Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2017/ДШМ/41

 

 

 

 

А.Эт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч О.Однямаа, шүүгч А.Сайнтөгс  нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

            Прокурор: А.Д,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ж.Ж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 2017/ШЦТ/79 дүгээр шийтгэх тогтоолтой, шүүгдэгч А.Эт холбогдох, эрүүгийн 201710000111 дугаар дугаартай, 1 хавтас, 106 хуудас эрүүгийн хэргийг хохирогч Т.Э, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ж нарын давж заалдсан гомдлыг үндэслэн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Дорноговь аймгийн Прокурорын газраас;

Шүүгдэгч: Э-д холбогдуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлснийг анхан шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч А.Э нь 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 15 цаг 30 минутын үед Дорноговь аймгийн Сайншанд сум  тоотод хохирогч Т.Этэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний баруун хөлөнд нь заазуураар зүсэж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх:  Шүүгдэгч А.Эыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эт 2 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэж,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эт оногдуулсан 2 сарын баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд эдлүүлэхээр,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эын цагдан хоригдсон 13 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,

Шүүгдэгч А.Э нь бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт

зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, .. шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Т.Э давж заалдсан гомдолдоо: Миний дүү А.Э нь 2 сарын баривчлах ял авсанд туйлын гомдолтой байна. Уг хэрэг ах дүү, төрөл садан бидний хоорондын бие биедээ үнэртхэж тунирхсан зөрчилдөөн ялангуяа миний хувьд дүү Этайгаа зүй бусаар харьцаж бухимдсан миний буруутай ажиллагаа нөлөөлсөн гэж үзэж байна. Миний хувьд хэрэг шалгагдах үеэс эхэлж гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ хэлж байсан боловч хэргийг шүүхийн шат хүртэл явуулж, эцэст нь ийм байдлаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Би дүүтэйгээ сайн дураар эвлэрсэн, бидний хооронд дахин ямар нэгэн маргалдах зүйл байхгүй, санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй учраас дүү Эын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ж давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Эын гэм буруугийн холбогдол нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хувийн таарамжгүй харьцааны улмаас бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан шууд холбоотой юм. Өөрөөр хэлбэл энэ нь хөнгөн төрлийн гэмт хэрэг бөгөөд улмаар ЭБШХуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хохирогч нь яллагдагч шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн тохиолдолд хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй болохыг зүй ёсоор анхааран үзэх явдал юм. Тиймээс ч уг хэрэгтэй холбогдуулан хохирогч Т.Эээс ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй болох хүсэлтээ байцаан шийтгэх ажиллагааны явцаас эхлэн удаа дараалан гаргасан ба улмаар анхан шатны шүүх хуралдаан дээр ч энэхүү хүсэлтээ улам бүр дэлгэрэгүйгээр буюу Этай сайн дураараа эвлэрсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг бичгийн баримтаар болон өөрийн биеэрээ мэдүүлж гаргаж байсан болно. Гэтэл анхан шатны шүүхээс энэ бүгдэд бодитой дүгнэлт хийлгүйгээр А.Эыг гэм буруутайд тооцож, зөвхөн түүний гэмт хэрэг үйлдсэн арга хэрэгсэл хувийн байдлаар нь дүгнэж ял шийтгэл оногдуулсан нь учир дутагдалта байна. Тиймээс ах дүү, төрөл садангийн хооронд болсон, улмаар зохигчдын зүй бус харилцаа нөлөөлсөн. Өөрөөр хэлбэл хохирогч холбогдогч нар маань эвлэрсэн, ямар нэгэн гомдол санал байхгүй тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Прокурор А.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Эрүүгийн хуулийн 23 дугаар зүйлд зааснаар согтуурлын болон мансуурлын байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй гэсэн хуулийн гол зарчим байдаг. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн арга хэлбэр, гэмт үйлдэлдээ гаргаж байгаа субъектив санаа зорилго нь түүний хувийн байдлыг харуулдаг. Өөрөөр хэлбэл биеэ хамгаалах чадваргүй хэвтэрийн байдалтай байгаа эмэгтэй хүний өөдөөс 2 заазуур бариад, заазуураар нэг ч удаа биш нилээн олон удаа хэрчсэн байдаг. Шүүгдэгч ахуйн хүрээнд таньдаг хүнийхээ эсрэг гэж байгаа боловч танихгүй хүний өөдөөс ямар ч байдал гаргах юм билээ гэдэг нь эргэлзээтэй. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад би хийсэн үйлдлээ санахгүй байна гэж мэдүүлж байгаа нь хувийн байдлыг харуулж байна гэж үзэж байна. Хохирогч өөрөө эвлэрсэн гэж хэлж байгаа ч гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл гэж үзэж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч А.Э нь гэртээ өөрийн төрсөн эгч Т.Этэй таарамжгүй харьцсаны улмаас маргалдаж, улмаар түүний баруун хөлийг заазуураар зүсч бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн тул Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх түүнд 2 сарын баривчлах ял оногдуулж шийдвэрлэсэн  шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-д заасан шаардлагыг хангаагүй байна гэж үзлээ.

Хохирогч Т.Э, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж нарын давж заалдсан гомдлын дагуу хэргийг хянан хэлэлцвэл шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүд, шүүх эмнэлэгийн шинжээчийн дүгнэлт зэргээр хангалттай тогтоогдож байгаа ба шүүгдэгч болон хохирогч нарын хувьд гэм буруугийн асуудлаар  маргадаггүй болох нь анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол зэргээс харагдаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлд хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн гэм буруутай этгээд хохирогчтой сайн дураараа эвлэрсэн бөгөөд учруулсан хохирлоо төлсөн, гэм хорыг арилгасан бол түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болохыг заасан ба энэ нөхцөл байдал бий болсон тохиолдолд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 248 дугаар зүйлийн  248.1.2-т тус тус зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож болох юм.

Хохирогч Т.Эийн хувьд шүүгдэгч А.Эын эрхшээлд байхгүй, тусдаа ам бүлд амьдардаг тул хуулийн энэ заалтыг хэрэглэж болохгүй байх нөхцөл байдал байхгүй байна. Прокурорын зүгээс шүүгдэгчийг согтуугаар гэмт хэргийг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн 23-р зүйлийн 23.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй гэж эсэргүүцэж байгаа боловч хавтаст хэрэгт шүүгдэгчийг согтуу байсныг нотолсон баримт авагдаагүй, яллагдагчаар татсан тогтоолд энэ тухай дурьдаагүй байна.

Хавтаст хэргээс харахад хохирогч Т.Э нь хэрэг бүртгэлтийн шатнаас эхлэн дүү А.Этай сайн дураар эвлэрсэн гэсэн байдаг,   анхан шатны шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцож эвлэрсэн талаараа мэдүүлсэн,  шүүгдэгч Т.Э, хохирогч Т.Э нар нь төрсөн эгч дүү болох нь тэдний мэдүүлэг, ээж Ангарагын мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-д Монгол Улсын иргэн өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийн дагуу тэдний сайн дураараа хоорондоо эвлэрсэн гэсэн хүсэлтийг шүүх мөн хүлээж авах боломжтой байхад авалгүй  хэргийн нөхцөл байдал болон хувийн байдлуудыг нь хүндрүүлэн үзэж  шүүгдэгчид ял оногдуулсан нь үндэслэлгүй болжээ.

Иймд хохирогч болон шүүгдэгч нараас гаргасан бид сайн дураараа эвлэрсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгуулахыг хүссэн тухай давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул энэ үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 313, 315 дугаар зүйлийн 315.1.4, 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны 2017/ШЦТ/79 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2-р заалтыг “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2-т зааснаар шүүгдэгч А.Эт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэргийг шүүгдэгч, хохирогчтой сайн дураар эвлэрсэн тул хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж,

3, 4 дүгээр заалтуудыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 300 дугаар зүйлийн 300.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эыг шүүх хуралдааны танхимаас сулласугай.

3. Давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч нар болон тэдгээрийн өмгөөлөгчид магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.БАТЧИМЭГ

                                                 ШҮҮГЧИД                                       О.ОДНЯМАА

                                                                                          А.САЙНТӨГС