Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 33

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж,

Улсын яллагч Б.Ганзориг,

Шүүгдэгч Г.Б,

Нарийн бичгийн дарга С.Энхбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Гийн Бд холбогдох эрүүгийн 1924000520026 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *******,*******,*******,*******, мэргэжилгүй, мал малладаг, ам бүл-8, эхнэр, хүүхдийн хамт ******* багт оршин суух, Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 110 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дугаар зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 сар, 10 хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгүүлж биечлэн эдэлсэн, хэрэг хариуцах чадвартай,******* регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхтэй, Х овогт Г-ийн Б нь 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 10 цагийн орчим ******* баг “Хачиг” гэх газар байрлах өөрийн гэрийн гадна эхнэр П.Этай “Гэрийн ажил хийсэнгүй” гэх шалтгаанаар маргалдаж улмаар толгойн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Б нь 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 10 цагийн орчим ******* баг “Хачиг” гэх газар байрлах өөрийн гэртээ эхнэр П.Эыг гэрийн ажил хийсэнгүй, ороо хураасангүй, гэр орноо янзалсангүй гэж загнаж, улмаар маргалдан, түүний толгой тус газар нь гутлаар нэг удаа цохиж, мөн хөлөөрөө нэг удаа дэвсэж дагзны ар дээд хэсгийн хуйханд шарх, зүүн гуянд цус хуралт, баруун шуунд зулгаралт үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хууль заасан үндэслэл журмын дагуу авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 Хохирогч Д.Э нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манайх ******* багийн нутаг Хавчиг гэх газарт хадам аавынхтай хамт зусаж байгаа юм. Өглөө 10 цагийн үед манай нөхөр Г.Б нь намайг гэртээ байж байхад гаднаас орж ирээд надруу чи гэрийн ажлаа хийсэнгүй, ороо хураасангүй, гэр орноо янзалсангүй гэж уурлаад загнасан юм. Тэгээд сүүлдээ манай нөхөр манай аав, ээж хоёрыг мөн намайг жингэр, гичий, пизда минь гэж хэл амаар доромжлоод зайл гээд гэрээс хөөхөөр нь би айгаад гэрээсээ гараад хадам аавын гэрлүү алхаад явж байтал манай нөхөр араас хүрч ирээд намайг барьж аваад гутлаар толгойруу цохиж, дээрээс хөлөөрөө дэвсэлж өшиглөж зодсон. Тэгээд нөхөртөө зодуулсан талаараа Тосонцэнгэл сумруу бэргэн эгч болох******* ******* дугаарын утасруу залгаад “...манай нөхөр намайг цохиж зодоод байна та намайг ирээд аваадхаач...” гэж хэлсэн. Тэгээд тэр өдөр сумын төвөөс хэсгийн төлөөлөгч, цагдаа нар манай гэрт ирээд намайг сумын төврүү авч явсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7-р хуудас/

Гэрч Н.О-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Манай нөхрийн төрсөн дүү ******* 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн өглөө 10 цаг 53 минутад миний ******* дугаарын утасруу ******* багаас залгаад манай нөхөр Г.Б нь намайг цохиж зодоод байна гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/

Гэрч Д.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2011 оны 02 дугаар сард цагаан сарынн үеэр П.Этай Тосонцэнгэлл суманд золголт хийж яваад таарахад П.Эын баруун нүд нь хөхөрчихсөн байсан. Чи нүдээ яасан юм гэж асуухад манай нөхөр Г.Б цохичихсон одоо харин гайгүй болж байна аймар байсан гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/

2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн ”...хохирогчийг ар гэрийн хүмүүст нь хүлээлгэн өгөх, түүний нөхөр Г.Бд холбогдох хууль тогтоомжийг тайлбарлаж ухуулга сурталчилгааг хийх, нөхцөл байдалд шинжилгээ хийх...гэсэн Аюулын зэргийн үнэлгээний дүгнэлт, 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн П.Эд үзлэг хийсэн эмчийн тодорхойлолт, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн эхнэр П.Этай хийсэн эвлэрлийн гэрээ,

Завхан аймгийн шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 000000124 дугаартай: “П.Эын биед гэмтэл учирсан байна. Дагзны ар дээд хэсгийн хуйханд шарх, зүүн гуянд цус хуралт, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрхи гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн 3-4 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой гэмтлүүд байна. Учирсан гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. П.Эын биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, /хх-ийн 17-р хуудас/ гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтууд болно.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүй, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

Яллагдагч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Би 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр ******* багийн нутаг Хавчиг гэх газарт өөрийн эхнэр П.Этай маргалдаж муудалцаад түүнийг цохиж авсан юм. Тэгсэн манай эхнэр Завхан аймгийн Тосонцэнгэл сумруу өөрийн хамаатанруугаа утсаар хэлээд тэгээд манай эхнэрийн төрсөн ахынх нь эхнэр Н.О гэх хүн цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байсан. Би өөрийн эхнэр П.Эыг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна, Эхнэрээсээ уучлалт гуйж бид хоёр эвлэрсэн, түүний биеийн байдал сайн байгаа, гомдол саналгүй, хохиролд нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн. Гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байна. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх үр дагаврыг ойлгож байна...” гэж гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул шүүх түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч Г.Бы дээрх үйлдэлд Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зүйлчлэл тохирсон, түүний үйлдлийн улмаас хохирогч П.Эын биед дагзны ар дээд хэсгийн хуйханд шарх, зүүн гуянд цус хуралт, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдсон, эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх гэрч Д.У-ийн “ ... Г.Б нь зан чанарын хувьд хүнтэй их энгийн харьцаатай яриа хөөрөө сайтай зарим үед жаахан алиа хошин зан гаргадаг хүнтэй их нийтэч хүн байгаа юм. Г.Б нь Зарт багийн иргэдийн боломжийн нэр хүндтэй хүн байгаа юм. Г.Б нь амьдрал ахуйн хувьд дундаж амьдралтай жилийн дөрвөн улиралд хөдөө байнга мал малладаг малчин бөгөөд өөрийн гэсэн бог, бод нийлсэн 100 гаран толгой малтай. Малынхаа ашиг шимээр амьдрал ахуйгаа залгуулан явдаг манай багийн жирийн нэг малчин байгаа юм. Г.Б нь ам бүл-8 эхнэр, 6 хүүхдийнхээ хамт амьдардаг Хамгийн бага хоёр хүүхэд нь ихэр бөгөөд одоо 06-07 сартай хүүхдүүд байдаг юм. Хамгийн том******* хүүхэд нь Улаанбаатар хотод оюутан, дараагийн хүүхэд энэ жил 12 дугаар анги төгссөн. Харин дараагийн 1 эмэгтэй хүүхэд нь Завхан аймгийн Их-Уул сумын сургуульд бага ангид сурдаг. Хамгийн бага 3 хүүхэд нь гэртээ ээж, аавтайгаа байдаг....”,

Гэрч Н.Б-н “...Г.Б нь зан чанарын хувьд хүнтэй их нийтэч хүнд их тусархуу хар бор ажил төрөлд сайн төлөв даруухан зантай хүн байгаа юм. Г.Б нь эхээс тавуулаа дээрээ 2 ах, 1 эгчтэй харин доороо 1 дүүтэй. Сум орон нутагтаа иргэдийн дунд нэр хүнд сайтай хөдөө мал малладаг малчин.. Г.Б нь ам бүл-8, эхнэр, 6 хүүхдийнхээ хамт амьдардаг. Хамгийн бага хоёр хүүхэд нь ихэр хүүхдүүд байдаг юм. Г.Б нь амьдрал ахуйн хувьд дундаж амьдралтай хөдөө мал малладаг жирийн нэг амьдрал ахуйтай айл байдаг. Г.Б нь хувьдаа цөөн тооны бог, бод малтай малынхаа ашиг шим, хүүхдийн 20,000 төгрөгөөр амьдрал ахуйгаа залгуулж амьдардаг...”, Хөвсгөл аймгийн Сум дундын шүүхийн 2008 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 110 дугаар шийтгэх тогтоолын хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, 2018 оны жилийн эцсийн мал тооллогын баримт,

******* багийн Засаг даргын “... Г.Б нь манай багийн үндсэн иргэн, ам бүл 8, эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Зан байдал төлөв даруу зантай...” гэсэн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 241, дугаар тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон, хэрэгт ач холбогдолтой нотлох баримт гэж үзэн үнэлж шийдвэрлэсэн болно. Шүүгдэгч Г.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхийг хүссэн хүсэлтээ бичгээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.6-д “хэргийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж болохоор заасан байна.

Шүүгдэгч Г.Бд холбогдох эрүүгийн хэргийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тус шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхийг хүссэн хүсэлтээ бичгээр ирүүлсэн байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа “...Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, учруулсан хохирлыг нөхөн төлсөн , шүүгдэгчийн хувийн байдал зэргийг эрүүгийн хариуцлагын “хөнгөрүүлэх” болон “хүндрүүлэх” нөхцөл байдалд тус тус тооцож, түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 36.7 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Г-ийн Бд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Быг 700 /долоо зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын дотор төлөхөөр тогтоосугай.

 4 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг 15 нэгжтэй тэнцэх төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Г.Бд авсан хувийн баталгаа, таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

6. Шүүгдэгч нь хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ж.ОТГОНХИШИГ