Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 01276

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртбулаг багийн 23 дугаар байрны 46 тоотод оршин суух, /регистрийн дугаар: ИЦ71020404/, Сахлаг цагаан овгийн Нансалмаагийн Энхтуяагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст багийн 18 дугаар байрны 45  тоотод оршин суух, /регистрийн дугаар: РТ88030167/, Армагууд овгийн Жаргалын Гуамаралд холбогдох

1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаан нэхэмжлэгч Н.Энхтуяа, хариуцагч Ж.Гуамарал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Энхтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Нэхэмжлэгч Н.Энхтуяа би барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулж байгаад иргэн Жаргал овогтой Гуамаралд мөнгө зээлээч гэсний дагуу сарын хугацаатай 980,000 төгрөгийг 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр зээлсэн. Бид зээлийн гэрээ хийж 1 сарын хугацаатай авсан боловч гэрээнд заасан хугацаанд мөнгөө төлөхгүй хохироож байна. Иймд 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш тогтоосон гэрээний хугацаа өнгөрсөн зээлийн хүү тооцож зээлсэн 980,000 төгрөгийг хүү болох 520,000 төгрөг нийт 1,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.Гуамарал шүүхэд гаргасан тайлбартаа: Ж.Гуамарал нь 1988 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төрсөн. Нэхэмжлэгч Энхтуяагаас анх сая төгрөг зээлсэн. Анх 12 хувийн хүүтэй төлж байгаад сүүлдээ 6 сарын дараа хүүгээ 10 хувь болгож бууруулсан. 2015 оны 04 дүгээр сард зээлсэн тэрнээс хойш  сар бүр 120,000 төгрөгийг 6 сарын хугацаатай дараа нь сар бүр 5 сарын хугацаатай төлсөн. 3 сард бэлнээр 300,000 төгрөгийг өгсөн. Үүний дараа жил болоод гэрээгээ сунгадаг гээд хүүнээс хүү бодоод 980,000 төгрөгийн төлбөрийн хуудсан дээр гарын үсэг зуруулсан. Түүний дараа 6 сар хүртэл өдрөөр болон сараар 350,000 төгрөгийг төлсөн. Иймийн тулд тухайн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Н.Энхтуяа нь Ж.Гуамаралаас 800,000 төгрөг аваад өр төлбөргүй болохоор эвлэрч байна. Авах хугацаандаа хүү, алданги гэж нэхэмжлэхгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

             Нэхэмжлэгч Н.Энхтуяа нь хариуцагч Ж.Гуамаралд холбогдуулан “1,500,000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Н.Энхтуяа, хариуцагч Ж.Гуамарал нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,500,000 төгрөгнөөс 800,000 төгрөгийг хариуцагч нэхэмжлэгчид өгөхөөр зохигчид эвлэрсэн байна.

Шүүхэд нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрсэн тухай бичгийн баримтаа ирүүлсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Зохигчдын дээрх эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123.1-д тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

            1.Н.Энхтуяагийн нэхэмжлэлтэй Ж.Гуамаралд холбогдох 1,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ж.Гуамарал нь 800,000 төгрөг /найман зуун мянган/ төгрөгийг нэхэмжлэгч Н.Энхтуяад төлөхөөр эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 23,750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Энхтуяад олгосугай.

3. Энэ  захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны  дагуу  шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэгдэхийг заасугай.

             4.Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                              Б.БЯМБАСҮРЭН