Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 56

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                Хэргийн индекс:114/ 2017/0043/3     

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Нарантуяа даргалж, нарийн бичгийн дарга Ц.Ганхуягийг оролцуулан  тус шүүхийн шүүх  хуралдааны  танхимд  нээлттэй хийсэн  шүүх  хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хорооны Их тойруу-21 Премиум Паласийн 6 дугаар давхарын 611 тоотод байрлах “Вентур капитал” ХХК-ний нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох

            Нэхэмжлэлийн шаардлага: “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 30-ний өдрийн 1-1884 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгсөн саналыг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий  захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд:

  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч: Б.Заантогтох

  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:                               Г.Чагнаадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Заантогтох нараас шүүхэд болон шүүх хуралдаанд  гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг Шаргалт нэртэй газарт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасныг Ашигт малтмалын Кадастрын хэлтсээс бүртгэлийн 026420 дугаарт бүртгэн, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2-т заасан ажиллагааг хийж, дээрх талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т зааснаар талбай байрших аймгийн Засаг даргаас санал авахаар хандсан байсан.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д зааснаар буюу Аймгийн засаг дарга дэмжихгүй санал ирүүлсэн учир Кадастрын хэлтэс татгалзсан болохыг мэдэгдсэн.

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1-1884 тоот албан бичгээр “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал”-ыг Ашигт малтмалын газарт хүргүүлсэн бөгөөд тус саналаар манай компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг “дэмжихгүй” гэсэн хариу хүргүүлсэн болохыг мэдсэн.

Аймаг, Нийслэлийн Засаг даргын саналын талаар зохицуулсан Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д “Аймаг, Нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ. Мөн хуулийн 19.5-д “Аймаг, Нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” гэж заасан байдаг ба Монгол Улсын Дээд шүүхийн Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 09 дүгээр тогтоолын 9-д “19.4-т заасан хурлын санал нь төрийн захиргааны байгууллагын мэдэгдэлд заасан тухайн талбайд тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн сум, дүүрэг болон аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн хуралдааны тогтоол байна. Энэ зүйл, хэсэгт заасан “хариу”-г аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн бичгийн хэлбэрээр өгнө гэсэн байгаа.

Хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгсөн санал нь Ашигт малтмалын тухай хуулийн дээрх шаардлагыг огт хангаагүй, тухайн өргөдлийн талбай нь холбогдох хуулийн дагуу хориглосон, хязгаарласан, нөөцөд болон тусгай хэрэгцээнд авагдсан зүйл огт байхгүй атал дэмжихгүй санал өгсөн нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсгийг зөрчсөн байна. Дархан-Уул аймгийн Засаг даргын дэмжихгүй “санал”-ын үндэслэл нь “Хонгор сумын газар тариалан, хадлангийн талбайтай давхцаж байна” гэсэн байна.Ийм төрлийн газруудад ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон хуулийн зохицуулалт байхгүйгээс гадна ямар хуулийн заалт баримталж татгалзсан нь тодорхойгүй байна.

Газрын хэвлийн тухай хуулийн 4.1, 10.1, 10.3, Газрын тухай хуулийн 3.1.1-т зааснаар газрын хэвлийг ашиглах зориулалтыг зааснаас үзэхэд газар ашиглаж байгаа этгээд болон хайгуулын тусгай зөвшөөрлийг давхцуулж олгож болохоор  байгаа ба харин давахцсан тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь газар ашиглаж байгаа этгээдтэй харилцсан тохиролцсон байдлаар хайгуул хийх боломжтой байгаа тул Засаг даргын хууль бус 2015 оны 10 дугаар  сарын 30-ны өдрийн 1-1884 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгсөн саналыг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийнхээ шаардлагыг дэмжиж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн Засаг даргын 1-1884 дугаар саналыг захиргааны акт биш гэж үзэж байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 д заасан эрх зүйн шууд үр дагавар үүсгэхгүй байна. Ашигт малтмал газрын тосны газрын 443 дугаар шийдвэр нь захиргааны акт мөн байгаа.Энэ асуудлыг шийдвэрлэх эрх нь Ашигт малтмал газрын тосны газрын шийдвэрлэх асуудал юм. Иргэдийн хурлын тэргүүлэгчид нь өмнөх хурлаараа дараагийн хурлаа зарладаг учир сумын болон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлыг Засаг дарга хуралдуулах боломжгүй байдаг. Ашигт малтмалын газраас санал авахаар мэдэгдэл ирэнгүүт аймгийн Засаг даргын саналаар Иргэдийн хурал хуралдах боломжгүй.

Тухайн газар дээр иргэд газар эзэмшиж байгаа ба энд иргэний эзэмшил өмчлөлийн асуудал яригдаж байгаа, Иргэний хуульд аливаа иргэний өмчлөлд байгаа өмч нь иргэний өмч байна гэж заасан байдаг. Иргэний өмчийг хамгаалах нь төрийн байгууллагын үүрэг байдаг учраас Засаг дарга дэмжихгүй санал өгсөн, зөвшөөрөхгүй байна.

Тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн бол энэ талаар тухайн аймгийн Засаг даргад бичгээр мэдэгдэх гэж хуульд заасан байгаа, зөвшөөрөөгүй бол ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6 т зааснаар хэрхэн шийдвэрлэх нь Ашигт малтмалын газрын бүрэн эрхийн асуудал болж байгаа юм. Газрын хэвлийн тухай хуулиар зохицуулагдсан асуудал яригдаж байна. Газар эзэмшиж байгаа иргэд, этгээдийн эрх ашиг хөндөгдөхөөр байгаа тул татгалзсан хариуг өгсөн.

Аймгийн Засаг дарга нь хуулийн 19.5-т зааснаар хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно, зөвхөн энэ хуульд зааснаар биш бусад салбар хуулиудын дагуу хариу өгсөн байгаа. Иймд Аймгийн Засаг даргын санал хууль зөрчөөгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

                                                       ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Вентур капитал” ХХК-аас хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 30-ний өдрийн 1-1884 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгсөн саналыг хүчингүй болгуулах тухай”   нэхэмжлэлийг шүүхэд  гаргасан байна.

 

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч  “Вентур капитал” ХХК нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг Шаргалт нэртэй газарт 1416.57 гектар талбайд  ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасныг Ашигт малтмалын Кадастрын хэлтсээс бүртгэлийн 026420 дугаарт бүртгэн, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2 дахь хэсэгт заасан ажиллагааг хийж, дээрх талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт зааснаар тухайн талбай байрших Дархан-Уул аймгийн Засаг даргаас санал авахаар 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 6/7762 дугаар албан бичиг хүргүүлсний хариуд хариуцагчаас 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1-1884 тоот саналыг хүргүүлсэн байх бөгөөд уг санал нь хуулинд нийцээгүй байна.

Учир нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 “Аймаг, нийслэл ,сум, дүүргийн Хурлын дарга харьяалах нутаг дэвсгэртээ дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 22.1.12 ”ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлаар сум, дүүргийн Хурлын  саналыг авч Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрээ Засаг даргад уламжлах” гэж заасан байхад хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга нь Ашигт малтмалын газрын 2015 оны 10 дугаар сарын 08-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай”  6/7762 дугаартай албан бичгийг Хонгор сумын болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд хүргүүлж, тэдний саналыг аваагүй,  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “ Аймаг, нийслэлийн Засаг дарга... дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 30.1.13-д ”харьяалах нутаг дэвсгэрт нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход тухайн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэн санал өгөх”, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д ”Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-д заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ” гэсэн хуулийн заалтуудыг зөрчиж  2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1-1884 дугаар  “уг талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй” гэсэн саналыг өгөхдөө Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг аваагүй, өөрөө бие даан санал өгсөн, татгалзсан үндэслэлдээ хуулийн зүйл, заалтыг тодорхой дурдаагүй дээрх хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн  болох нь хэрэгт авагдсан Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 73 тоот албан бичиг, Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 67 дугаар албан бичиг хариуцагчийн тайлбараар тус тус тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1-1884 дугаар санал нь захиргааны акт биш, үр дагавар үүсгэхгүй байна” гэж тайлбарлаж байх бөгөөд  Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6 дахь хэсгийн “Аймаг...-ийн Засаг дарга энэ хуулийн 19.2.2,19.2.5-д заасан саналыг дэмжсэн хариу өгсөн бол төрийн захиргааны байгууллага тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргаж...” гэснээс үзэхэд Аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1-1884 тоот санал нь захирах шинжийг агуулсан, гадагшаа чиглэсэн, нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн тодорхой нэг тохиолдлыг зохицуулж, захиргааны байгууллагын албан тушаалтан бичгээр гаргасан, эрх зүйн үр дагавар бий болгосон Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан захиргааны акт мөн байна.

Аймгийн Засаг дарга “санал” гаргахдаа тухайн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын санал, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг заавал авах үүрэгтэй, эдгээр саналаас өөр санал бие даан ирүүлэх эрхгүй, Засаг даргын саналыг авахгүйгээр Ашигт малтмалын газар тусгай зөвшөөрөл олгох боломжгүй, Засаг даргын “зөвшөөрсөн санал” ирсэн тохиолдолд Ашигт малтмалын газар тусгай зөвшөөрлийг олгох шийдвэр гаргах үүрэгтэй байхад Засаг даргын “санал нь үр дагавар үүсгэхгүй” гэж үзэх боломжгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “санал” нь захиргааны акт биш, үр дагавар үүсгэхгүй гэх тайлбар үндэслэлгүй байна.

Түүнчлэн хариуцагч Аймгийн Засаг даргын “Вентур капитал” ХХК-д Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг Шаргалт гэх нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан 1-1884 тоот санал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ийн е-д ”нутаг дэвсгэрт нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход хууль тогтоомжид заасны дагуу санал өгөх”,  Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “ Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” гэсэн хуулийн заалттай нийцээгүй байх ба Аймгийн Засаг даргын санал нь албан тушаалтны хувийн санаа, бодол биш, хуульд тусгайлан заасан журмаар гаргах, хуульд заасан хугацаанд заавал гаргах, төрийн байгууллагын шийдвэрийн үндэслэл болох албан тушаалтны “шийдвэр” байна.

Иймд Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1-1884 тоот “санал”-ыг хүчингүй болгох үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь хэсгийн “е”, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Вентур капитал” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1-1884 дугаарын ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгсөн саналыг хүчингүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг  баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч  “Вентур капитал” ХХК -д  олгосугай.        

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108  дугаар зүйлийн 108.4-т заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

 

  4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч  түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч  нар  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Д.НАРАНТУЯА