Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 135/2017/00013/и |
Дугаар | 001/ХТ2018/00071 |
Огноо | 2018-01-11 |
Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 001/ХТ2018/00071
“Ш Г”ХХК-ний нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 604 дугаар шийдвэр,
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 112 дугаар магадлалтай,
“Ш Г”ХХК-ний нэхэмжлэлтэй
Б.Мт холбогдох
Түрээсийн төлбөр, алданги, хохирол нийт 26 285 500 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, хохирол 17 226 600 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч Б.М, түүний өмгөөлөгч Н.Б нарын гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.
Нэхэмжлэгч “Ш Г”ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Өлзиймаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.М нь “Ш Г” ХХК-тай 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 2016/04 дугаартай тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ, 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 2016/04 дугаартай тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээнд хавсралт 1-ээр ажиллах цаг, төлбөр тооцоонд өөрчлөлт оруулан Daewoo Solar 300 LC-V экскаваторыг 3 сарын хугацаанд байгалийн нөхөн сэргээлтэнд ашиглана хэмээн түрээслэсэн. Daewoo Solar 300 LC-V эксковаторын 2016 оны 08 дугаар сарын 15-наас 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх сарын түрээс 21.000.000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 15-наас 2016 оны 11 дүгээр сарын 10-ныг дуусталх хугацааны түрээс 16.000.000 төгрөг байхаар харилцан тохиролцсон. Хариуцагч 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд 22 өдөр ажилласны 15.400.000 төгрөгийн түрээсийн төлбөр төлөхөөс 15.190.000 төгрөгийн төлбөр төлж, 210.000 төгрөг төлөгдөөгүй. 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг дуусталх хугацаанд 49 өдөр ажилласны 28.000.000 төгрөгийн түрээсийн төлбөр төлөхөөс 16.350.000 төгрөгийн түрээсийн төлбөр төлж, 11.350.000 төгрөгийн түрээсийн төлбөр төлөөгүй болно. Гэрээний 7.5, 7.6 дахь заалтыг тус тус зөрчиж, нийт түрээсийн төлбөрийн үлдэгдэл 11.560.000 төгрөгийг барагдуулаагүй болно. Мөн гэрээний 6.1 дэх заалтыг зөрчин 2016 оны 10 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө ажиллаад, мөн жолоодох эрхийн үнэмлэхгүй хүнээр газар ухуулснаас эксковаторыг явахын редуктор гэмтэж, 4 хоног ажилд гараагүй. 2016 оны 11 дүгээр сарын 30-ны оношлуулахад ихээхэн эвдрэл гэмтэл гарсан бөгөөд хуучин хэрэглэж байсан сэлбэг хэрэгсэл худалдаж авахад 7.353.000 төгрөг, засварын ажлын хөлс нь 1.750.000 төгрөг буюу нийт засварын хөлс нь 9.103.000 төгрөг байна. Гэрээний 7.8-д заасны дагуу алданги тооцож, эхний сарын түрээсийн төлбөрөөс дутуу 210.000 төгрөгийн алданги 56.700 төгрөг, сүүлийн сарын түрээсийн төлбөрөөс дутуу 11.350.000 төгрөгийн 36 хоногийн алданги 1.225.800 төгрөг, нийт 1.282.500 төгрөгийн алданги нэхэмжилж байна. Иймд иргэн Б.Маас түрээсийн төлбөрийн үлдэгдэл 11.560.000 төгрөг, түрээсийн төлбөрийн нэмэгдсэн өртгийн албан татварын дүн 4.340.000, алданги 1.282.500 төгрөг, эксковаторын засварын зардал 9.103.000 төгрөг буюу нийт 26.285.500 төгрөг гаргуулж өгнө үү. Мөн гэрээний 7.8-д зааснаар төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тул алдангийн хэмжээг нэмэгдүүлж 4.497.500 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.
Хариуцагч Б.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс эхлээд “Ш Г” ХХК-аас Дево 300 маркийн эксковаторыг “Ш Г” ХХК-ийн захирал Амартүвшинтэй 1 сарын түрээсийн гэрээ хийж Сэлэнгэ аймгийн Могойтын ам гэдэг газар ашиглахаар авч явсан. Цаг хугацааны хувьд миний хийж байсан ажил оройтсон. Эхний гэрээ 21 сая буюу 400 мото цагаас хэтрүүлэхгүйгээр ажиллуулна гэрээ хийсэн юм. Тэгээд сарын дараа түрээсийн төлбөрийг сарын 16 сая буюу 280 мото цагаар түрээслэнэ гэж гэрээний нөхцөлөө өөрчилсөн. Эксковатор 81-82 хоног ажиллах ёстой байсан боловч миний хувьд 60-61 хоног болсон гэж тооцож байгаа юм. Мөн 1000 мото цагаар ажиллах ёстой гэж тооцож авсан. Энэ цагаас 680 мото цаг ажилласан байдаг. Би төлбөрт 31.728.000 төгрөг бэлнээр өгсөн. Баримтаар нотлохгүй төлбөрүүд бас байдаг. Энэ төлбөр нь О.Өлзиймаагийн хувийн данс руу шилжүүлсэн нь баримтаар нотлогдоно. Цаг хугацааны байдал шахуу байсан эксковатор олдохгүй байсан учраас энэ компанитай түрээсийн гэрээ байгуулсан. Энэ компанид тохирох хэмжээний төгрөг төлсөн гэж бодож байна. Гэтэл надаас илүү мөнгө нэхэмжилсэн. Мөнгийг хувийн дансаар авсан учраас нэмэгдсэн өртгийн албан татвар нэхэмжлэх эрхгүй. Техникийн бүрэн гүйцэд байдлыг нэхэмжлэгч тал хариуцах ёстой гэж гэрээнд заагдсан байгаа тул засварын зардлыг нэхэмжлэх эрхгүй юм. Нийт 1000 мото цаг ажиллах ёстой байсан боловч 680 мото цаг ажилласан. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагч Б.М шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ш Г”ХХК-тай байгуулсан гэрээний дагуу экскаватор түрээслэсэн. 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс ажил дуустал манайхаас шалтгаалахгүй техник 20 хоног сул зогссон. Манай үйл ажиллагаа улирлын чанартай, хүйтнээс өрсөж ажиллах хугацаатай ажилд 20 хоногийн сул зогсолт бол их боломжоо алдаж байгаа юм. Энэ алдагдсан боломжийг зөвхөн техникт зарцуулсан шатахуун, түрээст төлсөн үнийн дүнгээр хязгаарлаж, багаар тооцоход үнэлгээчин өдөрт 861.330 төгрөг гэж үнэлсэн байна. Дээрх 2 тооцооноос гадна уг техникийг тээврийн хөлс 4 сая төгрөг, шатахуун хийнэ. Алдагдсан боломж 17.226.600 төгрөг “Ш Г” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “Ш Г”ХХК-иас шүүхэд гаргасан болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Өлзиймаа шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Түрээсийн гэрээний 4.3-т техник хэрэгслийн сул зогсолтын хугацаанд алдагдсан үйлдвэрлэлийн хохирлыг түрээслэгч хариуцахгүй гэж заасан тул нэхэмжлэгч Б.Мын нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 604 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Маас 22.092.401 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Ш Г”ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 8.642.299 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн 17.226.600 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Ш Г”ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 376.310төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Маас 268.412 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Ш Г”ХХК-нд олгож, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242.636 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 112 дугаар магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 604 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг: “Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Маас 17.939.068 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Ш Г” ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 12.795.632 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн 17.226.600 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж Шийдвэрийн 2 дахь заалтыг: “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Ш Г” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 376.310 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Маас төгрөг 247.645 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Ш Г” ХХК-д олгож, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242.636 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй” гэж өөрчилж бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 61.214 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагч Б.М, түүний өмгөөлөгч Н.Б нар хяналтын гомдолдоо: Дархан -Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017-09-08-ны 112 дугаартай магадлалыг эс зөвшөөрөн гомдол гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх “Ш Г” ХХК-д учирсан хохирол гэж 7 353 000 төгрөг гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Түрээсийн гэрээний 5.2-т ..эвдрэл гэмтэлтэй бол түрээслэгч талаас нэхэмжилнэ гэж тусгасан. Нэхэмжлэгчийн нотлох баримтаас үзэхэд ямар ч техникт хийдэг урсгал засвар оношлогоо гэдэг нь тодорхой байна. Тэр техникийг эхнээсээ акт үйлдэж хүлээж аваагүй ба буцааж өгөхөд хэвийн ажиллаж байсан. Тэгээд ч уг техникийг тэдний өөрийн нь оператор жолоодож явсан. Манай буруугаас болсон гэмтэл байхгүй гэдгийг мэдэж байгаа. Гэрээний 4.5-д түрээслүүлэгч техник хэрэгсэлд урьдчилан сэргийлэх техник үйлчилгээг өөрийн зардлаар хариуцна гэж байгаа. Үнэхээр манай буруугаас болсон эвдрэл гэмтэл байсан бол дуудаад үзүүлж болох л байсан. Би техникийг ачуулж өөрийн нь операторчинд өгөөд эрүүл мэндийн байдлаас болоод очиж чадахгүй нь гэдгээ хэлсэн. “Ш Г”техникийнхээ урсгал засварыг надаар төлүүлэх гэж байгаа нь хэтэрхий жудаггүй байна гэж бодож байна. Тэр техникийн зогсолтоос болж би хичнээн цаг хугацаа боломжоо алдсаныг тэд мэдэж л байгаа. Операторчин нь хүртэл цалингаа аваагүй гээд ажлаа хийж өгдөггүй би цаг хугацаатай ажил болохоор хувиасаа мөнгө өгч хүртэл ажиллуулдаг байсан. Иргэний хуулийн 291.1-т хөлслөгч хөлслөн авсан эд хөрөнгийг гэрээнд заасан нөхцөл, зориулалтаар ашигласны үр дүнд тухайн эд хөрөнгө муудсан тохиолдолд хариуцлага хүлээхгүй гэж заасан байгаа. Би эд хөрөнгийг зориулалтын дагуу ашигласан. Нэхэмжлэгч тал өөрсдөө мэдэж байгаа. Тэгээд ч хавтаст хэрэгт “Ш Г”ХХК тухайн засварын газар мөнгө төлсөн нотлох баримт байдаггүй. Алдангийн хувьд би төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Техникийн хувьд эвдрэл гэмтлээс болж олон удаа зогсож байсан түрээслүүлэгч талд хэлж тэднийх ч арга хэмжээ авч ихэнх тохиолдолд танайх аргалаад засчих, тооцоондоо суутгана гэх мэтчилэн миний зүгээс нилээдгүй зардал гарч байсан. Би тухайн үед адилхан техник бас түрээсэлсэн байсан тэр бол зогсолт байхгүй сайн ажиллаж байсан. Харин Шимт газраас түрээсэлсэн техник саатал ихтэй байсан, гэсэн ч миний хувьд өөр сонголт байхгүй өчнөөн зардал гаргаад аваад ирсэн ямар ч байсан ажиллуулаад дуусгахаас өөр арга байгаагүй. Үнийн дүнгийн үлдэгдлээс хасуулж тооцоо хийе гэдгээ би хэлж, гэрээ хийсэн Амартүвшинг олж уулзах гээд чадаагүй. Бид үлдэгдэл үнийн дүнг тохиролцох шаардлагатай байсан. Гэрээний хувьд ч хэтэрхий нэг талыг барьсан гэрээ байсан. Алданги тооцох үндэслэлгүй гэж үзэж байна. Гэрээний 2 тал адилхан эрх тэгш эрх эдлэх эрхтэй гэж бодож байна. Үндсэн төлбөрийн талаар миний хувьд сул зогсолт ихтэй байсан тул төлбөр тооцоогоо төлсөнд тооцууля гэж удаа дараа хэлсэн. Анхан болон давж заалдах шатны шүүх төлбөр гаргасантай санал нийлэхгүй байна. Гэрээ бол миний эрх ашгийг хаасан заалт их оруулсан байсан. Иргэний хуулийн 292.5-д хөлслөгч хөлс төлөх шаардлагын эсрэг эд хөрөнгө хөлслөх гэрээтэй холбоотой, өөрийн шаардлагыг хангуулах буюу түүнийг тооцуулахаар шаардах эрхтэй бөгөөд энэхүү тооцуулах эрхийг хязгаарласан гэрээний нөхцөл хүчин төгөлдөр бус байна гэж заасан байна. “Ш Г”ХХК нь орлого зарлага, авлагаа тусгасан тайлан тооцоо ч байхгүй байдаг. Бүхэл бүтэн 22 хоног манай ажлыг сул зогсолтод оруулсан. Олж болох боломжит ашгаа их алдсан. Нотлох баримт хангалттай бус байхад хэтэрхий нэг талыг барьсан дүгнэлт хийж, шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй болж чадаагүй гэж үзэж байна. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч “Ш Г” ХХК хариуцагч Б.Маас түрээсийн төлбөр 11.560.000 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварт 4.340.000 төгрөг, алданги 5.731.700 төгрөг, түрээсийн зүйлийг гэмтээсний хохирол 9.103.000 төгрөг нийт 30.734.700 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг, хариуцагч нь “...түрээсийн зүйл эвдэрсний улмаас 20 хоног сул зогсож өдөрт 861.330 төгрөгийн алдагдал гарч, хохирол учирсан...” гэж 17.226.600 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.
Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн талаар Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, анхан шатны шүүх хариуцагчаас 22 092 401 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, ...сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх ...хариуцагчаас 17 939 068 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулжээ. Давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хууль болон Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.
Хариуцагч Б.М, түүний өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо “...хохирол 7 353 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй, ...техникийг нэхэмжлэгчийн оператор жолоодож байсан, ...техникийг буцааж өгөхөд хэвийн ажиллаж байсан, ...эрүүл мэндийн улмаас биечлэн очих боломжгүйгээ хэлээд техникийг ачуулж явуулсан, ...эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, тэр хэмжээгээр муудсан байхад гэмтээсэн гэж үзэж сэлбэгийн үнийг төлүүлж байгааг зөвшөөрөхгүй, ...22 хоног сул зогсож алдагдалд орсон байхад алданги гаргуулсан, ...шүүх хэтэрхий нэг талыг барьж шийдвэр гаргасан...” тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө татгалзал, түүний үндэслэлийг өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд шүүх зохигчдын мэтгэлцсэн асуудлаар дүгнэлт хийж шийдвэр гаргадаг, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхэд гаргаагүй нотлох баримтыг шинээр үнэлдэггүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгох хуулийн үндэслэлгүй байна. Мөн шүүх хэт нэг талыг баримталж шийдвэр гаргасан буюу хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй гэх гомдол үндэслэлгүй байх тул хариуцагч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхино.
Нэхэмжлэлийн үндэслэл болох зохигчдын хооронд байгуулагдсан 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ, 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр уг гэрээнд өдөрт ажиллах мото цагийн хэмжээ, төлбөр тооцоонд өөрчлөлт оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу “Ш Г” ХХК нь Daewoo Solar 300 LC-V эксковаторыг, 3 сарын хугацаагаар өөрийн операторын хамт, байгалийн нөхөн сэргээлтэд ашиглуулах зориулалтаар шилжүүлэх, Б.М нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөр төлөх үүргийг хүлээжээ.
Хоёр шатны шүүх гэрээ, гэрээний хүчин төгөлдөр байдал, түрээслэгчийн хүлээх үүргийн хэмжээ, гэрээний зүйлийг хүлээлгэн өгөх түрээслэгчийн үүрэг зэрэг эрх зүйн асуудлаар Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 319 дүгээр зүйлийн 319.1, 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт нийцсэн дүгнэлтийг хийжээ.
Гэрээний талууд 2016 оны 08 дугаар сарын 15-наас 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх сарын түрээсийн төлбөрийг 21.000.000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 15-наас 2016 оны 11 дүгээр сарын 10-ныг дуусталх хугацааны түрээсийг 16.000.000 төгрөг болохыг тогтоосон, Б.М нь түрээсийн төлбөрт 31.848.000 төгрөг төлж, 9.685.333 төгрөг төлөөгүй, үүрэг биелүүлэх хугацааг хэтрүүлсэн нь тогтоогдсон байна. Анхан шатны шүүх алданги тооцох хугацааг гэрээний 7.8-д заасан нөхцлөөр тогтоож, 31 хоногийн алданги 900.735 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үлдэх алдангийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д нийцжээ.
Түрээсийн гэрээний 5.1-д “Талуудын төлөөлөгч нар Техник хэрэгслийг шалгаж түүний бүрэн бүтэн байдал, ажиллагаа, иж бүрдлийн тухай шалгах хуудсанд тэмдэглэнэ. Техник хэрэгслийг хүлээлгэн өгөх-хүлээн авах тухай шалгах хуудсанд төлөөлөгч нар гарын үсэг зурсанаар Техник хэрэгслийг хүлээлцсэнд тооцно. Шалгах хуудас хаагдсанаар буцаан өгсөн өдрийг тооцно. Техник хэрэгслийг хүлээн авах, хүлээлгэн өгөхөд түрээслэгч өөрийн эрх бүхий төлөөлөгч томилно.” гэж, 5.2-т “Түрээслүүлэгчийн хашаанд техник хэрэгслийг авчирснаас хойш 2 хоногийн дотор түрээслэгч хүлээлгэн өгөөгүй тохиолдолд түрээслүүлэгч хашаанд тоног төхөөрөмжийг орж ирсэн байдлаар хүлээн авч, эвдрэл гэмтэлтэй бол засварын зардлыг түрээслэгч талаас нэхэмжлэн шалгах хуудсыг хаасанд тооцно. Төлбөр тооцоог түрээслэгч тал үл маргах журмаар барагдуулна.” гэж тус тус заасан ба түрээслэгч Б.М нь эксковаторыг нэхэмжлэгч талд дээрх журмын дагуу хүлээлгэн өгөөгүй байна.
Хариуцагч нь нэхэмжлэлээс “...түрээсийн зүйлийн зарим сэлбэгийг гэмтээсэн учраас худалдан авч, суурилуулсны зардал 7.353.000 төгрөг гаргуулах шаардлагыг... “ баримтаар үгүйсгэж чадаагүй, эксковаторыг хүлээж авсан үеийн байдлаар буцааж өгснөө нотолж чадаагүй тул шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1, 326.2 дах хэсгийг зөрчөөгүй байна. Тухайн техникийг зориулалтын дагуу ашигласнаас ердийн гэмтэл учирсан гэдгийг хариуцагч тайлбараас өөр баримтаар нотлоогүй тул шүүх “түрээсийн зүйлийг ердийн буюу гэрээгээр тохирсон элэгдлээс илүү муутгахгүй байх, гэрээ дуусгавар болоход түрээсэлсэн эд хөрөнгийг буцааж өгөх...” зохицуулалтын дагуу эд хөрөнгийг бүрэн бүтэн хүлээлгэн өгөх үүрэгтэй гэж үзжээ. Хариуцагч нь түрээсийн зүйлд учирсан гэмтлийг ердийн ашиглалттай холбоотой, байх ёстой гэмтэл гэж үзэж байгаа бол нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргасан эксковаторын шалгах хуудас, засвар үйлчилгээний ажлын тайлан, нэхэмжлэх, засвар үйлчилгээний захиалга болон үнийн дүнгийн хуудас зэрэг баримтуудыг үгүйсгэх баримтыг гаргаж өгөөгүй байна.
Түрээсийн гэрээний доод хэсэгт “2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс эксковаторын редуктор эвдэрсний улмаас зогсож, 2016 оны 8 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл 8 хоног техник эвдэрч зогссон. О.Өлзиймаа, түрээслэгчийг төлөөлж Б.М” гэсэн гарын үсэг зурсан бичмэл баримт хэрэгт байх боловч уг баримт нь ...эвдрэл юунаас үүссэн, хэн буруутай болохыг нотлоогүй, түрээсийн зүйлийг доголдолтой гэж үзэх эсэхийг нотлоогүй байна.
Иймд гомдлыг хангах боломжгүй ба давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Дархан-уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 112 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 247 650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА