| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатар Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 191/2025/07239/И |
| Дугаар | 210/МА2026/00332 |
| Огноо | 2026-02-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 210/МА2026/00332
******* ХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Т.Гандиймаа, Ч.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 191/ШШ2025/10131 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* ХК,
Хариуцагч: *******, ******* нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 245,450,191 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Мөнхцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:
1.1.*******, ******* нар нь ******* ХК-тай 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр В17023092903 дугаартай зээлийн гэрээ, F1702309290301 дугаартай эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээг тус тус байгуулж, бизнесийн зориулалтаар 225,000,000 төгрөгийг сарын 2.80 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн. Тус зээлийн барьцаанд 2023 онд үйлдвэрлэгдсэн, 2023 онд Монгол Улсад импортлогдсон, ******* улсын дугаартай, ******* арлын дугаартай, ******* маркийн тавцант чиргүүл, 2023 онд үйлдвэрлэгдсэн, 2023 онд Монгол Улсад импортлогдсон, ******* улсын дугаартай, ******* арлын дугаартай, ******* маркийн тавцант чиргүүл, 2023 онд үйлдвэрлэгдсэн, 2023 онд Монгол Улсад импортлогдсон, ******* улсын дугаартай, ******* арлын дугаартай, Shaanxi.X3000 маркийн зүтгүүр, 2023 онд үйлдвэрлэгдсэн, 2023 онд Монгол Улсад импортлогдсон, ******* арлын дугаартай холбогч гар зэргийг тус тус барьцаалсан.
1.2.Зээлдэгч нар нь зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлээгүй, зээлийн төлбөрийг төлөх хугацаа өгсөн боловч хугацаандаа төлж барагдуулаагүй тул талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 9.2, 9.2.1-д тус тус заасныг үндэслэн зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргасан.
1.3.Иймд хариуцагч *******, ******* нараас зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 182,245,934.98 төгрөг, зээлийн хүүнд 61,234,634.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,958,622.50 төгрөг, нотариатын зардалд 11,000 төгрөг, нийт 245,450,191.63 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбар, татгалзлын агуулга:
2.1.Хариуцагч *******, ******* нар нь гэр бүлийн хүмүүс бөгөөд зээлийн гэрээ байгуулан ******* улсын дугаартай том оврын тээврийн хэрэгсэл худалдан авч, уг тээврийн хэрэгслээ барьцаалсан. Уг тээврийн хэрэгслээр ажил гүйцэтгэж олсон мөнгөөрөө зээлээ төлж, ар гэр амьдралаа залгуулж байсан боловч 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр осолд орж тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох боломжгүй болж, сар бүрийн төлөлтийг хийж чадахаа больсон.
2.2.Энэ тухайгаа ******* ХК-д мэдэгдсэн байтал нэг ч удаа мэдэгдэл өгөөгүй атлаа бүтэн 1 жилийн хүү тооцож нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй тул зээлийн хүүг хасаж тооцож өгнө үү гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар хариуцагч *******, ******* нараас 199,513,215 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 45,936,976 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,385,201 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 1,155,516 төгрөгийг гаргуулж ******* ХК-д олгож шийдвэрлэжээ.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 45,936,976 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ фидуцийн зүйл болох тээврийн хэрэгсэл нь 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр осолд орж хөдөлгөөнд оролцох боломжгүй болсон талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн гэж дүгнэж 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс хойших зээлийн хүүг тооцоогүй шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь хариуцагч тээврийн хэрэгсэл осолдсон болохыг нотлох баримтыг ирүүлээгүй, эрх бүхий цагдаагийн байгууллагаас ослын талаар албан тоот нэхэмжлэгч талд өгөөгүй. Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагчийн аман мэдээлэлд үндэслэж зээлийн хүүг зогсоох боломжгүй. Зээлийн хүүг зогсоохдоо холбогдох баримтад үндэслэдэг.
4.2.Зээлийн гэрээний 6.1.1, 6.1.2 дахь заалт нь зээлдүүлэгчийн эрхтэй холбоотой заалт, мөн 9.2.1, 9.3 дахь хэсэг нь гэрээ дуусгавар болох, цуцлахтай холбоотой заалтууд байхад нэхэмжлэгч ******* ХК-ийг эдгээр заалтад заасан үүргээ хэрэгжүүлээгүй мэтээр дүгнэсэн нь хуульд нийцээгүй гэж үзэж байна. Харин нэхэмжлэгчээс зээлийн гэрээний 6.1.1, 6.1.2-т заасан эрхээ хэрэгжүүлэх зорилгоор тээврийн хэрэгслийг хайж, хураах ажиллагааг хийсэн боловч уг тээврийн хэрэгсэл хаана байгаа талаарх мэдээлэл олдохгүй байсан. Ийнхүү зээлийн гэрээний 9.2.1, 9.3-т тус тус заасныг үндэслэн 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.
4.3.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8-д ...нотариатын үйлчилгээний баримтаа шүүхэд ирүүлээгүй тул хангаж шийдвэрлэх боломжгүй гэж шүүх дүгнэсэн. Зээлийн гэрээний 7.6-д нотариатын төлбөрийг зээлдэгч хариуцан төлөхөөр тохирсон. Мөн нотариатын үйлчилгээний баримтыг хавтаст хэрэгт хавсарган өгсөн байхад баримтаа шүүхэд ирүүлээгүй гэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
4.4.Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, зээлийн гэрээний 9.2, 7.1-д тус тус зааснаар зээлдэгч нь үндсэн зээл, зээлийн хүүнээс гадна хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй юм. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасны дагуу нэхэмжлэгч ******* ХК нь зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, шүүхэд хандах хүртэлх хугацааны үүрэг шаардсан үндэслэлтэй гэж үзэж байна.
4.5.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн 45,936,976 төгрөгийг хариуцагч *******, ******* нараас гаргуулж өгнө үү гэжээ.
5.Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч нарын тайлбарын агуулга:
5.1.Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлд нийцсэн гэрээг ******* ХК-ийн зүгээс хариуцагч нартай байгуулсан. Энэ тал дээр маргахгүй.
5.2.Талуудын байгуулсан гэрээний 9.2-т зээлдүүлэгч талын санаачилгаар гэрээг цуцлах талаар заасан бөгөөд тус гэрээний 9.2.1, 9.2.2, 9.2.4, 9.2.7-д тус тус заасан нөхцөл байдал тогтоогдсон бол зээлдүүлэгч талын санаачилгаар цуцлахаар заасан. Анхан шатны шүүх хуралдааны явцад энэ талаар талууд мэтгэлцсэн. 2024 оны 10 дугаар сард тээвэрт явж байгаад осол гарсан бөгөөд ослоос шалтгаалж зээлээ төлөх боломжгүй байгаа талаар хариуцагч нар нэхэмжлэгчид утсаар мэдэгдсэн. Мөн хариуцагч нар нь өөрсдийн биеэр очиж нэхэмжлэгчтэй 1 удаа уулзсан байдаг. Энэ талаар хариуцагч нар баримт үйлдээгүй. Тухайн үед нэхэмжлэгчид болсон үйл явдлыг тайлбарлахад зээлийн хүүг зогсоож, асуудлыг шийдвэрлэж өгье гэж хэлсэн. Энэ талаар анхан шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бид 10 дугаар сард уулзсан бөгөөд хариуцагч нар осолд орсон процессыг тайлбарлаж, зураг үзүүлсэн гэх агуулгатай тайлбар гаргадаг.
5.3.Тухайн тээврийн хэрэгсэл нь ******* ХК-ийн нэр дээр байгаа учир хариуцагч тээвэрт явах зөвшөөрлийг тус компаниас авч нүүрс тээврийн үйл ажиллагаанд явдаг. Нэхэмжлэгч тухайн тээврийн хэрэгсэл хаана байгаа талаар олж чадаагүй, мэдээгүй гэх агуулгаар гомдолдоо дурдсан. ******* ХК нь хариуцагч нарт зөвшөөрлийн бичиг өгч байгаа учир энэ талаарх мэдээллийг мэдэх боломжтой.
5.4.Нэхэмжлэгч нь гэрээний үүрэг зөрчигдөж эхлэхэд тэр даруй үүргээ шаардаж, фидуцийн гэрээний дагуу тээврийн хэрэгслийг хураан авч учирсан хохирлоо шаардах боломжтой байхад уг эрхээ хэрэгжүүлээгүй. Хариуцагч нар нь тээврийн хэрэгслийн талаарх асуудлыг нэхэмжлэгчид мэдэгдсэн байхад зээлийн гэрээний хүүг зогсоохгүй 1 жил явсан. Хариуцагч нар нь сүүлд 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 9,967,992 төгрөг төлсөн. Харин зээлийн хүүг 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр зогсоосон байна. Энэ хугацаанд нэхэмжлэгч нь хариуцагч нарт нэг ч удаа мэдэгдэх, шаардах хуудас өгөөгүй бөгөөд энэ талаар мэдэгдээгүй.
Хэрэв хүүг зогсоогоогүй талаар хариуцагч нарт мэдэгдсэн бол арга хэмжээ авах боломжтой байсан. Хариуцагч нар нь тухайн болсон асуудлын талаар нэхэмжлэгчид мэдэгдэхэд удирдлагуудад танилцуулж энэ асуудлыг шийдвэрлэнэ гэхэд хариуцагч нар нь тухайн зээлийн хүү зогссон гэж ойлгосон байсан бөгөөд талуудын хооронд үл ойлголцож үүсэж өнөөдрийг хүртэл маргаж байна.
5.5.Хариуцагч нь тухайн тээврийн хэрэгслийг бизнесийн зорилгоор ашигладаг бөгөөд тээврийн хэрэгсэл нь доголдсон учир зээл төлөх боломжгүй нөхцөл байдалд орсон. Одоо тухайн тээврийн хэрэгсэл нь хэвийн ажиллаж байгаа бөгөөд нэхэмжлэгчид тухайн тээврийн хэрэгслийг авч болно гэж хэлсэн гэв.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 245,450,191 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар нь ...барьцаа хөрөнгө болох ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр осолд орж хөдөлгөөнд оролцох боломжгүй болж, энэ талаар ******* ХК-д мэдэгдсэн байтал нэг ч удаа мэдэгдэл өгөөгүй атлаа бүтэн 1 жилийн хүү тооцож нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүүг эс зөвшөөрч маргажээ.
3.******* ХК болон *******, ******* нарын хооронд 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч ******* ХК нь 225,000,000 төгрөгийг сарын 2.80 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч *******, ******* нар нь зээл, зээлийн хүүг хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх-ийн 10-12-р тал/
Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан, уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зөв дүгнэжээ.
4.Мөн 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр талууд эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээ (фидуци) байгуулж, 2023 онд үйлдвэрлэгдсэн, 2023 онд Монгол Улсад импортлогдсон, ******* улсын дугаартай ******* арлын дугаартай, ******* маркийн тавцант чиргүүл, 2023 онд үйлдвэрлэгдсэн, 2023 онд Монгол Улсад импортлогдсон, ******* улсын дугаартай, ******* арлын дугаартай, ******* маркийн тавцант чиргүүл, 2023 онд үйлдвэрлэгдсэн, 2023 онд Монгол Улсад импортлогдсон, ******* улсын дугаартай, ******* арлын дугаартай, Shaanxi.X3000 маркийн зүтгүүр, 2023 онд үйлдвэрлэгдсэн, 2023 онд Монгол Улсад импортлогдсон, ******* арлын дугаартай холбогч гар зэргийг тус тус барьцаалсан байна.
5.Зээлдүүлэгч ******* ХК нь гэрээ байгуулсан өдөр 225,000,000 төгрөгийн зээл олгосон үйл баримт болон зээлдэгч *******, ******* нар нь зээлийн гэрээний үүрэгт нийт 99,757,065 төгрөг төлсөн талаарх нэхэмжлэгчийн гаргаж өгсөн тооцоололд хариуцагч нар маргаагүй байна. /хх-ийн 16-р тал/
6.Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ цуцлагдсантай холбоотой үйл баримтыг буруу дүгнэсний улмаас зээлийн үндсэн хүүг 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх 3 сарын хугацаанд тооцсон байгааг давж заалдах шатны шүүхээс залруулна.
Тодруулбал, хариуцагч нарын гаргасан фидуцийн зүйл болох тээврийн хэрэгсэл осолдсонтой холбогдуулаад гэрээг цуцлах асуудлаар харилцан тохиролцсон гэх тайлбарыг үндэслэн анхан шатны шүүх ...хариуцагч нар үүргээ зөрчсөн атал нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6.1.1, 6.1.2, 9.2.1, 9.3 дахь хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүй байна. гэж дүгнэсэн нь буруу болжээ.
Учир нь талууд тээврийн хэрэгсэл осолдсонтой холбоотойгоор гэрээг цуцлах асуудлаар харилцан тохиролцсон гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байх ба талуудын хооронд байгуулагдсан гэрээний дээрх заалт нь зээлдүүлэгчийн санаачилгаар гэрээг цуцлах агуулгатай тул эрхээ хэрэгжүүлээгүй гэж буруутгасан нь үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч ******* ХК нь шүүхэд нэхэмжлэл гаргах байдлаар талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан байх тул энэ хүртэл хугацаагаар зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасанд нийцсэн байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч нараас 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл байдлаар зээлийн хүүнд 61,234,634.15 төгрөгийг гаргуулахаар өөрчлөлт оруулж буюу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
7.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 191/ШШ2025/10131 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтад ...451 дугаар... гэснийг 451 дүгээр гэж, ...199,513,215 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 45,936,976 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэснийг 245,450,191 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай. гэж,
2 дахь заалтад ...7.1.1 дахь... гэснийг 7.1.1 дэх гэж, ...1,155,516... гэснийг 1,385,201 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 387,635 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
Ч.МӨНХЦЭЦЭГ