Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2026/00330

 

 

*******, ******* нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Т.Бадрах, Ч.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 192/ШШ2025/09817 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******, ******* нар,

 

Хариуцагч: *******д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 21,860,000 төгрөг, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 48,321,258 төгрөг, нийт 70,181,258 төгрөг гаргуулах тухай үндсэн, хамтран ажиллах гэрээний үүрэгт 111,605,100 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Мөнхцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, *******, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1.Нэхэмжлэгч нар нь гэр бүлийн хүмүүс бөгөөд хариуцагч нь *******гийн төрсөн дүү юм. Бид 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хариуцагчид 26,000,000 төгрөгийг зээлдүүлсэн. Хариуцагч нь уг зээлд нийт 4,140,000 төгрөгийг төлж, үлдэх хэсгийг одоог хүртэл төлөөгүй.

1.2.2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэгч нар ачааны зориулалттай тээврийн хэрэгслийг 345,000,000 төгрөгөөр худалдан авч, урьдчилгаанд 80,000,000 төгрөг төлж, үлдэгдэл 265,000,000 төгрөгийг ******* ББСБ ХК-аас хариуцагчийн нэрээр зээл авхуулж төлсөн. Тухайн үед бидний нэр дээр зээл олгох боломжгүй байсан учир хариуцагчтай хамтран зээл авсан.

1.3.Шинээр худалдан авсан тээврийн хэрэгслээр нүүрс тээвэр хийхээр ******* ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ажлын хөлсийг хариуцагчийн дансаар авч байсан. ******* ХХК нь ажлын хөлсөнд нийт 340,823,248 төгрөг төлснөөс хариуцагч бидэнд 93,397,990 төгрөг өгч, 199,104,000 төгрөгийг банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлийн төлбөрт төлж, үлдэх 48,321,258 төгрөгийг бидэнд өгөөгүй.

1.4.Иймд зээлийн үлдэгдэл 21,860,000 төгрөг, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 48,321,258 төгрөг, нийт 70,181,258 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1.2023 оны 01 дүгээр сард ах *******гаас 26,000,000 төгрөг зээлж авсан. Нэхэмжлэгч нар нь автомашин авах гэсэн юм, хамтран зээлдэгчээр ороод өгөөч гэж гуйхад зөвшөөрч, түүний хариуд 26,000,000 төгрөгийн зээлийг төлсөнд тооцохоор тохиролцсон.

2.2.Нэхэмжлэгч нар нь автомашин, чиргүүлийн хамт худалдаж аваад нүүрс тээвэрлэх гэрээ байгуулж нүүрс зөөсөн ба ******* ХХК-аас автомашины түрээс гэж нийт 334,815,300 төгрөгийн орлого орж ирснээс 199,104,000 төгрөгийг зээлийн төлбөрт төлж, нэхэмжлэгч *******д өөрийн эзэмшлийн Хаан банк дахь ******* тоот данснаас 25,450,794 төгрөг, өөрийн эзэмшлийн Голомт банк дахь ******* тоот данснаас 88,260,000 төгрөг тус тус шилжүүлж, нэхэмжлэгч *******д бэлнээр 12,147,000 төгрөг төлсөн. Орлогын татвар, автомашины татварт нийт 37,293,850 төгрөгийг зарцуулсан.

2.3.Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3.Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

3.1.Нэхэмжлэгч нартай хамтран 2 автомашин авч нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхлэхээр харилцан тохиролцож, ******* ББСБ ХК-аас 265,000,000 төгрөгийн зээлийг миний нэр дээр авч, ******* ХХК-аас Shacman Х300 автомашин худалдаж авсан.

3.2.Уг автомашинаар нүүрс тээвэр хийхээр ******* ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 2023 оны 06 дугаар сараас 2023 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд нийт 334,815,300 төгрөгийн орлого олсон бөгөөд энэ орлого нь бидний хамтран ажилласны орлого юм.

3.3.Иймд уг орлогоос өөрт ногдох 111,605,100 төгрөгийг шаардах эрхтэй гэж үзэж байна гэжээ.

 

4.Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгч нарын тайлбарын агуулга:

4.1.Хариуцагчтай хамтран ажиллахаар тохиролцоогүй. Банк бус санхүүгийн байгууллагаас зээл авах гэхэд бидний нэр дээр зээл гарах боломжгүй гэсэн учир дүүгээсээ гуйж түүний нэрээр хамтран зээл авсан тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 492 дугаар зүйлийн 492.1.1, 476 дугаар зүйлийн 476.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч *******гээс зээлийн гэрээний үүрэгт 21,860,000 төгрөг, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 35,814,984 төгрөг, нийт 57,674,984 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******, ******* нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,866,274 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нарт холбогдох 111,605,100 төгрөг гаргуулах тухай хариуцагч *******гийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч *******, ******* нарын урьдчилан төлсөн 501,857 төгрөг, хариуцагч *******гийн урьдчилан төлсөн 715,975 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гээс 446,325 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******, ******* нарт олгож шийдвэрлэжээ.

 

6.Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

6.1.Нэхэмжлэгч нь хариуцагч зээлийн төлбөрөөс 4,140,000 төгрөг төлсөн гэж тайлбарласныг хариуцагч эс зөвшөөрч, зээлийн төлбөрт 4,140,000 төгрөг төлөөгүй гэж маргаж, улмаар зохигчдын хоорондох мөнгө шилжүүлсэн баримтуудад зээлийн төлбөр гэсэн гүйлгээний утгатай шилжүүлэг байхгүй буюу аль нь зээлийн төлбөр болохыг нотлох баримт байхгүй байхад зээлийн төлбөрөөс 4,140,000 төгрөг төлсөн гэж хасаж тооцсон.

6.2.Хариуцагч нь нэхэмжлэгч *******д 25,250,794 төгрөгийг Хаан банкны дансаар, 88,260,000 төгрөгийг Голомт банкны дансаар тус тус шилжүүлсэн дансны хуулгыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байхад шүүх хуульд зааснаар үнэлээгүй, мөнгө шилжүүлсэн тооцооллыг анхаарч үзээгүй. Нэхэмжлэгч *******д бэлнээр 12,147,000 төгрөг төлсөн гэх тайлбарыг нэхэмжлэгч тал үгүйсгэсэн тайлбар, нотлох баримт гаргаагүй байхад шүүх мөн үнэлээгүй. Мөн хариуцагч нь татгалзлын үндэслэлээ Орлогын болон автомашины албан татварт 37,293,850 төгрөг төлсөн гэж тайлбарласан нь хуульд заасан иргэн олсон орлогоосоо 10 хувийн татвар төлөх үүргийн хүрээнд нийтэд илэрхий үйл баримт байхад шүүх нотлох баримтаар үнэлээгүй. Түүнчлэн шүүх хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт хүлээн авсан мөнгөн хөрөнгөөс 105,904,264 төгрөгийг нэхэмжлэгч нарт төлсөн үйл баримтад маргасан байхад маргаагүй гэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, хариуцагчийн татгалзал, тайлбар, дансны хуулга зэрэг нотлох баримтуудыг үнэн зөв үнэлээгүй.

6.3.Шүүх талуудын хооронд үүссэн гэрээний харилцааг үнэн зөв тодорхойлж чадаагүй. Талууд тээврийн хэрэгсэл худалдан авахаар ******* ББСБ ХК-тай 265,000,000 төгрөгийн зээлийн гэрээг хамтран байгуулсан. 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл *******, ******* нар нь худалдан авсан тээврийн хэрэгслээр нүүрс тээвэрлэж, ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийг ******* хүлээн авч, нэхэмжлэгч нарын хүсэл зоригоор захиран зарцуулж байсан. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн.

6.4.Зээлээр худалдан авсан тээврийн хэрэгсэл, ажил гүйцэтгэж олсон орлого, зардлыг дундын эд хөрөнгө гэж үзэж, гэрээний талуудад 3 тэнцүү хуваана. Талууд хамтран ажиллах гэрээнээс 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гарсан. Гэрээ нэгэнт дуусгавар болсон тул хамтран ажиллах хугацааны хөрөнгийг талуудад хуваарилахаар Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3-т зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байхад шүүх маргааныг үндэслэлтэй шийдвэрлээгүй.

6.5.Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үйл баримт байхгүй бөгөөд энэ тохиолдолд гэрээ байгуулаагүй байхыг Улсын дээд шүүхийн тайлбарт тайлбарласан байхад шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Харин зохигчдын хооронд хамтран зээлийн гэрээ байгуулсан нотлох баримт байгааг шүүх анхаарч үзсэнгүй. Улмаар шүүх ******* ХХК болон ******* нарын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болно гэж өөрийн санаачилгаар гэрээг шүүхээс хүчингүй болгосон нь үндэслэлгүй.

6.6.Нэхэмжлэлийг хамтран гаргасан гэж байгаа боловч нэхэмжлэлд зөвхөн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* гарын үсэг зурсан, нэхэмжлэгч ******* гарын үсэг зураагүй тул нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй нэхэмжлэл гаргасан. Улмаар өндөр үнийн дүн бүхий төлбөр нэхэмжлэх эрх итгэмжлэлээр олгоогүй.

6.7.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

7.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

7.1.Хариуцагч талын зүгээс 26,000,000 төгрөгийн зээлийн төлбөрийг хэрхэн яаж төлсөн талаар анхан шатны шүүх дүгнэлт хийж чадаагүй гэж тайлбарладаг. 1 дүгээр хавтаст хэргийн 22-29 дүгээр талд ******* ББСБ ХХК-аас зээл авсан баримт авагдсан бөгөөд тухайн баримтаас зээлийн төлбөрийн төлөлтийн графикийг нь харвал 1,570,000 төгрөг гэсэн байдаг. ******* нь 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр болон 2023 оны 03 дугаар сарын 11-ний өдөр буюу 1,570,000 төгрөгийг 2 удаа, мөн дараа нь 1,000,000 төгрөгийг нэхэмжлэгч *******гийн данс руу шилжүүлсэн байдаг. Миний үйлчлүүлэгчийн хувьд өөрөө ******* ББСБ ХХК-аас авсан зээлээ хаасан байдаг. Тухайн зээлийг хааснаас хойш ******* өөрөө зээлж авсан гэх 26,000,000 төгрөгөөс 4,140,000 төгрөг төлсөн, үүнээс өөр мөнгө огт төлөөгүй үлдэгдэл мөнгөө төлнө гэдгээ илэрхийлсээр өнөөдрийг хүрсэн.

7.2.******* ХХК-аас ******* руу ажлын хөлсөнд нийт 340,823,268 төгрөгийг шилжүүлсэн гэх баримт хэрэгт авагдсан. Гэтэл ******* дээрх үнийн дүнгээс нийт 102,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нарын данс руу шилжүүлсэн. Мөн зээлийн төлбөрт ******* ББСБ ХК-д 199,104,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Дээрх мөнгөнүүдийн зөрүүг бодоход 39,681,258 төгрөг гардаг. Гэтэл ******* нь миний үйлчлүүлэгч нарт тухайн мөнгийг татварт өгсөн гэж хэлээд өгдөггүй байсан. Татварын байгууллагаас уг хугацаанд ******* улсад татвар төлсөн зүйл байхгүй талаар бичиг ирсэн.

7.3.******* ББСБ ХХК-аас 265,000,000 төгрөгийн зээл авч, маргаан бүхий тээврийн хэрэгслийг авсан гол асуудал нь зээл гарахгүй байсан учир дүүгээ гуйж зээл авхуулсан буюу зээл гарахад нь хариуцагч ******* ахдаа тусалж байгаа харилцаа болохоос ямар нэгэн байдлаар ашгийг хуваах, эсхүл хариуцагч талын зээлийг авахгүй байхаар тохиролцсон зүйл байхгүй. Анхан шатны шүүх хуралдаанд хариуцагч нь Миний хувьд мөнгө төгрөг авна, өгнө гэж огт тохироогүй, харин хожим надад тусална гэсэн атлаа туслаагүй болохоор би тухайн мөнгийг нэхэж байгаа юм гэж хариулдаг.

7.4.Мөн хариуцагч нь 12,000,000 төгрөгийн асуудал ярьж байна. Нэхэмжлэгч нар огт бэлэн мөнгө аваагүй, харин дансаар тодорхой хэмжээний мөнгө авсан гэдгээ илэрхийлдэг. Тиймээс бэлэн мөнгө авсан гэх асуудлыг нэхэмжлэгч талын зүгээс огт хүлээн зөвшөөрөхгүй. Анхан шатны шүүх хариуцагч талын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж үзэж байна.

7.5.Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч *******, ******* нар нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 21,860,000 төгрөг, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 48,321,258 төгрөг, нийт 70,181,258 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 8,640,000 төгрөгөөр багасгасан байх ба хариуцагч ...Нэхэмжлэгч нарыг зээл авахад тусалсны хариуд 26,000,000 төгрөгийн зээлийг төлсөнд тооцохоор тохиролцсон., ...******* ХХК-аас нийт 334,815,300 төгрөгийн орлого орж ирснээс 199,104,000 төгрөгийг зээлийн төлбөрт төлж, нэхэмжлэгч *******д өөрийн эзэмшлийн Хаан банк дахь ******* тоот данснаас 25,450,794 төгрөг, өөрийн эзэмшлийн Голомт банк дахь ******* тоот данснаас 88,260,000 төгрөг тус тус шилжүүлж, нэхэмжлэгч *******д бэлнээр 12,147,000 төгрөг төлсөн. Орлогын татвар, автомашины татварт нийт 37,293,850 төгрөгийг зарцуулсан. гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

2.1.Хариуцагч ******* нь нэхэмжлэгч нарт холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүрэгт зээлээр худалдан авсан автомашинаар хамтран ажил гүйцэтгэж олсон орлогоос өөрт ногдох 111,605,100 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч нар ...хамтран ажиллах талаар тохиролцоогүй... гэж маргаж байна.

 

3.*******, ******* нар нь *******д 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 26,000,000 төгрөг зээлдүүлсэн, ******* нь уг зээлийн төлбөрт 4,140,000 төгрөг төлсөн, улмаар автомашин худалдан авах зориулалтаар 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр ******* ББСБ ХК болон *******, *******, ******* нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр 265,000,000 төгрөгийг сарын 2.70 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн байх ба уг үйл баримтад талууд маргаагүй. /1хх-ийн 144-147-р тал/

 

4.Өмнөговь аймгийн Цогтцэций суман дахь Тавантолгой-Цагаан хад чиглэлд нүүр тээвэрлэлт гүйцэтгэхээр захиалагч ******* ХХК болон гүйцэтгэгч ******* нарын хооронд 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, улмаар 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ******* ХХК, ******* нар нь мөн адил нөхцөлөөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулжээ. /1хх-ийн 32-45, 157-168-р тал/

 

5.Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр, хэрэгт авагдсан баримтаар талууд ******* ББСБ ХК-аас 265,000,000 төгрөгийг зээлж, зээлийн гэрээ байгуулсан байх боловч уг зээлийн гэрээг байгуулснаар талуудын өмнө байгуулсан 26,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгохоор тохиролцсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй талаар зөв дүгнэж, хариуцагч *******гээс зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрт 21,860,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн үндэслэлтэй байна.

 

6.Харин талууд 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр ******* ББСБ ХК-аас зээлсэн 265,000,000 төгрөгөөр 3958УАА улсын дугаартай автомашин худалдан авч, уг автомашинаар ажил үйлчилгээ үзүүлэхээр ******* ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байх ба уг ажил гүйцэтгэх гэрээний дагуу ******* ХХК-аас хариуцагч *******гийн дансанд ажлын хөлсөнд 334,815,300 төгрөг орж ирсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нарын зүгээс ажлын хөлсөнд хариуцагчийн дансанд нийт 340,823,284 төгрөг орж ирсэн гэж маргадаг ба шүүхэд гаргаж өгсөн ******* ХХК-ийн 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн тодорхойлолтод 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 340,823,248 төгрөгийн хөлс бүхий ажил гүйцэтгэсэн талаар дурдсан байгаа боловч уг тодорхойлолтыг үндэслэн шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх үндэслэлгүй.

 

Учир нь хэргийн өөр бусад нотлох баримтаар эргэлзээгүйгээр 340,823,284 төгрөг төлсөн гэх нөхцөл байдал давхар нотлогдохгүй байх тул тухайн тодорхойлолт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.

 

Хэрэгт авагдсан хариуцагч *******гийн дансанд ажил гүйцэтгэх гэрээний дагуу бодитойгоор шилжиж ирсэн мөнгөн хөрөнгийн гүйлгээний баримтыг үндэслэн ажил гүйцэтгэх гэрээний төлбөр нь нийт 334,815,300 төгрөг байна гэж дүгнэж байна.

 

Дээрх мөнгөнөөс банк бус санхүүгийн байгууллагын зээлд 199,104,000 төгрөг төлсөн талаар талуудын хэн аль нь маргаагүй тул уг дүнгээс зээлд төлсөн 199,104,000 төгрөгийг хасаж тооцох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч *******, ******* нар нь хариуцагч *******гээс 102,000,000 төгрөг хүлээн авсан, хариуцагч ******* нь бэлэн болон бэлэн бусаар 126,227,794 төгрөг нэхэмжлэгч нарт шилжүүлсэн гэдэг зөрүүтэй тайлбарыг гаргадаг ба хэрэгт авагдсан дансны хуулга, мөнгөн хөрөнгийн бодитой шилжсэн баримтуудыг хооронд нь харьцуулан үзэхэд хариуцагчаас нэхэмжлэгч нарын дансанд 101,272,990 төгрөг шилжүүлж, бусад этгээдийн данс руу шилжүүлсэн нийт 6,335,075 төгрөгийн гүйлгээг нэхэмжлэгч нар хүлээн зөвшөөрч байх тул 107,608,065 төгрөг нэхэмжлэгч нарт шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.

 

Ийнхүү хариуцагч *******гээс банк бус санхүүгийн байгууллагын зээлд төлсөн 199,104,000 төгрөг дээр нэхэмжлэгч нарт шилжүүлсэн 107,608,065 төгрөгийг нэмж нэгтгээд нийтдээ 306,712,065 төгрөгийг нэхэмжлэгч нарт шилжүүлсэн гэж үзнэ.

 

Иймд ажил гүйцэтгэх гэрээний дагуу орж ирсэн 334,815,300 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 306,712,065 төгрөгийг хасаад зөрүү 28,103,235 төгрөг, зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрт 21,860,000 төгрөг, нийт 49,963,235 төгрөгийг хариуцагч *******гээс гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

Мөн хариуцагч нь 37,293,850 төгрөгийг татварт төлсөн, миний бие нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч гэж тайлбарласан байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар үүнтэй холбоотой баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, татвар төлсөн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байгаа учраас энэ талаар гаргасан татгалзал болон давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

7.Сөрөг нэхэмжлэлийн тухайд, талуудын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэдэг нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байх тул шүүх талуудын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэж сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна. Энэ талаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

8.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 192/ШШ2025/09817 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 492 дугаар зүйлийн 492.1.1, 476 дугаар зүйлийн 476.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч *******гээс 49,963,235 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******, ******* нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11,578,023 төгрөгт холбогдох хэсэг болон нэхэмжлэгч *******, ******* нараас 111,605,100 төгрөг гаргуулах тухай хариуцагч *******гийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж

 

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч *******, ******* нарын урьдчилан төлсөн 508,857 төгрөг, хариуцагч *******гийн урьдчилан төлсөн 715,975 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гээс 407,766 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******, ******* нарт олгосугай. гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,162,975 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Ч.МӨНХЦЭЦЭГ