Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2026/00275

 

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ч.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 197/ШШ2025/15315 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******,

Хариуцагч: *******д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 3,300,000 төгрөг гаргуулах тухай тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Мөнхцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан гэм хорын хохиролд 3,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ...Надтай биш хог асгасан хүмүүст хариуцлага тооцох хэрэгтэй. Нэхэмжлэгч тал хашаандаа шороо буулгуулъя гээд тэр хүмүүстэй тохиролцсон юм шиг байна. Би айлын хашааг эвдэж ороод энэ хашаанд буулга гээд тэр хүмүүст зааж өгсөн юм байхгүй... гэж бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

3.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмаар үнэлж чадаагүйн улмаас маргааны үйл баримтыг зөв тогтоож, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж чадаагүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнээд нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангасан өөрчлөлт оруулна.

 

4.*******ын 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гаргасан ******* дүүрэг, ******* хороо, ******* гэх хаягт байрлах газар дээр 6 машин барилгын хог хаягдал зөвшөөрөлгүй асгасан тухай гомдолд Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурорын 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 18 дугаар тогтоолоор зөрчлийн хэрэг нээж шалгаад, Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 0093001 дугаар шийтгэлийн хуудсаар *******д Зөрчлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 7.2-т заасны дагуу гучин нэгж буюу 30,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, уг шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. /хх-ийн 7-8, 19-р тал/

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. гэж заасан ба уг хэсэгт зааснаар хариуцлага хүлээлгэхийн тулд гэм хор учруулсан этгээдийн буруутай үйлдэл, эс үйлдэхүй, түүний улмаас учирсан хохирол нарын хооронд шалтгаант холбоотой байхыг шаардана.

 

Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******ын эзэмшлийн ******* дүүрэг, ******* хороо, ******* хаягт байрлах газар дээр хог хаягдал хаясан буюу хог хаягдлаа зориулалтын хогийн сав болон цэгт хаях үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан болох нь хэрэгт авагдсан дээрх шийтгэлийн хуудсаар тогтоогдсон, түүний энэ үйлдлийн улмаас нэхэмжлэгч нь уг хог хаягдлыг ачиж тээвэрлүүлэхтэй холбоотойгоор тодорхой хэмжээний зардал гаргаж түүнд хохирол учирсан байх тул хариуцагч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

 

Анхан шатны шүүхийн ...******* барилгын сул шороо буулгахаар ирсэн том оврын авто машинуудад байгаагүй, тэрээр тухайн барилгын суурийг /хог хаягдал, шороо зэрэг/ экскаватороор машинуудад ачсан болохыг зохигч хэн аль нь тайлбараар хүлээн зөвшөөрдөг..., ...******* дүүрэг, ******* хороо, ******* хаягт байрлах газарт ******* 6 машин барилгын хог хаягдал буулгасан гэх санаатай буюу болгоомжгүй үйлдэл нотлогдохгүй байх тул шаардлага үндэслэлгүй... гэх дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3-т тус тус заасанд нийцээгүй байна.

 

6.Бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх болохыг Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зохицуулсан.  

 

Нэхэмжлэгч ******* нь хог хаягдал ачуулсан зардалд 1,200,000 төгрөг, хог хаягдал тээвэрлүүлсэн зардалд 1,300,000 төгрөг, хог хаягдал буулгах газарт төлсөн төлбөрт 800,000 төгрөг, нийт 3,300,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн.

 

******* нь Н.Одбаяртай байгуулсан 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Барилгын хог хаягдал ачих, зөөвөрлөх ажил гүйцэтгэх гэрээ-ний 3.3-т заасны дагуу *******ын эзэмшлийн Хаан банк дахь ******* тоот дансанд хог буулгах газарт 10 машин гэх гүйлгээний утгатайгаар 800,000 төгрөг, *******гийн эзэмшлийн Хаан банк дахь ******* тоот дансанд хог хаях хово зардалд ******* гэх гүйлгээний утгатайгаар 1,300,000 төгрөг, мөн Хаан банк дахь ******* тоот дансанд ковш ажлын хөлс гэх гүйлгээний утгатайгаар 1,300,000 төгрөгийг тус тус шилжүүлжээ. /хх-ийн 9, 10-12-р тал/

 

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч талын нотлох баримтаар гаргаж өгсөн дээрх баримтыг үгүйсгэж, няцаасан баримт гаргаж өгөөгүй, уг баримтыг үгүйсгэж чадаагүй нөхцөлд гэм хорыг хариуцан арилгах, учирсан хохирлыг нэхэмжлэгчид мөнгөөр төлөх үүрэгтэй гэж үзнэ.

 

Нэхэмжлэгчийн тайлбар, дээрх гэрээ, шилжүүлгийн баримтыг харьцуулан дүгнэхэд 3,300,000 төгрөгийн зардал нь 10 машин хог ачуулж, хогийн цэгт буулгахад гарсан зардал гэж үзэхээр байх тул хариуцагч *******оос 6 машинаар хог хаягдал ачиж тээвэрлүүлсэн зардалд нийт 1,980,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,320,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

7.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 197/ШШ2025/15315 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч *******оос 1,980,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,320,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

 

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 67,750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 46,630 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 67,750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Ч.МӨНХЦЭЦЭГ