхуй бүрийгээр хүүхдээ уйлуулаад бай” гэж хэлсэн чинь “Чамд ямар хамаатай юм гичий жингэр минь чамайг алчихна шүү” гэхэд нь “Алахгүй юу” гэж хэлээд би хашааныхаа хаалгыг дотроос нь банзаар тэвхэлж цоожилчхоод гэрлүүгээ орох гээд явж байтал М.П хашааны хаалгыг тэвхэлсэн банзыг хуга татаад хашааны хаалгаар орж ирээд энэ балай авгайг алчихъя гээд үсдэж гараараа татаж унагаагаад толгой руу гараараа хэд хэдэн удаа цохиж, дараа нь нуруу хэсэг рүү өшиглөсөн. Намайг боссон чинь нуруу хэсэг рүү модоор цохиж унагаагаад ингээд алчихъя гээд байсан. Миний нуруу руу модоор цохиж унагаачихаад явчихсан дахиж ирээгүй. М.П нь миний хохирлыг барагдуулсан. Надад одоо гомдол санал байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-8,68-р хуудас/

 Гэрч А.А-лын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 02-нд гадуур ажлаар явж байтал манай найз Пүрэвцэрэн утсаар холбогдож найзыгаа ирээд авчих би танайд очих гэсэн юм гэж хэлсэн. Тэгэхэд Пүрэвцэрэн хадам ээжийндээ байсан. Тэгээд би такси барьж очиж аваад гэртээ очсон. Найздаа хоол цай хийж өгч идэж дуустал Пүрэвцэрэн одоо найз харилаа гээд яриад байж байтал манай хашааны үүдэнд машин ирж зогсох чимээ гарахаар нь гэрээсээ гарсан. Тэгтэл М.П хашааны хаалгаар орж ирчихсэн зогсож байснаа эхнэрээ авчих уу гэхээр нь би гэртээ ор гэж хэлсэн. М.П чи яагаад хүрээд ирсэн юм маргааш цуг очьё гэж хэлээд байхад ганцаараа ирлээ гээд эхнэрийнхээ толгой руу гараараа цохихоор нь би “чи болиоч” гэж хэлсэн чинь М.П чамд ямар хамаатай юм пизда минь гээд толгой руу гараараа цохихоор нь би хүүхдүүдээ гэрээсээ авч гараад дэлгүүр орчихоод буцаад гэртээ ирсэн. Тэгтэл манай хадам ээжийг зодсон байсан. Би хадам ээжийг цохиж зодож байхын хараагүй. М.П манайд эхнэртэйгээ үлдсэн. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6-р хуудас/

Гэрч Д.Лын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 02-ны орой манай хүүгийн найз болох М.Пын эхнэр манай хүүгийнд ирсэн байсан. Тэгээд 23 цагийн үед М.П эхнэрээ авахаар ирэхэд манай эхнэр гэрээсээ гарсан юм. Удалгүй гадаа хүмүүс чанга дуугараад байхаар нь гэрийнхээ үүднээс хартал манай эхнэр хашааны үүднээс ирээд гэртээ орсон. Тэр үед эхнэрийн толгой хавдсан өөрөө ярихдаа толгой өвдөөд байна гэхээр нь эмч дуудаж мөн цагдаагийн байгууллагад утсаар хэлсэн юм....” гэх мэдүүлэг /хх-ийн 43-р хуудас/

Завхан аймгийн шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 000000116 дугаартай: “Иргэн Н.Оийн тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Тархи доргилт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 26-27-р хуудас/ зэрэг нотлох баримтууд болно. Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүй, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

Иймд М.Пын үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ. Шүүгдэгч М.Пд холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул М.Пыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

  Шүүгдэгч М.Пын дээрх үйлдэлд Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зүйлчлэл тохирсон, түүний үйлдлийн улмаас хохирогч Н.Оийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч М.Пыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх гэрч Б.Баатарцогтын “... М.П нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багт эхнэр Пүрэвцэрэн хүүхдийнхээ хамт амьдардаг. Эхнэр нь Мобиком компанид борлуулалтын ажил хийдэг. М.П нь иргэд, найз нөхдийн дунд нэр хүнд сайтай залуу байдаг. Үндэсний бөхөөр хичээллэдэг. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн байхыг хараагүй. Тамхи татдаггүй гэр бүлдээ хайр халамжтай нэгэн. Бусдад их тусархуу залуу...”, Гэрч Ц.Ганболдын “...М.П нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ДарханУул багт эхнэр Пүрэвцэрэн хүүхдийнхээ хамт амьдардаг. Эхнэр нь Мобиком компанид борлуулалтын ажил хийдэг. М.П нь иргэд, найз нөхдийн дунд нэр хүнд сайтай залуу байдаг. Үндэсний бөхөөр хичээллэдэг. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн байхыг хараагүй. Тамхи татдаггүй гэр бүлдээ хайр халамжтай нэгэн. Бусдад их тусархуу залуу...”гэсэн мэдүүлгүүд, Сум дундын 13 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 08 дугаар шийтгэх тогтоолын хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудыг шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон, хэрэгт ач холбогдолтой нотлох баримт гэж үзэн үнэлж шийдвэрлэсэн болно.

Яллагдагч М.П мөрдөн шалгах ажиллагааны явцад: “...2019 оны 6 дугаар сарын 02-ны өдөр найз болох Амарсайханыхаас эхнэр хүүхдээ авах гэж такси барьж очсон. Тэр үед эхнэрээ айлд хэлэлгүй очлоо гээд маргаад байж байтал Н.О эгч гэрээсээ гарч ирээд харанхуй шөнө хүүхэд уйлууллаа гэхээр нь архи уусан байсан учраас чамд ямар хамаатай юм бэ? гэж хэлээд гарч явахдаа уур хүрээд буцааж хаалгыг нь өшиглөж ороход намайг архичин, гуйлгачин гээд байхаар нь гараараа толгой хэсэгт нь цохисон. Тэгээд Н.О эгч гэрлүүгээ орсон. Би хашаанаас нь гараад эхнэр хүүхэдтэйгээ гэртээ харьсан. Миний бие дээрх хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн хохирлыг барагдуулсан учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх үр дагаврыг ойлгож байна. Гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байна, торгох ял оногдуулж өгнө үү...” гэв. гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул шүүх түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч М.Пд холбогдох эрүүгийн хэргийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тус шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхийг хүссэн хүсэлтээ бичгээр ирүүлсэн байна.

Иймд шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа “...Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, учруулсан хохирлыг нөхөн төлсөн , шүүгдэгчийн хувийн байдал зэргийг эрүүгийн хариуцлагын “хөнгөрүүлэх” болон “хүндрүүлэх” нөхцөл байдалд тус тус тооцож, түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэлээ. Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 36.7 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Т овогт М-ийн Пыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Пыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Пд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 24 сарын дотор төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М .Пд нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг 15 нэгжтэй тэнцэх төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч М.Пын хувьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

6. Шүүгдэгч нь хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Ж.ОТГОНХИШИГ