| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Чагдаагийн Хосбаяр |
| Хэргийн индекс | цагаатгал |
| Дугаар | 2025/ХШТ/134 |
| Огноо | 2024-11-13 |
| Зүйл хэсэг | 079.1., |
| Улсын яллагч | Ц.Батцэнгэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2024 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 2025/ХШТ/134
Д.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, М.Пүрэвсүрэн, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Ц.Батцэнгэл, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Улсын дээд шүүхийн Эрүүгийн коллегийн 1950 оны 08 дугаар сарын 30-ны өдөр таслан шийтгэсэн 27 дугаар тогтоолтой Д.Б-д холбогдох 10644 дугаартай хэргийг Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэлийн бичсэн дүгнэлтийг үндэслэн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, Танхимын тэргүүн Ч.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Завхан аймгийн Цагаанхайрхан сумын нутаг дэвсгэрт 1928 онд төрсөн, 22 настай /1950 оны байдлаар/, эрэгтэй, ард халх, ам бүл 4, хөрөнгө бод 60, гэр 1, гишүүн бус, монгол бичиг мэднэ, ял шийтгэлгүй, 1948 оны 07 дугаар сард Баян-Өлгий аймаг дахь 5 дугаар отрядын 10 дугаар заставт цэргийн албанд татагдсан, баригдахын өмнө тус отрядын 2 дугаар сумангийн 10 дугаар заставт цэрэг байсан Д.Б- нь
1948 оноос Баян-Өлгий аймаг дахь 5 дугаар отрядын 10 дугаар заставт хил хамгаалах үүргийг гүйцэтгэж байхдаа цэргийн хатуу сахилга бат ба түүнийг хууль ёсоор биелүүлэх хувьсгалт цэргийн ариун тангаргийг няцаж, эх орноо хамгаалах үүргээс бэрхшээн Сүхбаатарын кабинетэд байсан маршал Чойбалсангийн зургийн нүдийг сохлон эвдэн сүйтгэж нам, засгийн удирдагчдыг доромжилсон гэмт хэрэгт холбогджээ.
Улсын дээд шүүхийн Эрүүгийн коллегийн 1950 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 27 дугаар тогтоолоор Д.Б-ыг Эрүүгийн хуулийн 66 дугаар зүйлийн 1-д зааснаар 3 жил хөдөлмөрийн лагерьт хорьж, шийдвэрлэсэн байна.
Хяналтын шатны шүүхэд Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэл бичсэн дүгнэлт болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Улсын дээд шүүхийн Эрүүгийн коллегийн 1950 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 27 дугаар тогтоолоор Д.Б-ыг Эрүүгийн хуулийн 66 дугаар зүйлийн 1-д зааснаар 3 жил хөдөлмөрийн лагерьт хорьж, улс төрийн хэрэгт хилсээр шийтгэсэн нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Д.Б- нь улс төрийн гэмт хэрэг үйлдэх санаа зорилгогүй, харин тасгийн дарга, бага түрүүч Санжаад өшөө санаж хэрэгт оруулах зорилготой Сүхбаатарын тасалгаанд байсан Чойбалсангийн зургийн нүдийг сохлон сүйтгэсэн байхад зориудаар улс төрийн хэрэгт холбогдуулж шийтгэсэн хэргийн зүйлчлэл тохироогүй, өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн болох нь Д.Б-ы бүхий л мэдүүлгээс тодорхой байна.
Энэ хэргийн улмаас нийгэмд ямар хор хохирол учруулсныг тогтоосон болон гэмт хэрэг үйлдсэнийг нотолсон баримт хэрэгт байхгүй дан ганц өөрийг нь байцаасан мэдүүлэгт үндэслэн ял шийтгэжээ.
Д.Б-д ял шийтгэсэн Эрүүгийн хуулийн 66 дугаар зүйл /БНМАУ-ын ардын хувьсгалт төрийг буюу түүний эрх хэмжээнүүдийг унагах, бусниулах, сулруулахаар уриалсан ухуулга бүхий ятгалга хийх, хувьсгалын эсэргүү зорилгоор худал цуурхлыг дэлгэрүүлэх, тэрчлэн Эрүүгийн хуулийн 60-65 хүртэлх, 67 ба 69 эдгээр зүйлүүдэд дурдсан хувьсгалын эсэргүү хэргүүдийг үйлдэхээр уриалах бас хувьсгалын эсэргүү утгатай бичиг зүйлүүдийг дэлгэрүүлэн гаргах, хадгалах явдлыг гаргавал 3 жилээс доош бус хугацаагаар хорьж шийтгэнэ/-д заасан хувьсгалын эсэргүү утгатай бичиг зүйлүүдийг дэлгэрүүлсэн, хадгалсан, төрийн арга хэмжээнүүдийг унагах, бусниулах, сулруулахаар уриалж ятгалга хийсэн, худал цуурхлыг тараасан гэмт хэрэгт бэлтгэсэн гэх гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасныг нотлох баримт байхгүй байна.
Харин Д.Б нь дарга захирагчдаа тодорхой шалтгаанаар дургүйцэн түүнийг хорлохоор нас засгийн удирдагчийн зургийг гэмтээсэн болохоос цэргийн тангаргаас няцсан, эх орноо хамгаалах үүргээс бэрхшээсэн гэх хөндлөнгийн баримт тогтоогдоогүй байна. Эрүүгийн хуулийн 196 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэсэн нь үндэслэлтэй.
Д.Б-ы гэм буруугийн санаа зорилгыг нь хангалттай баримтаар тогтоогоогүй байж, улс төрийн зорилгоор хилсээр гэм буруутайд тооцож, хорьж шийтгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг /...гэм буруугүй хүнд ял оногдуулахад хүргэсэн, шүүх шийдвэр гаргахад мэдэгдээгүй байсан нөхцөл байдал илэрсэн .../-т заасан шинээр илэрсэн нөхцөл болж байна.
Улсын дээд шүүхийн Эрүүгийн коллегийн 1950 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 27 дугаар тогтоолоор Д.Б-д 1942 оны Эрүүгийн хуулийн 66 дугаар зүйлийн 1-д зааснаар ял оногдуулсан Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн г/-д заасан /1942 оны Эрүүгийн хуулийн 55-69, 137 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт хилсээр шийтгүүлсэн/ үндэслэлд хамаарч байна.
Улсын дээд шүүхийн Эрүүгийн коллегийн 1950 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 27 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Д.Б-ыг улс төрийн хэрэгт хилсээр хэлмэгдсэнд тооцож, цагаатгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйл, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 4 дүгээр зүйл /4.1. Энэ хууль 1922 оноос эхлэн “БНМАУ-ын шүүх, прокурор, мөрдөн байцаах, хэрэг бүртгэх байгууллагын хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг арилгах журмын тухай хууль” хүчин төгөлдөр болсон өдөр хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт улс төрийн хэрэгт хэлмэгдсэн Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнд хамаарна/, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 болон 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн заалтуудыг баримтлан прокурорын дүгнэлт бичсэн” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, мөрдөн байцаах газраас Д.Б-ы үйлдсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 196 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр ял төлөвлөж, түүнд холбогдох хэргийг Дотоод явдлын яамны Цэргийн шүүхэд шилжүүлжээ.
Дотоод явдлын яамны Цэргийн шүүх 1949 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор Д.Б-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд “...Д.Б нь үнэнч бус байдлыг гарган өөрийн удирдсан шадар даргад үл ялих зүйлээр өшөө хонзон хадгалан түүний цэргийн албаны хувиар гүйцэтгэх үүрэгт нь саад учруулж гэмт хэрэгт оруулах зорилгоор хүндэт удирдагчийн зургийг эвдсэн явдал нь ...батлагджээ...” хэмээн дүгнэж, түүнийг Эрүүгийн хуулийн 196 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хөдөлмөрийн лагерьт хорихоор шийдвэрлэсэн байна.
Улсын дээд шүүхийн Цэргийн коллегийн 1949 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 125 дугаар магадлалаар “...Д.Б нь хорлон санаж хорлох гэсэн хэрэг бус обьективоороо нам засгийн удирдагчийн зургийг хорлож сүйтгэсэн...” гээд дээрх тогтоолыг хүчингүй болгож, нам засгийн удирдагчийн зургийг эвдсэн улс төрийн холбогдол бүхий үйлдлийг Эрүүгийн хуулийн 66 дугаар зүйлд зааснаар мөрдөн байцаалт хийлгэхээр буцаажээ.
Улмаар Улсын дээд шүүхийн Эрүүгийн коллегийн 1950 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 27 дугаар тогтоолоор Д.Б-ыг Эрүүгийн хуулийн 66 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хөдөлмөрийн лагерьт хорьж, шийдвэрлэсэн байна.
Прокурорын бичсэн шинээр илэрсэн нөхцөл байдлыг хянуулах тухай дүгнэлт болон шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлт нь Д.Б-д ял шийтгэсэн зөвхөн тухайн зүйл, хэсгийг хүчингүй болгуулах, хэргийн зүйлчлэлийг бүхэлд нь өөрчлүүлэх эсхүл аль ч гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр түүнийг цагаатгуулах зэрэг олон салаа утга бүхий үндэслэлүүдийг зэрэгцүүлэн агуулсан нь хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэр гаргахад хүндрэл учрууллаа.
Тодруулбал, Д.Б нь улс төрийн гэмт хэрэг үйлдэх санаа зорилгогүйгээр Маршал Х.Чойбалсангийн зургийн нүдийг цоолсон тул Эрүүгийн хуулийн 66 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, эсхүл дарга захирагчдаа тодорхой шалтгаанаар дургүйцэн удирдагчийн зургийг гэмтээсэн үндэслэлээр хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 196 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчлүүлэх, эсхүл дээрх хоёр гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүхэлд нь хангаагүй үндэслэлээр цагаатгуулахын алийг нь прокурор баримталж буй нь ойлгомжгүй байна.
Эдгээрээс зарим нь шинэ нөхцөл байдлын улмаас хэргийг сэргээн шалгах үндэслэл болдоггүйн зэрэгцээ Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн зорилго нь хэргийн зүйлчлэл болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аливаа алдааг бус зөвхөн гэм буруугүй хүмүүсийг улс төрийн зорилгоор хилс шийтгэгдэж хэлмэгдэхэд хүргэсэн хууль бус шийдвэрийг засахад чиглэсэн болохыг анхаарах нь зүйтэй байна.
Иймд прокуророос Д.Б-д холбогдох хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлыг хянуулах тухай дүгнэлтийн хууль зүйн үндэслэл, байр суурийг илүү тодорхой болгуулах зорилгоор энэ удаад прокурорын дүгнэлтийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Улсын дээд шүүхийн Эрүүгийн коллегийн 1950 оны 08 дугаар сарын 30-ны өдөр таслан шийтгэсэн 27 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах талаар ᠋бичсэн прокурорын дүгнэлтийг хүлээн авахаас татгалзсугай.
ДАРГАЛАГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД С.БАТДЭЛГЭР
Б.БАТЦЭРЭН
М.ПҮРЭВСҮРЭН
Ч.ХОСБАЯР