Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 35

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Улсын яллагч Б.Ганзориг,

Шүүгдэгч Г.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Бүжинлхам нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор хууль цаазын зөвлөх Б.Ганзоригийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Бичээч овогт Ганболдын Ат холбогдох 1924000620029 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Улсын иргэн,төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй,  регистрийн дугаартай, Б овогт Г.А нь 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 25-нд шилжих шөнө 02 цагийн орчим Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд буюу нөхөр Э.Цтай маргалдаж, улмаар толгойн тус газарт нь аягаар цохиж баруун зулайн ар дээд хэсгийн хуйханд шарх гэмтэл учруулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.А нь 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 25-нд шилжих шөнө 02 цагийн орчим гэртээ нөхөр Э.Цтай маргалдаж, улмаар түүний баруун гуя руу өшиглөж, мөр лүү нь цохиж, үснээс нь зулгааж, шилэн аягаар толгойн тус газарт хоёроос гурван удаа цохисон үйлдэл нь:

Хохирогч Э.Цын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 24-нд эхнэр бид хоёр хөдөө гэртээ байсан. Эхнэр Г.А “Ангийнхантайгаа Тосонцэнгэл сумын төв дээр уулзчихаад ирнэ” гэхээр нь би тэг тэг гэхэд 20 цагийн орчимд замын унаад суугаад явсан. 24 цаг өнгөрч байхад би хөдөөнөөс эхнэрээ авах гэж Тосонцэнгэл сумын төв рүү өөрийн машинаараа орж ирээд эхнэртэйгээ утсаар ярихад “айлд байна болохоороо чам руу залгана” гэхээр нь Тосонцэнгэл сумын Улаантолгой багт байдаг өөрийнхөө байшиндаа эхнэрийнхээ утсаар залгахыг нь хүлээгээд ******* хамт байсан. Шөнө 01 цагийн орчимд эхнэр А “намайг ирээд аваадах, би Батцэрэнгийн хашааны өнцөгт байна” гэхээр нь ******* хамт машинтайгаа очиж аваад гэртээ ирсэн. Би эхнэр Ат “Чи ангийнхантайгаа уулзана гэж явчихаад яахаараа надад худлаа яриад өөр хүмүүстэй явсан юм бэ” гэхэд тэр “Миний хаана явах нь чамд хамаагүй” гэснээ баруун гуя руу өшиглөсөн, мөр рүү гараараа цохисон, үснээс гараараа татаж зулгаасан, шалны алчуураар толгой нүүр хэсэг рүү цохиж ороолгосон, дараа стакан гартаа барьчихаад толгойн орой хэсэг рүү 2-3 удаа цохисон. 3 дахь удаагийн цохилтоор стакан нь хагарч толгой хэсгээс цус гарсан. Би цагдаад дуудлага утсаар өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/,

Гэрч Ж.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн орой би Хангарьд бааранд Энхмаатай сууж байтал Ишиймаа миний сууж байсан өрөөг шагайж харчихаад явсан. Удалгүй би Ишиймаагийн сууж байсан өрөө рүү ороход. Тэр өрөөнд манай ахын хүүхэд А, Ишиймаа, Мөнхжаргал нар танихгүй залуучуудын хамт сууж байсан. Би “та нартай хамт суучих уу” гэхэд Мөнхжаргал “чи хэрэггүй” гэхээр нь гараад явсан. Гараад Аын утас руу нь залгахад түүний нөхөр Ц авахаар нь мэндлээд Аын утасны дугаарыг асуусан чинь А хаана байна гэж асуухаар нь урд байна гэсэн. Чи хаана байна гэхээр нь би харих гэж явна гэхэд би танайд яваад очъё гэсэн. Би гэртээ дөнгөж ороод байж байтал Ц манайд ирсэн. А хаана байна гэхээр нь “Хангарьд” бааранд байна гэж хэлсэн. А ангийнхантайгаа явна уу гэж асуухаар нь ангийнхан ч биш, Ишиймаа байсан, цуг яваа залуучуудыг нь танихгүй гэсэн. ...Би Цад пиво гаргаж өгсөн чинь би пиво уухгүй, рашаанд яваад ирсэн гэснээ хоёулаа манайд очиж жаахан юм яръя гэхээр нь хамт гэрт нь очсон. Тэгээд хоёулаа хууч хөөрөөд би нөгөө пивоноосоо ганцаараа уугаад байж байтал шөнө 02 цагийн орчимд А Цтай утсаар холбогдож ирж ав гэж хэлсэн. Ц бид хоёр хамт очиж Аыг авсан. Ц гэртээ орсноо Ат “Чи ангийнхантайгаа явна гэж хэлчхээд худлаа ярьж явлаа” гэсэн чинь А “хүн ч тухтайхан явуулахгүй араас утасдаад хаашаа юм бэ” гэхэд Ц “чи рашаанд явчихаад пиво уулаа” гэж хэлсэн чинь “хуц солиор миний хаана явах нь чамд ямар хамаатай юм” гээд хэрэлдээд байсан. Ц Аыг чи биеэ бодохгүй юм бол би биеэ бодож яадаг юм гээд миний ууж байсан пивоноос стаканд 2 удаа хийж уусан. Тэгтэл А стакан шүүрч аваад Цын толгойн тус газарт цохисон. Би салгах гээд бостол Ц чи битгий хүрээрэй, гар хүрэхээр бие нь хөхөрчихдөг гэсэн. Ц стаканд пиво хийж уух гэтэл стаканыг нь шүүрч толгой руу нь 3 удаа цохисон. Би салгаж чадахгүй, салгах гэхээр аюул болдог гэхээр нь иргэний үүргийг гүйцэтгээд цагдаад утсаар мэдэгдсэн. Дараа нь эмнэлэг орж Цыг эмчид үзүүлсэн. Эмч Цын толгой хэсэгт 4 оёо тавьсан гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх 22-23 хуудас/,

Гэрч Г.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн орой 22 цагийн үед Хүрэн тал кафены хажууд Атай уулзсан. Тэгтэл манай ангийн залуу нэг найзтайгаа хамт ирсэн. Тэгээд хамт “Хангарьд” караоке орсон. Аын найз гэж нэг эмэгтэй ирсэн. Бид 5 “Хангарьд” орж 1 цаг караокед дуулж нэг нэг лааз пиво уусан. 23 цагт ороод 24 цагт баарнаас гарсан. ...Бид Батцэрэнгийн дэлгүүрийн гаднаас салаад гэр гэр рүүгээ явсан. Дараа нь 07 дугаар сарын 26-нд Атай утсаар ярихад нөхөртэйгээ муудалцаад аяга шидсэн чинь толгойг хагалчихлаа. Аавындаа ирсэн байгаа гэсэн. Түүнээс хойш дахиж уулзаагүй...” гэсэн мэдүүлэг /хх 17-18 хуудас/,

Гэрч О.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би найз ******* хамт явж байгаад ангийнхаа А, Мөнхжаргал нартай Хүрэн тал кафены хажууд 22 цагийн орчимд тааралдсан. Тэгээд бид хамт “Хангарьд” бааранд орсон. Аын найз эмэгтэй ирээд бид нар тавуулаа нэг нэг лааз пиво уусан. Бид нар бааранд 1 цаг суугаад гарсан. Тэгээд нэг дэлгүүрийн гаднаас салаад гэр гэрлүүгээ явсан. Маргааш нь Аын найз эмэгтэй Ишиймаагаас Аыг нөхрийхөө биед гэмтэл учруулсан гэж сонссон...” гэсэн мэдүүлэг, /хх 21 хуудас/,

Гэрч Г.И мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 24-нд 23 цагийн орчимд “Хангарьд” караокений гадаа очиход А ангийнхантайгаа байж байсан. Бид хамт караокед орсон. ...Караокед тавуулаа нэг нэг лааз пиво уусан. 24 цагийн үед баарнаас гараад А намайг ангийнхантайгаа гэрт хүргэж өгчихөөд явсан. Маргааш нь А утсаар яриад “Гэртээ очоод нөхөртэйгээ муудалцаад аяга аваад шидсэн чинь толгойг цохисон. Намайг цагдаад өгсөн байна” гэж ярьсан нөхөр нь Аыг хардсан юм шиг байсан...” гэсэн мэдүүлэг /хх 19-20 хуудас/,

Хүний их эмч ******* 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн үзлэг хийсэн “...2019 оны 07 дугаар сарын 25-ны 02 цагийн үед Э.Ц нь эхнэртээ зодуулсан гэж ирэхдээ зовиур толгой өвдөнө, цус гарна, зүүн гарын шуу хэсэгт өвдөнө гэж байсан. Үзлэгт биеийн ерөнхий байдал дунд, ухаан саруул, орчиндоо харьцаатай. Арьс цэвэр, чийглэг, архи пиво үнэртсэн байдалтай. Баруун нүдний зовхи зөөлөн эдийн гэмтэлтэй. Хуйханд зүсэгдсэн ил шархтай. Зүүн гарын шуу орчмоор зөөлөн эдийн гэмтэлтэй. Зүрхний авиа тод, хэм жигд...” гэсэн тодорхойлолт зэргээр нотлогдож байна гэж үзлээ. Шүүгдэгч Г.Аын дээрх үйлдлийн улмаас хохирогч Э.Цын биед хөнгөн /гэмтэл/ хохирол учирсан болох нь:

Завхан аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Сэргэлэнбаярын 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 00000142 дугаартай “...Э.Цын биед гэмтэл учирсан байна. Хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой, баруун зулайн ар дээд хэсгийн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Энэ гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Э.Цын биед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр /хх 8 хуудас/ тогтоогдож байна.

Түүнчлэн шүүгдэгч Г.Аын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн: “...Манай нөхөр Ц пиво уух гэхээр нь уулгахгүй гэтэл “пязда янхан худлаа хэлж хүмүүстэй явлаа” гээд байхаар нь уух гэж байсан “Боргио” пивыг нь булааж аваад талыг нь асгахад манай нөхөр Ц надаас булааж аваад стакан руу хийхээр нь стакантай пивыг булааж аваад уурандаа шидсэн чинь манай нөхөр Цын толгой дээр очиж цохисон...” гэсэн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримттай тохирч байх тул түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлээд хохирогч Э.Цын толгойн баруун зулайн ар дээд хэсгийн хуйханд шарх гэмтэл учруулсан болохыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.

Прокуророос шүүгдэгч Г.Ат холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд түүнд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрч, хохирогчтой эвлэрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Аын хохирогч Э.Цтай маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт шилэн аягаар цохисон үйлдэл, хохирогчид баруун зулайн ар дээд хэсэгт зүсэгдсэн шарх бүхий хөнгөн гэмтэл нь өөр хоорондоо шууд шалтгаант холбоотой байх бөгөөд Г.Аын дээрх үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгч Г.А урьд нь нөхөр Э.Цыг зодож, дарамтлах зэргээр гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй аливаа үйлдэл хийж байгаагүй болох нь хохирогчийн мэдүүлгээр нотлогдож байх тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан” гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь энэ үйлдэл нь байнгын шинжтэй байхаар хуульчилсан бөгөөд дээрх үйлдлийн улмаас ямар нэг хохирол, гэмтэл учирсан байхыг шаардаагүй байна. Мөн шүүгдэгч Г.Аын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд учирсан хөнгөн гэмтлийг байнгын шинжтэй үйлдлээр учруулсан нөхцөл байдлыг хамруулан ойлгох бөгөөд шүүгдэгч Г.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас “хардлаа, пиво уулаа” гэсэн шалтгаанаар маргалдахдаа нэг удаагийн үйлдлээр нөхөр Э.Цад хөнгөн гэмтэл учруулсан байна. Иймд түүний үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ. Шүүгдэгч Г.А нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “...урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа “…Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдол, саналгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Г.А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Аыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ат оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын дотор төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч Г.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Г.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлэхийг дурдсугай.

 

 

  

 

 

                 ДАРГАЛАГЧ                        ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ