Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 39

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж,

Улсын яллагч Б.Сансарбаяр,

Шүүгдэгч С.С,

Нарийн бичгийн дарга С.Энхбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Сийн Сд холбогдох эрүүгийн 1924000780034 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1*******,*******,*******,*******, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ******* оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхтэй, ******* овогт Сийн С нь 2019 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг Ганга элсний булан гэх газарт Зил-131 маркийн машин дотор согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ч.Итэй маргалдаж, түүний нүүрэн тус газарт 3-4 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.С нь 2019 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг Ганга элсний булан гэх газарт Зил-131 маркийн машин дотор согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ч.Итэй маргалдаж, түүний нүүрэн тус газарт 3-4 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч Ч.И: “...2019 оны 3 дугаар сарын 23-нд би С, Хангай, Анхбаяр, Мөнхбат, Бээгийн, Отгоо нарын хамт Рашаант багийн нутаг Зүүн эх гэдэг газраас Жаргалбуянгийн хөрөө рамны хэрэглээний модонд ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан. Замда бид нар Рашант багийн нутаг Ганга элсний булан гэдэг газар архи уусан. Би эхний 1 шил архинаас нь хамт уусан. Би тэд нарыг одоо явъя гээд машинд сууж байтал С машины кабинд орж ирснээ “чи муу пязда хэзээ байхдаа ийм том болсон юм бэ” гэхээр нь чи яасан юм бэ? Чамд хийсэн гэм байхгүй гэсэн. Тэгтэл “их болсон гэсэн, чамайг би алсан байхад ч яадаг юм” гэснээ нүүр лүү гараараа 2-3 удаа цохиход нь би гараараа нүүрээ дараад тонгойсон. Тэгтэл миний хамарнаас цус гарсан байсан. 2 дахь удаагийн цохилтын дараа хэсэг хугацаанд ухаан алдсан байсан. С Жаргалбуянтай утсаар холбогдоод Ишсэнгэ машинаас үсэрч ухаан алдчихлаа гэж хэлж дуудсан байсан. Жаргалбуян очиж бид нарыг бүгдийг авч ирсэн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 6-р хуудас/,

            Гэрч Ё.Жн: “...Хангай, Анхбаяр, Мөнхбат, Бээгий, Отгоо, Ишсэнгэ С нар бүгд ЗИЛ-131 маркийн машинтай Рашаант багийн нутаг Солжрах гэх газраас хэрэглээний мод хийж бэлтгэхээр явсан. Тэд нарын машин нь хожуулын гүүр гараад Ганга элсний булан гэх газар эвдрээд манай нөхөр очиж эвдэрсэн эд ангийг нь аваад буцаад очих  хооронд Ишсэнгэ, С нар зодолдсон байсан. Тухайн үед тэд нарын нэг нь миний утас руу холбогдож Ишсэнгийн хамарнаас цус гараад тогтохгүй байна гэхээр нь би түргэн аваад очье, та нар хамрын цусыг нь тогтоох арга хэмжээ аваад байж бай гэтэл хамарны цус тогтоод гайгүй болчихлоо, та өөрөө хүрээд ир гэсэн. Тэгээд би нөхөртэйгөө машины сэлбэг аваад хамт очсон. Тэгтэл Ишсэнгэ зодуулсан гэмээр хамар нь хавдсан байхаар нь та нар юунаас болж зодолдсон юм гэж асуухад бид хоёр нэг дор ажиллаж байсан. Ишсэнгэ надтай барилдаад дийлдэггүй байсан гэж энд байсан хүмүүс хэлсэн байсан. Тэрнээс болж маргалдаж муудалцсан гэж хэлсэн. Тэгээд би бүгдийг нь авч орж ирээд гэр лүү нь явуулсан ...” гэх  мэдүүлэг /ХХ-ийн 46-47-р хуудас/,  

            Гэрч С.Бн: “...Би тэр өдөр Анхбаяр Мөнхбат, Хангай, Отгоо, Ишсэнгэ, С нарын хамт хөрөө рамны модонд явж байгаад замд машин эвдэрсэн. Бид нар 2 шил архи хамт уусан. Архи ууж дуусаад машины сэлбэг иртэл машины тэвш дээр хэвтэж байя гээд би Хангай, Отгоо, Мөнхбат, Анхбаяр нарын хамт тэвшин дээр гарсан. Машины кабинд Ишсэнгийг Хангай өргөж оруулж унтуулсан. Араас нь С орсон. Пижигнэх дуу чимээ гарахаар нь би Хангай, Отгоо, Анхбаяр нар хамт машины тэвшин дээрээс босч харсан. Тэгсэн Ишсэнгийн хамарнаас цус гарсан, кабинаас бууж ирсэн. Түүний араас С гарч ирсэн....” гэх мэдүүлэг /ХХ-ийн 49-50-р хуудас/,

            Гэрч Я.С: “...Би тэр өдөр Анхбаяр Мөнхбат, Бээгий, Отгоо, Ишсэнгэ, С нарын хамт хөрөө рамны модонд явж байгаад замд машин эвдэрсэн. Бид нар 2 шил архи хамт уусан. Би Ишсэнгийг тасраад унахаар нь машины кабинд өргөж оруулж унтуулчихаад өөрөө машины тэвшин дээр гарч хэвтсэн. Би хэсэг хугацаанд зүүрмэглэсэн байсан. Тэгтэл пижигнэх дуу чимээ гарахаар нь босоод хартал Ишсэнгийн хамарнаас цус гарсан, кабинаас бууж ирсэн. Түүний араас С гарч ирсэн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 51-52-р хуудас/,

          Гэрч М.М: “...Би тэр өдөр Анхбаяр, Бээгий, Хангай, Отгоо, Ишсэнгэ, С нарын хамт хөрөө рамны модонд явж байгаад замд машин эвдэрсэн. Бид нар 2 шил архи хамт уусан. Архи ууж дуусаад машины сэлбэг иртэл машины тэвш дээр хэвтэж байя гээд би Хангай, Отгоо, Бээгий, Анхбаяр нарын хамт тэвшин дээр гарсан. Пижигнэх дуу чимээ гарахаар нь би босч ирээд харсан чинь Ишсэнгийн хамарнаас цус гарсан, кабинаас бууж ирсэн. Түүний араас С гарч ирсэн. С, Ишсэнгэ хоёр л машины кабинд байсан. Бусад нь машины тэвшин дээр байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 53-54-р хуудас/,

Завхан аймгийн шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 00000156 дугаартай: “Ч.Ишсэнгийн биед гэмтэл учирсан байна. Хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Ч.Ишсэнгийн биед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 10-р хуудас/, хүний их эмч Т.Пүрэвдоржийн тодорхойлолт, Ч.Ишсэнгийн амбулаториор эмчлүүлэгсэдийн картын хуулбар, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн компьютер томографийн дүгнэлт, зургууд зэрэг нотлох баримтууд болно.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүй, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

Шүүгдэгч С.Сгийн дээрх үйлдэлд Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зүйлчлэл тохирсон, түүний үйлдлийн улмаас хохирогч Ч.Ишсэнгийн биед хамар ясны хугаралт хөнгөн гэмтэл тогтоогдсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч С.Сг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх гэрч Г.Энхзориг, Э.Төрбат нарын  “... С.С нь ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Хүнд тусархуу, хүнийг ялгаварлаж харьцдаггүй. Архи дарс байнга хэрэглэдэггүй, хааяа найз нөхдийн хүрээнд хэрэглэдэг. Амьдрал нь хэцүүхэн. Эхнэр, ээж нь ажилгүй. Амьдралын төлөө шударгаар зүтгэж яваа залуу байгаа юм....” гэсэн агуулга бүхий мэдүүлгүүд, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудыг шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон, хэрэгт ач холбогдолтой нотлох баримт гэж үзэн үнэлж шийдвэрлэсэн болно.

 

Мөн яллагдагч С.Сгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 23-ны өдөр би Жаргалбуянгийн хөрөө рамны модонд ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгсэлтэй Ишсэнгэ, Хангай, Отгоо, Бээгий нартай хамт явсан. Замдаа Ганга элсний булан гэх газарт 2 шил архи уусан. Би тухайн үед согтсон байсан. Тэр үед машины кабинд Ишсэнгэтэй муудалцаж Ишсэнгийн нүүр лүү гараараа нэг удаа цохисон. Өөр зүйл болоогүй. Ийм зүйл болсонд гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Одоо Ишсэнгэтэй эвлэрч, хохирол төлбөрийг төлсөн байгаа. Улсын яллагчийн ялын саналыг зөвшөөрч байна. Харин торгуулийн ялыг төлөх боломжит хугацаанд оногдуулж өгнө үү гэж хүсч байна...” гэсэн  гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул шүүх түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлсэн болно.   

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг түүний үйлдэлд тохирсон байна.

Өөрөөр хэлбэл 2019 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг Ганга элсний булан гэх газарт Зил-131 маркийн машин дотор согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ч.Итэй маргалдаж, түүний нүүрэн тус газарт 3-4 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь хүний эрүүл мэндэд  хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Шүүгдэгч С.Сд холбогдох эрүүгийн хэргийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тус шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн болох нь  нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхийг хүссэн хүсэлтээ бичгээр ирүүлсэн байна.

Иймд шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа “...Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, учруулсан хохирлыг нөхөн төлсөн , шүүгдэгчийн хувийн байдал зэргийг эрүүгийн хариуцлагын “хөнгөрүүлэх” болон “хүндрүүлэх” нөхцөл байдалд тус тус тооцож, түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч С.Сгийн хувьд ногдох хөрөнгөнөөс Мустанг-5 маркийн мотоциклыг битүүмжилсэн прокурорын 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 4/14 дугаар тогтоол, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 36.7 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ******* овогт Сийн Сг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч С.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Сд шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр буюу 6 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг 15 нэгжтэй тэнцэх төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч С.Сгийн хувьд ногдох хөрөнгөнөөс Мустанг-5 маркийн мотоциклыг битүүмжилсэн прокурорын 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 4/14 дугаар тогтоол, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.

6. Шүүгдэгч нь хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ж.ОТГОНХИШИГ