| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2019/0030/Э |
| Дугаар | 34 |
| Огноо | 2019-08-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ганзориг |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 34
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг даргалж,
Улсын яллагч Б.Ганзориг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баттулга,
Шүүгдэгч Ц.О, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Бүжинлхам нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор хууль цаазын зөвлөх Б.Ганзоригийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Боржигон овогт Ц Оөд холбогдох 1924000000030 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: улсын иргэн суманд төрсөн, 39 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаартай, Боржигон овогт Ц О нь 2019 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 11 цагийн орчимд Завхан аймгийн Түдэвтэй сумын Цорго багийн Нүхэн Хадны 04-06 тоотод байрлах өөрийн гэртээ эхнэр Ч.А маргалдаж, улмаар зодож тархины доргилт, 2 нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зүүн хацар, баруун далны доод хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд дурдсанаар/ Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.О нь 2019 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 11 цагийн орчимд Завхан аймгийн Түдэвтэй сумын Цорго багийн Нүхэн Хадны 04-06 тоотод байрлах өөрийн гэртээ эхнэр ******* “түлээний үрдэс ачсангүй” гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүн рүү галын хагалсан мод шидэж, мөн үснээс нь зулгааж, нүүр рүү нь хоёр удаа өшиглөж, толгой дээр нь дэвсэж зодсон үйлдэл нь:
Хохирогч *******: “... 2019 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 11 цагийн орчим нөхөр Ц.Отэй гэр бүлийн маргаанаас болж муудалцсан. Ц.О над руу түлээний мод авч шидэхэд миний нуруу руу оноход хүрч ирээд үснээс зулгааж толгой дээр дэвсэж, духны баруун дээд хэсэгт болон зүүн хацар руу 2 удаа өшиглөсөн. Би нөхөр Ц.Оөөс зугтаад машиныхаа түлхүүрийг аваад гарч цагдаад дуудлага өгсөн. Модоор цохиулсан нурууны хэсэгт хөхөрч шалбарсан, духны баруун дээд хэсэгт хөхөрч хавдсан, зүүн хацар хавдаж хөхрөөд зулгарч шалбарсан. Миний толгой өвдөж өвчин намдаах эм хэрэглэж байгаа. Нөхөр Ц.О нь анх удаа намайг зодсон. Би эмчид үзүүлсэн, одоо надад гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9 хуудас/,
Гэрч *******: “...2019 оны 8 дугаар сарын 04-ний өдөр гэртээ байж байхад нүүр нь бага зэрэг хавдсан, нүд нь хөхөрсөн эмэгтэй “үзүүлэх гэсэн юм” гэж орж ирсэн. Үзлэг хийхэд биеийн байдал дунд зэрэг, амин үзүүлэлт хэвийн, зүүн нүдний доод хэсэгт арьсны улайлт үүссэн, зүүн нүднийг тойрсон арьсны хавдартай, зүүн нүдний гадна хэсэгт хөхрөлттэй, баруун нүдний ухархай хэсэгт жижиг хэмжээний хөхрөлт үүсэж эхэлж байсан. Толгойны ар дагзны хэсэгт өвчин эмзэглэлтэй, жижиг хэмжээний хаван хавдартай байсан. Би эмчилгээ зааж өгөөд өвчин намдаах эм уухыг зөвлөөд эмчийн тодорхойлолт хийж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-13-14 хуудас/,
Хүний их эмч ******* 2019 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн үзлэг хийсэн “...******* нь 37 настай, эмэгтэй. Зовиур: Зүүн нүд орчим өвдөнө, баруун нүд өвдөнө, баруун дал түүний дотор ирмэг орчим хөндүүрлэнэ. Баруун дух үсний заагны орчим цохиулж тэр хэсэгт хавдартай. Үзлэгээр: Биеийн ерөнхий байдал дунд, ухаан саруул орчиндоо харьцаатай, эрхтэн тогтолцооны өөрчлөлт байхгүй. Бүтэн биеийн үзлэгт ил шарх байхгүй, толгойн дагз хэсгийн орчим цохиулж хавдсан хөндүүртэй. Баруун нүдний гадна өнцөгт цус хурсан. Зүүн нүдний доод зовхи орчим хаван хавдар ихтэй, ойролцоо эдэд эмзэглэл хөндүүр ихтэй, арьсны цус хуралттай. Нүдний нээлт болон хаалтанд саад болсон байна. Баруун духны үстэй хэсгийн зааг орчим хавдаж, хөхөрсөн эмзэглэл ихтэй. Баруун далны дотор ирмэгээр дарахад хөндүүрлэнэ. Дээрх бүгд битүү гэмтэл болно. Гэмтлийн эмчид үзүүлэх, нүүрний рентген зураг авахуулах...” гэсэн тодорхойлолт зэргээр нотлогдож байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Ц.Оийн дээрх үйлдлийн улмаас хохирогч ******* биед хөнгөн /гэмтэл/ хохирол учирсан болох нь: Завхан аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Сэргэлэнбаярын 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 00000151 дугаартай “...******* биед гэмтэл учирсан байна. Хатуу мохоо зүйлийн 3-4 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой, тархи доргилт, 2 нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зүүн хацар, баруун далны доод хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ******* биед учирсан тархи доргилт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэсэн /хх-ийн 17-р хуудас/ дүгнэлтээр тогтоогдож байна.
Түүнчлэн шүүгдэгч Ц.Оийн шүүх хуралдаанд өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 04-ний өдөр гэртээ эхнэр ******* “түлээний үрдэс ачсангүй” гэх шалтгаанаар маргалдаж түүн рүү түлээний мод авч шидсэн чинь нуруу хэсэгт нь оносон. Нүүр хэсэгт нь хоёр удаа, толгой дээр нь нэг удаа өшиглөсөн…” гэсэн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримттай тохирч байх тул түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлээд хохирогч *******г зодож түүнд тархи доргилт бүхий хөнгөн /гэмтэл/ хохирол учруулсан болохыг давхар нотолж байна гэж үзлээ.
Прокуророос шүүгдэгч Ц.Оөд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд түүнд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрч, хохирогчтой эвлэрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хохирогч ******* нь “түлээний үрдэс ачсангүй” гэсэн шалтгаанаар нөхөр Ц.Отэй маргалдаж, улмаар Ц.О нь ******* нүүр лүү хоёр удаа, толгой руу нэг удаа өшиглөсөн үйлдэл хохирогчид учирсан тархины доргилт гэмтэл нь өөр хоорондоо шууд шалтгаант холбоотой байх бөгөөд Ц.Оийн дээрх үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байна. Шүүгдэгч Ц.О урьд нь эхнэр *******г зодож, дарамтлах зэргээр гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй аливаа үйлдэл хийж байгаагүй болох нь хохирогчийн “...Нөхөр Ц.О нь анх удаа намайг зодсон…” гэх мэдүүлгээр нотлогдож байх тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан” гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь энэ үйлдэл нь байнгын шинжтэй байхаар хуульчилсан бөгөөд дээрх үйлдлийн улмаас ямар нэг хохирол, гэмтэл учирсан байхыг шаардаагүй байна. Мөн шүүгдэгч Ц.Оийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд учирсан хөнгөн гэмтлийг байнгын шинжтэй үйлдлээр учруулсан нөхцөл байдлыг хамруулан ойлгох бөгөөд шүүгдэгч Ц.О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас “түлээний үрдэс ачсангүй” гэсэн шалтгаанаар маргалдахдаа нэг удаагийн үйлдлээр эхнэр *******д хөнгөн гэмтэл учруулсан байна. Иймд түүний үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ. Шүүгдэгч Ц.О нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “...урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа “…Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал зэргийг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдол, саналгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Ц Оийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Оийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Оөд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын дотор төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч Ц.О нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ц.Оөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ