Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2026/00277

 

 

*******

ТБАГУТҮГ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Т.Бадрах, Ч.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 191/ШШ2025/09697 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* ТБАГУТҮГ,

 

Хариуцагч: ******* ГХОХХК-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2,572,581,657.90 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Мөнхцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

1.1.******* ГХОХХК нь 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ******* ТБАГУТҮГ-тай бараа барьцаалах гэрээ байгуулж, 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 10 ширхэг BELAZ маркийн автосамосвал /өөрөө буулгагч/-д гаалийн бүрдүүлэлт хийлгэсэн боловч тус өдрийн 02-2091018-17-I00021R дугаар гаалийн мэдүүлгээр 323,973,974.78 төгрөг, 02-2091018-17-I00022R дугаар гаалийн мэдүүлгээр 323,973,974.78 төгрөг, 02-2091006-17-I00109R дугаар гаалийн мэдүүлгээр 352,813,249.98 төгрөг, 02-2091006-17-I00111R дугаар гаалийн мэдүүлгээр 357,146,619.53 төгрөг, 02-2091006-17-I00112R дугаар гаалийн мэдүүлгээр 357,146,619.53 төгрөг, нийт 1,715,054,438.60 төгрөгийн гаалийн татварыг төлөөгүй.

1.2.Монгол Улсын Засгийн газрын 114 дүгээр тогтоолоор 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн хооронд ногдох хүүг тооцохгүй байхаар зохицуулсан бөгөөд мөн Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн дагуу албан татвар төлөгчийг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх алданги, торгуулиас нэг удаа чөлөөлөхөөр хуульчилсан тул 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш төлөгдөөгүй татварын хүүг тооцсон. Гаалийн тухай хуулийн 2941 дүгээр зүйлийн 2941.1-д зааснаар төлөгдөөгүй татварын дүнгээс хугацаа хожимдуулсан хоног тутамд 0.3 хувийн хүү ногдуулах, мөн Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 18-д зааснаар уг хүү нь нөхөн төлүүлэх татварын дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байх хязгаарыг баримтлан тооцоход 1,715,054,438.60 төгрөгийн татварт ногдуулах хүү нь 857,527,219.30 төгрөг байна.

1.3.Иймд 10 ширхэг BELAZ маркийн автосамосвалтай холбоотойгоор ногдуулсан татварт 1,715,054,438.60 төгрөг, түүнд тооцсон хүүнд 857,527,219.30 төгрөг, нийт 2,572,581,657.90 төгрөгийг ******* ГХОХХК-аас гаргуулан улсын төсөвт төвлөрүүлж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

2.1.Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч байна. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6, 39 дүгээр зүйлийн 39.1-д тус тус зааснаар гаалийн хилээр бараа нэвтрүүлэхээр мэдүүлсэн этгээд нь гаалийн болон бусад татварыг төлөх үүрэгтэй. Манай байгууллага анх 10 ширхэг BELAZ маркийн автосамосвалыг гаалийн хилээр нэвтрүүлж, мэдүүлэг бөглөсөн боловч үүнийг гаалийн байгууллага дур мэдэн ******* ХХК-ийн нэр дээр болгон өөрчилснөөс маргаан эхэлсэн.

2.2.Нэхэмжлэгч нь манай байгууллагаас ирүүлсэн албан бичгийг үндэслэн мэдүүлэгч байгууллагын нэрийг өөрчилсөн гэж тайлбарладаг боловч хэрэгт тухайн баримт байдаггүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч өөрийн тайлбараа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. Түүнчлэн татвар төлөх хугацаа хэтэрсэн явдалд манай байгууллагын буруутай үйл ажиллагаа байгаагүй. Манай байгууллага татварын өр болох 1.7 тэрбум төгрөгийг төлөхөд маргахгүй. Гагцхүү түүнд ногдуулсан хүүг зөвшөөрөхгүй. Бид гаалийн хилээр нэвтрүүлсэн барааны татварыг төлбөл өмчлөл нь манайд үүсэх эсэх нь эргэлзээтэй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь гаалийн мэдүүлгийг өөр этгээдийн нэр дээр шилжүүлж, улмаар түүнийг нь үндэслэн тээврийн хэрэгслийн гэрчилгээг гаргуулсан байдаг.

2.3.Гаалийн хилээр барааг нэвтрэхээс өмнө талууд хүсэлт гаргасан бол гаалийн мэдүүлгийг өөрчилж болдог. Гэтэл гаалийн хилээр бараа нэвтэрсний дараа өөрчилсөн асуудалд манай байгууллагын буруутай үйл ажиллагаа байхгүй. Гэвч манай байгууллага нийт төлөх ёстой өр төлбөрөөс хагасыг нь төлчихсөн, үлдэх 1.7 тэрбум төгрөгийг мөн төлнө.

2.4.Нэхэмжлэгчтэй бараа барьцаалах гэрээ байгуулж, тухайн үедээ 2 ширхэг BELAZ маркийн автосамосвалыг гаалийн хашаанд үлдээснээс хойш бараг 7 жил гаруй хугацаа өнгөрч байна. Хэрвээ өр төлбөрөө төлөөгүй бол барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах бүрэн боломжтой байсан. Гэтэл энэхүү эрхээ хэрэгжүүлэхгүй өдийг хүртэл хүү тооцож нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 224 дүгээр зүйлийн 224.2.3, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, Гаалийн тухай хуулийн 2941 дүгээр зүйлийн 2941.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч ******* ГХОХХК-аас 1,715,054,438.60 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ТБАГУТҮГ-аар дамжуулан улсын төсөвт төвлөрүүлж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 857,527,219.30 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.4-т тус тус зааснаар энэхүү нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ******* ГХОХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 8,733,222 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 857,527,219.30 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т заасныг үндэслэн ...татварын нэхэмжлэл илгээж байснаас үүдэн татвар төлөх этгээд хэн болох маргаан өнөөдрийг хүртэл хугацаанд үргэлжилжээ. гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т заасан шалтгаан биш гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна. Түүнчлэн Гаалийн тухай хуулийн 2941 дүгээр зүйлийн 2941.1-д Гаалийн болон бусад татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын үнийн дүнгээс хугацаа хожимдуулсан хоног тутамд 0.3 хувийн хүү ногдуулах бөгөөд энэ заалтын хүү гэсэн ойлголт нь Иргэний хуулийн анз гэсэн ойлголтод үл хамаарна. гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, хариуцагч ******* ГХОХХК нь хүүнд 857,527,219.30 төгрөг төлөх үүргээс чөлөөлөгдөх эрхгүй.

4.2.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн 857,527,219.30 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:

5.1.Тус маргаан нь гаалийн татварыг хэн төлөх үүрэгтэй вэ гэх асуудлаас эхэлж байгаа юм. Гаалийн төлбөрийг Гаалийн тухай хууль болон шүүхийн шийдвэрт заасан зохицуулалтын дагуу гаалийн мэдүүлэгт дурдсан этгээд төлнө. ******* ХХК болон ******* ГХОХХК нарын нэр дээр гаалийн мэдүүлэг үйлдсэн байдаг. Түүнчлэн манай компанийн гаалийн мэдүүлгийг хүчингүй болгож, ******* ХХК-ийн гаалийн мэдүүлэгт үндэслэж тээврийн хэрэгслийн гэрчилгээ авч өгсөн эд хөрөнгийн асуудал яригдаж байсан. Энэ асуудалд манай компанийн зүгээс гаалийн мэдүүлгийг өөрчилж өгнө үү гэх агуулгатай хүсэлт гаргаагүй бөгөөд харин хуулбар үнэн дарсан баримтыг анхан шатны шүүхэд гаргаж өгсөн. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхэд тус баримтыг манай компаниас гаргаагүй гэх нотлох баримтыг гаргаж өгсөн бөгөөд гарын үсэг мөн эсэхийг шинжлүүлэхээр шинжээч томилж өгнө үү гэх агуулгатай хүсэлт гаргасан боловч тус хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлээгүй. Өмчлөлийн асуудлаар маргаж шүүхэд өгсөн байсан. Гэтэл шүүх тус үйл баримт болон түдгэлзүүлэх хүсэлтийг харгалзахгүй хэргийг шийдвэрлэсэн.

5.2.Хүүнээс чөлөөлсөн асуудалтай холбоотойгоор анхан шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаагүй гэх агуулгаар нь тайлбарласан байдаг. Хүүтэй холбоотой асуудал нь нэгдүгээрт, барьцааны гэрээ байгуулж барьцааны зүйл буюу 2 автосамосвалыг гааль өөр дээрээ авсан байсан бөгөөд үүгээр хангуулах боломжтой байхад хүү, торгууль, алданги зэргийг нэмэгдтэл нь хүлээж байгаад шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Барьцааны гэрээ нь 1 сарын хугацаатай бөгөөд хэрэв төлбөрийг 1 сарын дотор төлөөгүй бол төлбөрөө төлүүлэх боломжтой байсан талаарх баримтыг манай компанийн зүгээс өгсөн. Хоёрдугаарт, манай компанийн зүгээс гаалийн мэдүүлгийг хүчингүй болгож, татвараа төлье гэх агуулгатай сөрөг нэхэмжлэл гаргасан хэдий ч шүүх хангаж шийдвэрлээгүй.

5.3.Хугацаа хэтэрсэнтэй холбоотой асуудалд нэгдүгээрт, манай компанийн буруутай үйл ажиллагаа байдаггүй, хоёрдугаарт, нэхэмжлэгч тал манай компанийг татвар төлөх үүрэгтэй гэж тодорхойлж байгаа болохоос биш манай компанийг төлөх ёстой болох талаарх баримт хэрэгт авагдаагүй бөгөөд мөн энэ талаар хуулиар хүлээлгээгүй. Эдгээр үндэслэлийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзэхийг хүсэж байна гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч ******* ТБАГУТҮГ нь хариуцагч ******* ГХОХХК-д холбогдуулан Монгол Улсад импортоор оруулж ирсэн *******, *******, *******, *******, ******* арлын дугаар бүхий 5 ширхэг BELAZ маркийн автосамосвалын гаалийн татварт 1,715,054,438.60 төгрөг, гаалийн татварыг хугацаанд нь төлөөгүйгээс түүнд ногдуулсан хүүнд 857,527,219.30 төгрөг, нийт 2,572,581,657.90 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ...татвар төлөх хугацаа хэтэрсэн явдалд манай байгууллагын буруутай үйл ажиллагаа байгаагүй, ...гаалийн байгууллага дур мэдэн гаалийн мэдүүлгийг өөр этгээдийн нэр дээр шилжүүлсэн учраас гаалийн төлбөрийг төлөөгүй асуудал үүссэн, ...барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах бүрэн боломжтой байхад энэхүү эрхээ хэрэгжүүлэхгүйгээр өдийг хүртэл хүү тооцож нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. гэж нэхэмжлэлийн шаардлагаас төлөгдөөгүй гаалийн татварт ногдуулсан хүү болох 857,527,219.30 төгрөгт холбогдох хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

3.******* ГХОХХК нь 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Бүгд Найрамдах Беларусь Улсаас *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, ******* арлын дугаар бүхий нийт 10 ширхэг BELAZ маркийн автосамосвалыг гаалийн байгууллагад мэдүүлэн Монгол Улсад импортоор оруулж ирсэн, ингэхдээ гаалийн татвар төлөх баталгаа болгон ******* ТБАГУТҮГ-тай 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр бараа барьцаалах гэрээ байгуулан 2 ширхэг автосамосвалыг барьцаалсан байх ба уг үйл баримтад талууд маргаагүй.

 

4.Улмаар ******* ГХОХХК нь 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 02-2091006-17-I00113R дугаар гаалийн мэдүүлгээр 295,219,069.80 төгрөг, 02-2091006-17-I00106R дугаар гаалийн мэдүүлгээр 352,813,249.98 төгрөг, 02-2091018-17-I00019R дугаар гаалийн мэдүүлгээр 300,534,393.66 төгрөг, 02-2091018-17-I00020R дугаар гаалийн мэдүүлгээр 323,973,974.78 төгрөг, 02-2091006-17-I00114R дугаар гаалийн мэдүүлгээр 295,219,069.80 төгрөг, нийт 1,567,759,758 төгрөгийг 5 ширхэг BELAZ маркийн автосамосвалын гаалийн татварт төлсөн байна.

 

5.Харин хариуцагч ******* ГХОХХК нь өнөөг хүртэл үлдсэн 5 ширхэг BELAZ маркийн автосамосвалын гаалийн татварт 1,715,054,438.60 төгрөгийг төлөөгүй байсан бөгөөд энэ татварыг төлөхийг зөвшөөрсөн байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн гаалийн татварт холбогдох 1,715,054,438.60 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

6.Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлээгүй, холбогдох хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсний улмаас хариуцагчийг хуульд заасны дагуу гаалийн татвар төлөх үүргээ биелүүлээгүй байхад гаалийн татварт ногдуулсан хүүг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс залруулан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.

 

7.Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 39 дүгээр зүйлийн 39.1-д тус тус зааснаар мэдүүлэгч нь гаалийн бүрдүүлэлтийн тухайн горимд шаардагдах бичиг баримтыг үндэслэн гаалийн үнийг тодорхойлж, гаалийн байгууллагад мэдүүлэн, гаалийн болон бусад татварыг төлөх үүрэгтэй.

 

Хариуцагч ******* ГХОХХК буюу мэдүүлэгч нь Монгол Улсын гаалийн хилээр тээврийн хэрэгсэл нэвтрүүлсэн тул гаалийн татвар төлөх үүрэг нь Гаалийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.1, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д тус тус зааснаар үүсэх бөгөөд уг үүргээ биелүүлээгүйгээс төлөгдөөгүй татварт ногдуулах хүү нь Гаалийн тухай хуулийн 2941 дүгээр зүйлийн 2941.1-д зааснаар хуулиар үүсэх үүрэг байна.

 

Анхан шатны шүүх ...анхлан хариуцагч ******* ГХОХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн гаалийн мэдүүлгийг нэхэмжлэгч ******* ТБАГУТҮГ нь өөрчлөн ******* ХХК-ийн нэр дээр шилжүүлж, улмаар тус компанид татварын нэхэмжлэл илгээж байснаас үүдэн татвар төлөх этгээд хэн болох маргаан өнөөдрийг хүртэл хугацаанд үргэлжилжээ. гэж дүгнэж, Иргэний хуулийн үүргийн эрх зүйн ерөнхий ангийн зохицуулалт болох 222 дугаар зүйлийн 222.2, 223 дугаар зүйлийн 223.2, 224 дүгээр зүйлийн 224.2.3 дахь заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэж ногдуулсан хүүг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон байна. Өөрөөр хэлбэл, Гаалийн тухай хууль болон Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулиар гаалийн татвар болон татвар төлөөгүйтэй холбоотой хүү төлөх үүрэг үүссэн маргааныг хянан шийдвэрлэхэд Иргэний хуулийн ерөнхий ангийн зохицуулалт хэрэглэгдэхгүй юм.

 

Учир нь нэхэмжлэгч ******* ТБАГУТҮГ нь гаалийн татвар төлөх хугацаа хэтрүүлсэнд хүү тооцож нэхэмжилснийг хариуцагч ******* ГХОХХК нь эс зөвшөөрч маргахдаа ...гаалийн байгууллага дур мэдэн гаалийн мэдүүлгийг өөр этгээдийн нэр дээр шилжүүлсэн учраас гаалийн төлбөрийг хэн төлөх талаар маргаан үүссэн, татвар төлөх хугацаа хэтэрсэн явдалд манай байгууллагын буруутай үйл ажиллагаа байгаагүй... гэж тайлбарласан боловч хариуцагч ******* ГХОХХК нь нэхэмжлэгчтэй 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр бараа барьцаалах гэрээ байгуулан 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 10 ширхэг BELAZ маркийн автосамосвалыг гаалийн байгууллагад мэдүүлэн Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн, улмаар нэхэмжлэгч ******* ТБАГУТҮГ нь 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 02/584, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 02/607 дугаар албан бичгүүдээр 5 ширхэг автосамосвалын гаалийн татвар, хүүнд нийт 2,572,581,657.90 төгрөг төлөх талаар хариуцагч ******* ГХОХХК-д мэдэгдэж байсан, хариуцагч ******* ГХОХХК нь 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2111-01, 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2111-02 дугаар хариу албан бичгүүдээр төлөгдөөгүй татварын хэмжээг хүлээн зөвшөөрч, ******* ХХК-тай байгуулсан гэрээ цуцлагдсан талаар тайлбар өгч байсан үйл баримтууд тогтоогджээ.

 

Ийнхүү хариуцагч ******* ГХОХХК нь 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 10 ширхэг BELAZ маркийн автосамосвалыг гаалийн байгууллагад мэдүүлэн Монгол Улсад оруулж ирсэн байх тул уг бараанд ногдуулах татварыг Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д зааснаар төлөх үүрэгтэй бөгөөд уг татвар төлөх үүргээ хугацаанд нь бүрэн биелүүлээгүй зөрчсөн тул хүү төлөх үүрэг хуулиар үүснэ.

 

Энэхүү хуулиар үүссэн үүргийг барьцааны гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангаагүй байх нь татварын хүүгээс чөлөөлөх үндэслэл болохгүй, мөн нэхэмжлэгчийн зүгээс гаалийн мэдүүлгийг өөрчлөн барааг дур мэдэн бусдын нэр шилжүүлсэн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байх тул энэ талаарх хариуцагчийн гаргасан тайлбар, татгалзлыг үндэслэлгүй.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч байгууллага нь 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаагаар төлөгдөөгүй татварын дүнгээс хугацаа хожимдуулсан хоног тутамд 0.3 хувийн хүү ногдуулж, Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 18-д зааснаар уг хүү нь нөхөн төлүүлэх татварын дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байх хязгаарыг баримталсан нь Монгол Улсын Засгийн газрын 114 дүгээр тогтоол, Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хууль, Гаалийн тухай хуулийн 2941 дүгээр зүйлийн 2941.1-д заасантай нийцжээ.

 

Иймд хариуцагч ******* ГХОХХК-аас гаалийн татвар болон түүнд ногдуулсан хүүнд нийт 2,572,581,657.90 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ТБАГУТҮГ-аар дамжуулан улсын төсөвт оруулахаар шийдвэрлэв.

 

8.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй хуулийн зохицуулалт баримталсан байгааг залруулан 1 дэх заалтаас Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 224 дүгээр зүйлийн 224.2.3 дахь заалтыг тус тус хассан өөрчлөлт оруулна.

 

9.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтын зохицуулалтад мөн зохих өөрчлөлт орно.

 

10.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 191/ШШ2025/09697 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, Гаалийн тухай хуулийн 2941 дүгээр зүйлийн 2941.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч ******* ГХОХХК-аас 2,572,581,657.90 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ТБАГУТҮГ-аар дамжуулан улсын төсөвт төвлөрүүлсүгэй. гэж,

 

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.4-т тус тус зааснаар энэхүү нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ******* ГХОХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 13,020,858 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулсугай. гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

Ч.МӨНХЦЭЦЭГ