Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 185

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Гандулам,

Улсын яллагч Д.Ганцэцэг,

Шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овгийн Т.Б холбогдох 1926001620237 дугаартай  эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, урьд Өвөрхангай аймгийн ******* дэх Сум дундын 1 дүгээр шүүхийн 2001 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 1/138б дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1-д зааснаар 2 жил 9 сар 26 хоногийн хорих ял, мөн хуулийн 239 дүгээр зүйлийн 3-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1-д зааснаар нийт 5 жил 09 сар 26 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Өвөрхангай аймаг дахь  Сум дундын 2 дугаар шүүхийн 2003 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 139 дугаартай “хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллах тухай” шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 11 сар 12 хоногийн хорих ялыг тэнсэн, мөн хугацаагаар хянан харгалзсан, ******* овгийн Төмөрийн Б. 

Үйлдсэн хэргийн талаар:

Яллагдагч Т.Б нь согтуурсан үедээ 2019 оны 03 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын 11 дүгээр багийн 74-04 тоотод иргэн Э.Ц-г хутгаар хоолой хэсгийг зүсэж, зүүн өгзөг хэсэг рүү нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Т.Б нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт ”...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хохиролд 50000 төгрөг төлж, хохирлоо барагдуулсан. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ойлгож гэмшиж байна. ” гэв. 

Хохирогч Э.Ц-н мөрдөн байцаалтанд өгсөн “...2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр би П гэх айлд би П, Д-н аав /нэрийг нь санахгүй байна/ нарын хамт 2 шил 0.5 литрийн “Нутгийн буян” нэртэй архи уусан. Тэндээс гараад Д-н аавтай хамт А-н хүргэн М-д орсон. М-д М, эхнэр О, Б /П-г гэж хочилж дууддаг/, А нар байсан. А Б нар нь архи уучихсан, М, О нар архи уугаагүй байсан. ...Би Б-н хамт Д-н ааваас 20000 төгрөг гуйж аваад дэлгүүр ороод 3 шил 0.5 литрийн “Нутгийн буян” нэртэй архи, 1 ширхэг бидний ундаа аваад М-д буцаж очиж архийг уусан. Архиа ууж дуусаад би М-н гэрээс гараад П ахынх руу явах гэж байтал Б миний араас гарч ирээд юм хэлэхгүйгээр миний хоолойг нэг юмаар зүссэн. Би газар өнхөрч унаад босох гэтэл миний зүүн өгзөг рүү ахиад нэг юмаар дүрэх шиг болсон. Би буцаад М-д ороод Б-г намайг яаж байгаа юм бэ? гэхэд Б юм хэлэхгүй байсан. М М, О, А, Д-н аав нар намайг яаж гэмтсэн байсаныг харсан. ...Би Мгийнхөөс гараад П гэх айлд очсон. П-н гэрт П, эхнэр Д, охин Д нар байсан. Тэр гуравт намайг Б хутгалчихлаа гэж хэлсэн чинь түргэн дууд гэхээр нь би Д-н утсаар цагдаад хутгалуулсан талаараа хэлсэн. Хоёр цагдаа ирэхээр нь Т.Б хутгалуулсан талаараа хэлсэн. Хаана байдаг талаар асуухаар нь гэрийн хаягийг  нь хэлж өгсөн. ...Тэр шөнөдөө хоолойндоо 8 оёо тавиулсан. Зүүн өгзөгний хойд талдаа 1 оёо тавиулсан. Тэр өдрөө би П гэх айлдаа очиж хоносон. ...Одоогоор миний биеийн байдал зүгээр байгаа. Би Т.Б хэрэлдэж маргалдсан зүйл болоогүй. Т.Б намайг хутгаар гэмтээсэн гэж бодож байна. Цагаан иштэй төмөр хутга байсан. Хашаан дотор бид хоёр л байсан. Би юунаас болж маргалдсанаа санахгүй байна, их согтуу байсан. Гомдол санал нэхэмжпэх зүйлгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19 хуудас/,

Гэрч М.А-н мөрдөн байцаалтанд өгсөн “...Би 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 23 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын 11 дүгээр баг 74-04 тоотод өөрийн гэртээ Т.Б-н хамт амарч байхад гаднаас хүн цонх, хаалга нүдээд байхаар нь би босоод онгойлгож өгтөл Ц гаднаас Н гэх хүнтэй хамт орж ирээд хэдүүлээ архи ууна, танд би архи авч өгнө гээд ******* гэх хүнээс 20000 төгрөг аваад Б, Ц нар дэлгүүр орж 3 шил “Нутгийн буян” нэртэй архи, 1 ширхэг кола ундаатай авч ирээд бид нар манай гэрт 2 шил архийг нь уугаад дуусч байтал ******* гэх залуу нь Б, Ц нартай маргалдаад байсан. Би *******г гэрт нь оруулж өгсөн. Тэгээд би Н-тай юм ярьж байгаад буцаад гэртээ ирсэн чинь манай гэрт Ц, Б нар хоорондоо зодолдсон юм шиг хэрүүл хийгээд байсан. Цын хүзүү нь улайгаад урагдчихсан харагдсан. ...Ц, Б нар 2019 оны 03 дугаар сарын          28-наас 29-нд шилжих шөнийн 00 цаг өнгөрч байхад болсон асуудал. ...Ц манай гэрт *******тай хамт орж ирэхдээ биеийн ил харагдах хэсэгтээ болон хүзүүндээ ямар нэгэн шархгүй зүгээр байсан. Ц, Б хоёулаа их согтуу байсан. Өөрийн үйлдлээ хянаж мэдэх боломж их муу байсан гэж бодож байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11, 26-27 хуудас/, 

 Гэрч С.О мөрдөн байцаалтанд өгсөн “...Манай нөхөр М бид хоёр тухайн өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 4 дүгээр багт манай хүүхдийг хардаг айлд очиж хонохоор явчихсан байсан. Сүүлд нь хэд хоногийн дараа А ахаас сонссон. Ц нь 2019 оны 05 дугаар сарын сүүлээр манайд очиж ирчихээд гарсан. Тэрнээс хойш уулзаагүй. Би тоосгоны үйлдвэрт ажиллагдаг тул цаг наргүй ажилладаг,  хааяа гэртээ ирж хонодог. Годлуу ажлынхаа ойролцоо нөхөртэйгөө хамт хоночихдог юм. Э.Ц нь тогтсон гэр орон байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29 хуудас/, 

Гэрч С.Оюуны мөрдөн байцаалтанд дахин өгсөн “...Тухайн өдөр би нөхөртэйгөө гэртээ хоносон. Манай нөхөр *******, Т.Б, Э.Ц, М.А, Н нар манай гэрт архи ууцгаасан. Би нөгөө өрөөндөө ороод унтаад өгсөн. Нэг сэрсэн Э.Цын бөгснөөс цус гарчихсан, хоолой хэсэг нь зүсэгдсэн байсан. Ц өөрөө манайхаас гараад явсан. Сүүлд нь цагдаа нар манайд ирээд А, Б нарыг аваад явсан. Хэрэг маргаан гарснаас хойш 6-7 хоногийн дараа манай гэрт хэрэглэж байсан шар эрээн иштэй, жижигхэн богино хутгыг манай нөхөр ******* аргалын амбаарын хойд талд хийчихсэн байсныг олж аваад хогийн саванд хийчихсэн юм. Манай хогийг хогны машин ачаад явчихсан тул одоо тэр хутга нь байхгүй. Би цагдаагийн хүнээс айгаад байдаг тул өмнө гэрчээр мэдүүлэг өгөхдөө худлаа мэдүүлэг өгсөн юм. ...Э.Ц-г хашаан дотор Т.Б манай гэрт байсан шар эрээн өнгийн иштэй, жижигхэн хутгаар хутгалчихсан юм шиг байна лээ. Би унтаж байсан болохоор хараагүй. Тэр хоёрын маргааныг өөрсдөөс нь тэгж сонссон. Э.Ц-н өгзөгнөөс цус гарсан, хоолой нь зүсэгдсэн байсан. Өөр гэмтэл шарх байгаагүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30 хуудас/, 

Гэрч Ж.Н-н мөрдөн байцаалтанд өгсөн “...2019 оны 03 дугаар сарын 20-ны үеэр сайн санахгүй байна. Би хөдөөнөөс найзууд ирсэн гээд 2 шил архийг 2-лаа уучихаад ганцаараа явж байтал Ц-тай гудамжинд таарсан. ...Ц-тай хамт М-н хашаанд ороход М, Оюунаа, А, Б нар архи уугаад дуусчихсан байсан. Ц надаас мөнгө зээлчих гэхээр нь 20000 төгрөг өгсөн. Ц, Б 2 архинд явж, дэлгүүрээс 3 шил архи, 1 ундаа авч ирсэн. Тухайн архинаас А, Б,  Ц, М бид нар уусан. Мгийн эхнэр О архинаас уугаагүй. Би эхний шил архийг ууж дуусаад тасарчихсан байсан. Нэг сэрсэн өглөө гэртээ ганцаараа унтаж байсан. Тэр өдрийн өглөө Ц манай гэрт ганцаараа орж ирэхдээ хоолойгоо даавуугаар боочихсон байхаар нь юу болсон талаар асуухад Б бид 2 М-н хашаан дотор маргалдаад би Б-г гараараа цохисон чинь Б намайг хутгаар миний хоолойг зүсээд, миний зүүн өгзөг рүү хутгалчихсан гэж хэлсэн. Би Ц-г эмнэлэгт үзүүл гэж хэлсэн. Намайг М-д байхад Ц, Б нар хоорондоо маргалдаагүй. Сүүлд А-с сонсоход А намайг тасарчихсан байхад гэрт хүргэж өгөх хооронд л Ц, Б нар хоорондоо маргалдаад Б нь Ц-г хутгалчихсан юм шиг байна лээ.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32 хуудас/, 

Шүүгдэгч Т.Б-н мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн  мэдүүлэг /хх-ийн 49 хуудас/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн №214 дугаартай:

1. Э.Ц-н хүзүү хоолой, зүүн өгзөг хэсэгт шарх, зүүн хөмсөг, зүүн чамархай хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлийн хүзүү хоолойд болон зүүн өгзөг хэсэгт үүссэн шарх гэмтэл нь ир үзүүр бүхий хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой ба зүүн хөмсөг зүүн чамархай хэсэгт үүссэн зулгаралт гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 

3. Уг гэмтлүүд нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 

4. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байх боломжтой.

5. Дээрх гэмтлүүд нь учирсан үедээ үзүүлэгчийн амь насанд аюул учруулахгүй.

6. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги  алдагдуулахгүй.

7. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 38 хуудас/,

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1926001620237 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 46-47 хуудас/, 

Шүүгдэгч Т.Б-н хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн ******* сумын 11 дүгээр багийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 38 дугаартай тодорхойлолт /хх-52/, Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2001 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 1/138б дугаартай таслан сэргийлэх тогтоолын хуулбар, Өвөрхангай аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2003 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 139 дугаартай хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллах тухай шүүгчийн захирамжийн хуулбар /хх-57-63/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-53/, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-54 хуудас/,

Хохирогч Э.Цын шүүхэд ирүүлсэн “ Хохиролд 50000 төгрөг авсан.Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд суухгүй” гэсэн хүсэлт, 

Хохирогч Э.Ц, хохирогчийн өмгөөлөгч Б.Хандмаа нарын Өвөрхангай аймгийн прокурорын газарт гаргасан “Т.Б-той сайн дураар эвлэрсэн бөгөөд гомдол санал байхгүй тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн  хүсэлт, 

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 100 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай прокурорын тогтоол зэрэг болно. 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийж, шүүгдэгч Т.Б-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Б нь согтуурсан үедээ 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 29-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын 11 дүгээр багийн 74 дүгээр гудамжны 04 тоот хашаанд хохирогч Э.Цын хоолойг хутгаар зүсэж, мөн  зүүн өгзөг хэсэгт нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүгдэгч Т.Б нь хохирогч Э.Ц-н хоолойг хутгаар зүсэж, зүүн өгзөг хэсэгт нь хутгалж, түүний  эрүүл мэндэд “хүзүү хоолой, зүүн өгзөг хэсэгт шарх, зүүн хөмсөг, зүүн чамархай хэсэгт зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Э.Ц-н “...Мгийн гэрээс гараад ******* ахынх руу явах гэж байтал Б миний араас гарч ирээд юм хэлэхгүйгээр миний хоолойг нэг юмаар зүссэн. Би газар өнхөрч унаад босох гэтэл миний зүүн өгзөг рүү ахиад нэг юмаар дүрэх шиг болсон. ...Хоолойндоо 8 оёо тавиулсан. Зүүн өгзөгний хойд талдаа 1 оёо тавиулсан. Би Б-той хэрэлдэж маргалдсан зүйл болоогүй. Б намайг хутгаар гэмтээсэн гэж бодож байна. Цагаан иштэй төмөр хутга байсан. Хашаан дотор бид 2 л байсан. Өөр хүн гарч ирээгүй. Би юунаас болж маргалдсанаа санахгүй байна, их согтуу байсан” /хх-18-19/, гэрч М.Аын “...2019 оны 03 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнийн 00 цаг өнгөрч байхад болсон асуудал. Ц манай гэрт *******тай хамт орж ирэхдээ биеийн ил харагдах хэсэгтээ болон хүзүүндээ ямар нэгэн шархгүй зүгээр байсан. Намайг *******г гэрт нь оруулж өгөөд буцаад өөрийн гэртээ ирэхэд Ц, Б нар нь хоорондоо маргалдаад Цын хүзүү нь улаан болчихсон байсан. Ц, Б хоёулаа их согтуу байсан.” /хх-10-11/, гэрч С.О “...нэг сэрсэн Цын бөгснөөс цус гарчихсан, хоолой хэсэг нь зүсэгдсэн байсан. Ц өөрөө манайхаас гараад явсан. ...Хэрэг маргаан гарснаас хойш 6-7 хоногийн дараа манай гэрт хэрэглэж байсан шар эрээн иштэй, жижигхэн богино хутгыг манай нөхөр ******* аргалын амбаарын хойд талд хийчихсэн байсныг олж аваад хогийн саванд хийчихсэн.”  /хх-28-30/, гэрч Ж.Н-н “...Ц манай гэрт ганцаараа орж ирэхдээ хоолойгоо даавуугаар боочихсон байхаар нь юу болсон талаар асуухад  Б хутгаар миний хоолойг зүсээд,  зүүн өгзөг рүү хутгалчихсан гэж хэлсэн. Би өөрөө хараагүй.”/хх-31-32/” гэсэн  мэдүүлгүүд, хохирогч Э.Ц-н эрүүл мэндэд “хүзүү хоолой, зүүн өгзөг хэсэгт шарх, зүүн хөмсөг, зүүн чамархай хэсэгт зулгаралт” бүхий хөнгөн хохирол учирсныг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн №214 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-38/, шүүгдэгч Т.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын үед гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна. 

Шүүгдэгч Т.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Э.Ц, гэрч М.А, С.О, Ж.Н нарын мэдүүлэг, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн №214 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно. 

Шүүгдэгч Т.Бт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Т.Б нь хохирогч Э.Цт 50000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн,  бусдад төлөх төлбөргүй  болох нь хохирогч Э.Цын шүүхэд ирүүлсэн “50000 төгрөг авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр  тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу  шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн,  прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул шүүгдэгч Т.Бт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна.  

Шүүгдэгч Т.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын яллагдагчтай ял тохирсон ялын санал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун тавин мянган төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Т.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Т.Бт шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 50000 төгрөг төлсөн, хохирогч Э.Ц нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж, 

Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж  тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 7, 8, 9, 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгонй

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овгийн Т.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овгийн Т.Б-г зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу зургаан зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бт шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Э.Ц 50000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4,  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч  нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.