| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатар Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 192/2025/04578/И |
| Дугаар | 210/МА2026/00331 |
| Огноо | 2026-02-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 210/МА2026/00331
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ч.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 192/ШШ2025/09178 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* ХХК,
Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 372,969,250 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Мөнхцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:
1.1.******* ХХК нь ******* ХХК-тай 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 2022/№25 дугаар зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан ба тус гэрээний дагуу 1,126,795,000 төгрөгийн үнэ бүхий барилгын бараа материалыг нийлүүлсэн. Тус гэрээгээр худалдан авагч нь 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор 30 хувь буюу 338,038,500 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор 20 хувь буюу 225,359,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 50 хувь буюу 563,397,500 төгрөгийг тус тус төлөхөөр тохиролцсон.
1.2.******* ХХК нь 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 450,780,000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөрийг төлөх талаар ******* ХХК-ийн хуулийн зөвлөх, нягтлан, хангамжийн албаны дарга зэрэг ажилтнуудтай утсаар холбогдож байсан боловч хариуцагч нь төлбөрөө төлөхгүй байсан тул бараагаа буцааж авахаар амаар тохиролцсон. Ингээд 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 5 сарын хугацаанд 606,091,500 төгрөгийн бараа материалыг буцаан татан авсан.
1.3.Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нийлүүлдэг барилгын бараа материал болох хэв хашмал, пум, сапуд нь барилга барихад дахин дахин хэрэглэгддэг онцлогтой ба хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгчээс уг бараа материалыг худалдан авчхаад төлбөрөө бүрэн төлөхгүйгээр ашиглаж байгаа нөхцөл байдал үүссэн учраас нэхэмжлэгч бараа материалаа буцаан татаж авахаас өөр аргагүй байдалд орсон.
1.4.Нэхэмжлэгч нь Монголд дөнгөж орж ирээд байсан шинэ, хэрэглээнд ороогүй барилгын материал нийлүүлсэн. Уг барилгын бараа материал нь хэрэглээнд орох тусам Монголд зарагдах үнэлгээ нь буурч байдаг. Бараа материалыг ******* ХХК-д нийлүүлснээс хойш 7 сарын дараа буюу барилгын улирал дууссаны дараа увуулж цувуулан 5 сарын хугацаанд бага багаар буцаан таталт хийж авсан бөгөөд нэхэмжлэгчийн хувьд шинэ бараа материал нийлүүлээд ашиглагдсан, чанар нь муудсан, хуучин бараа материал буцаан авч, материалуудаа засварлаад анх худалдсан үнээсээ 2 дахин бага өртөгтэйгөөр худалдахаас өөр аргагүй байдалд орж, эдийн засгийн хохирол учирсан. Тодруулбал, нэхэмжлэгч ******* ХХК-ийн хувьд шинэ барааны үнэ болон буцаан авсан ашиглагдсан барааны үнэлгээний зөрүүнээс 50 хувь буюу 303,045,750 төгрөгийн бодит хохирол учирсан.
1.5.Гэрээний 6.2-т Гэрээний аль нэг тал гэрээний үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйн улмаас нөгөө талд учирсан шууд болон шууд бус хохирол, гомдлыг барагдуулна. гэж, 6.3-т Гэрээний талууд хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас аль нэг талд хохирол учирсан тохиолдолд уг хохирлыг гэм буруутай тал нь хохирлыг бүрэн хариуцаж арилгах үүрэгтэй. гэж тус тус заасан.
1.6.Иймд гэрээний 6.2, 6.3-т тус тус заасныг үндэслэн хариуцагчаас 372,969,250 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн гаргасан тайлбар, татгалзлын агуулга:
2.1.Талууд 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1,126,795,000 төгрөгийн үнийн дүн бүхий зээлээр барилгын материал худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээний дагуу барилгын ажилд шаардлагатай материалуудыг үе шаттайгаар нийлүүлж, хүлээн авсан. Хариуцагч нь төлбөрт 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 450,780,000 төгрөг төлсөн боловч 2022 оны 11 дүгээр сараас эхлэн тухайн төслийн санхүүжилт саатсан, барилгын ажлын гүйцэтгэл зогсонги байдалд орсон зэрэг шалтгаанаар гэрээний дагуу цаашид төлбөр төлөх боломжгүй болсон тул хоёр тал харилцан зөвшилцлийн үндсэн дээр үлдэгдэл бараа материалын тодорхой хэсгийг 2023 онд буцаан хүлээлцсэн.
2.2.Нэхэмжлэгчийн зүгээс 606,091,500 төгрөгийн үнийн дүн бүхий бараа буцаагдсан гэж мэдүүлсэн нь бодит байдалтай нийцэж байгаа бөгөөд хариуцагч тал үүнийг үгүйсгэхгүй болно. Харин хоёр талын гэрээ, нийлүүлэлт, буцаалт, төлбөрийн үлдэгдлийг үндэслэн тооцоход 69,923,500 төгрөгийн төлбөр төлөгдөөгүй үлдсэн бөгөөд үүнийг хариуцагч тал хүлээн зөвшөөрч төлөхөд бэлэн байна.
2.3.Гэвч нэхэмжлэгч нь дээрхээс гадна үнэлгээний уналтаас үүссэн хохирол гэх нэрийн дор 303,045,750 төгрөгийг нэмж шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь талуудын байгуулсан гэрээнд бараа материалыг буцаахтай холбоотойгоор ямар нэгэн үнэлгээ буурах, үнийн уналтаас үүдэлтэй хохирлыг нөгөө талд нөхөн төлөх нөхцөл заагаагүй, мөн буцаасан бараа материал нь тухайн үед ашиглагдаагүй, анхны байдалтай, чанарын хувьд доголдолгүй байсан бөгөөд хүлээлцсэн акт дээр хоёр тал гарын үсэг зурсан. Түүнчлэн эдийн засгийн ерөнхий нөхцөл, үнийн хэлбэлзэл, тухайн бараа материалыг дахин борлуулах явц дахь эрсдэл нь нэхэмжлэгчийн бизнесийн үндсэн эрсдэлийн нэг бөгөөд гэрээний үүргээ биелүүлсэн хариуцагч талд хамаарахгүй. Хариуцагч нь барааг чанартайгаар буцааж өгсөн тул үнэлгээний уналтад хариуцлага хүлээх үндэслэл байхгүй гэж үзэж байна.
2.4.Иймд нэхэмжлэлийн шаардлагаас эс зөвшөөрсөн 303,045,750 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.3, 243 дугаар зүйлийн 243.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас 69,985,500 төгрөг гаруулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, үлдэх 233,060,250 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,022,797 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 507,877 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4.Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1.Анхан шатны шүүх уг хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох заалтуудыг буруу тайлбарлаж, хуулийг хэсэгчлэн, системчилсэн бус байдлаар хэрэглэсэн.
4.1.1.Анхан шатны шүүх хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхтэй гэж зөв дүгнэсэн боловч үүнтэй холбогдуулан Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.2.3-т тус тус заасан анхны байдалд оруулах зохицуулалтыг үндэслэн гэрээ татгалзсанаар гэрээний хариуцлага, хохирол шаардах боломжгүй, зөвхөн биет байдлаар буцаах үүрэгтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.4-т заасны дагуу бараа материалыг буцаан авч, бодит хохирлоо нотлох баримтаар нотолж нэхэмжилсэн. Гэтэл шүүх Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.4-т заасан зохицуулалтыг огт хэрэглээгүй. Иргэний хуулийн 205 дугаар зүйл нь талууд үүргээ хэвийн биелүүлсэн, гэм хор, бодит хохирол үүсээгүй зэрэг тохиолдолд анхны байдалд оруулах ерөнхий зохицуулалт бөгөөд харин үүрэг зөрчигдсөн, эд хөрөнгө захиран зарцуулагдсан, бодит хохирол үүссэн хоёр талын гэрээний маргаанд шууд, дангаар хэрэглэх боломжгүй.
4.1.2.Шүүх хохирлын асуудалд хэрэглэгдэх бусад зохицуулалтыг орхигдуулсан буюу хохирлын асуудлыг зөвхөн Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.2.3-т тус тус заасан хүрээнд хязгаарласан нь буруу. Харин уг тохиолдолд Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1, 261 дүгээр зүйлийн 261.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтой байсан. Хариуцагч нь нэхэмжлэгчийн эд хөрөнгийг гэрээний үүрэг зөрчин ашиглаж, улмаар үнэ цэнийг нь бууруулсан нь эд хөрөнгийн гэм хорын шинжтэй үйлдэл бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх заалтыг хэрэглэж хохирлыг шийдвэрлэх бүрэн үндэслэлтэй.
4.1.3.Хохирлын үнэлгээг буруу дүгнэсэн буюу анхан шатны шүүх бараа материалыг хямдруулан борлуулсан үнийг нэхэмжлэгч өөрөө тогтоосон, элэгдэл, хорогдлыг дангаараа тооцсон гэх үндэслэлээр хохирлыг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д заасан хохиролд бодит гарсан алдагдал болон олох ёстой байсан орлого хамаарна. Зах зээлийн үнээр борлуулах боломжгүй болсон, ашиглах боломж алдагдсан байдал нь өөрөө бодит хохирол бөгөөд үүнийг шүүх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээнээс татгалзсан тул татгалзсан гэрээний 6.2, 6.3-т тус тус заасны дагуу хохирол шаардах эрх нэхэмжлэгчид олгогдоогүй гэж дүгнэж хохирлыг бүхэлд нь үгүйсгэсэн нь хуульд нийцэхгүй юм.
4.2.Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагчид бараа материалыг шинэ, бүрэн бүтэн байдлаар нийлүүлсэн болохыг гаалийн мэдүүлэг, нийлүүлэлтийн баримт, санхүүгийн анхан шатны баримтуудаар нотолсон. Хариуцагч гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тул нэхэмжлэгч бараа материалын тодорхой хэсгийг буцаан татан авахад хүрсэн. Бараа материалыг буцаан авах үед тухайн бараа нь хэрэглэгдсэн, эвдрэл гэмтэлтэй болсон байсныг нэхэмжлэгч буцаан авалтын баримтад тодорхой тэмдэглэн үлдээсэн. Гэтэл хариуцагч ******* ХХК нь Ногоон нуур 1008 төсөлд уг бараа материалыг ашиглаагүй, шинээр нь буцааж өгсөн хэмээн маргасан боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хариуцагч нь нэхэмжлэгчээс худалдан авсан бараа материалаас гадна ижил төрлийн бараа материалыг бусад аж ахуйн нэгжээс түрээслэн авч, өөрийн хэрэгжүүлж байсан төслүүдэд ашиглаж байсан нь тогтоогддог. Энэ нь хариуцагчийн барааг ашиглаагүй гэх тайлбарыг үгүйсгэх бодит үндэслэл юм. Хариуцагч худалдах, худалдан авах гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч нь бараа материалаа буцаан татан авч, түүний тодорхой хэсгийг дахин борлуулах, үлдсэн хэсгийг төмрийн хаягдалд тушаахаас өөр аргагүй нөхцөл байдалд орсон нь нэхэмжлэгчийн гаргасан буцаан авалтын баримт, буцаан борлуулсан гэрээ, төмрийн хаягдалд тушаасан орлого хүлээн авсан баримтуудаар нотлогддог. Буцаан татан авалтын баримтад дараа нь тэмдэглэгээ хийсэн гэх үндэслэлээр дээрх бүх нотлох баримтыг бүхэлд нь үгүйсгэх боломжгүй.
Нэхэмжлэгч тал анхан шатны шүүх хуралдаанд буцаан авалтын баримтууд нь элэгдэл, хорогдлын хувь тооцоход бус, харин 606,091,500 төгрөгийн бараа материалыг буцаан татан авсан, уг бараа материал ашиглагдсан байсныг баримтжуулах зорилготой гэдгийг удаа дараа тайлбарласан боловч шүүх уг тайлбарыг зохих ёсоор үнэлээгүй.
Түүнчлэн нэхэмжлэгчийн хүсэлтээр асуулгасан гэрчүүд нь бараа буцаан авах үеийн нөхцөл байдал, эвдрэл гэмтэлтэй бараа материалыг ажлын цаг хамааралгүйгээр шууд буулгаж байсан нөхцөл байдлыг гэрчилсэн боловч эдгээр мэдүүлгийг ч мөн үнэлээгүй. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн буцаан борлуулсан гэрээ, санхүүгийн анхан шатны баримтууд, төмрийн хаягдалд тушаасан орлого хүлээн авсан баримтуудаар буцаан борлуулж бодитоор олсон орлого, анх нийлүүлсэн барааны үнэ, улмаар 303,045,750 төгрөгийн бодит хохирол үүссэнийг бүрэн нотолсон байхад анхан шатны шүүх эдгээр баримтын агуулга, нотлох ач холбогдол, бодит мөнгөн дүнгийн талаар ямар нэгэн хууль зүйн үнэлэлт, дүгнэлт хийлгүйгээр ердийн элэгдэл, хорогдол хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
4.3.Анхан шатны шүүх 303,045,750 төгрөгийн хохирлыг ердийн элэгдэл, хорогдол гэж үзэж, мөн бараа материал 50 хувь элэгдэж, хорогдсон болохыг баримтаар нотлоогүй байна гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцэхгүй байна. Нэхэмжилсэн 303,045,750 төгрөг нь элэгдлийн хувь хэмжээг таамаглан тогтоосон, зах зээлийн дундаж үнэ, эсхүл тооцооллын шинжтэй дүн биш бөгөөд харин буцаан борлуулсан бараанаас бодитоор олсон орлого, авсан мөнгөн дүн төмрийн хаягдалд тушааж бодитоор хүлээн авсан мөнгөн дүн дээр тулгуурласан санхүүгийн алдагдал юм.
Өөрөөр хэлбэл, уг 303,045,750 төгрөг нь ердийн элэгдэл, хорогдол бус, харин мөнгөн хэлбэрээр илэрхийлэгдсэн, бүрэн нотлогдсон бодит хохирол болно. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид бараа материал нийлүүлснийг нотлох санхүүгийн анхан шатны баримт, бараа материалыг буцаан авсан тухай баримтууд нь бараа материал хэвийн элэгдлийн улмаас бус, харин хариуцагчийн ашиглалт, гэрээний үүрэг зөрчсөн үйлдлээс шалтгаалан үнэ цэнээ алдсан болохыг тодорхой нотолж байна.
4.4.Иймд нэхэмжлэгчид учирсан бодит хохирол болох 303,045,750 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт хариуцагчаас гаргуулсан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж өгнө үү гэжээ.
5.Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:
5.1.Давж заалдах гомдолд шүүх Иргэний хуулийн 227 дугаар зүйлд үндэслэж хэргийг шийдвэрлэх ёстой байсан гэж дурдсан. Талуудын хооронд үүссэн маргаан нь гэрээний маргаан байсан. Нэхэмжлэлд дурдсан шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон 303,000,000 төгрөгийн хохирол нь нотлогдоогүй бөгөөд нэг талын үнэлгээнд тулгуурласан. Нэхэмжлэгч нь хохирлыг хэрхэн тогтоосон нь тодорхойгүй бөгөөд хэрэгт өөр компанитай хийсэн гэрээ байдаг. Нэхэмжлэгч нотлох баримт дутуу үнэлсэн гэх агуулгаар тайлбар гаргаж байна. Төмрийн хаягдалд өгсөн гэх үйл баримттай холбоотой баримт хэрэгт авагдаагүй.
5.2.Анхан шатны шүүх хохирлыг буруу тооцоолсон, нотлох баримтыг үнэлээгүй гэж гомдолд дурдсан нь үндэслэлгүй. Шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзэж байна. Гэхдээ нийт үнийн дүнгээс зөвшөөрсөн хэсгийг хасаж тооцохдоо тоо андуурч техникийн шинжтэй алдаа гаргасан байгааг залруулж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан 372,969,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ...нэхэмжлэгч нь үнэлгээний уналтаас үүссэн хохирол гэх нэрийн дор 303,045,750 төгрөгийг нэмж шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь талуудын байгуулсан гэрээнд бараа материалыг буцаахтай холбоотойгоор ямар нэгэн үнэлгээ буурах, үнийн уналтаас үүдэлтэй хохирлыг нөгөө талд нөхөн төлөх нөхцөл заагаагүй, мөн буцаасан бараа материал нь тухайн үед ашиглагдаагүй, анхны байдалтай, чанарын хувьд доголдолгүй байсан бөгөөд хүлээлцсэн акт дээр хоёр тал гарын үсэг зурсан... гэж нэхэмжлэлийн шаардлагаас гэрээний үлдэгдэл төлбөрт холбогдох 69,985,500 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.
3.******* ХХК болон ******* ХХК нар нь 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 2022/№25 дугаар зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч ******* ХХК нь 1,126,795,000 төгрөгийн үнэ бүхий хэв хашмал, пум, сапуд гэх барилгын бараа материалыг нийлүүлэх, худалдан авагч ******* ХХК нь бараа материалын үнэ болох 1,126,795,000 төгрөгийг 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор 30 хувь буюу 338,038,500 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор 20 хувь буюу 225,359,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 50 хувь буюу 563,397,500 төгрөгөөр тус тус хэсэгчлэн төлөхөөр тохиролцжээ.
Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан талаар зөв дүгнэсэн, уг гэрээ хүчин төгөлдөр байна.
4.Дээрх зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгч ******* ХХК нь 1,126,795,000 төгрөгийн үнэ бүхий барилгын бараа материалыг хариуцагч ******* ХХК-д нийлүүлсэн байх бөгөөд хариуцагч нь 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гэрээний төлбөрөөс 450,718,000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрийг төлөөгүйн улмаас нэхэмжлэгч энэ хэсгээр гэрээнээс татгалзаж, улмаар хариуцагч нь 606,091,500 төгрөгийн үнэ бүхий 8078 ширхэг бараа материалыг 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд цувуулан нэхэмжлэгчид буцаан өгсөн үйл баримт тогтоогдсон, уг үйл баримтад талууд маргаагүй.
5.Хариуцагч ******* ХХК-аас нэхэмжлэгчид буцаан өгсөн барилгын бараа материал нь ашиглагдсан эсэх, үүнтэй холбоотойгоор хохирол учирсан эсэх асуудал нь талуудын маргааны зүйл болжээ.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагчаас хүлээн авсан бараа материал нь ашиглагдсан буюу ердийн элэгдэл, хорогдлоос илүү хэмжээний элэгдэл, хорогдолтой байсан, үүний улмаас бараа материалыг бусдад 2 дахин хямд үнээр буюу 298,845,500 төгрөгөөр бусдад худалдан борлуулж хохирол учирсан гэдэг агуулгаар нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж, хохирол шаардсан.
6.Анхан шатны шүүх дээрх үндэслэлээр хохирол шаардсан байхад Иргэний хуулийн 205 дугаар зүйлд заасан харилцан буцаах үүргийн харилцаагаар талуудын хооронд үүссэн үүргийн харилцааг тодорхойлж тайлбарласан нь буруу болжээ.
Тодруулбал, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасан үндэслэлээр буюу гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохирлоо шаардаж, уг агуулгаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байхад Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.2.3-т тус тус заасан зохицуулалтыг тайлбарлан хэрэглэсэн нь үндэслэлгүй байна. Мөн талуудын байгуулсан гэрээний 6.2, 6.3 дахь заалтыг тус тус буруу тайлбарлан хохирол шаардах эрх нэхэмжлэгчид олгогдоогүй гэж буруу дүгнэсэн.
Энэ агуулгаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байх боловч хэргийн шийдэлд нөлөөлөхгүй учраас гомдлыг хангахгүй.
7.Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй. гэж заасан ба уг шаардах эрхийг хэрэгжүүлэхийн тулд гэрээний нэг тал үүргээ зөрчсөний улмаас нөгөө талд хохирол учирсан байх учиртай.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ******* ХХК нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хохирол шаардахын тулд хариуцагч ******* ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн буюу хариуцагчийн гэрээний үүргийн зөрчил, түүний улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байхыг шаардана.
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагчаас хүлээн авсан бараа материалууд нь ашиглагдсан буюу 50 хувийн элэгдэл, хорогдолтой байсан гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгчийн энэхүү тайлбар, тухайн үйл баримт нь эргэлзээгүй баримтаар тогтоогдсон байх учиртай.
Гэвч, нэхэмжлэгч ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргийн хүрээнд хариуцагчаас бараа материал хүлээн авахдаа үйлдсэн гэх баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн, уг баримтуудад нэхэмжлэгч гарын үсэг зурсан байгаа боловч уг баримтуудаар хариуцагчийн хүсэл зориг бүрэн илэрхийлэгдсэн, хариуцагч нь тэдгээр баримтыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй. Өөрөөр хэлбэл, уг бараа материал хүлээн авсан баримт нь нэг талын баримт учраас эдгээр баримтыг үндэслэн хариуцагчийг 50 хувийн элэгдэл, хорогдолтой бараа материалыг буцаан өгсөн гэж дүгнэх үндэслэл болохгүй.
Хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгчид 50 хувийн элэгдэл, хорогдолтой бараа материалыг буцаан өгсөн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байгаа учраас анхан шатны шүүхийн нэхэмжлэгч хохирлоо баримтаар нотолж чадаагүй гэх дүгнэлтийг зөв гэж үзнэ.
Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас бараа материалыг хямдруулж буюу 298,845,500 төгрөгөөр худалдан борлуулсан гэх баримтуудыг хэрэгт гаргаж өгсөн байгаа боловч дээр дурдсанчлан хэргийн баримтаар хариуцагчийн буруугаас бараа материалд элэгдэл, хорогдол учирсан гэдэг байдал, хүлээлгэн өгсөн бараа материал нь элэгдэл, хорогдолтой байсан гэх байдал тус тус тогтоогдоогүй, бусдад худалдан борлуулсан үнээр нэхэмжлэгчид учирсан хохирлыг хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол гэж тодорхойлохгүй учраас энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа өөрөө нотолж чадаагүй учраас хохирол шаардах эрхгүй байна гэдэг үндэслэлээр хохирлыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байгаа учраас шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж шийдвэрлэнэ.
8.Нэхэмжлэлийн шаардлагаас 69,985,500 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг хариуцагч зөвшөөрсөн тайлбар гаргасныг үндэслэн анхан шатны шүүх гэрээний үлдэгдэл төлбөрт 69,985,500 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүйгээс гадна Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д нийцсэн байна.
9.Анхан шатны шүүх ийнхүү шийдвэрлэхдээ шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хууль хэрэглээний болон техникийн шинжтэй алдаа гаргасан байна. Тодруулбал, нэхэмжлэлийн шаардлагад хамаарах хуулийн зохицуулалтыг зөв баримтлаагүйгээс гадна нэхэмжлэлийн шаардлагаас хангаж шийдвэрлэхдээ буруу тооцоолж техникийн шинжтэй алдаа гаргажээ. Уг алдааг залруулсан өөрчлөлтийг оруулна.
10.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 192/ШШ2025/09178 дугаар шийдвэрийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас 69,985,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 302,983,750 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,673,179 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Ч.МӨНХЦЭЦЭГ