Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2026/00276

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ч.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 191/ШШ2025/09998 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******,

 

Хариуцагч: ******* ГХОХХК-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тус тус нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Мөнхцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

1.1.Миний бие нь ******* ГХОХХК-д 2016 оны 09 дүгээр сараас эхлэн Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны хэлтэст Аюулгүй ажиллагааны зөвлөхөөр ажилласан ба энэ хугацаанд нэг ч удаа ёс зүйн болон бусад зөрчил гаргаж, арга хэмжээ авхуулж байгаагүй. ******* ГХОХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Б/264 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан үндэслэлээр Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож цуцалсан.

1.2.Миний бие өөрийн эхнэр *******тай хамт ажиллаж, гэр бүлийн гишүүд учраас кемпийнхээ нэг өрөөнд амьдардаг байсан. 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хамт нэг ээлжтэй байж таарсан бөгөөд би ажлын цаг дуусаад кемпийнхээ баар орж, ажлын алжаал тайлах зорилгоор согтууруулах ундаа журамд заасан хэмжээгээр уучхаад өрөөндөө орж ирээд, эхнэртэйгээ хувцас угаах асуудлаас болж маргалдсан. Гэтэл хажуу өрөөний хүн хамгаалалтын ажилтан дуудсан байсан ба компанийн хүний нөөц энэ бүх асуудлыг сайн судалж, асуудлыг тодруулаагүйгээс болж ажлаас халагдсан. Миний хувьд эхнэрээ зодож гэмтээсэн зүйл байхгүй бөгөөд гэр бүлийн дунд гардаг жижиг маргаанаас болж гэр бүлийн санхүүгийн байдлыг хүндрэлд оруулсанд гомдолтой байна.

1.3.Уг үйл явдал нь 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр болсон бөгөөд хүний нөөцийн ажилтан, удирдлагаас тухайн сард нэг ч удаа дуудаж юу болсон талаар асууж тодруулаагүй ба ээлжээс буугаад амрахаар гэртээ ирсэн. Тэгээд 2025 оны 03 дугаар сарын 04-ний өдөр ажилдаа ирэхэд ажлаас халах талаар яригдаагүй бөгөөд миний бие ажлаа хийж байгаад 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр ээлжээс буухад надад ажлаас халах тушаал гардуулсан.

1.4.Эхнэр бид хоёрын гэр бүлийн маргаанаас болж байгууллагад учирсан хохирол, бусдын эрүүл мэндэд учруулсан хохирол, ажилчдаас гомдол санал ирүүлсэн зүйл байхгүй байхад сахилгын ноцтой зөрчилд тооцож, ажлаас шууд халж байгаа нь үндэслэлгүй. Миний бие тушаалыг эс зөвшөөрч Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан боловч 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанд хариуцагч ******* ГХОХХК нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул урьдчилан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгосон.

1.5.Иймд урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тус тус нөхөн төлж, баталгаажилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

2.1.******* нь 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр ******* уурхайн кемпийн ******* блокийн ******* тоот амрах өрөөнд бусдын биед халдсан (эмэгтэй ажилтны нүүрийг дэрээр дарсан, амьсгал боогдуулахад хүргэсэн, ор луу түлхсэн гэх мэт) хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан нь хянан шалгах ажиллагааны явцад тогтоогдсон тул хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан.

2.2.******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Хөдөлмөрийн гэрээний 8.б, 10.2.1.(и), Кемпийн дотоод журам, ёс зүйн дүрмийн 9.1.2, Сахилгын шийтгэл ногдуулах журмын 17.2.8.2-т тус тус заасныг зөрчсөн. ******* нь Кемпийн дотоод журам, ёс зүйн дүрэм, бусад холбогдох журмуудтай танилцаж, дагаж мөрдөхөө хүлээн зөвшөөрч баталгаажуулсан, Сахилгын шийтгэл ногдуулах журам болон бусад дүрэм журмын талаарх сургалтад суусан байдаг.

2.3.Хэрэгт авагдсан *******гийн тайлбарт ...2025 оны 02 дугаар сарын 11-ний орой эхнэр ажлын хувцас угаалгаагүй шалтгаанаар *******-д маргасан... гэж, *******ын тайлбарт ...өрөөнд орж ирээд уурлаж, орилж, савтай ус авч шидэж, ор луу түлхэж, дэрээр нүүрэн дээр дарсан. Амьсгалж чадахгүй байсан учир орилж хөлөө дэвсэлсэн... гэж, гэрч *******гийн тайлбарт ...2025 оны 02 дугаар сарын 11-ний орой 21 цаг 30 минутад 5S6-28-д байрлах өрөөндөө амрах гэж байтал хажуу өрөөнд эмэгтэй хүн дуугарах болон пижигнэх чимээ гарсан. Уг чимээн дунд амьсгалж чадахгүй байна гэсэн чанга биш битүү дуу сонссон. Миний зүгээс яаралтай туслах ёстой байх гэж бодоод яаран өмд футболк өмсөж гараад... гэж, гэрч *******н тайлбарт ...Би 5S6-30 тоот өрөөнд амьдардаг бөгөөд 02 дугаар сарын 11-ний өдөр өрөөндөө амарч байх үед ойролцоогоор 21 цаг 30 минутын үед 2 хүн муудалцаж байгаа чимээ бүдэг бадаг сонсогдсон. Би тухайн үед бодохдоо баараас гарч ирсэн хүмүүс тамхины цэг дээр л байгаа байх гэж бодсон. Удалгүй манай өрөөний хаалгыг хүн нүдэхээр нь онгойлготол ******* ах байсан. Энэ хажуу талын өрөөнд нэг эмэгтэй аллаа гээд орилоод байна хоёулаа хамт хаалган дээр нь очоод хаалгыг нүдэх үү гэсээр орж ирсэн. Тэгэхээр нь би тэгье гээд бид 2 хаалгыг нүдтэл нэг эрэгтэй хүн гарч ирээд бид 2 эхнэр, нөхөр бөгөөд гэр бүлийн маргаан болж байгаа талаар хэлсэн. Тэгэхээр нь эмэгтэй хүн хүчирхийлж байгаагаа сонссон талаараа хэлээд энэ асуудлаа энд биш шийдэх ёстой газраа шийдээрэй гэж хэлсэн, ...Энэ үед ******* ахын дуудсан байсан хамгаалалтын ажилтан ирээд тухайн эрэгтэйг аваад явсан. Энэ үед тэр өрөөн дотроос эмэгтэй хүн наадахаа аваад яваарай намайг ерөөсөө зүгээр байлгахгүй байна гэж байсан... гэж тус тус мэдүүлсэн.

2.4.Хянан шалгах ажиллагааны тайлангаар ажилтан ******* нь 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр ******* уурхайн кемпийн ******* блокийн ******* тоот амрах өрөөнд бусдын биед буюу *******ын биед халдсан (эмэгтэй ажилтныг ор луу түлхэж, нүүрийг дэрээр дарж амьсгал боогдуулахад хүргэсэн гэх мэт) хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон буюу ******* нь Хөдөлмөрийн гэрээний 10.2.1.(и), Сахилгын шийтгэл ногдуулах журмын 17.2.8.2, Кемпийн дотоод журам, ёс зүйн дүрмийн 9.1.2-т тус тус заасан ноцтой зөрчил гаргасан болох нь хэргийн баримтаар нотлогдоно.

2.5.Иймд ******* ГХОХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Б/264 дугаар Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал нь компанийн холбогдох журмыг зөрчөөгүй, үндэслэл бүхий гэж үзэж байх тул нэхэмжлэгч *******гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасныг баримтлан хариуцагч ******* ГХОХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тус тус нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг даалгах тухай *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д тус тус зааснаар дээрх нэхэмжлэл гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлд хамаарах тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1.Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг тодруулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Учир нь нэхэмжлэгч *******гийн гаргасан зөрчлийг Кемпийн дотоод журам, ёс зүйн дүрмийн 9.1.1-9.1.15-д заасан ноцтой зөрчил гэж үзсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгчийн эхнэр *******ыг шүүх хуралдаанд ....*******г дэрээр би цохисон, тэгэхэд ******* эвлэрье гээд намайг тэврээд аргадаад зогссон, өөрөөр миний биед халдсан зүйл байхгүй, ...тухайн үед би андуураад тэгээд бичсэн байх түүнээс надад халдсан ор луу түлхсэн зүйл байхгүй, ...гэр бүлийн үл ойлголцол төдий зүйлээс болж жоохон чанга дуу гарснаас болж хажуу өрөөний ажилтан хамгаалалт дуудаж, уулзалт тэмдэглэл хөтөлж, түүнд нь би буруу зөрүүтэй хариулт өгсөн байна гэж мэдүүлсэн байдаг.

4.2.2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр болсон ахуйн шинжтэй гэр бүлийн маргааныг Кемпийн дотоод журам, ёс зүйн дүрэмд заасан ноцтой зөрчилд тооцохдоо хариуцагч компанийн хянан шалгах ажиллагааны тайланд тулгуурлан хэт нэг талыг барьж дүгнэлт хийсэн, бодит байдал болон шүүхэд дуудагдсан гэрчүүдийн мэдүүлгийг тал бүрээс нь үнэлээгүй, зөрчлийн шинж, үр дагаврыг, түүнчлэн нэхэмжлэгчийн ар гэрийн байдал, эрх ашгийг давхар харгалзан үзээгүй, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т заасан ажиллагааг явуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл, зөвхөн уг хянан шалгах ажиллагааны тайлангаар *******гийн гаргасан үйлдлийг ёс зүйн ноцтой зөрчил гэж үзсэн нь учир дутагдалтай байна. Монгол Улсын Дээд шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал гэх зөвлөмжийн дагуу ноцтой зөрчил гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохино. Нэхэмжлэгч *******гийн хувьд гаргасан үйлдэл, эс үйлдэл нь ноцтой зөрчилд тооцогдох хууль зүйн үндэслэлгүй харагдаж байна.

Иймд анхан шатны шүүх шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт буюу гэрчийн мэдүүлэгт үнэлэлт дүгнэлт өгөөгүй нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

4.3.Мөн ажилтан *******гийн гаргасан зөрчлийг 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хянан шалгасан. ******* нь 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр уурхайн кемпийн ******* блокийн ******* тоот амрах өрөөнд бусдын биед халдсан тухай дуудлага, өргөдлийн талаар ажил олгогч тэр даруй мэдсэн буюу тэр даруй илрүүлсэн байдаг. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т зааснаар ажил олгогч сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна. Уг хугацааг хэтрүүлсэн байхад шүүх хугацааг буруу тоолсон.

4.4.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:

5.1.Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Нэхэмжлэгч нь би эхнэртээ хүч хэрэглээгүй, энэ зөрчил тогтоогдоогүй гэх агуулгаар тайлбар гаргаж байна. Хяналт шалгалтын ажиллагааны явцад холбогдох гэрчүүдтэй ярилцлага хийсэн тэмдэглэл, нэхэмжлэгчийн эхнэрийн анх тухайн үйл баримт болсноос хойш удаа дараа өгсөн тайлбар, 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн хяналт шалгалтын дүгнэлт зэргээр ******* 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ялимгүй асуудлын улмаас эхнэрээ буюу ******* ГХОХХК-д хамт ажиллаж байгаа эмэгтэй хүнийг ор луу түлхэж, ус шидэж, түлхэж унагаагаад дэрээр амыг нь хааж амьсгалыг нь боогдуулах байдлаар хүч хэрэглэсэн болох нь тогтоогддог. Тухайн үйл баримтыг хажуу өрөөний хүмүүс нь сонссон байдаг. *******, ******* нар их дуу чимээтэй, эмэгтэй хүн амьсгалж чадахгүй байна гэж орилж байна гэж *******гийн өрөөний хаалгыг нүдэж онгойлгосон байдаг. ******* гэх хүнтэй хийсэн ярилцлагын тэмдэглэлд ******* нь хүн наад хүн чинь ерөөсөө намайг зүгээр байлгахгүй байна, хурдан аваад яв гэж хэлсэн гэж дурдсан.

5.2.Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар бусдад аливаа ямар ч хэлбэрээр ажлын байран дээр тодорхой хэмжээнд хүч хэрэглэх асуудлыг хориглосон. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс Монгол Улсын Дээд шүүхийн зөвлөмжид заасан ноцтой зөрчилд *******гийн гаргасан зөрчил тооцогдохгүй гэж ярьж байна. Нэхэмжлэгч эмэгтэй хүнд хүч хэрэглэж амьсгалыг нь боогдуулж, тухайн хүн амьсгалж чадахгүй байна гэж уйлж, нүд ам нь улайсан, хүзүү нь шалбарсан үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Гэтэл нэхэмжлэгч би хүч хэрэглээгүй, одоо энэ хүн гомдолгүй, уур бухимдлаа өөр байдлаар илэрхийлсэн гэж хэлж байгаа нь үндэслэлгүй.

5.3.Нэхэмжлэгчтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээ болон ******* ГХОХХК-д мөрдөгдөж буй Кемпийн дотоод журам, ёс зүйн дүрэм, Сахилгын шийтгэл ногдуулах журамд заасан ноцтой зөрчлийг гаргасан тохиолдолд Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчилд тооцохоор талууд харилцан тохиролцож Хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Тухайн гэрээг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн нотолгоо гэх баримт хэрэгт авагдсан. Анхан шатны шүүх тухайн баримтыг зөв үнэлсэн гэж үзэж байна.

5.4.Нэхэмжлэгчтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээ болон Сахилгын шийтгэл ногдуулах журмын 17.2.8.2-т зааснаар бусдад аливаа хэлбэрээр хүч хэрэглэхийг хориглосон. Тодруулбал, цохих, зодох гэх мэт үйлдлүүдийг бүгдийг нь хамруулсан. Гэтэл нэхэмжлэгч миний гаргасан тухайн үйлдлийн улмаас бизнесийн байгууллагын нэр хүндэд хохирол учраагүй тул үүнийг ноцтой зөрчил гэж үзэхгүй, хуулиас давсан дүрэм журам байж болохгүй гэж тайлбарлаж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна.

5.5.Мөн нэхэмжлэгч талын зүгээс хөөн хэлэлцэх хугацаа тасалдсантай холбоотой асуудлын талаар тайлбарладаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.6-д эрх бүхий бусад этгээдээр шалгуулахтай холбоотой хөөн хэлэлцэх хугацаа тасалдах талаар зохицуулсан. Ямар нэгэн зөрчил гарсан тохиолдолд түүнийг ******* ГХОХХК хяналт шалгалтаар тогтоохгүйгээр шууд зөрчил байна гэж үзэх ямар ч боломжгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг хяналт шалгалтын баг 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн дүгнэлтээр тогтоосон учир тухайн зөрчлийг тус өдөр илрүүлсэн гэж үзнэ. Тиймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т заасан хугацаа хэтрүүлсэн гэх асуудал яригдахгүй.

5.6.******* ГХОХХК-д мөрдөгддөг сахилгын шийтгэл ногдуулах журмын 10-т зааснаар хянан шалгах ажиллагааны баг томилогдож, шинж чанар, үр дагавар буюу ямар сахилгын шийтгэл оногдуулах боломжтой талаар шинжлэн судалж сахилгын шийтгэлийг тогтоодог. Тухайн журамд заасан зохицуулалтын дагуу хянан шалгах ажиллагааны баг ажиллаж, нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг шалгаж, зөрчил тогтоогдсон гэж үзсэний үндсэн дээр ажлаас халах тушаал гаргасан.

5.7.Иймд нэхэмжлэгч талын гаргасан гомдол үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ГХОХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан тус компанийн Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны хэлтэст Аюулгүй ажиллагааны зөвлөхийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тус тус нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь ...******* нь 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр ******* уурхайн кемпийн ******* блокийн ******* тоот амрах өрөөнд бусдын биед халдсан (эмэгтэй ажилтны нүүрийг дэрээр дарсан, амьсгал боогдуулахад хүргэсэн, ор луу түлхсэн гэх мэт) хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан нь хянан шалгах ажиллагааны явцад тогтоогдсон, ...******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 8.б, 8.в, 10.2.1 (и), Кемпийн дотоод журам, ёс зүйн дүрмийн 9.1.2, Сахилгын шийтгэл ногдуулах журмын 17.2.8.2-т тус тус заасныг зөрчсөн, ...Иймд ******* ГХОХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Б/264 дугаар тушаал нь компанийн холбогдох журмыг зөрчөөгүй, үндэслэл бүхий байна... гэж бүхэлд нь эс зөвшөөрч, маргажээ.

 

3.******* ГХОХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б 293 дугаар тушаалаар *******г тус компанийн Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны хэлтэст Аюулгүй ажиллагааны зөвлөхийн албан тушаалд томилж, мөн өдөр уг албан тушаалд сарын 1,758.82 ам.доллартой тэнцэх хэмжээний төгрөгөөр цалинжуулж ажиллуулахаар талуудын хооронд Хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан байна. /хх-ийн 17, 18-23-р тал/

 

4.Улмаар ******* ГХОХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Б/264 дугаар тушаалын 1 дэх заалтаар ******* нь 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр ******* уурхайн кемпийн ******* блокийн ******* тоот амрах өрөөнд бусдын биед халдсан (эмэгтэй ажилтны нүүрийг дэрээр дарж амьсгал боогдуулахад хүргэсэн, эмэгтэйг ор луу түлхсэн гэх мэт) хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөр тасалбар болгон цуцалсугай. гэж Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, 80 дугаар зүйлийн 80.1.4, 83 дугаар зүйлийн 83.3, 83.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 8.б, 8.в, 10.2.1, 10.2.1 (и), ******* ГХОХХК-ийн Кемпийн дотоод журам, ёс зүйн дүрмийн 9.1, 9.1.2, 19.3, 19.4, Сахилгын шийтгэл ногдуулах журмын 17.1, 17.3, 17.2.8.2 дахь заалтууд болон ******* ГХОХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 27/22 дугаар Хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлаар шийдвэр гаргах эрх олгох тухай тушаалыг тус тус үндэслэн ажилтан *******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ. /хх-ийн 5-р тал/

Дээрх тушаалд ******* ГХОХХК-ийн гүйцэтгэх захирлаас итгэмжлэлээр олгосон бүрэн эрхийн дагуу Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт хариуцсан Ерөнхий менежер ******* гарын үсэг зурсан нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д заасан зохицуулалтад нийцсэн байна. /хх-ийн 118-р тал/

 

5.Ажилтан ******* нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж, гомдлоо Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д заасан хугацаанд гаргажээ.

 

6.Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлж, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа болон маргааны үйл баримтыг зөв тогтоож, ажилтан ******* нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар Хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан нь тогтоогдсон гэж зөв дүгнэж, улмаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ. Тодруулбал:

 

6.1.Талуудын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний 10.2.1, 10.2.1.(и)-д ажилтан Компанийн дотоод журам, Кемпийн дотоод журам, ёс зүйн дүрэмд ноцтой зөрчил гэж тооцсон зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогч хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар тусгажээ.

Ийнхүү, компаниас баталсан аливаа дүрэм, журамд ноцтой зөрчил гэж тооцохоор тусгасан зөрчлийг ажилтан гаргасан тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд ишлэн зааж өгснийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасны дагуу хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасантай адилтган үзнэ.

 

6.2.******* ГХОХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 15/21 дугаар тушаалаар батлагдсан Кемпийн дотоод журам, ёс зүйн дүрмийн 9.1, 9.1.2-т тус тус зааснаар бусдын биед хүч хэрэглэх, бие махбодод халдах үйлдлийг ёс зүйн зохисгүй хэм хэмжээ гэж үзэхээр, мөн 19.3-т зааснаар тус журмын 9.1.1-9.1.15-д заасан зөрчлүүдийг ноцтой зөрчилд тооцохоор, 19.4-т зааснаар тус журмын 9.1.1-9.1.5-д заасан ноцтой зөрчил гаргасан ажилтанд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахаар тус тус журамлажээ. /хх-ийн 63-84-р тал/

 

6.3.Мөн ******* ГХОХХК-ийн Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт хариуцсан Ерөнхий менежерийн 2023 оны 08 дүгээр сарын 16-ны өдрийн А/35 дугаар тушаалаар батлагдсан Сахилгын шийтгэл ногдуулах журмын 17.2, 17.2.8.2-т тус тус зааснаар бусдын биед гэмтэл учруулсан эсэхээс үл хамааран бүхий л хэлбэрээр халдах (Үүнд: цохих, алгадах, шанаадах, тонших эсвэл аливаа багаж хэрэгслээр цохих гэх мэт орно)-ыг ноцтой зөрчилд тооцсон байна.

 

6.4.Ажилтан ******* нь 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 21 цаг 35 минутын орчимд ажилтан *******тай ******* уурхайн кемпийн ******* блокийн ******* тоот амрах өрөөнд маргалдаж, улмаар *******ын биед халдсан буюу түүнийг ор луу түлхэж, нүүрийг дэрээр дарж амьсгалыг нь боогдуулахад хүргэснээр тус компанийн Кемпийн дотоод журам, ёс зүйн дүрмийн 9.1.2, Сахилгын шийтгэл ногдуулах журмын 17.2.8.2-т тус тус заасан бусдын биед хүч хэрэглэх, бие махбодод халдах ноцтой зөрчлийг гаргасан болох нь ******* ГХОХХК-аас 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 03 дугаар сарын 07-ны өдрүүдэд хийсэн хянан шалгах ажиллагааны тайлан, шалгалтын явцад ажилтан *******, *******, *******, ******* нарын өгсөн тайлбар, ярилцлагын тэмдэглэл, хянан шалгах ажиллагааны тайлбар авах хуудас, шалгалтын репорт, гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон. /хх-ийн 139-144, 149-150, 151, 154-155, 156-157, 158-163-р тал/

 

6.5.Ажил олгогч нь Хөдөлмөрийн гэрээ, Кемпийн дотоод журам, ёс зүйн дүрэм, Сахилгын шийтгэл ногдуулах журам зэрэгт заасан үндэслэл, журмын дагуу буюу хөдөлмөрийн эрхийн харилцааны хүрээнд ажилтны гаргасан зөрчлийг шалган тогтоож, зохих сахилгын шийтгэлийг ногдуулсан байна.

Иймд, ******* ГХОХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн Б/264 дугаар тушаал хууль зүйн үндэслэлтэй байх тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлийг буруу тогтоосон, хуульд заасан ажиллагааг явуулсан гэж үзэхгүй гэх нэхэмжлэгч талын давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

6.6.Ажилтан ******* нь компанитай хийсэн ярилцлагын үед Кемпийн дотоод журам, ёс зүйн дүрэмтэй танилцаж, Сахилгын шийтгэл ногдуулах журам болон бусад холбогдох дүрэм журмын талаарх сургалтад суусан, мөн бусад ажилтнуудыг амарч байх үед чимээ шуугиан гаргаж, амгалан тайван байдал алдагдуулсан нь компанийн дүрэм зөрчсөн үйлдэл гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа тухайгаа өөрөө хэлж, тэмдэглэлд гарын үсэг зурсан байна. /хх-ийн 142-р тал/

Түүнчлэн, талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 8.г-д ажилтан нь компанийн бодлого, журам, стандарт болон холбогдох бусад баримт бичгүүдтэй өөрөө танилцах үүрэгтэй талаар тусгасан байгааг дурдах нь зүйтэй. /хх-ийн 53-р тал/

 

7.Нэхэмжлэгч тал давж заалдах гомдлын үндэслэлээ ...нэхэмжлэгчийн эхнэр болох *******ын өгсөн ...миний биед халдсан зүйл байхгүй, ...тухайн үед би андуураад тэгээд бичсэн байх, түүнээс надад халдсан ор руу түлхсэн зүйл байхгүй... гэх гэрчийн мэдүүлгийг үнэлээгүй гэж тайлбарлаж байгаа боловч *******ын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр өгсөн болон 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд өгсөн түүний мэдүүлэг нь өмнө тогтоосон үйл баримтыг эргэлзээгүйгээр үгүйсгэж няцааж чадахгүй байгаа учраас шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй тул энэ талаарх гомдлыг мөн хүлээн авахгүй.

8.Ажилтан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр түүний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахдаа ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т заасан хугацааг баримтлах учиртай.

Үйл явдал буюу сахилгын зөрчил 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр гарсан ба уг өдрөөс ажил олгогч тухайн зөрчлийг шалган тогтоох ажиллагаа буюу хяналт шалгалтыг явуулаад 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хянан шалгах ажиллагааны тайлан гаргаж, уг тайлан гаргасан өдрөөс хойш нэг сарын дотор буюу 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр тушаал гаргаж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон үйл баримт тогтоогдсон байх тул анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т заасан хугацааг зөв тоолсон гэж үзнэ.

Тодруулбал, уг зөрчил нь 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр гарсан боловч ажил олгогчийн зүгээс хяналт шалгалт явуулаад 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр тухайн зөрчил нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах ноцтой зөрчил мөн болохыг тогтоосон буюу 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр тухайн зөрчлийг илэрсэн гэж үзэх учраас хугацаа тоолох журмыг анхан шатны шүүх зөрчөөгүй байна.

Иймд нэхэмжлэгч талын ажил олгогч нь сахилгын шийтгэл ногдуулах дээрх хуульд заасан хугацааг хэтрүүлсэн байхад анхан шатны шүүх хугацааг буруу тоолсон гэх агуулгаар гаргасан гомдлыг хангахгүй.

 

9.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 191/ШШ2025/09998 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэрэгт нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т. ГАНДИЙМАА

 

ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Ч.МӨНХЦЭЦЭГ