Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 41

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Улсын яллагч Б.Сансарбаяр,

Шүүгдэгч Р.Э,

Нарийн бичгийн дарга С.Энхбат нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор хууль цаазын зөвлөх Б.Сансарбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.Эт холбогдох эрүүгийн 1924000810035 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1979 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2 эхнэрийн  хамт Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багт оршин суух, урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 149 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ял, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 271-А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, ИЗ79120219 регистрийн дугаартай, Цагаан гэрүүд овогт Раднаабазарын Э нь 2019 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн нутаг “Арлын тархи” гэх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ээж Д.Итой маргалдаж түүний нүүр, толгой, гар руу цохиж, хөл рүү нь өшиглөх, хоолойг боох зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Р.Э нь 2019 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн нутаг “Арлын тархи” гэх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ төрсөн ээж Д.Итой маргалдаж улмаар түүний толгой, нүд болон гарын булчин хэсэг рүү 3-4 удаа цохиж, хөл рүү нь 2 удаа өшиглөж, хоолойг боож зодсон болох нь:

Хохирогч Д.Иын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх Завхан аймгийн Их-Уул сумын “Арлын тархи” гэх газарт өөрийн хүүхэд Р.Эынхтай хамт намаржиж байгаа. Би 2019 оны 08 дугаар сарын 29-ний өглөө 10 цагийн үед Р.Эын эхнэр Болор-Эрдэнэ, Батбаярын эхнэр Сараа нартай хамт жимсэнд  яваад орой 18 цагийн үед гэртээ ирэхэд гэрт байсан 38 литрийн савтай монгол архинаас уусан байхаар нь уур хүрээд өөрийн хүүхэд Р.Эыг уусан гэж бодоод тэдний гэрийн үүдэнд очиход гэрийн үүдэн нь онгорхой байсан. Р.Э орон дээрээ хэвтэж байхаар нь би гэрийнх нь үүднээс хүүхэддээ хандан “Энэ зунжингаа хөлсөө цувуулж хүч хөдөлмөрөөрөө архи нэрээд байхад чи уугаад байдаг даанч яаавдаа” гэж хэлсэн. Тэгтэл манай хүү Р.Э миний араас орж ирээд надруу “Хухай жингэр чинь чи юу гэнээ. Чиний юмыг одоо нэг мөсөн устгаж өгнө” гээд гал тогооны өрөөний мухарт тавьсан байсан 25 литрийн савтай монгол архийг аваад гэрийн үүдэнд довжоон дээр асгахаар нь би “Миний хүү болиоч ээжийнх нь энэ зуны хийсэн ажил шүү дээ. Чи арай ч дээ болиоч гээд гээд Р.Эыг бариад автал миний энгэрээс заамдаж аваад хоолой бооход би гэрийн гадна хэсэг ухаан алдсан байсан. Тэгээд би сэргээд гэрлүүгээ ортол тогоотой 3 сүү, хувинтай таргийг асгачихсан байсан. Тэгтэл Р.Э “Чамайг нэг мөсөн болгоно шулам минь” гэж хэлээд намайг барьж аваад хэд хэдэн удаа цохиод авсан. Би хүүгээсээ айгаад хамт жимсэнд явсан Болор-Эрдэнэ, Сараа хоёрыг дуудахад Сараа манай гэр лүү дөхөөд иртэл Р.Э Сарааг “Чи бас хүрээд ир чамайг ч гэсэн нэг мөсөн болгоод өгнө шүү” гэхэд Сараа “Арай ч дээ чи гэж хэлээд” буцаад яваад өгсөн. Тэгсэн манай хүүхэд намайг дахин цохиж авахаар нь би хүүгээсээ айгаад гэрээсээ гараад тугалын зэл рүү явсан. Р.Э миний толгой руу 3-4 удаа, хоёр гарын булчин руу хэд хэдэн удаа цохиж, хөл рүү өшиглөсөн. Маргааш өглөө эмчид үзүүлэхэд миний баруун талын нүд, зүүн талын бугалаганы хэсэг, баруун далны доод хэсэг, хоёр хөлний хянга, гуяны хэсэгт тус тус хөхөрсөн байсан...” гэсэн мэдүүлэг /хх 5-6/,

Гэрч Г.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Р.Эын эхнэр Болор-Эрдэнэ, хадам ээж Д.И бид нар жимсэнд яваад, орой 18 цагийн үед ирсэн. Болор-Эрдэнэ бид хоёрыг Р.Эын гэрт орох үед Р.Э орон дээрээ унтаж байсан. Тэгсэн удаагүй Р.Эын ээж гэрийн үүдэнд хүрч ирээд гэрлүү нь оролгүй савтай хамаг архи уусан байна гээд нэг хараалын үг хэлчихээд цаашаагаа яваад өгөхөд Р.Э орон дээрээс та нар дандаа хов ярьж байх юм гээд босч ирэхэд Р.Эын эхнэр гэрээсээ гараад яваад өгсөн. Р.Э гэрээсээ гараад би гэрт нь үлдсэн. Тэгсэн удалгүй байшин дотор Р.Э, Д.И гуай хоёрын дуу гараад хоорондоо муудалцаад хэрэлдээд эхлэхээр нь гэрээс гараад хартал Р.Э аавынхаа байшингийн үүдэнд “Уугаагүй байхад уусан гэж байгаа бол энийг чинь би устгаад өгье” гээд 25 литрийн савтай монгол архийг асгасан. Р.Э өөрийн ээж Д.И гуайтай дахиж хэрэлдээд ээжийгээ заамдаж авахад Д.И гуай Сараа Болороо намайг энэ аллаа шүү дээ цагдаа дууд гэхээр нь би наанаас нь салгах гээд очтол Р.Э надруу “Чи цаашаа бай надруу ойртох юм бол бүгдийг чинь нэг мөсөн болгоно шүү” гэхээр нь би айгаад ойртож чадаагүй цаашаагаа яваад өгсөн. Тэгсэн голын захаас манай 3 хүүхэд гүйгээд ирэхээр нь би хүүхдүүдээ буцаагаад гол руу аваад явсан. Тухайн өдөр Р.Э ээжтэйгээ лав 20-30 минут маргалдаж муудалцсан. Дараа нь үнээний зэлэн дээр очиход Ичинноров гуай үнээгээ сааж чадахгүй байна. Баруун талын гар даагдахгүй, цээжээр өвдөөд байна гэсэн. Түүний баруун талын гарын шуу хавдчихсан, зүүн талын хацарын хэсэгт шалбарчихсан, баруун талын нүд хөхрөөд хавдчихсан байсан. Ичинноров гуай жимсэнд явахад биед ямар нэг гэмтэл, шарх байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-15-16/,

Гэрч Н.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хадам аавынх манайх хоёр Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн нутагт “Арлын тархи” гэдэг газарт айл буусан. Би 2019 оны 08 дугаар сарын 29-ний өглөө хадам ээж Д.И, найз Г.Сарантуяа нарын хамт жимсэнд яваад орой 18 цаг өнгөрч байх үед гэртээ ирэхэд манай нөхөр Р.Э архи уучихсан орон дээрээ унтаж байсан. Тэгсэн хадам ээж Ичинноров манай гэрийн үүдэнд ирээд “Өмхий хүүр чинь хоёр савтай монгол архийг уугаад хаячихсан байна” гэж хэлчихээд гэрлүүгээ үглээд явахад манай нөхөр орон дээрээс босоод гэрээсээ гараад гэрийн урд тал шээгээд зогсож байхдаа “Архи уугаагүй байхад уусан гээд байгаа бол одоо ороод цөлмөөд өгье” гээд байхаар нь би гэрээсээ гараад үхрийн зэл рүү явсан. Тэгсэн намайг үхрийн зэлнээс цаашаагаа явж байтал хадам аавын байшинд манай нөхөр Р.Э ээж Д.Итой маргалдаж муудалцаад байгаа дуу чимээ гараад байсан. Би үхрээ саах гээд зэлэн дээр үхрээ туугад иртэл цаанаас хадам ээж Д.И үхрийн зэлэн дээр хүрч ирээд уйлаад намайг Р.Э зодчихлоо гээд байсан юм. Тухайн үед хадам ээж баруун талын нүдээ дараад нүд рүү цохичихлоо гээд байсан мөн баруун талын бугуйгаа бариад гар луу цохичихлоо, цээж өвдөөд байна гээд байсан. Хадам ээжийн баруун талын шанаа хавдсан байсан. Тэр оройдоо хадам ээж сумын төв рүү яваад өгсөн. Жимсэнд явахад хадам ээжийн биед ямар нэг гэмтэл, шарх байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх 19-20/,

Эмч Б.Шинэбилэгийн “...Зүүн талын эрүү хэсгээр хавдсан, шалбарсан хумсны ором гарсан. Баруун нүдний доод хэсэг бага зэрэг хөхөрч хавдсан, баруун зүүн гарын бугалганы хэсгээр хөхөрч улайсан, баруун далны дээд хэсгээр хөхөрсөн, баруун зүүн хөл хөхөрсөн...” гэсэн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Р.Эын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...Би 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 19 цагийн үед Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн нутаг “Арлын тархи” гэдэг газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн ээж Ичинноровтой хэрүүл маргаан үүсгэсэн. Тэгээд би тэр өдөр ээжтэйгээ маргалдаж муудалцах үедээ уурандаа ээжийнхээ нүүрэн хэсэгт гараараа 2-3 удаа цохиж, хөл рүү нь 2-3 удаа өшиглөчихсөн. Намайг архийг нь уугаагүй байхад уусан гээд байхаар нь уур хүрээд аавын байшинд ороод ээжтэй муудалцаад 25 литрийн савтай монгол архийг нь асгаад уурандаа ээжийгээ цохисон...” гэсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай тохирч байх тул шүүх түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж ээж Д.Иыг зодсон болохыг давхар нотолж байна гэж үзэв.

Шүүгдэгч Р.Эын дээрх үйлдлийн улмаас хохирогч Д.Иын биед хөнгөн /гэмтэл/ хохирол учирсан болох нь: Завхан аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Сэргэлэнбаярын 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 00000159 дугаартай “...Д.Иын биед тархи доргилт, баруун далны зөөлөн эдийн няцрал, цээжний зүүн дээд хэсэг, баруун нүдний доод зовхи, 2 бугалга, баруун шуу, зүүн өвдөг, баруун шилбэнд цус хуралт, зүүн шанаанд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Энэ гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлийн 10-аас дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. Учирсан гэмтлүүдийн тархи доргил гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт бусад гэмтлүүд нь хавсарч гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтлүүд байна. Д.Иын биед учирсан гэмтлүүд нь цаг хугацааны хувьд 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. Д.Иын биед учирсан гэмтлүүд цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Д.Иын биед учирсан тархи доргилт гэмтэл нь дангаараа бусад гэмтлүүд нь хавсарч Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр /хх 10-р/ тогтоогдож байна.

Прокуророос шүүгдэгч Р.Эт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд түүнд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрч, хохирогчтой эвлэрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Р.Эын “...Архийг нь уугаагүй байхад уусан гэж хэллээ...” гэсэн шалтгааны улмаас хохирогч Д.Иын толгой, нүүр, гар луу цохиж, хөл рүү нь өшиглөсөн үйлдэл хохирогчид учирсан тархи доргилт, баруун далны зөөлөн эдийн няцрал, цээжний зүүн дээд хэсэг, баруун нүдний доод зовхи, 2 бугалга, баруун шуу, зүүн өвдөг, баруун шилбэнд цус хуралт, зүүн шанаанд зулгаралт гэмтлүүд нь өөр хоорондоо шууд шалтгаант холбоотой байх тул Р.Эын  дээрх үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгч Р.Э урьд нь ээж Д.Иыг зодож, дарамтлах зэргээр гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй аливаа үйлдэл хийж байгаагүй болох нь хохирогчийн “...Манай хүү Р.Э нь намайг урьд нь зодож байгаагүй…” гэх мэдүүлгээр нотлогдож байх тул түүний үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Учир нь гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд учруулсан хөнгөн гэмтлийг байнгын шинжтэй үйлдлээр учруулсан нөхцөл байдлыг хамруулан ойлгох бөгөөд шүүгдэгч Р.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нэг удаагийн үйлдлээр ээж Д.Ид хөнгөн гэмтэл учруулсан байна.

Иймд шүүгдэгч Р.Эын үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрснийг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдол, саналгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

1. Шүүгдэгч Ц овогт Р.Э. хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Э 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Э оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын дотор төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч Р.Э нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 6. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Р.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

7. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлэхийг дурдсугай.

 

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.ӨЛЗИЙХИШИГ