Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2026/00159

 

 

******* ББСБ ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ч.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 197/ШШ2025/16095 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* ББСБ ХХК,

 

Хариуцагч: ******* д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 13,302,471.61 төгрөг гаргуулах тухай тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Мөнхцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч ******* д холбогдуулан үндсэн зээлд 562,500 төгрөг, зээлийн хүүнд 10,487,476.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2,097,495.27 төгрөг, бусад зардалд 155,000 төгрөг, нийт 13,302,471.61 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч ...автомашиныг зах зээлийн ханшаас доогуур үнэлж худалдан борлуулсан, зээлийн гэрээний үүргийг фидуцийн гэрээний дагуу автомашиныг хүлээлгэн өгснөөр хангасан... гэж бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

3.Анхан шатны шүүх хариуцагчаас зээлийн төлбөрийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх боловч ийнхүү шийдвэрлэхдээ нэмэгдүүлсэн хүүг буруу тооцсон, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүйн улмаас хариуцагчийн төлбөл зохих төлбөрийн хэмжээг буруу тогтоосон, мөн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримталбал зохих хуулийн зохицуулалтыг баримтлаагүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.

 

4.Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:

 

4.1.******* ББСБ ХХК болон ******* нарын хооронд 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч ******* ББСБ ХХК нь 33,000,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч ******* нь зээл, зээлийн хүүг хуваарийн дагуу буцаан төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх-ийн 12-13-р тал/

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

4.2.Мөн талууд 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр барьцааны гэрээ /фидуци/ байгуулж, ******* нь өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай, АUDI/A6-C6 маркийн автомашиныг ******* ББСБ ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон байх ба уг гэрээ барьцааны гэрээ нэртэй боловч гэрээний агуулга, талуудын эрх, үүрэг, тээврийн хэрэгслээр үүрэг хангуулах журмыг тодорхойлсноос үзвэл, талуудын хооронд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасан фидуцийн гэрээ байгуулагдсан болохыг анхан шатны шүүх зөв тодорхойлжээ. /хх-ийн 13-14-р тал/

 

4.3.Дээрх зээлийн гэрээний дагуу ******* ББСБ ХХК нь 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 33,000,000 төгрөгийг ЕВ-ЗО ******* ******* гэх гүйлгээний утгатайгаар ******* ын эзэмшлийн Хаан банк дахь ******* тоот дансанд шилжүүлсэн, мөн зээлдүүлэгчийн нэр дээр тээврийн хэрэгсэл шилжиж бүртгэгдсэн талаар зохигч маргаагүй. /хх-ийн 17-р тал/

 

4.4.Зээлдэгч ******* нь гэрээ байгуулснаас хойш 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 5,600,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 3,000,000 төгрөгийг тус тус төлсөн байх ба зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөөгүй, хугацаа хэтрүүлж үүргийн зөрчил гаргасан талаар хариуцагч тал маргаагүй. /хх-ийн 18-р тал/

 

4.5.Үүний улмаас ******* ББСБ ХХК нь зээлийн гэрээг цуцалж, фидуцийн гэрээний дагуу ******* улсын дугаартай, АUDI/A6-C6 маркийн автомашиныг хураан авч, автомашины техникийн бүрэн байдалд 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр ******* ХХК-аар оношилгоо хийлгэж, улмаар автомашины зах зээлийн үнийг тогтоолгохоор үнэлгээ хийлгэсэн байна. /хх-ийн 27, 53-55-р тал/

 

******* ХХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар ******* ББСБ ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй, ******* улсын дугаартай, АUDI/A6-C6 маркийн автомашиныг 29,000,000 төгрөгөөр үнэлжээ.

 

4.6.Ийнхүү ******* ББСБ ХХК-ийн *******тай байгуулсан 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний дагуу уг ******* улсын дугаартай, АUDI/A6-C6 маркийн автомашиныг *******гийн эзэмшилд шилжүүлжээ. /хх-ийн 22-23-р тал/

 

5.Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэж, 453.2-т Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлийг үл маргах журмаар зээлдүүлэгчид шилжүүлэхээр гэрээнд заасан бол тухайн барьцааны зүйлийг гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн зээлдүүлэгч захиран зарцуулах эрхтэй. Энэ заалт зөвхөн хөдлөх эд хөрөнгөнд хамаарна. гэж, талуудын байгуулсан гэрээний 1.7-д Зээл төлөх хугацааг 10 хоног хэтрүүлэх мөн гэрээг цуцалснаас хойш ажлын 5 хоногт Зээлдэгчийн эзэмшлээс тээврийн хэрэгслийг хураан авч, зээлдүүлэгчийн зогсоолд байршуулж, Зээлдүүлэгч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах талаар бичгээр мэдэгдэл /МЭДЭГДЭХ ХУУДАС/ хүргүүлнэ. гэж, 1.8-д Гэрээнд заасан мэдэгдэх хуудсыг авснаас хойш Зээлдэгч нь 15 хоногийн дотор зээл төлөх ямар нэгэн үйлдэл хийгээгүй бол Барьцааны гэрээний дагуу шүүхийн бус журмаар барьцаа хөрөнгийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулна. гэж тус тус заасан. Энэ талаар фидуцийн гэрээний 1.8, 1.9-д мөн адил заасан байна.

 

Хариуцагч ******* нь зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй, хугацаа хэтрүүлж үүргийн зөрчил гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байх тул нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т зааснаар хэрэгт авагдсан ******* ХХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланг үндэслэн фидуцийн зүйлийн үнийг тодорхойлж, худалдан борлуулж үүргийн гүйцэтгэл хангасныг буруутгах үндэслэлгүй.

 

Фидуци нь үүргийг хангуулах зорилгоор үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд эд хөрөнгөө шилжүүлдэг эрх зүйн харилцаа учраас үүрэг гүйцэтгүүлэгч өмчлөгчийн нэгэн адил эд хөрөнгийг захиран зарцуулж, үүргээ хангуулдаг. Иймд үндсэн гэрээний үүргийг фидуцийн зүйлээр хангуулж үүргийг дуусгавар болгох зорилгоор хийгддэг учир фидуцийн зүйлийг үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлснээр үүрэг хангагдах нөхцөл үүсэж, улмаар үндсэн үүрэг дуусгавар болох нь фидуцийн үндсэн ойлголт болно.

 

Гэхдээ, энэ маргаанд талууд автомашины үнийг 16,500,000 төгрөг гэж фидуцийн гэрээнд тохиролцсон учраас энэ хэмжээнд гэрээний үүргийг хангахаар анхнаасаа фидуцийн гэрээ байгуулсан гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, дүрмийн бус буюу фидуцийн зүйлээр үүргийг хангах боломжгүй тохиолдлыг талууд хүлээн зөвшөөрсөн байх тул фидуцийн зүйлээр үүргийг хангуулж үндсэн гэрээний үүргийг дуусгавар болгох үндэслэлгүй байна.

 

6.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагч 2024 оны 06 дугаар сараас эхлэн зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөөгүй учраас гэрээг цуцалж, фидуцийн гэрээний зүйлийг худалдан борлуулж олсон орлогыг үндсэн зээлийн үлдэгдлээс хасаж, энэ хүртэлх хугацаагаар хуримтлагдсан хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг шаардах эрх үүссэн гэх агуулгаар тодорхойлсон.

 

Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ...автомашиныг зах зээлийн ханшнаас доогуур үнэлж худалдан борлуулсан, зээлийн гэрээний үүргийг фидуцийн гэрээний дагуу автомашиныг хүлээлгэн өгснөөр хангасан... гэж тайлбарлаж маргасан байх боловч уг тайлбар, татгалзлаа нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар өөрийн тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байх тул энэ агуулгаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн автомашиныг үнэлсэн үнэлгээ бодит байдалд нийцээгүй гэх гомдлыг хүлээн авахгүй.

 

Фидуцийн зүйлийг худалдан борлуулж олсон орлогоор зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр бүрэн хангагдаагүй учраас нэхэмжлэгч нь 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн байдлаарх зээлийн үлдэгдэл төлбөрийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар шаардах эрхтэй.

 

Энэ талаарх анхан шатны шүүхийн Хэдийгээр эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болсон буюу фидуцийн гэрээний хөрөнгийг бодитоор гаргуулсан боловч тухайн хөрөнгөөр зээлийн гэрээний үүрэг бүрэн хангагдаагүй нөхцөлд зээлдүүлэгч нь зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийг шаардах эрхтэй байна. гэх дүгнэлт үндэслэл бүхий байна.

 

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...нэхэмжлэгч тал тээврийн хэрэгслээ хүлээн авснаар гэрээ дуусгавар болж, зөрүү төлбөр төлөх үндэсгүй байна... гэх агуулгаар гаргасан гомдлыг хангахгүй.

 

7.Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргаж өгсөн зээлийн хүүний тооцоололд үндэслэн төлбөл зохих нэмэгдүүлсэн хүүний хэмжээг буруу тогтоосон байгааг давж заалдах шатны шүүх залруулан, нэмэгдүүлсэн хүүнд 251,664.44 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Учир нь зээлийн дансны хуулгаар 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөр төлөх ёстой нэмэгдүүлсэн хүү 1,097,815.29 төгрөг, төлсөн нь 846,151.18 төгрөг, дутуу нь 251,664.44 төгрөг байхад зээлийн хүүний үлдэгдэл 10,487,476.34 төгрөгөөс 20 хувиар тооцож 2,097,495.27 төгрөг гэж шаардсан нь буруу болжээ.

 

Нэхэмжлэгч нь зээлийн үндсэн хүүнд 10,487,476.34 төгрөг шаардсан боловч анхан шатны шүүх зээлийн хүүнд 9,452,789 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй учраас зээлийн хүүг уг хэмжээгээр тооцно.

 

Мөн анхан шатны шүүх бусад зардалд 140,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үнэлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагаас уг 140,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч ******* аас үндсэн зээлийн үлдэгдэлд 562,500 төгрөг, зээлийн хүүнд 9,452,789 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 251,664.44 төгрөг, нийт 10,266,953.44 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,035,518.17 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулна.

 

8.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтад холбогдох хуулийн зохицуулалтыг буруу баримталсан байгааг залруулан тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

 

9.Мөн анхан шатны шүүхийн нэхэмжлэлийн шаардлагаас хангаж шийдвэрлэсэн дүнд өөрчлөлт орсонтой холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад зохих өөрчлөлт орно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 197/ШШ2025/16095 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3-т тус тус заасныг баримтлан хариуцагч ******* аас 10,266,953.44 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,035,518.17 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

 

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 224,463 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 179,221 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 224,463 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Ч.МӨНХЦЭЦЭГ