Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2026/01096

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, шүүгч М.Баясгалан, Ч.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 197/ШШ2026/06529 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* ХХК,

Хариуцагч: *******-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: гэрээний үүрэгт 10,204,000 төгрөг гаргуулах тухай тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Мөнхцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2.Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******-т холбогдуулан Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 25/77 дугаар тогтоолоор *******-т нэгтгэн өөрчлөн байгуулах шийдвэр гарч, үйл ажиллагаа нь зогссон Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвд нийлүүлсэн эм барааны үлдэгдэл төлбөрт 10,204,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч ...Элэг судлалын төвийг шилжсэнтэй холбоотой гарсан ажлын хэсгийн актад худалдан авах ажиллагаатай холбоотой гэрээ, санхүүгийн баримтууд байхгүй, *******-ын зүгээс нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхолд ямар нэгэн хохирол учруулаагүй, Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн 2024 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайланд ******* ХХК-аас ямар нэгэн эм худалдаж авсан, эмийн өглөгтэй талаар огт дурдаагүй, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу гэрээ байгуулагдаагүй... гэж маргажээ.

3.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үнэлж, шийдвэрийн үндэслэл болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

3.1.Зохигч нь маргааны үйл баримтад холбогдох нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т тус тус заасан шаардлагыг хангасан хэлбэрээр гаргаж өгөх үүрэгтэй.

Өөрөөр хэлбэл, маргааны зүйл болох тооцооны үлдэгдлийн баталгаа, эрх үүрэг шилжсэнтэй холбоотой Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол, Нийслэлийн Засаг даргын захирамж, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын тушаал, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын хүлээлцсэн акт, Нийслэл дэх Төрийн аудитын газрын санхүүгийн аудитын тайлан зэрэг баримт нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт байна. Эдгээр баримтыг нэхэмжлэгч, хариуцагч байгууллага гаргаж өгөх боломжтой бөгөөд уг баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх, эсвэл нотлох баримтын шаардлага хангуулсан байдлаар холбогдох төрийн байгууллагаас гаргуулах хүсэлт гаргах зэргээр нотлох баримт цуглуулах боломжтой.

3.2.Гэтэл хавтаст хэргийн 35, 37-39, 49-102 дугаар талд авагдсан, нэхэмжлэгч, хариуцагч талын гаргаж өгсөн дээр дурдсан баримтууд хуулбар хувь байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэхгүй.

Энэ тохиолдолд шүүх нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь буруу бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно. гэж заасан зохицуулалтыг анхаараагүй байна.

4.Ийнхүү нотлох баримт гаргаж өгөх, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөний улмаас нотлох чадвараа алдсан дээрх баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д нийцэхгүй.

5.Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх, залруулах, хэрэгт авагдсан баримтын хүрээнд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 197/ШШ2026/06529 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 178,214 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Ч.МӨНХЦЭЦЭГ