Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2026/01097

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Н.Оюунтуяа, Ч.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 191/ШШ2026/02805 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* ХХК,

 

Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: нөхөн сэргээлтийн зардалд 65,353,096 төгрөг, түлшний төлбөрт 40,531,000 төгрөг, нийт 105,884,096 төгрөг гаргуулах тухай үндсэн, 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн уурхайн оператораар хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, байгаль орны нөхөн сэргээлтэд төлсөн 25,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Мөнхцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анужин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1.******* ХХК нь манай компанийн Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрт байрлах Бор толгойн алтны үндсэн ордын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайн Нарт уулын хэсэгт ил аргаар олборлолт явуулж, хамтран ажиллах санал тавьсны дагуу 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр уурхайн оператораар хамтран ажиллах гэрээ байгуулсан. Уг гэрээг байгуулахад ******* ХХК нь уул уурхайн олборлолтын туршлагатай, санхүүгийн чадавхтай гэдгээ илэрхийлэхийн зэрэгцээ үйл ажиллагаагаа эрсдэлгүй явуулж чадна гэсэн баталгаа гаргасан. Энэ талаар гэрээний 3.1.5-д заасан.

1.2.Гэтэл ******* ХХК нь гэрээний хэрэгжилтийн үед санхүүгийн асуудлаа шийдвэрлэхгүй, хөрс хуулалтын үе шатанд шаардлагатай дизель түлшний санхүүжилтгүйн улмаас үйл ажиллагаагаа түр зогсоосон тухай албан бичгийг 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр манай компанид ирүүлсэн. Мөн 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 30 тонн түлшний туслалцаа үзүүлэх, төлбөрийг цаг тухай бүрд төлөх тухай хүсэлт ирүүлж, үүнээс өөр боломжгүй болсон талаар утсаар мэдэгдсэн. Үүний дагуу манай компани 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр ******* ХХК-аас 23,260 литр дизель түлшийг 86,062,000 төгрөгөөр зээлээр худалдан авч, ******* ХХК-д нийлүүлсэн.

1.3.Гэвч ******* ХХК нь 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үйл ажиллагаагаа зогсоож, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, үйл ажиллагаандаа ашигласан дизель түлшний тооцоогоо хийгээгүй. Уг нөхцөлд арга хэмжээ авахыг удаа дараа мэдэгдсэн боловч тодорхой хариу өгөхгүй, уурхайн талбайг эзэнгүй орхисон тул уурхайн оператораар хамтран ажиллах гэрээний 11.2-т заасны дагуу ******* ХХК нь гэрээг цуцалж, ******* ХХК-аас зээлээр худалдан авч, хариуцагчид нийлүүлсэн 23,260 литр дизель түлшний 50 хувийг хэрэглэсэн гэж тооцож түлшний төлбөрт 43,031,000 төгрөг, гэрээт харуул хамгаалалтын 2 постын төлбөрийг 1 пост, 1 сараар тооцож 6,000,000 төгрөг, мөн гэрээний 9.4-т байгаль орчны нөхөн сэргээлт болон үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх баталгаа болгон 100,000,000 төгрөг байршуулахаар заасны дагуу ******* ХХК нь 20,000,000 төгрөгийг шилжүүлж, үлдэгдэл 80,000,000 төгрөгийг байршуулаагүй тул байгаль орчны нөхөн сэргээлтийн баталгааны үлдэгдэл болох 80,000,000 төгрөг, нийт 129,031,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байна.

1.4.Түлшний төлбөрт 43,031,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хариуцагчийн татгалзаж буй дүн 2,500,000 төгрөгөөр багасган түлшний төлбөрт 40,531,000 төгрөг, мөн гэрээний 9.4-т заасны дагуу ******* ХХК нь 25,000,000 төгрөг шилжүүлсэн гэж үзэж, үүнийг шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 90,353,096.5 төгрөгөөс хасаж байгаль орчны нөхөн сэргээлтийн зардалд 65,353,096 төгрөг, нийт 105,884,096 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Харин гэрээт харуул хамгаалалтын төлбөрт 6,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагаасаа татгалзаж байна.

1.5.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1.******* ХХК нь ******* ХХК-тай Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрт ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд ил аргаар олборлолт явуулж, хамтран ажиллахаар уурхайн оператораар хамтран ажиллах гэрээг 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан. Тус гэрээгээр 574.98 га талбайд олборлолтод явуулж, улмаар уг талбайд нөхөн сэргээлт явуулахаар тохиролцсон бөгөөд гэрээний 9.4-т заасны дагуу манай компани 25,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн.

2.2.Бид үйл ажиллагаагаа эхлэх үед тухайн газрын нөөц тодорхойгүй байсан. Гэтэл хөрс хуулалтын явцад алт олборлогдоогүй, нөөцгүй болох нь тодорхой болсон учир бид үйл ажиллагаагaa зогсоож, энэ талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн. Бид гэрээнд заагдсан 574.98 га талбайг бүхэлд нь ухаж, алт олборлосон зүйл байхгүй тул 80,000,000 төгрөгийг бүхэлд нь төлөх боломжгүй гэж үзэж байна.

2.3.Хөрс хуулалтын үе шатанд түлшний хэрэгцээ шаардлага гарч ******* ХХК-аар дамжуулан ******* ХХК-аас 43,031,000 төгрөгийн түлш зээлээр авсан. Тухайн түлшний мөнгөнөөс 2,500,000 төгрөгийг төлсөн. Гэхдээ бид ямар хэмжээний түлш ашигласан нь тодорхойгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрээт харуул хамгаалалтын төлбөрт 6,000,000 төгрөг нэхэмжилснийг бүрэн төлсөн.

2.4.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3.Сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

3.1.Талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн уурхайн оператораар хамтран ажиллах гэрээний 9.4-т заасны дагуу анх ажил эхлэх үед 25,000,000 төгрөг төлсөн. Манай компани гэрээний дагуу уурхайн олборлолтын үйл ажиллагаагаа 2022 оны 07 дугаар сараас эхлэн явуулсан. Гэтэл ажил эхлэх үед газрын нөөц тодорхойгүй байсан ба хөрс хуулалтын явцад алт олборлогдоогүй, нөөцгүй болох нь тодорхой болсон буюу тухайн газар дээр алт гарч ирэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон тул үйл ажиллагаагаа зогсоосон.

3.2.******* ХХК нь тухайн газарт алтны судал байгаа, алт олборлох бүрэн боломжтой хэмээн биднийг төөрөгдөлд оруулснаас болж ямар ч алтны нөөцгүй талбайд уурхайн олборлолт явуулахаар хамтран ажиллах гэрээ байгуулсан учир Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.1-д зааснаар ноцтой төөрөгдсөн гэж үзнэ.

3.3.Иймд талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн уурхайн оператораар хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, байгаль орчны нөхөн сэргээлтэд төлсөн 25,000,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

4.Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгч талын тайлбар, татгалзлын агуулга:

4.1.Манай компани нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг, Угалзын хоолой, Зүрхийн эх гэх газарт 2006 оноос хойш хайгуулын ажил гүйцэтгэж, 2014 онд Бор толгой, Нарт толгой гэх 2 уулыг дамнасан 574.98 га газарт ******* тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг алтны үндсэн ордоор авсан. Уг ордыг 1957 оноос хойш зүүн Герман, ОХУ-ын хайгуулын анги хайгуул хийж, алтны үндсэн ордын Бор толгойд 7, 11, 12, Нарт толгойд 41/42 дугаар бүхий алтны үндсэн судал буюу алт агуулсан хүдрийн биет илрүүлсэн байдаг. Тухайн хайгуулын үр дүнг нарийвчлан 2013 он хүртэл манай компани Бороо 7, Нарт буюу Бороо 41/42 хүдрийн биетэд гүний өрөмдлөгийн ажил гүйцэтгэж, Бороо 7 хүдрийн биетэд 367.35 кг, Бороо 41/42 хүдрийн биетэд 450.65 кг алтны нөөц бодсон. Дээрх нөөцийг Уул уурхайн яамны Ашигт малтмалын газрын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн ХХ-02-03 дугаар дүгнэлтээр баталж, Ашигт малтмалын газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн н-51 дугаар тушаалаар нөөцийг бүртгэсэн. Бороо 41/42 хүдрийн биетэд 450.65 кг алтны нөөцийг төрийн эрх бүхий байгууллага шалгаж, улсын нөөцөд бүртгэсэн. Эрх бүхий байгууллагын дүгнэлт, судалгааны тайлан зэрэг холбогдох баримтуудтай хариуцагч компанийн удирдлага, геологич нар бүрэн танилцаж, өөрсдөө судалгаа хийсний үндсэн дээр гэрээ байгуулсан тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй.

4.2.Уурхайн оператораар хамтран ажиллах гэрээний 2.3-т Оператор нь хамтын ажиллагааны хүрээнд ******* ХХК-аас баталгаажуулсан Нарт 41/42 дугаар хэсгийн талбайд тус компанийн өмнөөс ашигт малтмал олборлох ажил гүйцэтгэхдээ өмнө нь хувиараа ашигт малтмал олборлогчдын үйл ажиллагааны улмаас эвдэгдэж ухагдаж хөндийлсөн хэсгийг нэвтэлж доош нь буюу газрын гүн рүү ойролцоогоор 40-50 метр ил аргаар карьер гаргаж хүдрийн гол хүдрийн биет рүү нэвтрэх зарчмаар үйл ажиллагаа явуулна. гэж заасан боловч оператор нь хамгийн ихдээ 30 метр гүн технологийн бус хөрс хуулалт хийх явцдаа санхүүгийн чадавхгүй болж, дизель түлш, түрээсийн техникийн түрээсийн төлбөрөө төлж чадахгүй, манай компанид үйл ажиллагаагаа зогсоож байгаа талаар мэдэгдэлгүй олборлолт явуулж байсан талбайгаа эзэнгүй орхисон байдаг. Гэрээгээр 40-50 метр гүн рүү хөрс хуулалт хийх ёстой боловч 30 метр гүн хөрс хуулалт хийсэн буюу алт агуулсан хүдрийн биетэд хүрээгүй үйл ажиллагаагaa зогсоосон.

4.3.******* ХХК-ийн олборлолт явуулах талбай болох Нарт буюу Бороо 41/42 хэсэг нь нийт тусгай зөвшөөрлийн талбайн 100 орчим га талбайг эзлэх бөгөөд манай компанийн зүгээс тусад нь хашаа татаж тусгаарласан. Харин ******* ХХК нийт олборлолт явуулах боломжтой байсан хэсгээс 1.5 га талбайд ажиллаад санхүүгийн чадавхгүй болж, гэрээнд заасан баталгааr хуурамчаар гаргасан тодорхой болсон.

4.4.Төрийн байгууллага нөөцийг баталсан ба нөөцгүй болсон гэж үзэхэд тодорхой баримт, геологийн судалгааны ажил, түүнд хийсэн дүгнэлт, шинжилгээ шаардлагатай байтал ******* ХХК нь ямар үндэслэл, ямар мэргэжлийн байгууллагын судалгааны ажил, дүгнэлт, шинжилгээгээр нөөцгүй гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байх бөгөөд юунд суурилж алт гарахгүй болохыг тогтоосон талаар баримт хэрэгт авагдаагүй.

4.5.Түүнчлэн хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлоогүй буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйл, эсхүл 58 дугаар зүйлд заасныг үндэслэсэн эсэх нь тодорхойгүй, тус шаардлагын үндэслэл болгож байгаа нотлох баримтуудыг нэхэмжлэлдээ хавсаргаж шүүхэд ирүүлээгүй буюу бүрдүүлбэр хангагдаагүй байхад шүүх түүнийг хүлээн авсан нь үндэслэлгүй.

4.6.Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар хариуцагч ******* ХХК-аас 65,353,096 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 40,531,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.1-д заасан үндэслэлгүй тул 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн уурхайн оператораар хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 25,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 803,105 төгрөг, хариуцагчийн сөрөг шаардлагад төлсөн 783,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 484,715 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

6.Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

6.1.Анхан шатны шүүх Нарт 41/42 гэх талбай нь Бороо 41/42 гэх алтны ордны нөөц бүхий талбайтай нэршил нэг болох нь тогтоогдож байна гэж үзэж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 65,353,096 төгрөгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хэрэгт авагдсан Ашигт малтмал, газрын тосны газрын 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 4/3018 тоот албан бичгээр алтны нөөц бүртгэгдсэн Бороо 41/42 гэх талбай болон талуудын хооронд байгуулагдсан гэрээнд тусгагдсан Нарт 41/42 гэх нэршил бүхий талбай нь өөр газрууд болох нь харагддаг. Албан ёсны нэршил нь хоорондоо өөр байгаа нөхцөл байдал нь хариуцагчийг төөрөгдөлд оруулсныг тогтоох хамгийн гол нөхцөл байдал байсан. Гэтэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч талын гаргаж өгсөн хавтас хэргийн 171-183 дугаар талд авагдсан баримтуудыг үнэлж дээрх зөрүүтэй, өөр өөр нэршлүүд нь нэг нэршил байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Уг нэршлийн зөрүүний асуудлыг эргэлзээгүйгээр тогтоох шаардлагатай байсан.

6.2.Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд Нарт 41/42 гэх нэртэй талбайд олборлолтоор хамтран ажиллах оператор буюу ******* ХХК үйл ажиллагаа явуулна гэдгийг тодорхой заасан. Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл болон холбогдох баримт бичигт Бороо 41/42 гэх нэршлээр байдаг. Үүнээс үзэхэд хариуцагч ******* ХХК нь төөрөгдсөн үйл баримт тогтоогддог. Хоёр өөр ойролцоо нэршилтэй өөр өөр газруудын нөхцөл байдалд төөрөгдөж гэрээ байгуулсан учраас манай зүгээс Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасны дагуу уг гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Хариуцагч талаас гаргаж өгсөн Ашигт малтмал, газрын тосны газрын албан бичгийг ямар үндэслэлээр үгүйсгэсэн нь ойлгомжгүй, уг нотлох баримтыг анхан шатны шүүх харгалзаж үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

6.3.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

7.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

7.1.Хариуцагч тал гомдолд дурдсанчлан нэршил ондоо учраас төөрөгдсөн гэх тайлбарыг анхан шатны шүүхэд гаргадаг. ******* ХХК-ийн эзэмшлийн 574.98 га талбайд 7, 11, 12, 41, 42 гэсэн 5 судал байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогддог. Бороо 41/42 гэх нэршилтэй талбай нь талуудын хооронд байгуулагдсан гэрээнд Нарт 41/42 гэж бичигдсэн л асуудал. Өөрөөр хэлбэл, 41/42 цэг нь тухайн нутаг дэвсгэрийн Нарт толгой дээр байрлаж байгаа буюу ******* ХХК-ийн системд байгаа 5 цэг дээрх 41/42 гэх цэгээс өөр Бороо 41/42 гэх цэг байхгүй ба 41/42 гэх цэгийг тодотгож байршиж байгаа Нарт толгойг үндэслэн гэрээнд бичсэн. Бороо, Нарт гэдэг хоёр нэршлээр 41/42 гэх цэг нь координатаар өөрчлөгдөхгүй. Тухайн цэг дээр шинжээч нар үзлэг хийгээд 90,000,000 орчим төгрөгийн нөхөн сэргээлт хийгдэнэ гэж дүгнэсэн. Хариуцагч нь 41/42 гэх цэг дээрх газрыг өөрсдөө сонгож гэрээ хийсэн. Иймээс нэршлийн хувьд төөрөлдсөн гэдэг асуудал яригдахгүй.

7.2.Анх зүүн Германчууд уг ордыг илрүүлэхдээ алтны үндсэн судлыг Бороо 1 гээд дугаарласан ба нэгээс авхуулаад 70 хүртэл дугаарласан дугаар бүхий судлууд өөр өөр ууланд буюу өөр өөр нэршилтэй газар байдаг. Геологийн нэршил, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэршил гэсэн хоёр зүйл байдаг. Талуудын байгуулсан гэрээнд Нарт гэж бичсэн үндэслэл нь эрт дээр үеэс Нарт толгой гэж нэрлэсэн учраас Нарт толгой дээр 41/42 гэх судал байна гэж тавьсан.

7.3.******* ХХК, ******* нар нь Нарт толгойн хэсгийн лицензийн хил залгаад алтны үндсэн чулуулгийг боловсруулах жижиг бага оврын тээрэм барьсан, 2019 онд манай уг талбай дээр хувиараа алт олборлогч нартай нийлж олборлолт явуулж байсан учраас 41 гэх судлыг олборлох санал тавьсны дагуу очиж үзээд туршлагатай гэж үзээд гэрээ хийсэн. Тухайн үед хариуцагчаас олборлолт хийхээр сонирхсон талбай нь мөн бөгөөд геологийн нэршлээрээ Бороо 41, засаг захиргааны нэршил буюу байршлаараа Нарт толгой юм.

7.4.Ашигт малтмал, газрын тосны газраас тодорхой хайгуулын нөөц тогтооход координатаар нь хайгуул хийснийг баталгаажуулж тогтоодог. Уг координат нь мөн эсэх асуудлаар шинжээч очиж шинжилгээний цэгүүд аван олборлосон талбайг тогтоохоор координат авдаг. Тэгэхээр хоёр координат нэг цэг дээр бууж байгаа учраас Бороо 41/42, Нарт 41/42 гэсэн өөр тус тусдаа хэсгүүд байхгүй.

Хариуцагч тал манай олборлолт хийх 41 гэх судал биш байна гэж үзсэн бол тухайн үед шаардлага тавих боломжтой байсан.

7.5.Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан байгаль орчны нөхөн сэргээлтийн зардалд 80,000,000 төгрөг, ******* ХХК-аас зээлээр худалдан авч, хариуцагчид нийлүүлсэн түлшний төлбөрт 43,031,000 төгрөг, гэрээт харуул хамгаалалтын төлбөрт 6,000,000 төгрөг, нийт 129,031,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан, улмаар нэхэмжлэгч тал анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаан дээр гэрээт харуул хамгаалалтын төлбөрт 6,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагаасаа татгалзаж, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 90,353,096.5 төгрөгөөс хариуцагчийн шилжүүлсэн 25,000,000 төгрөгийг хасаж байгаль орчны нөхөн сэргээлтийн зардалд 65,353,096 төгрөг, түлшний төлбөрөөс хариуцагчийн төлсөн 2,500,000 төгрөгийг хасаж түлшний төлбөрт 40,531,000 төгрөг, нийт 105,884,096 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байна.

2.1.Хариуцагч ******* ХХК нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч ...хөрс хуулалтын явцад алт олборлогдоогүй, нөөцгүй болох нь тодорхой болсон учир бид үйл ажиллагаагaa зогсоож, энэ талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн, хөрс хуулалтын үе шатанд нэхэмжлэгчээр дамжуулан ******* ХХК-аас 43,031,000 төгрөгийн түлш зээлээр авсан, тухайн түлшний мөнгөнөөс 2,500,000 төгрөг төлсөн, гэвч бид ямар хэмжээний түлшийг ашигласан нь тодорхойгүй, гэрээт харуул хамгаалалтын төлбөрт нэхэмжилсэн 6,000,000 төгрөгийг бүрэн төлсөн... гэж маргаж, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан нэхэмжлэгч тухайн газарт алтны судал байгаа, алт олборлох бүрэн боломжтой хэмээн биднийг төөрөгдөлд оруулснаас болж ямар ч алтны нөөцгүй талбайд уурхайн олборлолт явуулахаар хамтран ажиллах гэрээ байгуулсан учир хариуцагч нь Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.1-д зааснаар ноцтой төөрөгдсөн гэж үзэж, талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн уурхайн оператораар хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, байгаль орчны нөхөн сэргээлтэд төлсөн 25,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч маргажээ.

 

3.Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:

3.1.******* ХХК болон ******* ХХК-ийн хооронд 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр уурхайн оператораар хамтран ажиллах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр оператор буюу ******* ХХК нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Угалзын хоолой гэх нэртэй газарт байх ******* ХХК-ийн эзэмшлийн ******* тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайн зөвхөн Нарт 41/42 гэх хэсэгт ил аргаар ашигт малтмалын олборлолт явуулж, олборлосон ашигт малтмалыг улсад тушааж, олсон ашгаа хуваах байдлаар талууд хамтран ажиллахаар харилцан тохиролцжээ. /1хх-ийн 9-17 дугаар тал/

3.2.Дээрх гэрээний 9.4-т заасны дагуу ******* ХХК нь байгаль орчны нөхөн сэргээлт болон үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх баталгаа болгон 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 20,000,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг, нийт 25,000,000 төгрөгийг ******* ХХК-д байршуулсан, үүнд нэхэмжлэгч маргаагүй. /1хх-ийн 36-38 дугаар тал/

3.3.******* ХХК нь гэрээ байгуулсан 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс хойш 7 хоногийн дараа буюу 2022 оны 07 дугаар сараас эхлэн 45 хоногийн хугацаанд олборлолтын үйл ажиллагаа явуулаад 2022 оны 08 дугаар сард олборлолтын үйл ажиллагааг зогсоосон, уг үйл ажиллагаа явуулсан хугацаанд зохигч маргаагүй.

3.4.******* ХХК нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт орших Бороо нэртэй 4,625.25 га талбай бүхий ******* тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2004 оны 12 дугаар сарын 14-ний өдөр авч, 2004-2013 онуудад Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрт орших Бороо 7, Бороо 41/42 алтны үндсэн ордод хайгуулын ажил гүйцэтгэн, уг хайгуулын ажлын тайланг үндэслэн Уул уурхайн яамны Ашигт малтмалын газрын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаар дүгнэлтээр ******* ХХК-ийн эзэмшлийн ******* тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах Бороо 41/42, Бороо 7 алтны үндсэн ордын нөөцийг тогтоолгож, улмаар Ашигт малтмалын газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн н-51 дугаар тушаалаар ашигт малтмалын нөөцийн улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн, ийнхүү Бороо 41/42 алтны үндсэн ордын 1 болон 2 дугаар хүдрийн биетийн нөөц ашигт малтмалын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэнээс хойш 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар нөөцийн хөдөлгөөн хийгдээгүй байна. Түүнчлэн тус компани нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Бороо нэртэй газарт орших 574.98 га талбайд хамаарах ******* тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авч, уг талбайд хамаарах Бороо 7, Бороо 41/42 алтны ордыг ил болон далд аргаар ашиглах техник эдийн засгийн үндэслэлийг төрийн эрх бүхий байгууллагад гарган өгсөн байна. /1хх-ийн 171-183, 2хх-ийн 147 дугаар тал/

Өөрөөр хэлбэл, ******* ХХК нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Бороо (Бор толгойн алтны үндсэн орд) нэртэй газарт орших 574.98 га талбайд хамаарах ******* тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг үйл баримтад зохигч маргаагүй.

3.5.Шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний газрын Хүрээлэн буй орчны шинжилгээ, үнэлгээний лабораторийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ЕГ0325/916 дугаар дүгнэлтээр ...Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг, Нарт 41 дэх хэсгийн талбайд хийх техникийн нөхөн сэргээлтийн ажлын зардал 75,820,299.5 төгрөг, биологийн нөхөн сэргээлт хийх талбай 4,572 метр2 бөгөөд ажлын зардал нь 7,072,450 төгрөг, хяналт тавих мониторингийн зардал 7,460,347 төгрөг, нийт 90,353,096.5 төгрөг байна. 42 хэсгийн талбайд үйл ажиллагаа явуулаагүй байна... гэж дүгнэжээ. /2хх-ийн 1-28 дугаар тал/

 

4.Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн талаар зөв тодорхойлсон ба уг гэрээ нь хүчин төгөлдөр байна.

Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.4-т Хөрөнгийг хуваарилахад хамтын үйл ажиллагааны явцад бий болсон үүргийг гүйцэтгэсэн байх бөгөөд хэрэв үгүй бол талууд өөрт ногдох хэсэгт хувь тэнцүүлэн үүргийг гүйцэтгэнэ. гэж заасан. Өөрөөр хэлбэл, хамтран ажиллах гэрээгээр талууд эхлээд үүргээ гүйцэтгээд, дараа нь үлдэх хэсгээ хоорондоо харилцан тохиролцох ёстой ба ийнхүү тохиролцоогүй тохиолдолд Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.4-т зааснаар маргааныг шийдвэрлэнэ. Иймд мөн зүйлд зааснаар талууд үлдэх үүргийг хэрхэн гүйцэтгэх талаар тохиролцоогүй учир адил тэнцүү хэмжээгээр үүргийг гүйцэтгэнэ.

Хариуцагч ******* ХХК нь 2022 оны 07 дугаар сараас эхлэн 45 хоногийн хугацаанд олборлолтын үйл ажиллагаа явуулсан, улмаар талууд хамтран ажиллах гэрээг дуусгавар болгосон байх ба хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт байх Нарт 42 хэсгийн талбайд олборлолт явуулаагүй, Нарт 41 дэх хэсгийн талбайд олборлолтын үйл ажиллагаа явуулж, байгаль орчны нөхөн сэргээлт хийхэд зарцуулагдах зардлын дүнг 90,353,096 төгрөгөөр тогтоосон тул үүнийг талуудын хэн аль нь адил тэнцүү хэмжээгээр хариуцах үүрэгтэй.

Ийнхүү шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон үнийн дүнгийн 50 хувиар тооцоход 45,176,548 төгрөг болох бөгөөд үүнээс хариуцагч ******* ХХК-аас нэхэмжлэгч ******* ХХК-д байршуулсан 25,000,000 төгрөгийг хасаж, хариуцагчаас олборлолт явуулсан талбайн байгаль орчны нөхөн сэргээлтийн зардалд 20,176,548 төгрөг гаргуулах нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 480 дугаар зүйлийн 480.4-т тус тус заасанд нийцнэ.

 

5.Харин нэхэмжлэгч ******* ХХК нь 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр ******* ХХК-аас зээлээр худалдан авч, хариуцагчид нийлүүлсэн гэх 86,062,000 төгрөгийн үнэ бүхий 23,260 литр дизель түлшнээс хариуцагч ******* ХХК нь ямар хэмжээгээр ашигласан буюу хариуцагчид хэдэн литр түлш нийлүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байхаас гадна нэхэмжлэгч уг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ баримтаар нотлоогүй байх тул үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас түлшний төлбөрт 40,531,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдэл үндэслэлтэй.

6.Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд, нэгэнт талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээ хүчин төгөлдөр, хариуцагч нь Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.1-д зааснаар ноцтой төөрөгдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байхаас гадна дээр дурдсанчлан хариуцагч ******* ХХК нь олборлолт явуулсан талбайн байгаль орчны нөхөн сэргээлтийн зардлыг нөхөн төлөх үүрэгтэй тул анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн уурхайн оператораар хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, байгаль орчны нөхөн сэргээлтэд төлсөн 25,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь зөв.

 

7.Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо Бороо 41/42 гэх талбай болон талуудын байгуулсан гэрээнд тусгагдсан Нарт 41/42 гэх талбай нь хоёр тусдаа буюу өөр өөр газрууд болно гэж дурдсан байгаа боловч анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчийн тайлбарыг харьцуулан үзээд, талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээнд тусгасан Нарт 41/42, Бороо 41/42 гэх нэршлүүд нь Бороо-41/42 гэх нэг алтны үндсэн ордыг илэрхийлж байгаа талаар үндэслэл бүхий дүгнэсэн.

Түүнчлэн, хариуцагч ******* ХХК нь тухайн асуудлаар маргаж буй тайлбар, татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байх тул энэ талаарх гомдлыг хангахгүй.

 

8.Ийнхүү анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.4-т заасныг нэмж баримталж, хариуцагч ******* ХХК-аас 20,176,548 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулна. Үүнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтын талаарх заалтад мөн зохих өөрчлөлт орно.

 

9.Дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 191/ШШ2026/02805 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтын ...476.1... гэснийг 476.1, 480 дугаар зүйлийн 480.4 гэж, ...65,353,096... гэснийг 20,176,548 гэж, ...40,531,000... гэснийг 85,707,548 гэж,

 

3 дахь заалтын ...484,715... гэснийг 258,833 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 484,715 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Н.ОЮУНТУЯА

 

Ч.МӨНХЦЭЦЭГ