Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 1914

 

 

 

 

 

 

 

 

 

 

“ХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Э.Золзаяа, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2016/00735 дугаар шийдвэртэй, “ХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ХХХ-д холбогдох,

ХХХХХХХХХХ дүүргийн ХХ дүгээр хороо, ХХХХХХХХХХХХХХ давхарт байрлах 246.6 м.кв талбайтай, улсын бүртгэлийн ХХХХХХХХХХ дугаарт бүртгэгдсэн, үйлчилгээний зориулалттай обьектыг “ХХХХ” ХХК-иар үнэлгээ тогтоолгосон ажиллагаа хууль бус болохыг тогтоож, Сүхбаатар дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн №5/201 тоот Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

ХХХнаас Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2001 дүгээр шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа тус компанийн өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах болсон учир үнэлгээг 1 м.кв-ыг 10 175 000 төгрөгөөр буюу нийт 2 509 155 000 төгрөгөөр үнэлэх саналыг Голомт банкинд хүргүүлсэн юм. Голомт банк манай саналыг хүлээн аваад уг байрыг нэг м.кв-ыг нь 9 157 500 төгрөгөөр буюу 2 258 239.500 төгрөгөөр тогтоох санал гаргаж, бид хүлээн зөвшөөрсөн. Энэ талаар ХХХ-ны даргад хандан 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн №16/24 дугаартай албан тоотыг хүргүүлсэн бөгөөд Голомт банк мөн уг үнэлгээг хүлээн зөвшөөрсөн талаараа тус албанд мэдэгдсэн.

Ийнхүү үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийг үүрэг гүйцэтгүүлэгч Голомт банк, өмчлөгч “ХХХ” ХХК харилцан тохиролцож 2 258 239 500 төгрөгөөр тогтоосоор байтал тус алба үл хэрэгсэн үнэлгээчин томилж 1 093 371 900 төгрөгийн үнэлгээ гаргуулсан. Энэ нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл юм. ХХХ-ны энэ шийдвэрт холбогдох мэдэгдлийг хүлээн авмагц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт заасны дагуу ХХХ-ны даргад 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр гомдол гаргасан ч дарга ХХХ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.2, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь заалтыг зөрчиж гомдлыг ахлах шийдвэр гүйцэтгэгч ХХХ-т шилжүүлж, 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 3/324 дугаартай мэдэгдэх хуудсаар гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шийдвэрлэсэн.

Дээрх хууль бус шийдвэр, үйл ажиллагааны талаар 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 16/40 дугаартай гомдлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газарт гаргасан боловч “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31, 37 дугаар зүйлд заасны дагуу шинжээч томилон үнэлгээ тогтоолгосон нь хууль зөрчөөгүй” гэсэн хариуг ирүүлсэн. Иймд “ХХ” ХХК-ийн өмчлөлийн барилгын дуудлага худалдаа явуулах үеийн зах зээлийн үнийг үнэлгээчнээр тогтоолгосон ХХХ-ны шийдвэр, үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоож, Сүхбаатар дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр №5/201 тоот тогтоолыг хүчингүй болгоно уу гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Үл хөдлөх хөрөнгийг тус албанаас зохион байгуулсан анхны болон 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулахад үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно гэж заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжилж хураагдсан барилгын үнийн санал өгөхийг нэхэмжлэгчид удаа дараа мэдэгдсэн, үнийн санал өгөөгүй, харин үнийн санал өгөх боломжгүй гэсэн албан бичгийг ирүүлсэн тул шинжээч томилж үнэлгээ тогтоолгосон. Үнэлгээ тогтоосон ажиллагаа болон анхны албадан дуудлага худалдаа Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нийцсэн. Иймд нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх:

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар “ХХ” ХХК-ийн ХХХ-д холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ болон 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаанд оруулах тухай 5/201 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “ХХ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-д зааснаар давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол хэрэг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 1243 дугаар захирамж хүчинтэй хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо:

Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт “.... төлбөр төлөгч ХХХ ХХК үнийн санал өгөөгүй байна. Иймээс ХХХ нь 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдөр шинжээч томилж, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээ тогтоолгосон нь Иргэний хуулийн 177.1-д заасантай нийцсэн байна ...” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн саналыг ХХХ-д өгөөд байхад шүүх төлбөр төлөгч болох  өмчлөгчийг үнийн санал өгөөгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасан “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага явуулахаас өмнө үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн .... 70 хувиар тогтооно” гэснийг ноцтой зөрчсөн үйлдэлд анхан шатны шүүх зөв дүгнэлт өгч чадаагүй.

Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг баримтлалгүй хэргийн оролцогчдын гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулалгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна.

ХХХ-ны дарга болон тасгийн дарга, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн дээрх хууль бус шийдвэр үйл ажиллагаанд холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д зааснаар гомдол гарган шүүхэд хандсан байхад анхан шатны шүүх гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн байдалд хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Дээр дурдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус, хуулиар олгогдсон эрх ашгийг хөндсөн үйлдэл гаргасныг шүүх таслан зогсоохын оронд НШГА-ыг дэмжин хамгаалж, хэргийн нотлох баримтуудыг үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлэлгүй шийдвэр гаргасан. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтын талаар хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн хууль хэрэглээний хувьд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч “ХХХ” ХХК нь хариуцагч ХХХ-д холбогдуулан өөрийн өмчлөлийн ХХХХХХХХХХХХХХХ давхарт байрлах 246.6 м.кв талбайтай, Улсын бүртгэлийн ХХХХХХХХХХ дугаарт бүртгэгдсэн, үйлчилгээний зориулалттай обьектыг үнэлсэн “ХХХХ” ХХК-ийн үнэлгээ тогтоосон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус болохыг тогтоох, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн №5/201 тоот Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэх үндэслэл заан маргажээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ болон 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаанд оруулах тухай 5/201 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгуулах гэж тодорхойлсныг залруулж, нэхэмжлэгчийн дээр дурдсан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн хүрээнд эрх зүйн дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан баримтуудаар шийдвэр гүйцэтгэгч төлбөрт хураагдсан эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоох ажиллагаа явуулахдаа хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

Хариуцагч ХХХ нь Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2001 дүгээр шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч талд шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдэх, барьцааны эд хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.                                                                              /хх-ийн 43, 45-46 дугаар тал/

Улмаар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг тайлбарлан, дуудлага худалдаагаар худалдахад санал болгох доод үнийг төлбөр авагч, төлбөр төлөгч, өмчлөгч нартай харилцан тохиролцож тогтоохыг төлбөр төлөгч болон өмчлөгч нарт мэдэгдсэн боловч нэхэмжлэгч 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 16/24 тоот албан бичгээр үнийн санал өгөх боломжгүй байдал үүссэн тухай, төлбөр авагч Голомт банкны хувьд 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 07/542 албан тоотоор шинжээч томилон үнэлгээг тогтоолгох талаар ХХХ-д тус тус мэдэгдэж байжээ.                                                                                         /хх-ийн 54, 55 дугаар тал/

 

Иймээс ХХХ 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ тогтоох зорилгоор ХХХХХ ХХК-ийг шинжээчээр томилсон ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т заасантай нийцсэн бөгөөд шүүхээс хийсэн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзнэ.

 

Хэргийн баримтаар талууд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд оруулах доод үнийг 2 258 239.500 төгрөгөөр тогтоохоор санал тохирсон гэх үйл баримт тогтоогдоогүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбар үгүйсгэгдэж байна.

 

Хариуцагч ХХХ Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт нийцүүлэн тухайн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ 1 093 371 900 төгрөгийн 70 хувиар тооцож 765 360 330 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоож шийдвэрлэсэн байх тул ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 5/201 дүгээр тогтоолыг хууль зөрчсөн гэж үзэхгүй.

 

Нэхэмжлэгч “ХХХ” ХХК нь ХХХ болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хандаж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлд заасны дагуу гаргасан гомдол нь иргэний хэргийн талаарх шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаа буюу шийдвэр гүйцэтгэгчийн гаргасан шийдвэр, үйл ажиллагаатай холбогдуулж төлбөр төлөгчийн хувьд гаргах гомдолд хамаарахгүй.

 

Өөрөөр хэлбэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 1-д зааснаас бусад ажиллагаатай холбогдуулан гаргах гомдолд дээрх хуулийн зохицуулалт хамаарах тул эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгох ажиллагаатай холбоотой гомдол гаргах журам, хугацаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар зохицуулагдах учиртай.

 

Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт гэснийг 34 дүгээр зүйлийн 34.3 гэж өөрчлөн, хариуцагч “ХХ” ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2016/00735 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “37 дугаар зүйлийн 37.3” гэснийг “34 дүгээр зүйлийн 34.3” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.МӨНХЗУЛ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                                Т.ТУЯА