Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 01247

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж, шүүгч Б.Хишигдаваа, Л.Ариунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийж 

Нэхэмжлэгч:  Орхон аймаг,  Баян-Өндөр сум,  Оюут багийн 12 дугаар байрны 26 тоотод оршин суух, /регистрийн дугаар: ЦЗ85060461/, Боржигон овгийн Тугбаатарын Байгалмаагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймаг,  Баян-Өндөр сум,  Баянцагаан багийн шинэ тосгоны 07 дугаар гудамж 18 тоотод оршин суух, /регистрийн дугаар: ГЖ74012559/, Чонос овгийн Жанайн Баасандоржид холбогдох

“Гэм хорын хохирол 5,134,760 төгрөг гаргуулах” тухай хэргийг 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч  Т.Байгалмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхболд, хариуцагч Ж.Баасандорж, хариуцагчийн өмгөөлөгч М.Ганзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Байгалмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн үдээс хойш есөн эрдэнэ захын урд 24-67 оро дугаартай маяти ачааны караантай машин ухарч ирээд миний машин болох PX-400 маркын 52-12 УБҮ улсын дугаартай, автомашины урд талыг маш хүчтэй мөргөж, гупер, копуд, ражетор комоор нь, урд хоёр их гэрэл, нүүр сетикийн хөөстэй нь, под карлан, аккумлятор, сигнал зэргийг мөргөн гэмтээж их хэмжээний хохирол учруулсан тул миний бие маш их гомдолтой байна. Ж.Баасандорж гэх жолооч нь миний машины сэлбэгийг авч өгөхгүй удаж байгаа учир замын цагдаагийн газрын байцаагчийн зөвлөснөөр шүүхийн байгуулагад хандаж байна. Уг авто ослын улмаас цагдаагийн байгууллагад хандаж хэргийн газар дээр хэмжилт хийж Ж.Баасандоржийн 100 хувийн буруу гэдгийг тогтоож замын цагдаагийн газрын байцаагчийн дүгнэлт гарсан. Зөрчлийг хянан шалгасан тухай хариу мэдэгдсэн тэмдэглэл нь 1100-6873 дугаартай. Гэвч хариуцагч Ж.Баасандорж нь миний машинд учруулсан эвдрэл гэмтэлийг үнэлгээний дагуу гаргаж өгөхгүй мөн дутуу даатгал төлөгдсөн учраас даатгалын компаниас бага хувиар мөнгө гаргасан зэрэг нь намайг хохироож байна. Иймд Ашид билгүүн үнэлгээний газрын үнэлсэн 5,275,000 төгрөгнөөс Практикал даатгалын төлсөн 1,440,240 төгрөгийг хасаад үлдэгдэл төлбөр болох 3,834,760 төгрөгийг дээр нь засварын ажлын хөлс 1,300,000 төгрөгийг нэмээд нийт 5,134,760 төгрөгийг хариуцагч Ж.Баасандоржоос гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.Баасандорж шүүхэд гаргасан тайлбартаа: Надад холбогдуулан Т.Байгалмаа нь 5,134,760 төгрөг гаргасан байх ба миний бие энэхүү 5,134,760 төгрөгийн хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг зарим хэсгийг эс зөвшөөрч миний бие дараах хариу тайлбарыг гаргаж байна. Миний бие 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Есөн-Эрдэнэ захын өмнө 24-67 ОРО улсын дугаартай ачааны машинаар явж байгаад урдаас жижиг хар машин урсгал сөрөөд ирэхээр нь зогсоод зам тавьж өгөөд хөдлөх гэтэл миний машин хойш сул гүйлт хийж хойно явсан 52-12 УБҮ улсын дугаартай Лексус-400 маркийн автомашиныг мөргөсөн юм. Тухайн үед тус машины жолооч зай барихгүй тулгаж зогссон нь машин мөргөх бас нэгэн шалтгаан болсон гэж үзэж байна. Тус машины жолооч Т.Байгалмаа нь зай бариагүй зогсоод миний машин сул гүйлт хийж мөргөсний хойно Т.Байгалмаа дуут дохио өгч байсан. Тухайн үед замын цагдаа дуудаад цагдаа нар хэмжилт ч хийгээгүй орхиод явсан. Тэгээд Т.Байгалмаа нь машиныхаа эвдрэлд үнэлгээ хийлгэнэ гээд Ашид билгүүн гэх үнэлгээний газраар үнэлгээ хийлгэж бүх зардал нь нийт 2,118,000 төгрөгийн зардалтай гаргасан. Үүнийг Т.Байгалмаа болон миний бие ч хүлээн зөвшөөрч даатгалаас зарим хохирлыг гаргуулаад үлдсэнийг нь миний бие төлнө гэж хэлсэн. Гэтэл Т.Байгалмаа нь энэ байдлыг далимдуулан гэнэт дахин үнэлгээ хийлгүүлнэ гэж маргаад байсан ба дахин үнэлгээ хийлгэхдээ Ашид билгүүн үнэлгээний газраар өмнөх хохирлоо их байсан мэтээр дахин 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 5,275,000 төгрөгийн хохирлын үнэлгээ гаргуулж ирсэн. Үүнийг миний бие төлөхийг зөвшөөрөхгүй. Энэ бол худлаа үнэлгээ болсон. Миний машин сул гүйлт хийж мөргөсний төлөө ийм их хохирол гаргах нь үндэслэл муутай байна. Иймээс миний бие энэхүү нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүн чанарын хувьд л төлнө гэсэн болохоос өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хэрэг биш юм. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Т.Байгалмаа нь нэхэмжлэлийн шаардлагаа 5,134,760 төгрөгийг  3,834,760 төгрөг болгон багасгаж хариуцагч Ж.Баасандорж нь 3 хувааж төлөхөөр зөвшөөрч энэхүү гэрээг байгуулав.

Хариуцагч Ж.Баасандорж нь 2016 оны 11 дүгээр сарын 10-нд 1,278,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 10-нд 1,278,000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 10-нд 1,278,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр тохиролцов.

2016 оны 10 дугаар сарын 10-ны шүүх хурлаар зохигчид эвлэрч хариуцагч Ж.Баасандоржид нэхэмжлэгч Т.Байгалмаа нь дараах сольсон эд ангиудыг /акумлятор, гэрэл, купер, капут, радитор ком 3ширхэг/ зэргийг буцаан олгож төлбөр төлөх хугацааг 2016 оны 11 дүгээр сарын 10-нд төлж эхлэхээр тохиролцов гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Байгалмаа нь хариуцагч Ж.Баасандоржид холбогдуулан 5,134,760 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Т.Байгалмаа нэхэмжлэлийн шаардлага болох 5,134,760 төгрөгнөөс 1,300,000 төгрөгийг багасгаж нэхэмжлэлийн шаардлагаа 3,834,760 төгрөг болгосныг хариуцагч хүлээн зөвшөөрч 2016 оны 11 дүгээр сарын 10-нд 1,278,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 10-нд 1,278,000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 10-нд 1,278,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх, нэхэмжлэгч Т.Байгалмаа нь сольсон эд ангиуд болох /акумлятор, гэрэл, купер, капут, радитор ком 3ширхэг/ зэргийг буцааж хариуцагч Ж.Баасандоржид өгөхөөр зохигчид эвлэрсэн байна.

Талуудын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Т.Байгалмаагийн нэхэмжлэлтэй хариуцагч Ж.Баасандоржид холбогдох 5,134,760 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ж.Баасандорж нь 3,834,760 төгрөгийг 3 хувааж 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 1,278,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 1,278,000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 1,278,000 төгрөг тус тус нэхэмжлэгч Т.Байгалмаад төлөх,  нэхэмжлэгч Т.Байгалмаа нь сольсон эд ангиуд болох /акумлятор, гэрэл, купер, капут, радитор ком 3ширхэг/ зэргийг буцааж хариуцагч Ж.Баасандоржид өгөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 97,106 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас  76,306 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Байгалмаад олгосугай.

3. Энэ  тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны  дагуу  шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэгдэхийг заасугай.

4. Энэхүү тогтоолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                 Б.БЯМБАСҮРЭН

                                ШҮҮГЧ                                                       Б.ХИШИГДАВАА

                                                                                                   Л.АРИУНЦЭЦЭГ